• Өнөөдөр 2025-05-16

Н.АЛТАНХУЯГ: С.Бямбацогт оо, хийдэг юм аа хийе. Хууль зүйн байнгын хорооны дарга чамд болоо шүү дээ

2021-11-15,   526

Хууль зүйн байнгын хороо томилгооны сонсгол зохион явуулж, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийн мэдээллийг сонсож байна. Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд 24 хүн нэр дэвшсэнээс Ц.Давхарбаяр, Д.Ариунтуяа, Д.Мягмарцэрэн, Х.Хашбаатар, Д.Эрдэнэчулуун нарын таван хүн олонхын санал авсан. Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигчдээс Байнгын хорооны гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
 
Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар: Шүүгчдэд хариуцлага тооцдог механизм бүрдүүлэхийн тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, Шүүхийн сахилгын хороо байгуулсан. Шүүхийн сахилгын хороо нь есөн гишүүнтэй байна. Тавыг нь гаднаас буюу шүүгч бус гишүүн сонгон шалгаруулахаар болсон. Нэр дэвшигч Д.Эрдэнэчулуунаас “Та шүүхийн системийн хүн мөн үү” гэж би асууя.
 
Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигч Д.Эрдэнэчулуун: Би шүүхийн захиргааны байгууллагад 1998 оноос хойш 21 ажилласан. Одоогоор шүүхийн байгууллагад ажиллахгүй байгаа
 
Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар: Таны эхнэр Улсын дээд шүүхэд шүүгчээр ажилладаг. Та Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллаж байхдаа хичнээн шүүгчийг дэмжиж саналаа өгсөн бэ. Шүүхийн Тамгын газарт ажиллаж байхад таны удирдлага дор хичнээн шүүгч ажиллаж байна. Та эдгээр хүнтэй ажиллаж байсан. Шүүхийн сахилгын хороо есөн гишүүнтэй байна. Үүний тав нь шүүгч, дөрөв нь шүүгч бус байна гэдэг зарчмаар орж ирсэн. Энэ би хэн нэг хүний тухай яриагүй. Зарчим ярьж байна.
 
Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигч Д.Эрдэнэчулуун: Би шүүхийн Ерөнхий зөвлөлд гишүүнээр хоёр бүрэн эрхийн хугацаанд ажилласан. Хуулийн дагуу ажил үүргээ гүйцэтгэсэн. Гэхдээ орон тооны таван гишүүнд санал нэгдэж байсан нь ховор. Хуралдааны тэмдэглэл олон нийтэд нээлттэй байдаг. Ерөнхийдөө хэн нь хэний төлөө санал өгч шүүгч болгож байв гэдгийг тодорхой харж болно. Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллаж байхад давхардсан тоогоор 300 гаруй шүүгч санал өгч байсан. Усын дээд шүүхэд ажиллаж байсан. Намайг ажиллаж байх хугацаанд 10-аад хүн л шүүгч болсон байх. Шүүхийн Ерөнхий зөвлөлд ажиллаж байсан хүмүүсээс 20-аад хүн байсан. Ингээд нийт 30 гаруй хүн шүүгчээр ажиллаж байгаа. 
 
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Би таныг огт танихгүй. Миний хувьд шүүхийн шинэчлэлийн төлөө олон жил дуугарч, өөр рүүгээ гал дуудсан гэж боддог. Ерөнхийдөө шүүхийн шинэчлэлийг хэрэгжүүлэхэд та садаа болох гээд байна. Тиймээс танд шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигчээс татгалзах санал тавьж байна. Шүүхийн сахилгын хороо нь шүүгчдэд хяналт тавьж, хариуцлага тооцдог байгууллага байх ёстой. Таныг шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллаж байхад 300 гаруй шүүгч томилогдсон. Өнөөдрийн байдлаар 500 гаруй шүүгч ажиллаж байна. Үүний 300 нь таны удирдлага дор ажиллаж байж. Тиймээс таниас болж энэ системийг нураамааргүй байна. Би хувьдаа таныг дэмжихгүй. Энэ хуулийн хэрэгжилтийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх шаардлагатай. Ганц хүнээс болж системийн алдаа гаргаж болохгүй. Д.Эрдэнэчулуунд нөхөрсгөөр нэрээ татаач гэж зөвлөж байна.
 
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Дараалал нь жаахан буруу болчихжээ. 24 гишүүн нэр дэвшсэн байхад яагаад, ямар шалгуураар тавыг оруулж ирж байгаа юм бэ.  Сүүлдээ УИХ-ын гишүүд кнопчин болж хувирах нь ээ. Уг нь долоог оруулж ир гэсэн юм. Гэтэл тэнцэхгүй байна гэсээр тавыг мухарлаад оруулаад ирсэн байна. Би ажлын хэсэгт итгэхгүй байна.
 
Хүний эрхийн комиссын гишүүдийг гаргаснаас хойш надад эргэлзээ төрөөд байгаа юм. УИХ-ын гишүүний эрхийг бид ажлын хэсэгт шилжүүлж болж байгаа юм уу. Үүнийг С.Бямбацогт ахалж болж байгаа юм уу. Ашиг сонирхлын зөрчил гэж харж байна. Байнгын хорооны даргаар ахлуулдаг хүмүүсээ та нар дунд гайгүй хуульч алга уу. С.Бямбацогтоор даргалуулснаас хойш би итгэхээ байсан. Наадах чинь худлаа жонхуу болно. Жонхуу болсон нь Д.Эрдэнэчулуунаар илэрч байна. Би Х.Нямбаатартай таардаггүй ч үүн дээр санал нийлж байна. Бид шүүхийг шудрага болгоё гэж хуульд өөрчлөлт оруулсан. Насаараа захиргааны ажил хийсэн хүнийг шүүхийн байгууллагад оруулж ирэхдээ яадаг юм бэ. Нэг хүнд зориулаад, хууль өөрчилчихсөн юм байж болохгүй, Ж.Сүхбаатар аа. Бид ийм амьгүй гишүүд байж болохгүй.
 
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт: Бид томилгооны сонсгол хийж байгаа. Үүгээр нэр дэвшигчдийн намтар, түүх, ажлын туршлага, мэдлэг боловсрол гэсэн асуулт асууж, нээлттэй хэлэлцдэг. Үүний дараа Байнгын хорооны хурал дээр ажлын хэсгээс оруулж ирсэн хүмүүс нь сайн, муу байсан эсэхийг хэлэлцэнэ. Олонхын саналаар таван хүн оруулж ирсэн. Байнгын хорооны гишүүд эдгээр таван хүнийг дэмжихгүй ч байж болно. Нэр дэшигчдээс асуулт асууя.
 
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Таныг шүүмжлээгүй байхад орж ирээд баахан тайлбар хийгээд байх юм. С.Бямбацогт оо, хийдэг юм аа хийе. Хууль зүйн байнгын хорооны дарга чамд болоо шүү дээ. Бараг ахдчихсан юм байхгүй юу. Гэтэл эд нарыг шалгаруулдаг дарга болно гэх юм. Илүү шунал хүнийг дандаа алдаг байхгүй юу.
 
 

Н.АЛТАНХУЯГ: С.Бямбацогт оо, хийдэг юм аа хийе. Хууль зүйн байнгын хорооны дарга чамд болоо шүү дээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188