Монгол Улс хэдий хүртэл Орос, Хятадын дунд тэлээ хурга шиг, теннисийн бөмбөг шиг явах вэ. “Орос ах нар” Монголыг Москвагаас удирдаж асан 70 жилийн түүхээ санагалзаж, одоо ч тийм байх ёстой мэтээр сэтгэж, ил далдаар энэ бодлогоо хэрэгжүүлсээр атал бид өнгөрсөн зууны хүлцэнгүй хандлагаараа аялдан дагалдсаар байх уу. Хятад ч ялгаагүй, 200 жилийн ноёрхлоо санаж, хилээ хаахдаа ч хэт дээрэнгүй байхыг бид хэзээ хүртэл харж суух вэ.
Бид анхдугаар үндсэн хуулиа баталж, тусгаар тогтнолоо зарлан тунхагласны 97 жилийн ойгоо хэдхэн хоногийн өмнө тэмдэглэлээ. Сайнаар бол энэ өдөр хөмөрсөн тогооны дор гэрэл тусаж, Монгол Улс гэж өрх тусгаарласан, нөгөө талаасаа шинээр “төрсөн”, муугаар бол “Орос ах нар”-ын хараат болох эхлэл тавигдсан өдөр. Аль ч бай, өдгөө Монгол Улс гэж оршин байгаагийн эхлэл цэг энэ өдрөөс дахин эхлэлтэй учраас бидний хувьд түүхэн чухал өдөр. Гэтэл тусгаар тогтнолоо зарласан энэ түүхэн ойн өдөр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга В.В.Абрамченко тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчлав. Оросууд айлчлалаа яагаад бидний “төрсөн” өдөртэй давхцуулав гэдэг нь сонин. Тэр тусмаа ямар зорилгоор гэдэг нь бүр ч сонин.
Айлчлалыг анзаарвал, Орос-Хятадыг холбосон хийн хоолойг Монголоор дайруулах, “ДЦС-3”-ийн өргөтгөл зэрэг хэд хэдэн асуудлуудыг Оросын талаас танилцуулсан. Гэхдээ гол нь айлчлалын бүрэлдэхүүнийг ахалсан В.В.Абрамченко манай төрийн өндөрлөгүүдийг дэргэдээ суулгаж байгаад “Танайх усан цахилгаан станц барих гээд байгааг чинь манайх дэмжихгүй. Цахилгаан шаардлагатай бол манайхаас ав” гэж “загнах” шахам хэлчихээд буцав. Оросдоо очоод ч Монголчуудад ингэж тулгаснаа бахдалтай тайлагнаж, хэвлэлүүдээр нийтлэл тараажээ. Тэгвэл тусгаар тогтнолын өдөртэй давхцуулсан Оросуудын айлчлалын гол зорилго энэ байжээ гэж харагдаж байна. Өөрөөр бол, “Танайх тусгаар тогтнолоо зарлаад 97 жил болж байгаа нэртэй ч үнэндээ одоог хүртэл Орос орноос хараат, хамааралтай хэвээр байгаа шүү” гэсэн мессеж өгөөд буцах нь тэдний зорилго байжээ гэж дүгнэж болохоор байна. Гэхдээ “Та нар тусгаар улс гэж эндүүрэх хэрэггүй шүү” гэдэг мессежээ орчин цагийн дипломат ёсоор, их л эелдгээр гэхдээ хачин зэвүүн өнгө аясаар илэрхийлчихжээ гэж. Нэмээд өнгөрсөн он жилүүдэд манай руу “Орос ах” илгээдэг байсан бол энэ удаад “Орос эгч” илгээсэн нь ч “Монголыг Моксва биш орлогч эмэгтэй ч “базаж” болдог” гэж харуулах гэсэн нэг мессеж ч юм шиг.


Бид Манж-Хятадын ноёрхолд 200 жил дарлагдаж, хувьсгалчдын тэмцлээр сая нэг юм тусгаар тогтнолоо оллоо гэж бодсон ч “Орос ах нар”-ын коммунист тогтолцоонд шилжиж, тэр замаар 70 жил явсан. Эхлээд цагаантнуудын, дараа нь улаантнуудын дэмжлэгийг авч, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсныхаа ачийг нь 70 жил хариулсан. Нэгэнт цагт Орос орон хүнд байдалд байхад агт морь, нэхий дээл, хүнс, мах гээд “Бүхнийг фронтод” уриатайгаар тусыг нь авсныхаа ачийг хариулж л явлаа. Тэр байтугай Кремлийн “тушаалаар” сэхээтнүүд, хувьсгалчид, лам нар тэргүүтэй 40 мянга гаруй иргэнээ “цаазалж”, 700 гаруй сүм хийд, шинжлэх ухаан, соёлын түүхэн дурсгалуудаа галдан шатаасан. Дээрээс нь, дэлхийн талыг эзэлсэн их хааныхаа нэрийг ч хэлэх, бодох эрхгүй явсан цаг үе бидэнд байлаа. Орос орон бидний тусгаар тогтнолд тусалсан уу, тусалсан. Гэхдээ тусалсныхаа хариуд тэд хангалттай ихийг авсан. Нэгэнт өнгөрсөн түүхээ одоо буруутгах нь зохимжгүй байж болох ч дээрхтэй хэн ч маргахгүй байх.
Монгол эндээс нүүхгүй. Орос, Хятад ч ялгаагүй. Өөрөөр бол, мөнхийн хөрш байж ирсэн, байсаар байх нь тодорхой зүйл. Гагцхүү ямар харилцаатай оршин тогтнох вэ гэдэг л асуудал болоод байна. 1990 онд Монгол Улс бие даах хариуцлагатай, түүхэн шийдвэр гаргаж, энэ зам руу орсон, үүнийгээ бид ардчилал гэж нэрлэдэг. Хүнээр бол одоо 30 нас хүрлээ. Гэвч Орос орон одоо ч Монголыг тусгаар тогтсон улс гэж бүрэн хүлээн зөвшөөрөхгүй байгаад асуудлын гол нь байна. Хятад ч ялгаагүй. Яагаад гэж үү. Бид одоо ч Орос шатахууны крантаа хааж, цахилгаанаа шитээ буулгах вий, Хятад хилээ хааж, хүнс тасрах вий гэсэн айдас дунд амьдарч байна. Ийм тусгаар тогтнол гэж байх уу. Яах вэ, бид үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, Монгол Улс гэж цээжээ дэлдэх эрх чөлөөтэй. Гэхдээ цахилгаан, шатахуун, идэх хоол, өмсөх хувцаснаасаа эхлээд Орос, Хятадаас бүрэн хараат байгаа нь “Бид үнэхээр тусгаар тогтносон улс мөн үү” гэж асуухад хүргэж байгаа юм. Хуучин цагийн цэрэг зэвсгээр клончилдог арга барил хуучирч, дипломат ёсонд тэнцэхгүй болсон, гагцхүү хэрэглээгээр нь клончилдог болсон. Тиймдээ ч Орос, Хятад хоёр ээлж дараагаар "Танай улс манай улсаас хараат шүү" гэж үгээрээ ч, үйлдлээрээ ч илэрхийлж байгаа нөхцөлд бид өөрсдөө "Тусгаар улс мөн үү" гэж асуух л ёстой. Жишээ нь, сая Оросууд тусгаар тогтнолын өдрөөр хүрч ирээд "Танайхыг усан цахилгаан станц бариулахгүй, цахилгаанаа манайхаас ав" гэж тулгасан шиг өнгөрсөн намар Хятадууд ирэхдээ "Танайхаас манайх нүүрс авахгүй байсан ч болно, хөрш гэдгээ бодоод л авч байгаа юм" гэж даапаалсан. Аль алиных нь хандлага нэг тийм эзэрхүү...

Чухамдаа бид ардчилсан орон статустай болсон л болохоос биш ноёрхолд нь байж асан хоёр хөршөөсөө хараат хэвээрээ байгаагийн жишээ бол энэ. Хятад 200 жил, Орос 70 жилийн “ноёрхлоо” санагалзаж, Монголыг эрхшээлдээ байлгахыг эрмэлзэж, ил далдаар энэ бодлогоо хэрэгжүүлсээр байгаагийн жишээ ч энэ. Эрхшээлдээ үүрд байлгах сонирхол нь давамгай учраас Хятад ч, Орос ч биднийг бие дааж хөгжихөд яснаас дургүй, дургүйгээ ч илэрхийлж ирсэн. Хятад Монголыг бие даахад туслаад эхэлбэл Орос уурладаг, Орос Монголд туслаад эхэлбэл Хятад уурладаг буюу хэн хэн нь Монголыг дангаар эрхшээх хандлагатай. Ил, далд энэ бодлогоос нь болж өнөөдөр бид угжны хүүхэд шиг байгаа нь үнэн. Яах вэ, манай урагшгүй төрийнхний буруу их бий, гэхдээ их гүрнүүдийн буруу түүнээс ч их бий гэж итгэдэг.
Жишээ нь, сүүлийн хоёр, гурван жил бид бие даан хөгжих алхмуудыг бага багаар хийж эхэллээ. Сайнтай, саартай ч Х.Баттулгын хөндлөн төмөр зам, Л.Оюун-Эрдэнийн Богдхан төмөр зам гэхчилэн төмөр замын төслүүдэд ахиц гарлаа, гэтэл юу болов, Монголын төмөр замыг “атгаж” өдий хүрсэн Оросуудад төдийлөн таалагдсангүй. Нэмээд Эрдэнэбүрэн, Эг, Шүрэн тэргүүтэй усан цахилгаан станцуудын төслөө гацаанаас гаргах оролдлогуудыг энэ жилээс эрчимтэй хийж эхэллээ, гэтэл юу болов. Бас л таалагдсангүй. Энэтхэгтэй хамтарч, газрын тосны үйлдвэр байгуулахаар ажиллаж эхэллээ, бас л таалагдсангүй. Бие даан хөгжих гэсэн энэ бүх оролдлогууд хоёр хөршид, ялангуяа “Орос ах нар”-т төдийлөн таалагдахгүй байгаа учраас хавчих, хяхах бодлогоо эрчимжүүлж эхэллээ. Саяхан Орос шатахууны крантаа хааж, бид долоо хоног шатахууны эрэлд гарч, автомашинууд гудамжинд зогсоход хүрсэн. Залгаад цахилгааны шитээ буулгаж, баруун бүсийн аймгууд тог, цахилгаангүй хуучин зууны амьдрал руугаа шилжихэд хүрсэн. Оростой арай гэж тохиролцоонд хүрээд, харилцаагаа сайжруулах гээд эхэлмэгц Хятад хилээ хааж, эцэст нь бүр төмөр замын задгай вагонтой ачааг хориглочихлоо. В.В.Абрамченко Монголд айлчилж, УЦС-ын төслийг дэмжихгүй гэдгээ илэрхийлээд буцмагц Хятад улс төмөр замын задгай тээврийг зогсоох шийдвэр гаргасан нь хоорондоо уялдаа холбоотой буюу өнөөх л Орос, Хятад хоёр хөөрхий Монголыг хэн нь эрхшээх вэ газар тэмцлийх нь нэг хэлбэр. Төмөр зам зөвхөн Монголынх бус Монгол-Оросын өмч. Тэгэхээр Хятад төмөр замын тээврийг зогсоох шийдвэр гаргасан нь Оросуудад өгч буй нэг анхааруулгын хэлбэр гэсэн үг л дээ. Их гүрний энэ зодоонд цар тахал сайхан шалтаг болж өгч байх шиг.

Ингээд харвал, Монгол-Оросын 3.485 км, Монгол-Хятадын 4.676 км урт хилийн зурвас тор нь бүтэн байвал л бид аюулгүй, тусгаар тогтносон улс гэж бодож болохгүй болчихож. Ялангуяа Оросоос шатахуун, цахилгаанаа, Хятадаас хоол хүнс, өмсөх хувцсаа авдаг, ганц Хятадаар дамжуулан гуравдагч хөрштэй холбогддог энэ цагт бид “Бие даасан тусгаар улс” гэж мянга цээжээ дэлгэж гүйгээд нэмэргүй. Товчхондоо, төсөөллөөр бол Луу галаар тургиж, баавгай шүлсээ үсчүүлэн архирч байхад голд нь ганц морь мянга янцгаагаад төдийлөн нэмэргүй байна гэсэн үг л дээ. Тэгвэл бид хоёр хөршийнхөө харцанд жижгэрч амьдрахгүйн тулд яах ёстой юм бэ. Ерөөс одооноос бие даасан улс шиг улс болохоос өөр сонголтгүй. Шатахуунаа, цахилгаанаа дотооддоо үйлдвэрлэдэг, хүнсний ногоогоо дотооддоо тариалдаг, ядаж л амьдралын наад захын хэрэгцээгээ хэнээс ч хараат бусаар шийдэх ёстой. Эрх биш эсгий тавчиг, ширэн тэлээ, нэхий дээл, гутлаа өөрсдөө хийдэг болсон үндэсний үйлдвэрлэгчдээ цогц бодлогоор дэмжвэл илүү ихийг хийж чадах нь дамжиггүй. Эцэст нь, хоёр хөрштэйгөө төрийн түвшинд эн тэнцүү түвшинд харилцдаг болох ёстой. Их гүрнүүдийн дэргэдэх жижиг улсын зовлон их, тэр нь мэдээж. Гэхдээ одоо өөрчлөх цаг нь болсон. Хэзээ хүртэл Хятадтай муухай харьцвал хилээ хаах бол, Оростой муухай харьцвал крантаа хаачих бол гэж айдастай амьдрах гэж...
Хоёр хөршдөө хавчуулагдсан МОНГОЛ |
|