• Өнөөдөр 2024-04-20

ДАЛАЙ МЭТ...

2021-10-05,   1730

/Зохиолч Д.Намдагийн уран бүтээлийн эсээ шинжлэл/

Далай гэдэг үг хязгааргүй ихийг илэрхийлнэ. Бас өргөн дэлгэр, уудам цэлгэрийн тухай “албан ёсны бус”  хэмжигдэхүүн, мөн “асар том” хэмээх хэр хэмжээг илтгэх ухагдахуун. Хэзээнээс хүмүүс бидний орон зайн төсөөлөлд далай, тал хоёр эн тэнцүү ойлголт. Гэхдээ дорно дахины язгуур сэтгэлгээнд аль алин зөвхөн дүрстийн орны бус дүрсгүйн орны ч  хэмжээс болдог. “Далай их сэтгэл” гэхэд л сэтгэлд дүрс хэлбэр, өнгө төрх үгүй. Сэтгэл дүрсгүйн орны хамгийн чухал зүйл гэсэн санаа л бий.  Тэгээд ч  аливаа бодит ба бодит бус зүйлийн нэн үлэмж, эвцэж эгнэшгүй чанарыг илэрхийлэхдээ “далай мэт” гэж зүйрлэх нь  бүр эртний баатарлаг туульсийн  уран сайхны сэтгэлгээнд  ч бий. Үлгэрийн далай, эрдмийн далай, сэтгэлийн далай, хүслийн далай, бодлын далай зэргээр тэр бүхний хэмжээс үгүй, тодорхой орон үгүй, магадгүй цаг хугацаа үгүй “туйлгүй” нь шинжийг илэрхийлнэ. Тэртусмаа монголчуудын хувьд энэ ойлголт нэлээд эртнийх. Тиймээс л “далай их хаан”, “далай багш”  цолыг өөр хэн ч биш бид л өгсөн гэдэг нь ойлгомжтой. “Далай аварга” гэдэг бөхийн цол ч ялгаагүй.  Ерөөс хүний хүч тэнхээний хэмжээг болоод оюун ухааны царааг л далайтай зүйрлэсэн хэрэг.

Тэгвэл  дэлхийн уран зохиолд “далай мэт” санагдахаар ихийг бүтээсэн, “далай мэт” уудам сэтгэсэн  олон зохиолчид бий. Хомер, Данте, Шекспир, Толстой, Таагүүр, Фруст гээд сонгодог уран зохиолын баялаг  өв үлдээсэн  төдийгүй, хэл сэтгэлгээ нь “далай мэт” цөөнгүй зохиолчдыг  нэрлэж болно. Азаар бидэнд ч бас тийм зохиолчид бий. Үндэсний уран зохиолын түүхэнд ихийг бичиж туурвиснаас гадна ”их гүн” сэтгэж “далай мэт” хэмээх алдрыг хүртэх хэмжээнд цараатай сэтгэж бичсэн  бахдам сайхан зохиолчид төрөн гарчээ.  Тэдний нэг нь ХХ зууны монголын уран зохиолын томоохон “далай” болох Донровын Намдаг/1911-1984/ юм. Чухам ямар учраас ийн өргөмжлөхөд хүргэсний цаад шалтгаан нь ердөө эдгээрт оршино.

 

Нэг. ТӨРӨЛ ЗҮЙЛИЙН “ДАЛАЙ”

Зохиолчид анх яруу найргаар биш жүжгийн зохиолоор уран бүтээлээ эхлэх нь тун ховор үзэгдэл. Бараг үгүй. Ихэнх зохиолчид эхлээд шүлэг бичдэг. Дараа нь хүүрнэл зохиол, эцэст нь жүжиг бичнэ. Бидний мэдэхээр Донровын Намдагийн уран бүтээлийн хувь заяа шууд л театрын урлаг, жүжгийн зохиолтой холбогдсон байна. Зохиол бичих төрөл зүйлийн тогтсон зүй тогтлын эсрэг гэмээр сонирхолтой явц ажиглагдана. Уран бүтээлийн өв нь жүжиг үзэгдэл, улмаар драмын жүжиг, түүхэн-туульсийн жүжиг, тэгээд яруу найраг, роман, тууж, үгүүллэг, театр судлал, зохиолчийн туурвил зүйн шинжлэл гээд үгийн урлагийн бүх төрлийг хамарна. Мэдээж онцлох, голлох төрөл зүйл нь жүжгийн зохиол. Зарим судлаачдын үзэхээр жүжигт тоглож үзэх нь жүжгийн зохиол бичих том сургууль. У. Шекспир “Глобус” театрт анх жүжигчин байжээ. Тиймээс жүжиг бичиж эхэлсэн гэж  тайлбарладаг. Үнэн ч байж мэднэ. ХХ зууны бусад жүжгийн зохиолчдоос Д.Намдагийн зарчмын ялгаа нь эхлээд жүжигчин, дараа нь найруулагч, улмаар жүжгийн зохиолч болжээ. Жүжгийн зохиол бичих туурвилзүйн хувьд хамгийн зөв эхлэл дараалал байхыг үгүйсгэхгүй.

          Гэвч энэ бүхэн асуудлын гол биш. Асуудлын гол нь түүний жүжгүүд төрөл зүйлийн хувьд “далай мэт” байсанд оршино.  “Хярааны хонхорт”/1967/, “Ээдрээ”/1968/, “Жаргалт эх Оролмаа”/1972/ зэрэг үндэсний сонгодог хэмжээнд үнэлэгдэх  нийгэм- сэтгэл зүйн, “Наянчулууны ой”/1969/, “Шинэ байшинд”/1966/ “Эрдэмтний яриа”/1975/ ,” Сандралт арав хоног”1967/ орчин үе-ёс суртахууны, “ Шарай голын гурван хаан”/1941/ , “Шинэ зам”/1937/, “Хотгойд ван Цэнгүнжав”/1979/ түүх-баатарлагийн зэргээр жүжгийн зохиолын дотоод  төрөл зүйлийн бүх  хэлбэрээр бичжээ. Инээдэмт жүжиг, эмгэнэлт жүжиг,  баатарлагийн жүжиг, драмын жүжиг, хүүхдийн жүжиг, дуулалт жүжиг,  үлгэрийн жүжиг гээд жүжгийн зохиолд ямар л төрөл зүйл байх, тэр бүгдээр бичсэн нь зохиолчийн ур чадварын ч сэтгэлгээний ч далай.

 

Хоёр.  СЭДЭВ ХЭМЭЭХ “ДАЛАЙ”

Уран зохиолын үндсэн сэдэв цөөхөн. Харин сэдэв хоорондын зохицол олон дэд сэдвүүдийг бий болгодог.

Ядмагхан бичлэгтэй зохиолын шинж нэг л сэдэв дотроо эргэлдсээр дуусдаг бол баялаг өгүүлэмжтэй шилдэг зохиолууд  ихэвчлэн хэд хэдэн сэдвийн хүрээг хамарч байдаг. Хайр сэтгэл, нийгмийн харилцаа, гэр бүл, үхэл, иргэний дайн, улс төр гээд олон сэдвүүдийг хооронд  нөхцөлдүүлэн бичсэн нь Л.Толстойн” Дайн ба энх” романы гайхалтай шинж оршдог гэж судлаачид үздэгтэй адил Д.Намдагийн “Цаг төрийн үймээн” /1960/ роман мөн адил нийгэм улс төр, хувь хүмүүсийн амьдрал, тэдний хайр дурлал, үзэн ядалт, урвалт шарвалт, хагацал зовлон, үхэл, дайн тулаан, төөрөгдөл, эвлэрэл, дарамт шахалт, эргэл мөргөл, аян зам  зэрэг олон сэдвүүдийг бие биенээсээ урган гарч зохицон нөхцөлдөх байдлаар бичсэн нь  үнэхээр “ далай” мэт сэдэвтэй  бүтээл болсон юм.

          Дахин хэлэхэд зохиол олон сэдвийг хөндсөн, хэд хэдэн шугамыг сүлжилдүүлсэн байх нь зохиолчийн сэтгэлгээтэй шууд холбоотой.  “Ээдрээ”/1968/ жүжиг гэхэд л зөвхөн Мөнх-Очирын хувь тавилангийн ээдрээ биш тухайн цаг үеийн улс орны хувь заяаны ээдрээ, шинэ хуучны хоорондын үзэл санааны ээдрээ, амраг сэтгэл, ашиг завшааны хоёрын халз тулсан ээдрээнүүд хоорондоо хэрхэн  эцсийн нэгэн утганд шингэн төвлөрсөн байдаг билээ. “Жаргалт эх Оролмаа “/1972/ жүжигт ч ялгаагүй. Оролмаа эхийн хэдэн хүүхдүүд, тэдний ойр дотныхны хооронд ямархан олон сэдэв – асуудлууд өрнөдөг болохыг эргэн санахтун. Хүний амьдрал далай, далай. Сэдэв ч бас.    

 

Гурав. УТГА ДАЛДЫН “ДАЛАЙ”

Зохиолын утга гүн, тайлан тайлбарлахад төвөгтэй байх нь уран сайхны онцгой шинж гэдэг. Эсвэл хүний амьдралын түмэн үзэгдэл, олон сэдвийг хөндчхөөд нэгэн цул утгад багтаахыг зохиолчийн эрдэм ч гэдэг.

Гагцхүү тийм зохиолыг уншигч өөрийн ухаанаар тунгааж, өөрийн” үнэн”-д хүрэх нь чухал. Мөн тэрхүү утга хэмээгч нь туйлын зөв хийгээд тухайн зохиолыг уншсан бүхэнд адил бодол санаа төрүүлэх албагүй. Зохиолч Д.Намдагийн “ Нэг амьтны хоёр үхэл”/1984/ үгүүллэг байна. Нэг амьтан хоёр удаа үхэж болох уу? Болно гэж үзвэл ямар шалтгаанаар тийм байдалд хүрэх вэ? Хөөрхий ямар үйлтэй амьтан бэ? гэсэн асуултуудын тойрог дотор цаад  утга далд ямархан гүн, далай мэт болохыг мэдэрдэг. Яагаад ”хавчарк” нэрт орос нохой хэдэн гэрийн дундуур сүр жавхлантай саасагнан гүйж, жирийн тэжээгдсэн монгол нохой үхэхэд хүрч байна вэ? Магадгүй зохиолч монгол хүний үнэ цэнэ алдагдаж, илт үнэгүйдэж байсан тэр цагийг хоёр нохойны явдлаар утга далдаар илэрхийлсэн байж болно. Үгүй бол бидний  үндэснийхээ өв соёл уламжлалаа үл тоож, бусдын юм бүхэнд хэт автаж буйд эгдүүцсэн мэт санагдана. Эсвэл өөрийн /Д.Намдаг/ туулсан амьдралдаа үзсэн цагийн хатуу хөтүүг ч илэрхийлээд байх шиг.

          “1948 он хувийн минь амьдрал нэг л ерийн хэмжээнд хүрч чадаагүйхэн байлаа. Энэ нь чухамдаа өөрийн минь зорьсон уран бүтээлийн ажил нэгэн үеийн нэр алдрын доройтолд хүрсэнтэй холбогдолтой байсан юм. /Д.Намдаг” Нэг амьтны хоёр үхэл”/ гэсэн нь өнгөцхөн ойлгоход “нэг нохойн хоёр үхэлтэй” холбоотой ч байж болохоор. Огт тийм биш хэмээн үгүйсгэх ч боломжтой. Театрын ажилчдын нийтийн хашаанд гэр барих газаргүй. Хогийн овооны дэргэд дүүгийн хамт гэрээ бариад буужээ. Хилс хэргийн учир удтал хоригдож цагдагдаад театрын урлагт ”эргэн ирэхэд” тиймэрхүү нөхцөл байдал тулгарсан ч байж болох зэргээр үгүүллэгийн цогцолбор бүхэн утгын далд “далай”. “Хөгшин чоно ульсан нь”/1965/ ямар учиртай вэ? Амьдрахын төлөөх тэмцлийн хүнд бэрхийг туулсан чоно биш хэн нэгэн өвгөн хүний хүүрнэл шинжтэй. Бас л далд утгын ”далай”. “Ээдрээ”/1968/ жүжигт Да-Ваанжил хэмээх  дүрээр “ Ээ та андуурч байна. Цагаан байсан юм улаан болсон нь улирлын эрхэнд ой мод өнгө солигдсоноос өөр юу ч үгүй шиг байвал яана!” /Д.Намдаг” Ээдрээ”/ гэсэн ”айхтар” үгийг хэлүүлсэн нь зүгээр нэг хэлэх гэсэн үг гэж үү? Тэгээд ч Д.Намдаг зохиолынхоо дүрүүдээр “зүгээр” нэг үг хэлүүлдэг ч зохиолч лав биш.   

 

Дөрөв. ОЛОН ДҮРИЙН “ДАЛАЙ”

Зохиолч Д.Намдаг давтагдашгүй өвөрмөц зан төрх, үйл тэмцэл, хувь тавилантай дэндүү олон дүр бүтээжэээ. Олон “ондоо” дүр бүтээх ур чадвар зохиолчийн баялаг сэтгэлгээтэй холбоотой.  “Ээдрээ”/1968/ жүжгийн Мөнх-Очир, “Цаг төрийн үймээн”/1960/ романы Балданцэрэн хоёр сурвалжит язгууртнууд гэвч  цагийн эрхэнд үймэрсэн дүрүүд. Цаг төр тэднийг адилхан үймрүүлж байгаа юм. Хоёр үзэл, хоёр хүчний хооронд өөртэйгээ тэмцэлдэнэ. Харин “Ээдрээ”/1968/  жүжгийн Алтанзул, “Цаг төрийн үймээн”/1960/ романы Оюундарь хоёр хайр сэтгэлийн эрхэнд үймэрнэ. Гэвч тэд мөн л цаг төрийн золиосонд амь нас үрэгдэнэ. Эндээс бид юуг ойлгох вэ? Зохиолч Д.Намдагийн дүрүүд  зүгээр нэг ”галбир” төдий биш зан төрх, сэтгэл зүрх, үзэл санаа, хувь тавилангийн эзэд байдаг. “Шинэ байшинд”/1966/ жүжигт гэхэд гурван цаг нүүр тулж байгаа юм. Цэцгээ- ирээдүй цаг, Насанбат- одоо цаг, Агваан- өнгөрсөн цаг.  Нэг орон зайд гурван цаг багтана. Угаасаа л тэгдэг жамтай. Үнэндээ дүрүүдээрээ цагийг бэлгэдэж, тэдний хувьсан өөрчлөгдөх, үл эвлэрэх, ялгаа зөрөөтэй болохыг харуулж байна. “Үрэгдснийг хүлээгч”/1962/  үгүүллэгийн Нямаа өвгөн, “Жаргалт эх Оролмаа”/1972/ жүжгийн Оролмаа эх хоёрт адилхан нэг зүйл буй. Тэр нь хүлээлт.

          Нямаа өвгөн үрэгдсэн хүүгээ ирэхийг хүлээнэ. Оролмаа эх үүрд жаргал эдлэх өндөр их хувь заяагаа хүлээнэ. Нямаа өвгөн, Оролмаа эх хоёр дүрийн хэв шинжийн хувьд адилгүй л дээ. Харин зохиолчийн дүрүүдийнхээ өмнө тулгасан “нөхцөл “ нь ижилхэн. Гэхдээ  ижилхэн нөхцлийг даван туулж байгаа дүрүүдийн замнал нь өөр өөр. Мөнх- очирыг Балданцэрэнтэй, Агвааныг Насанбаттай, Оролмаа эхийг Нямаа өвгөнтэй, Цэцгээг Оюундарьтай адилтгах аргагүй ондоо бүтээсэнд зохиолч Д.Намдагийн зохиолуудын дүрийн хэв шинж ялгарч  байдаг.  Товчхондоо түүний зохиолуудын дүрийн давтагдашгүй олон талт шинж “далай” мэт өргөн. Дүр бүтээх сэтгэлгээ нь ч тийм.

 

Тав. ДОТООД ЗӨРЧЛИЙН “ДАЛАЙ”

 Драмын онолоор нүгэл буян шашны ойлголт биш зөрчил юм. Заавал эсрэг тэсрэг хүч үйлчилж байж зөрчил үүсдэг. Эсрэгцэгч талуудын тэмцэл зөрчлийн шалтгаан болдог нь үнэн. “Хярааны хонхорт”/1967/ жүжгийн Цэрэнжав занги, гамингийн цэргийн бага даргад отог жинстэй малгай дээрээ биш толгой дээр өндөг хагалуулдаг. Түүнийг харсан Волков ихэд жигшин дургүйцдэг. Тэгээд Волков “- Толгойгоо өгч хагалснаас жинсэн дээрээ хагалуулсан бол дээрсэн” гэдэг.

          Хариуд нь Цэрэнжав ” -Хаанаас! Жинс бол төрийнх, тэр мөртөө Богд эзний хишиг. Толгой яах вэ, төрсөн биенийх “ /Д.Намдаг ”Хярааны хонхорт”/ гэж хариулдаг. Энд дүрүүдийн хоорондын үзэл санааны зөрчил өрнөж байна. Түүнээс биш барилцаж аваад дээр доороо орсонгүй. Д.Намдаг бүх зохиолдоо үйлдлийн бус үзэл санааны зөрчлийг харуулахыг чухалчилжээ. “Нүгэл буян”/1962/ кино туужийн Тоо-хуар орчлонгийн хамаг бүхэнтэй зөрчилдөнө. Ариун нандин зүйл үгүй гэж үзнэ. Гэвч эцэст охин Мядагмаагаа орон гэрээс зугатахаар шийдэхэд Тоо-хуарын дотор нүгэл, буян хоёр хэрхэн зөрчилдөж байгааг үзүүлдэг. Энэ бүхнээс юу тодорхой болж байна вэ? Зохиолч Д.Намдаг зохиолынхоо дүрийн гадаад зөрчлийг бус  дотоод зөрчлийг чухалчилдаг байсан нь тодорхой байна. Дүрийн дотоод зөрчилгүй  нэг ч дүр түүнд үгүй. Учир хүн гэдэг өөртэйгээ л зөрчилдөгч билээ. 

 

Зургаа. ҮЗЭЛ САНААНЫ  “ДАЛАЙ”

Дүрийн дотоод зөрчлөөр үзэл санаа илэрнэ. Дүр бүхэн өөрийн үзэл санаатай. Бүтээлийнхээ утгын далд байдлаар зохиолч үзэл санаагаа илэрхийлэх нь нийгэм цаг үеийн шалтгаантай байж болох ч уран зохиолыг ухааран  уншихад хөтөлдөг. Уншигчдын үзэл санаанд нөлөөлдөг, үзэл санаагаа олоход тусалдаг. Сэдэв-асуудал хэдий өргөн байна. Тэр хэмжээгээр үзэл санааны олон өнцөг илэрдэг. Үзэл санааны олон өнцгийг уран зохиолын ганцхан бус олон төрлөөр үзүүлэх шаардлагатай.  Тиймээс төрөл бүрээр бичих ур чадварт зохиолч суралцана. Бичихүйн энэ л холбоо сүлжээсийг ойлгож байж яруу найраг, үгүүллэг, тууж, роман, жүжиг, уран зохиол судлал гээд  бүхий л хэлбэрээр бүтээнэ. Зохиолч Д.Намдаг/1911-1984/ уран зохиолын энэ л зүй тогтлыг бүрэн таньж ҮЗЭЛ САНААНЫ ДАЛАЙ мэт том “тойрог “ үлдээжээ.

 

 ГАРЦААГҮЙ ПҮРЭВХҮҮГИЙН БАТХУЯГ

2021.10.01. Улаанбаатар хот

 


ДАЛАЙ МЭТ...
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188