• Өнөөдөр 2024-03-29

“ЖИНХЭНЭ” уран БҮТЭЭЛЧ

2020-12-14,   1413

         БНСУ-ын алдарт зохиолч, найруулагч Ким Ки Дук таалал төгсөж, зөвхөн Солонгосын бус, бүх дэлхийн кино урлаг, түүнд дурлагчдад томоохон харуусал дагуулсан, эмгэнэлтэй үйл явдал тохиолоо. Тэрээр 1993 оноос хойш кино урлагт хөл тавьж, туурвиж, өөрийн бүтээл, өөрийн ертөнцийг бий болгосон юм. Өөрийн ертөнц хэмээх нь нэг талаараа буруу ч байж болох юм. Түүний уран бүтээлдээ баримталдаг зарчим маш энгийн бөгөөд тэрээр өөрийн үзсэн, туулсан амьдралаараа кино бүтээдэггүй.Уг зарчим бүх төрлийн урлагийн салбарт бий болбол чанартай уран бүтээл олноороо төрөх болов уу. Жинхэнэ уран бүтээлч гэгдэх нэгэн ховордсон өнөө цагт тэрээр “жинхэнэ” бүтээгч байлаа.

        Бид анх түүний “Хавар, намар, зун, өвөл, дахин хавар” бүтээлээр танилцаж байсан юм. Одоо бодох нь ээ 10 настай хүүд хэтийдсэн кино байсан ч, дотроос минь булаан эзлэх мэт болсныг нуух хэрэггүй биз. Тухайн үед Ким Ки Дук гэх нэгнийг мэддэг ч үгүй байсан үе. Хожим нь түүнийг мэддэг болмогцоо анх биднийг уулзуулж асан өнөөх киног зорьж үзлээ. Зөвхөн түүгээр ч зогсолгүй “Breath бүтээлийг нь ч үзэв. Дараа нь бидний насан туршдаа ойлгох гэж араас нь хөөж явдаг асуултуудад үгээр бус үйлдлээр хариулж байгааг нь ойлгосон юм. Түүний кинонууд яриа голлосон “филлер” хэсэг үгүй, оновчтой, голыг нь оносон цөөн үгээр дүрүүд харилцах бөгөөд хүн төрөлхтний мөнхийн асуудалд, ямарваа нэгэн шийдэл гаргаж, хариу өгч буй нь түүний “урлаг” болов уу.

       Нэрт найруулагч Ким Ки Дук дэлхий дахинд өөрийн бүтээлээ таниулахдаа Монгол Улсад ч басхүү орон зайгаа бий болгосон билээ. Залуу, хойч үеийнхэн түүний бүтээлээс суралцаж, ойлгож, мэдэж авч байна. Тэдгээр кино урлагт дурлагчдын төлөөлөл болсон залуу уран бүтээлч Ө.Сумъяа, Н.Буянбат нараас Ким Ки Дукын тухай сэтгэгдлийг нь авлаа. Тэрээр залуу уран бүтээлчдийн дотоод ертөнц, сэтгэхүйд нь хэрхэн нөлөөлж, өөрийн орон зайг хэрхэн бий болгосныг уншигч та бүхэнд хүргэж байна.

УРСГАЛ УС АЯНДАА ИЛЧИЛНЭ

Хүн хэчнээн их балаг тарьсан болоод бурхан бүтээдэг байна аа

       Дэлхийн кино урлаг нэгэн хүндтэй найруулагчаа коронавирусийн улмаас алдлаа. Түүнийг бид дурсана. Магадгүй бидний дараагийн үе ч мөн дурсах болов уу. Гэвч “Урлагийн он цаг, гоо үзэсгэлэнгийн хэмжүүрээр амьд үлдэж чадах уу” гэх асуултад хариулахын тулд түүний үлдээсэн эрдэнэсийг шинжиж үзэхээс аргагүй. Та бүгдийн сайн мэдэх Ким Ки Дук найруулагчийн “Хавар, зун, намар, өвөл, дахин хавар” кино дээр авч үзье.

БЭЛГЭДЭЛ ҮҮРЭГЧ

       “Хэчнээн үзэсгэлэнтэй вэ. Хэчнээн бахдам бэ” хэмээн уулга алдахын цаана “Хэчнээн гүн бэ. Хэчнээн хөндүүр вэ” гэх үгс нуугдаж байна. Нүдээр харахад үзэсгэлэнтэй сайхан нь маргаангүй энэ киноны нүдэнд харагдахыг би үгээр улиглах нь илүүц тул кино дундуур урсан өнгөрөх бэлгэдэл, дүрсээр илэрч буй агуулгыг  өөрийн хэмжээнд тайлахыг зорилоо.

ЗУН

       Зураг авалтын объект түүнд өөрийн түүхийг хүүрнэж өгсөн юм биш биз. Уулын орой дээрх бурхны араас харагдах орчин, завь, зөвхөн завиар л хүрэх боломжтой байшингийн байрлал, ханагүй хаалганууд гээд бүх зүйлийг нарийн тооцож сонгосон нь гайхамшигтай.

       Тус кинон дээр гарч буй хөвөгч байшин бол амьдрал. Хэдий чи хүслээ ч байшинг өөрийн дураар  чиглүүлэх аргагүй. Салхи болоод урсгалын аясаар хөвсөөр л байх юм. Хэрэв Ким Ки Дукын “Нум” киног үзсэн бол мөн тийм уур амьсгал таныг угтан авна. Завь хөвдгөөрөө хөвөвч хүн завин дээрх удтал хөвж тэсэхгүй. Өөрийн дураараа хөдөлгөхийг, хайртай хүнээ дагуулан хаа нэг тийш зугтахыг, зүрх сэтгэлийг нь хүчлэн уяхыг оролдовч эцэст нь урсгал ус бүсгүйг хайр сэтгэлд нь хүргэдэг. Хэчнээн хичээгээд ч сэтгэл зүрхийг дэргэдээ уях аргагүй. Тиймээс зөнд нь орхиё. Усны урсгал хаа хүрнэ тэр бол зөв газар.

       Уг санаа нь “Хавар, зун, намар, өвөл, дахин хавар” дээр мөн гарна. Байшингаас, багшаас хэчнээн зугтаавч уяатай мэт эргэн татагдаж, эрчиндээ улам хүчтэй унана. Багшаасаа хайр сэтгэлээ хэчнээн нуувч, завь болоод усны урсгал түүнийг нь илчилж орхино. Мөн уг хоёр кинон дээр ажиглагддаг өөр нэгэн төсөө бий. Тэр нь тахиа. Тахиа бол Солонгос үндэстний хуримын ёслолын бэлгэдэл. Хайрт хосууд хуримлахдаа хоёр азарган тахиаг улаан, хөх бөсөөр ороож, ёслол үйлддэг. Уг киноны “Зун” хэсэгт тахиаг оруулж, тахиагаар завийг татан авч, мөн тахиаг буддатай хамт хулгайлан явах нь чухам хайр сэтгэл. Гэхдээ энэ нь орь ганцаараа, төөрч будлисан хайр сэтгэлийн дүрслэл болов. Мөн залуу бүсгүйг анхандаа чулуун арслан дээр суухыг хориглох нь шашны итгэл үнэмшил нь алдраагүйг илтгэж, эсрэгээрээ бүсгүйтэй дотноссоны хойно чулуун арсланг зөөн авч ирээд дээр нь суулгах нь шашны сургаалаас илүүтэй сэтгэлт бүсгүйгээ түүнээс илүү хэмээн тооцож буйг илтгэжээ.

НАМАР

       Модод ногоорохдоо нэг л янзаар ногоорох мөртлөө гундахдаа янз янзаар гундана. Намрын өнгөнд зэгэл шар, шар, улбар, улаан зүсэн зүйлийн өнгө хоршдог. Тэр янзаар уг хэсэгт час улаан, улбар өнгө нь залуугийн дүрэлзсэн уур хилэнд зохицох бол гундуу шар навчис өвгөний өтөл дорой байдалд гүнээ хоршино. Залуу багш дээрээ эхнэрээ алсан хутгаа барин ирдэг. Энэ нь өнгөрснөөсөө салж чадахгүй байгааг нь илтгэж буй. Харин өвгөн буддаг хулгайлж, өөрийг нь орхин явсан шавьдаа хуучны хар бурууг нь сануулалгүй зөвхөн энэ хугацаанд хэрхэн амьдарсныг нь асууна. Түүгээрээ өвгөн болоод залуугийн дүр эсрэгцэх юм. Залуу жаргал, цэнгэлийн араас хөөцөлдөж явсан бол өвгөн жаргал болоод зовлонг зүгээр л хүлээн авдаг. Явуулах ёстой үед нь явуулж, үлдэх ёстой үедээ үлдэнэ. Шавьд зөвхөн энэ дутсан учир эхнэрээ тавьж явуулахын оронд амийг нь хөнөөж,  хөнөөсөн хойноо ч хагацаж чадахгүй алсан хутгаа авч ирнэ. Энэ бол хүний амьдралын тэмцлийг байгалийн салхи, усны урсгал шиг аясаар нь хэрнээ бүрэн дүүрэн гаргаж чадсан гайхалтай санаа.

       Энэ хэсэгт муур гарч буй. Муур дангаараа далд санааг бэлгэдсэн гэхээс илүүтэй муурыг барин сүүлээр нь бичиж буй бүтэн өдрийн үйл явдал бол өөрөө далд санаа. Хүн ердөө өөрийгөө зовж байна гэж санадаг ч ганцаараа зовдог хүн гэж үгүй. Залуугийн дэмий хоосон уур хилэн, шаналал бухимдлын золиосонд хөөрхий муур болоод багш нь хамтдаа зовж, мөн уур хилэн, мунхаг санаанаас ангижирахын тулд нэг нь муурын сүүлийг өдөржин барьж, нөгөөх нь өдөржин сүүлээрээ үг бичүүлж байна.

       Залууг баривчлахаар хоёр цагдаа ирдэг. Анхандаа өөд өөдөөсөө буу, хутга барин тулж, нэгнээ алахаас сийхгүй мэт. Харин багш шавиа үг сийлж дуустал нь үлдээхийг гуйснаар энэ байдал өөрчлөгдөнө. Хэрвээ залуу уур хилэн дүүрэн шорон руу явсан бол эргэж хэзээ ч ирэхгүй байсан. Ирлээ ч амар амгаланг олохгүй байсан. Тиймээс багш шавьдаа шоронд орохоос нь өмнө сэтгэлийн амар амгаланг урлан өгсөн биз. Аяндаа цагдаа нар залууг хэрэгтний үүднээс биш хүн гэдэг утгаар нь хайрлаж шөнөөр дэргэд нь лаа барин, үүрээр гадуур хувцсаа нөмрүүлэн амрааж, гав зүүлгэлгүй дагуулан явахад хүрдэг.

       Гэвч багш нь түүнийг  явсан хойно амиа егүүтгэнэ. Яагаад. Миний хувьд түүний энэ үйлдэл нь завьтай холбоотой. Шавь явах гэхэд завь хөдлөөгүй нь багшийн сэтгэл түүнийг тавьж явуулахад бэлэн бусыг илэрхийлнэ. Удалгүй гар даллан инээмсэглээд явуулсан ч амиа егүүтгэж орхисон нь сэтгэлийн гүнд шавиасаа хагацаж чадаагүйн илрэл. Тэгэхээр киноны туршид багш бул чулуу дотроо тээж явсан байх нь. Тэрхүү чулуу нь дэргэд нь тоглож, хооллож, жил жилээр өсөн томорч, өөрөөс нь зугтаж, хүн алж, мөн эргэж ирчихээд ахиад л явчихдаг бөгөөд багш “чулуундаа” ихэд хайртай байж. Харин залуугийн хувьд үйлдсэн их нүглийнхээ ард хүнээр хайрлуулна гэдэг асар хүнд шийтгэл болжээ.

ӨВӨЛ

       Шоронгоос гарч ирэхдээ тэр юугаараа өөр болов. Бүхнийг хүлээн авахад бэлэн болсон байв. Багшийгаа байхгүй гэдгийг ч мэдэж байж. Тиймдээ ч цочирдсонгүй. Бүхнийг шинээр бүтээж буддаг хүртэл урлаж байна. Энэ хэсэгт нэг л зүйл санаанд орсон нь “Хүн хэчнээн их балаг тарьсан болоод бурхан бүтээдэг байна аа” гэх бодол юм. Тэгэхээр бурхан сайн сайхнаас биш муу муухайн намаг балчгаас урган гардаг байх нь гэж бодсон. Одоо тэр шавьтай болсон. Шавь суралцана. Суралцахын тулд алдана. Амьдралдаа хэрхэн алдахыг урсгал ус аяндаа илчилнэ.

Хүн хэчнээн их балаг тарьсан болоод бурхан бүтээдэг байна аа

Залуу уран бүтээлч Ө.Сумъяа

 

Миний баатар КИМ КИ ДУК

Шийдлүүд, ёр билиг, санаа, дуугүй дүнсгэр байдал, жүжигчдийн галзуурал, солиорол зэрэг нь зарим хүнд жаахан гаж, тэвчихийн аргагүй санагдаж ч магад

       Ким Ки Дук гэж хэн бэ гэдгийг надаар хэлүүлэлтгүй кино урлагийн хорхойтнууд бүгд мэдэх буй за. 30 нас хүртлээ “хар” ажил хийж, хатуу бэрхийг туулсан тэрээр зураг зурах авьяастай нэгэн байж л дээ. Түүнийхээ ачаар Франц руу тэтгэлгээр сурах завшаан тохиолдсон байдаг. Тэрээр тэнд л кино урлагтай танилцан, амт шимтэд нь орсон болов уу. Түүний кинонууд бараг чимээгүй, дуугүй. Уран санаа, шийдлүүд нь их “зэвүүн”.

Би ерөнхий боловсролын сургуульд сурч байхдаа анх мэдээд түүний кинонуудыг үзэж, өөрийн оюуны мэлмийг баясгадаг байлаа. Гэхдээ багадаа телевизээр "Хавар, зун, намар, өвөл, дахин хавар" гэх киног нь үзэж байсан юм билээ л дээ. Арванхоёрдугаар ангийн хөвгүүнд тухайн үедээ түүний галзуу гэмээр шийдэлтэй, дуугүй кинонууд “Өөр ертөнцийн үүдийг онгойлгов уу” гэмээр мэдрэмж төрүүлж байв. Шийдлүүд, ёр билиг, санаа, дуугүй дүнсгэр байдал, жүжигчдийн галзуурал, солиорол зэрэг нь зарим хүнд жаахан гаж, тэвчихийн аргагүй санагдаж ч магад.

       Ким Ки Дукыг эмэгтэй жүжигчдээ тамладаг, хүчирхийлдэг, алгаддаг, зарим жүжигчин нь тэрхүү тамлалаас нь болж, амиа хорлосон гэх мэт таагүй мэдээлэл олныг сонсож байсан ч, тэр нь надад нэг их хамаагүй. Жинхэнэ урлаг бүтээхийн тулд жинхэнэ хүн байх ёстой гэдэг ч, хүн бол хүн. Ким Ки Дук бол Ким Ки Дук. Хагарсан өсгийгөө гайхуулж, улавч өмсөөд олон улсын кино наадмын улаан хивсэн дээр хэнэг ч үгүй алхдаг энэ гүдэсхэн солонгос эрийг хүндлэх хүндлэл энэ мэт явган ярианаас болоод замхарна гэж үгүй. Ким Ки Дукыг ердөө “галзуу” гэх ганцхан үгээр л илэрхийлж болох мэт санагдана. Киноных нь утга санаа, дүрслэл, ёр билэг нь галзуу гэмээр утгыг илэрхийлнэ. Түүний өөрийн харц нь ч мөн жийрхмээр санагддаг шүү.

       Арванхоёрдугаар ангидаа үзсэн түүний кинонуудаас анх үзсэн минь "Bad Guy" байсан юм. Үзэж дууссаныхаа дараа дуу алдаж, Ким Ки Дук найруулагчийн киног дагнаж үзэхээр эргэж буцалтгүй шийдсэн. Дараа нь "Breath", "Сorocodile", "Isle", "The Bow", "Pieta" гэх кинонуудыг нь үзсээр түүнд донтож билээ.

       Түүний кинонууд ер нь харилцан яриа багатай, яруу найрагт агуулагддаг уран илэрхийлэмж мэт шийдэлтэй, хурц дүрслэл, бэлгэдлээрээ үзэгчдийн сэтгэл зүрхийг байлдан дагуулж, харааг нь булаадаг.

       Тэр анхнаасаа л галзуу байлаа. Тэр зураачийн хурц нүдээрээ хүний хүлээн зөвшөөрөх дургүй оршихуйг олж, зоригтойгоор хөндөж чадсан нь бахдалтай.

       Харгис дүрслэл, хэрцгий бэлгэдлээрээ тэрээр үзэгчдийн харцыг зүсдэг ч, эсрэгээрээ сэтгэлийг нь эдгээдэг. Үзэгч тэрхүү нүд халтирам үзэгдлээс ойлгож чадвал өөрийнхөө жинхэнэ оршихуйг олж харах юм. Тэрээр өөрийн гэсэн хэл, өөрийн өнгө, өөрийн гэсэн эмзэглэлтэй найруулагч. Тэр билэг танхай уран бүтээлч байв. Хувь хүний зан араншин, нэгэн эмэгтэйг хүчирхийлж, амиа хорлоход хүргэсэн шалтгаанаар эх орондоо үзэн ядагдсан ч, “жинхэнэ” кино урлаг сонирхогчдод үргэлжид хүндлүүлж байх болно. Тэрээр өөрийн дуртай чимээ аниргүйд эргэж дэлхийд ирэхээргүй төгс нэвтэрлээ. Хүн төрөлхтөнд ийм хурц найруулагч дахин төрөх болов уу. Тэрхүү аймшигт, хэрцгий, бэлгэдэлт киног дэлгэцийн урлагаас бид дахин харах болов уу. 59 наслахдаа цөөнгүй кино бүтээсэн ч, тэр бүгд нь надад хангалтгүй мэт санагддаг хэвээр үлдлээ. Шүтээн болсон найруулагч минь “Ковид-19”-ийн халдвараар нас барлаа. Амгалан тайван нойрс доо, баатар минь.

Шийдлүүд, ёр билиг, санаа, дуугүй дүнсгэр байдал, жүжигчдийн галзуурал, солиорол зэрэг нь зарим хүнд жаахан гаж, тэвчихийн аргагүй санагдаж ч магад

Залуу уран бүтээлч Н.Буянбат


“ЖИНХЭНЭ” уран БҮТЭЭЛЧ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188