• Өнөөдөр 2024-05-06

ХӨГШИН ХЭЭРЭЭ ХӨТӨЛСӨН БУУРАЛ ЧАРГАЧИН

2024-02-10,   3728

“Хоёр Түнэлийн хооронд

Хүдэн манан татахад

Модон хөл минь даарав” хэмээн яруу найрагч, зохиолч Гүр.Нямдорж шүлэглэсэн нь бий. Яг л энэ шүлэг шиг тэнгэр цавчим уулсын оройд манан татжээ. Цэлийсэн цэнхэр далай ээжийн мөсөн гялалзаад нар ойх нь үзэсгэлэнг нь улам нэмнэ. Саяхан орсон зөөлөн цас салхинд шуураад, цасан талст бужигнах нь нэн таатай. Идэр есийн хүйтэн жавар тачигнаж, цан бүрээ үлээх мэт хүнгэнэн дуугарна. Нар орой мандаж, эртээ гэгч нь жаргадаг энэ нутгийн хүйтнийг ярих юм биш. Уулсын салхи, мөсний жавар гэдэг хүсэх юм биш. Гэвч энэ нутагтаа олон жил аж төрөн сууж, ахуй амьдралаа авч яваа хүмүүс бий гэж бодохоор цаанаа л нэг бахдам. Салхи исгэрч, уулс хүнгэнэсэн Хатгалын суурин цасанд хучигджээ.

                         Их далайн мөсөнд эд хүчээ аван дэгдэж буй цасан шуургыг сөрж, шарга морь хөлөглөсөн чаргатай хүн айсуй. Хүчтэй салхин цас бужигнуулан исгэрээд, алсын уулын оройг ганхуулах мэт нүдний өмнө долгиосоод ай мөн ч хүйтэн өдөр аж.  Явган шуургыг сөрөн явсаар морин чаргатай хүн бидэн дээр ирлээ. Мэнд усаа мэдэлцэж, хөөргө зөрүүлээд хөөрөлдөн суув. Түүний алдар нэрийг аймгийн алдарт уяач Д.Намсрай гэнэ. Чарганд хөлөглөсөн морь нь хээр зүсмийн бөгөөд энэ хүйтэнд битүү цан цохисны улмаас шарга харагдсан аж. өвгөн энгэр задгай дахаа тайлж, өврөө ухан дүнсэн тамхи гаргаж, нэрэх зуураа “Далай ээжийн буян, түмний хишиг дуусашгүй юм аа. 20 гаруй жил морин чарга хөлөглөж явна. Түүнээс 16 жилийг хөгшин хээртэйгээ туулжээ. Энэ маань одоо над шиг хөгшин хонины насгүй боллоо доо. Нурууг нь амрааж, ижил сүрэгт нь тавья гэхээр тэр олноос энийг маань гүйцэж, хань болох морь даанч алга. Тэгээд ч удахгүй би ч морин чарганаас амралтаа авах биз дээ” хэмээн Д.Намсрай гуай үрчийж, унжсан зовхио мойног хуруугаараа арчив уу гэмээр нухлав. Ижилдсэн хоёрыг харангаа ийн ярихыг нь сонсоход яагаад ч юм сэтгэл шимшрээд байлаа. Д.Намсрай гуай амьдрахын тулд мал маллаж, суурин газар ажиллах гэх зэргээр хүний хийдэг бүхий л ажлыг хийжээ.

                             Харин 50 наснаасаа хойш морин чаргатай нөхөрлөж, 20 өвлийн хүйтэн жаврыг ийн илээсэн гэнэ. Анх морин чарга хөлөглөж, идэр есийн хүйтэнд салхи сөрөн шогшуулж явахдаа тэр дур зоргоороо, эрх чөлөөтэй байхын сайхныг мэдэрчээ. Энэ мэдрэмж түүнийг эргэж буцалтгүй морин чаргачин болгосон байна. “Улаан буурал морьтой анхны гараагаа эхлүүлж, хээр морьтойгоо хаалтаа хийх нь” хэмээн Д.Намсрай гуай бараг сонсогдохгүй шахам хэлэв. Түрүүхэн л хүчийг авч байсан цасан шуурга намдаж, далайн мөс цэнхэртэн толиотоод, нар цацраг бүрээрээ гялалзуулан аргамжлаа. Хээр морь уур манан савстал янцгааж, дөрвөн туурайгаараа мөс цавчлаад эхлэв. Д.Намсрай гуай “За, ойлголоо” хэмээн жолоогоо дугтарч, “Ус уух цаг нь болсныг сануулж байгаа нь энэ. Цагаар ус ууж, өвс иддэг болохоор цагаа андахгүй. Явалгүй горьгүй нь, хүүхдүүдээ” хэмээгээд дахаа эгэлдэргэлээд чаргандаа суулаа. Хөгшин хээр дүүхэлзэж, толгойгоо хаялна. Д.Намсрай гуай “Энүүхэн хойно ус гаргасан цооног байгаа араас яваад очоорой” гээд шогшуулж одов. Хээр морины дөрвөн туурайд төмөр тах гялалзаж, чарга хяхтнан дуугарсаар цааш одлоо.

Сүхбаатар хөлөг онгоц мөсөнд хөшөө мэт “зогсжээ”. Хажууд нь хүмүүс бэлэг, дурсгалын зүйл зарж, худалдаа наймаа хийж байна. Урдхан талд нь гаргасан  цооногоос нутгийнхан ус авч, малаа усалдаг аж. Тэдний нэг бол Д.Намсрай гуай. Машин, мотоциклтой хүмүүс ус авч, араас нь 30 гаруй үхэр ундаалсны дараа Д.Намсрай гуай хээр морио усаллаа. Энэ үед хойш урагш холхих олон машинаас нэг нь зам хазайж, бидний дэргэд ирээд зогсов. Нэгэн эр машиныхаа цонхыг доош буулгаад “Намсрай гэдэг хүн наана чинь байна уу. Тэр хүнтэй ажил ярих гэсэн юм” гэв. Д.Намсрай гуай “Тэр хүн чинь би байна. Өвгөн ах нь өнөөдөр даанч зав алга. Хотоос сурвалжлагч ирсэн, өдөржингөө яриа өгөх шинжтэй” гээд маадгар гэгч нь инээмсэглэв. Жолооч эр “Би гадаад хүмүүстэй яваа юм аа. Хүслийн хад орох санаатай. Тиймээс морин чаргатай найдвартай хүн хэрэг боллоо. Тэгээд нутгийнхнаас асуутал  таныг зааж өглөө, ах. Дүү нь энэ, хөлсийг нь гомдоохгүй шүү” гэв. Д.Намсрай гуай тэдэнд хашир туршлагатай нутгийн өвгөн Донойн гэрийг зааж өгөөд явууллаа.

                               Хээр морь гэдсээ цүрдийтэл ус залгилж, толгой дээгүүр янцгаан дүүхэлзээд эхлэв. Ус ууж ханаад өвсөө нэхэж буй нь энэ гэнэ. Тиймээс Д.Намсрай гуай мориндоо өвс өгөхөөр гэрийн зүг хөдлөх болов. Тэрбээр яг хөдлөхийнхөө даваан дээр “Хүү минь нааш суучих. Ах нь сайхан түүх хуучилж өгье. Алив энэ дахыг нөмөрчих” гээд найр тавин суулгалаа. Хээр морь толгой хаялан дүүхэлзэж, модон чарга хяхтнаад, ямаан дах халуу төөнөн их мөсөн дээгүүр шогшууллаа. Д.Намсрай гуай живэр сахлаа илбэн, алсыг харуулдан чимээгүй явж байснаа “Морин чаргаар шогшуулах ямар байна, хүү минь” хэмээн асуугаад хариулахын завдалгүй “Ахад нь ярьвал сайхан түүх ганц нэг бий дээ” хэмээв. Хээр морь салхи зүсэн шогшсоор...

МӨСӨН ДЭЭР МӨРӨӨ ГАРГАХ Л ТАВИЛАНТАЙ ХҮЛЭГ ДЭЭ, МИНИЙ ХЭЭР

Намайг бага байхад хувь хүний хөрөнгө гэж байсангүй. Нийтийн хөрөнгө, улсын хөрөнгө л гэж байлаа. Тэр үед би аавыгаа дагаад Ханхаас нааш морин чаргаар тээвэр хийдэг байв. Нэг тээвэрт багадаа 14 хоног явна шүү дээ. Нэг морин чарга хоёр тонн ачаа ачдаг байсан. Тиймээс морьдоо зөв зохистой арчлах хэрэгтэй. Хэдийгээр хоноглох ойр ойрхон дамжлага баазтай ч цаг хүндхэн байв. Нэг хүн багадаа 10 морин чаргатай байлаа. Тухайн үед аав минь нас нэлээд өндөр гарсан, өөр шигээ хөгшин хээр азаргаар тээвэрт явдаг байв. Хүмүүс аавд “Та наад муу хөгшин янгирцгаараа одоо тээвэрт явахаа боль. Нэг л өдөр тээврийн жин даахгүй гай болно” гэнэ. Хариуд нь аав “Миний хээр ямар ч байсан эзнээ явгалах хүлэг биш, тэнхээтэй хүлэг шүү” гэж хариулдаг байв. Ёстой тэнхээтэй хүлэг байсан даа. Уяж, сойгоод уралдуулсан бол аймагтаа лавтайяа хоёр, гурав түрүүлэх байсан биз. Ямар ч нүүр, нүдгүй цасан шуурганд замаа алдаж, эзнээ хээр хонуулна гэж үгүй. Ёстой л ухаантай хүлэг байсан. Аав хээр азаргаа “Уужим хээр” гэж нэрийддэг байв. Ёстой л уужим хүлэг дээ. Тайван, дөлгөөн эзнийхээ аясыг хараад л гэлдэрч явна. Элдэв муухай, ааш зан байхгүй. Бүр хүмүүс номхчилоод хулгайлаад аваад явчихна. Гэвч хоёр, гурав хоноод л хазаар, ногтоо чирсээр гэртээ давхиад ирнэ. Аав минь хээрийгээ гүйгээд ирэхээр инээд алдан тамхиа баагиулж “Хазаар, ногт нь надад олз боллоо” гээд суудаг сан. Одоо ч  аавын минь тэр дүр төрх ахынх нь нүдэнд харагдаж байна. Үүнээс гадна тэднийхээ сүүлийн тээвэр хэрхэн өргөрснийг хуучилъя гэж бодож байна.

ААВ, ХЭЭР АЗАРГА ХОЁРЫН СҮҮЛЧИЙН ТЭЭВЭР

Баруун уулсын сүүдэр хүүшлээд явган шуурга шуурч байлаа. Бид ачаагаа ачиж дуусаад цагаан гэгээтэй Хатгалыг зорин хөдөлсөн юм. Тухайн үед аав нутгийн хөгшчүүлтэй аяга тагш юм хүртээд, “Араас чинь мөдхөн гарна” гээд үлдсэн. Цагаан сар дөхсөн байсан болохоор бид эхний дамжлага баазыг өнгөрч дараагийнхад нь хоноглохоор яаравчлан явав. Ойр ойрхон аавыг ирж байгаа эсэхийг харж явлаа. Гэтэл бүрэнхий нөмрөхийн өмнөхөн Ханхаас нэг бараан дүрс наашилж харагдсан. Дуран сунгаад хартал аав мөн байв. Санаа амраад бид очих газар руугаа дөхсөөр байлаа. Хоёр дахь дамжлага бааз дээр очих үед цасан шуурга дэгдэж, бид сүүмийсэн бүдэг гэрэл бараадан явсаар арай чүү хүрсэн. Аав ирдэггүй ээ. Миний санаа зовоод тогтож сууж чаддаггүй. Тэр үед хоолойгоор хоол ч давахгүй байсан даа. Өөрийгөө тайвшруулах санаатай морьдодоо ойр, ойрхон өвс өгч, ачаа барааныхаа татлагыг чангалаад хойш, урагшаа холхиж өгсөн. Нүүр нүдгүй цас шуурч буй шуурганы чимээг сонсох бүрийд айдас нэмэгдээд, дотор түгшээд ай мөн ч их айсан даа. Азаар шуурга удаан үргэлжлээгүй. Хоёр цаг гаруй нүдсэн байх. Шуурганы дараа тэнгэрт одод түгж, салхины хүч намдсан. Удалгүй баазад байсан бүх адуу янцгааж, чарганы чахрах чимээ ойртсоор аав, хээр хоёр ирж билээ. Аавын минь хацар, ам хөлдчихсөн, хээр минь хөл дээрээ арай ядан тогтож байв. Маргааш нь хээр азарганыхаа ачааг бусдад нь хувааж ачаад, аав хээрийгээ унаад цааш хөдөлсөн. Цагаан сарын дараа аавын бие муудаж, эмнэлэгт хэвтлээ. Бид ч хээр азаргандаа хэдэн гүү хураалгаад бэлчээрт нь гаргасан. Тэр цагаас хойш аав, хээр хоёр дахиж тээвэрт яваагүй. Үүнээс хойш хоёр жилийн дараа хээр азарга нүд аньсан. Харин үр төл нь үнэхээр хурдан байсан даа. Хээрийнхээ төлийг уяж сойсоор би гэдэг хүн аймгийн алдарт уяач цол хүртсэн” хэмээн ярихыг нь сонсож явсаар Д.Намсрай гуайн гэрийн гадаа ирлээ. Морио чарганаас нь салгаж, хашаандаа, өвс  тавьж өгөөд “Миний чарга хөлөглөж буй энэ хөгшин хээр Уужим хээрийн тав дахь үеийн төл. Эцэг нь сайхан улаан буурал азарга байсан. Харин эх нь Уужим хээр азарганы үр төл сав, сааль томтой хээр гүү байв. Тэгэхээр миний хээр мөсөн дээр л мөрөө гаргах тавилантай хүлэг байгаа биз дээ” хэмээхэд хээр морь дүүхэлзэн, төмөр тахаараа шон цавчлан зогсоно. Харин Д.Намсрай гуай дүнсэн тамхиа нэрж, бодлогошрон суув. Салхи намдсан ч  арын ууланд модод сэрчигнэн буй нь сонсогдож байлаа. Хоточ банхар нь гэрийн хаяанд тухлан нойрсож, гудмаар морины туурай цас чахруулж, чарга хяхтнан дуугарна. Үүнийг сонссон хөгшин хээр дүүхэлзэж, хашааны бууц самардана. Хэсэгхэн зуур өрнөсөн энэ анирыг үргээж, Д.Намсрай гуай “Би мөн ч азтай хүн дээ. Унаган хүлгээ унаад уулсын хормойгоор, далайнхаа дээгүүр жаргалтай гэгч нь шогшуулж амьдарлаа. Үүнээс том хувь заяа гэж юу байх билээ. Хүн, мал хоёр хувь заяагаа холбож, хэдэн үе дамжсан амьдрал бүтээнэ гэдэг ховор тохиол байх. Ай даа, баян хангай, баялаг амьдрал юм даа. Ах нь жаргаж яваа хүн. Далайн цаад зах руу морин чаргаараа өвс, тэжээл гаргаж, жуулчдыг аялуулаад гар цайлгаж өгсөн түмний хишгийг үр хүүхэд, хань ижилдээ өгчихдөг. Хээртээ цагийн хатууд идэх өвс, тэжээлийг нь, өөртөө бол дүнсэн тамхи л авна. Өөр юмны хэрэг болдоггүй, бид хоёрт. Уулсын салхийг сөрж, уруудаад, мөс, цасыг чахруулан явах нь өвгөн ахад нь жаргал юм даа, хүүхдүүд ээ. 

УУЖИМ ХЭЭРИЙН УДАМ ШҮҮ ДЭЭ, МИНИЙ ХЭЭР МОРЬ

Наран хэвийх тал руугаа оржээ. Тэнгэр шүргэм өндөр уулс зүүн тал руугаа сүүдрээ дэвсэж, хэц, оргил нь наранд гэрэлтэн байна. Д.Намсрай гуай хөгшин хээрийнхээ дэлийг засаж, нүднийх нь нуухыг дүнсэн тамхины үнэр шингэсэн ханцуйгаараа арчаад, “Буян юм даа, буян юм” хэмээн үглэнэ. Хөгшин хээр ч эзнийхээ цээжинд толгойгоо наагаад тэр хоёр ер бусын гэмээр ойлголцож, ямар нэг нууцхан юм нэгэндээ хуучилж буй мэт харагдана. Хэсэг хугацааны дараа Д.Намсрай гуай нойтон зовхио арчингаа “Тэр нэгэн жил” хэмээн ярьж эхэллээ.

***

Тэр нэгэн жилийн хавар цаг хавчсан хүндхэн үе байлаа. Уужим хээр тээвэрт явахаа болиод хоёр жилийн нүүр үзэж байв. Нас дээр гарсан болоод ч тэр үү, тарга хүч муутай, дээрээс нь 10 гаруй гүү хурааж байсан юм. Дөрөвдүгээр сарын дунд үед гурван өдөр дараалан цас орлоо. Хүч, бүл муутай манайхан тэр цаснаар адуундаа явж чадаагүй. Хонь, хургатайгаа л арай ядан ноцолдож үүр цайлгасан. Тэнгэр онгойсны дараа адуундаа явлаа. Хэцээр хярлаад явахад л цас өвдөгнөөс дээш татаж байсан. Орой дээгүүр нь шувууд нисэлдэх өндөр ууланд дээр гараад дуран сунган суулаа. Гэтэл урдхан уулын ар хэцэд адуу маань харагдав. Сайн гэгч нь дурандаж, тоолоод үзвэл хоёр дутаж байна. Нэг нь Уужим хээр нөгөө нь бүү мэд. Яаравчлан адууны зүг алхалсаар арай ядан очлоо. Цас хайлж, шар ус усраад гутал авах юмгүй норчихсон байлаа. Адуугаа сайн бүртгэтэл Уужим хээр маань нэг хонгор гүүний хамт алга болсон байв. Тиймээс цасан дээр гарсан тод мөр даган явтал Уужим хээр гуунд орчихсон, хажууд нь хонгор гүү унагалсан харагдлаа. Яваад очтол хөөрхий хөгшин хээр минь амьсгал хураасан байв. Хээлтэй хонгор гүүг гуунд орчихоор Уужим хээр араас нь орж, түрж, түлхэн гаргаж, тамир нь тасраад өөрөө амьсгал хураасан болов уу гэж бодсон. Бараг л тэгсэн байх. Тэр үед нүдийг минь нулимс бүрхэж, өөрийн эрхгүй эхэр татан уйлсан даа. Аавын минь үнэнч хүлэг, муухан эрээс түшигтэй сайхан морь минь тэгж тэнгэрийн хүлэг болсон доо. Харин тэр хонгор гүүнээс минь сайхан хээр унага гарч олон жил хурдалсан. Түүний төлүүд нь ч хурдан байж, надад аймгийн алдарт уяач хэмээх цол хүртээсэн түүхтэй. 

                              Би амьдрахын тулд зун нь морь уяж, өвөл нь суурин газар элдэв ажил хийдэг байлаа. Заримдаа аяга тагш юм хүртэж, дэггүйтэх үе байсан. Тэгж  явсаар 50 нас нэлээд гарсан хойноо хөгшинтэйгөө ярилцаж, морин чарга хөлөглөхөөр болсон юм. Анх хөх буурал морь чарганд сургаж эхэлсэн. Эхний жилдээ гэхэд дажгүй сайхан чарганд явж, морио гаршуулсан даа. Тэгээд зун зургадугаар сарын эхэн үед чарганы морио адуунд нь тавьж, хэсэг амраахаар хөдөө хүүгийндээ очсон. Хүүдээ тус болж, хонь малын зах, зухаас эргүүлж тойруулж хэд хонолоо. Гэтэл хүү нэг өдөр “Олон жил сувайрсан хээр унагалах дөхжээ. Өнөө, маргаашгүй байх” гэв. Би “Хурдан хээрийн минь үр төлөөс үлдсэн ганц хээр гүү юү” гэхэд хүү ч толгой дохиж байна. Тиймээс би гэдэг хүн хээр гүүнийхээ унагалахыг хүлээлгүй яах вэ. Бараг сарын дараа, долдугаар сарын 9-ний өдөр унагаллаа. Тэр үед аймгийн наадам болж таарсан. Хүү наадамд явж, намайг гэр сахиж байхад хээр гүү унагалсан. Харамсалтай нь, хээр гүү минь анхны төлөө тэгж өгөөд тэнгэрт дэвшсэн. Яагаад хээр гүү минь амьсгал хураасан юм бүү мэд. Бурхны зурсан зураг нь тэр юм байлгүй. Хүүхдүүдээ иртэл ямааны дэлэн шувтарч, хээр унагаа угжиж байгаад сумын төвд гэртээ авчирч, хөгшинтэйгөө ээлжлэн угжсаар морь болгож авсан. Анх соёолон байхад нь чарганд сургаж, түүнээс хойш 16 жилийг хээртэйгээ далайн мөсөн дээр өнгөрөөсөн байна. Хайруу өвлийн хүйтэнд дөрвөн туурайд нь төмөр тах хадаж, энэ муугаа би 16 жил зовоожээ. Хойд нас гэж байдаг бол би хүлэг нь болж, хээр минь хүн болоосой.

***

Өвгөнийг ийнхүү хуучилсны дараа хөгшин хээрийн нүднээс нулимс урсаж байх шиг харагдлаа. Хүйг нь тасалж, өлгийдөн авснаас хойших 20 жилийг эзэнтэйгээ үдсэн хээр морь. Хээрийн салхинд нуруу тэнэгэр давхихын оронд гэрийнхээ гадаа өвс идчихээд толгой дээгүүр дүүхэлзэх дуртай хээр морь. Хорин настай энэ хээр морь эзнийхээ цээжийг дэрлэн нулимс дуслуулан ийн эрхлэж зогсох нь аргагүй юм байна. Д.Намсрай гуайтай таарч, элдвийг хуучлан хөөрөлдөөгүй сэн бол морь хүн хоёрын ийм дууль мэт амьдрал энүүхэн Хөвсгөлийн Хатгал суманд өрнөж байгааг мэдэлгүй өнгөрөх байжээ.

                          Нар эртээ жаргадаг энэ нутагт бүрий болжээ. Д.Намсрай гуай хөгшин хээрээ чарганд хөллөж, мөсний баярт оролцох бэлтгэлээ хийхээр далай руу явлаа. Саяхан л нулимсаа бөмбөрүүлж байсан хээр морь толгой хаялан дүүхэлзэнэ. Нам гүмхэн энэ нутагт уулсын орой л наранд гэрэлтэн байв. Бид зам даган давхиж, Мөрөн хотыг зорихуйд цасан талст бужигнаж, хээр морины янцгаах дуун сонсогдсоор үдсэн юм.

 


ХӨГШИН ХЭЭРЭЭ ХӨТӨЛСӨН БУУРАЛ ЧАРГАЧИН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 7
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-02-12 16:24:49
    zochin: Hotiin huuhed bi mori gej neeh ih toodoggui haa negtee taaraldval aisan shig yavdag baij bgaad teer jil daaganii uraldaan uzeed turuu daagiig haraad uuriin erhgui uilj bilee,tuunees hoish mori gedeg amitan neg l saihan sanagddag bolsoon sayahan nutagtaa guij irsen moriniii tuhai barimtat kino uzeed eher tatan uilmaar bolj bilee uneheer uhaatai amitan gedgiig oilgood muuhan hunees ch deer yumdaa gej boddog bolood daaga hudaldan avna gedeg bodoloti bolson doo.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-02-11 02:35:59
    Basca Feiza: сайн байцгаана уу. САЙХАН ШИНЭЛЦГЭЭЖ БАЙНУУ. Энэ сайтад саяхнаас л мэдэж орсон. Та бүхний бичвэрлэсэн зүйлс аятайхан санагддаг , тиймдээ ч өдөр тутам нээж уншаадахъя, дуулаадахъя гэснүүдээ уншиж дуулаад л таваргаж явна. Сайхан тэмдэглэл байна.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-02-11 01:20:19
    Mmm: Saihan temdegleluud oruuldag Ergeltiihendee bayarlalaa,saihan ah huu baina
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-02-10 17:02:42
    болд: байгаа даа нээх сэтгэл хангалуун байгаа ч юм нээх алга . байгаа газар орон нь угаас агуу сайхан нутаг юм бна . эр хүн тэр газарт үнэхээр жаргаж суух тийм л орон дэлхий юм гэж ойлголоо
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-11-25 12:30:26
    Bayardalai: Сайхан түүх нийтэлжээ дүү
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-11-25 10:18:22
    Мөсөн: Маш сайхан түүх байна. Гэрэл гэгээтэй түүх байнаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-11-22 09:59:54
    Г.Нарантуяа : Сайхан тэмдэглэл, огууллэг уншлаа, Домгицн цэнхэр Ховсгол Минь уу……..
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188