-Эмч мэргэжлийн сайхны талаар ярихгүй юу. Яагаад энэ мэргэжлийг сонгов?
-Би мэргэжилдээ маш их хайртай. Хүмүүсийн хүсэл мөрөөдлийг нь бодит болгож, баярлахыг харах тэр мэдрэмж надад эерэг энерги, хайрыг мэдрүүлдэг. Одоо бодоход би мэргэжлээ сонгосон юм шиг боловч сонгогдсон ч юм шиг мэдрэмж төрж байна. Эмээгээ бас ээжийгээ хайрлаж бодохдоо бүх насанд нь илүү залуу хөөрхөн хэвээр нь байлгах мөрөөдөлтэй хүүхэд байлаа. Хүсэл мөрөөдлөөс минь биеллээ олж, хамгийн зөв сонголт хийсэн гэж боддог.
Мэдээж нарийн мэдрэмж шаардсан хариуцлагатай ажил. Эрүүл мэнд гоо сайхан,сэтгэлийн урам зориг, өөртөө итгэх итгэлийг бусдад түгээдэг учраас урам зориг баяр баясгаланг ажил мэргэжлээсээ мэдэрдэг.
-Шүхрийн спортоор хичээллэх болсон тухайгаа ярьж өгөөч?
-Анх 2016 онд экстрим спорт сонирхож, snowboard-оор хичээллэж байсан. 2018 онд мотоциклын сургалтад суугаад мото унаж сурсан. Түүний дараа 2020 онд мөрөөдөж явсан агаарын спорт буюу шүхрийн спортоор хичээллэж эхэлсэн. 6:00 цагт өвөл уулан дээр бэлтгэлд гардаг байсан. Эхэндээ шантармаар, хүйтэнд даарч байсан үе бий. 2022 онд онгоцны шүхрийн ангид орсон. Өглөө фитнессээр хичээллэж, өдөр ажлаа хийж, орой шүхрийн бэлтгэлээ хийдэг байсан. Онгоцноос үсэрч амжилттай газардаж үгээр илэрхийлэмгүй гайхамшигтай шинэ мэдрэмж авч цаашид skydiver(шүхэртэй агаарт үсэрч, чөлөөт уналт хийдэг хүн) болох мөрөөдөлтөй болсон. 2024 оны зун дөрвөн хүний суудалтай онгоц жолоодон хөөргөж үзэхэд бас гоё мэдрэмж байсан.
-Мэргэжлийн шүхэрчин болох үнэмлэхээ авч байсан дурсамжаасаа хуваалцах уу?
-Зэвсэгт хүчний 084-р анги, ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадад болон спорт заалнуудад сарын хугацаанд бэлтгэл сургуулалт хийсний дараа аврах анги дээр 10-аад цагийн шалгалт өгч нислэгтээ тэнцээд маргааш нь онгоцноос дарааллан шүхэртэй үсэрч, шүхэрчний гэрчилгээгээ авч байсан. Эхний нислэг буултын дараа “Монголын шүхрийн холбоо”-ны ахмад шүхэрчид ирж, халуун дотноор хүлээж авч баяр хүргэж нэг багш маань үг хэлэхдээ “ Тэнгэрийн гэр бүлд тавтай морил” гэсэн нь хамгийн гоё байсан.
-Шүхрээр нисч байгаад хүнд бэртсэн гэсэн. Тухайн үед юу болсон юм бэ?
-Өнгөрсөн зун илүү хүнд, хэцүү бэлтгэл рүү орж өөр зорилго тавьсан. Долоон хоногийн талд нь фитнессээр хичээллэж, ажлаа хийгээд талд нь уулан дээр амьдраад өглөөнөөс орой хүртэл хүчтэй салхинд, халуун наранд, намагтай газар гээд бүх хүчээ дайчлаад газрын болон агаарын бэлтгэл хийсэн. Заримдаа өдөрт 20 гаруй нисч, 30 минутын зайтай ground handling(газар дээр шүхрээ удирдах, хянах техник) хийж байсан.
Сүүлийн тоолсноос 95 дахь нислэгийн дараа “ багш ирээд сургалт дууссан. 2024 оны аравдугаар сарын 31-нд Турк Улсад болох олон улсын тэмцээнд оролцуулна. Өнөөдөртөө дахиад 1-2 удаа нисээд үз. Салхи эвгүй бол нисэхгүй яваарай гэсэн. Гэвч хүнд бэлтгэлүүдийн ард гарчихсан гоё мэдээ сонсчихсон, тэнгэрт байх мэдрэмжиндээ дурлачихсан байсан болохоор орой нар жаргах хүртэл нислэгээ хийж байж явмаар санагдаад нисээд л байсан. 18:00 цагийн үед нисээд dropzone(шүхэрчид буулт хийдэг тусгай бүс)-доо ойрхон буух гэсэн гэнэт салхилж буух боломжгүй болсон. Ингээд өндрөө алдах үйлдлийг давтан хийж байгаад салхинд давхар цохиулаад өндрөөс хүчтэй унасан.
- Хэр хүнд бэртсэн бэ?
-Биеэ хөдөлгөж чадаагүй маш их өвдөлт мэдэрсэн. “Жаахан хэвтвэл зүгээр болчихно” гэж өөртөө хэлээд байснаа санадаг. Тийм хүнд бэртсэн гэж бодоогүй. Ухаан орж гараад байсан санагддаг.Хамт нисч байсан нисгэгчид уулнаас засмал зам руу буулгах үед түргэнээс машинаар ГССҮТ-д хүргэсэн. Рентген зураг авахуулахад, таван нуруу хугарч, хоёр өсгий бяцарсан байсан. Өвчин намдаагч тариулаад ч өсгийний өвдөлтийг намдаагаагүй. Нурууны хагалгаа хийж, титан болон найман шрүпп суулгасан. Эмч нар хагалгааг амжилттай сайн хийж өгсөнд талархдаг. Бяцарсан өсгийний хувьд “Ийм өндрийн уналт ховор байдаг. Хагалгаа хийхдээ итгэлтэй биш байна” гэж эмч нар үнэнээ хэлсэн. Азаар хувийн гэмтлийн эмнэлэгт яг өсгийний хагалгаа хийдэг туршлагатай солонгос эмч ирж таарсан. Ингээд эмнэлэгт шилжин хагалгаа амжилттай сайн болсон.
-Тун хэцүү байсан ч богино хугацаанд хөл дээрээ боссоноо цахим сүлжээнд хуваалцсан байсан?
-Ёстой сонин байсан. Нэгэнт ийм зүйл болчихсон юм чинь гээд шууд л хүлээн зөвшөөрсөн. Харамсал огт төрөөгүй, хүнд хэцүү зүйл тохиолдлоо гэж бодоогүй. Зүгээр хурдхан хагалгаанд орох үеэрээ багахан ч гэсэн унтаж, өвдөлт мэдрэхгүй байх юм сан л гэж бодоод байж байсан. Яах бол гэж огт бодоогүй. Цаанаасаа л муу бодлууд орж ирэхгүй байсан. Харин өөртэйгөө ярьж “Саяхан нисэж байсан удахгүй бүр хүчтэй болж, эдгээд дахиад ниснэ. Зөндөө аялна” гэж хөлөндөө хэлдэг байлаа. Бодол хүчтэй юм чинь ашиглаж үзнэ гээд өөрийгөө өөдрөг байдлаар цэнэглэж байсан. Хагалгаа хийлгэснээс сарын дараа үзлэгтээ ороход “Сар болсон гэхэд маш хурдан эдгэж байна” гэж эмч хэлсэн. Хоёр сар болох үеэр тэргэнцэртэй аялалд гарч үзмээр санагдаад Истанбул, Анталяа, Аланяагаар аялсан гурав дахь сараасаа өөрөө босоод юм түшээд, гэнэт алхчихсан. Өөрийн мэдэлгүй тэр үйлдлийг хийсэн. Анх удаа өөрийгөө “Ямар мундаг юм бэ” гээд магтсан. Эмчийн алхаж эхлэх болоогүй гэж хэлсэн хугацаа байсан юм. Удалгүй ажлаа санаад очсоноо шууд ажилдаа орчихсон. Өдөртөө 5-7н цаг амралтгүй ажиллаад фитнесээр эргээд хичээллэж эхэлсэн. Энэ болсон зүйлсээс амар амгалан тайван байх, одоо цагтаа орших, өөрийгөө илүү хайрлахад суралцсан. Амьдралаас завсарлага авч өөр олон гоё өнцөгүүд байдгийг олж харж суралцсандаа талархаж байгаа. Тийм урам зоригтой байсан учраас хөл дээрээ хурдан босч, хэвийн амьдралдаа орсон.
- Эргээд онгоцны шүхрээр хичээллэх бодол бий юү?
-Дуртай спортоо орхихгүй. Ертөнц дэлхий гайхамшигтай адал явдлаар дүүрэн, хийж үзэх зүйл их байна. Айдсаа даван туулах мэдрэмжүүдийн ард гайхамшигтай зүйлс хүлээж байдгийг мэдэрч байсан. Энэ спортоос их зүйл суралцаж, мэдрэлийн системийн тогтолцоо хэдийнээ тогтвортой бат бөх болсныг мэдсэн. Ачаалал даах чадвар илүү сайжирсан. Тэр хэмжээгээрээ тархи сэтгэхүй эерэг бодлуудаар, зүрх сэтгэл хайраар цэнэглэддэг. Амьдралын бүх жижиг хэсэг бүрийг хайрлана. Хэцүү цаг үеэ даваад гарчихсан юм чинь тэнгэрт жаргалтай нисэх өдрөө тэсэн ядан хүлээж байна.
- Ярилцлага өгсөнд баярлалаа.
-Баярлалаа
Г.АЗЖАРГАЛ
А.ХАТАНЗУЛ: Амьдралаас авч болох хамгийн гоё мэдрэмжүүдийн нэг нь нисэх |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |