• Өнөөдөр 2024-04-27

Намрын тухай ТЭД

2020-09-21,   2928

Хүн гэдэг ой дурдатгалын орон зайдаа амьдарч чаддаг цор ганц бодгаль. Сэтгэлийнхээ гүнээс дурсамжаа хөвөрдөж чаддаг нь “оюун ухаан”-ы томьёолол ч байж мэдэх юм. Харин баяр гуниг, зовлон жаргал хослосон тэрхүү дурсамжуудыг бий болгоход улирал хүчтэй нөлөөлдөг гэхэд хилсдэхгүй. Хэн нэгэн өвлийн улирлыг цас, жавартай нь хайрлаж, өвөл болж өнгөрсөн бүх л дурсамжаа хөвөрдөн байдаг бол зарим нь зуныг илүүд үздэг. Тэгвэл намрын улирлыг хэн юу гэж боддог, цагийн аясаар намар ирэхэд ямархан дурсамж нь сэдэрдэг болохыг ERGELT.MN та бүхэндээ онцлон хүргэж байна. Энэ удаагийн “Улирлын тухай тэд” дугаартаа өөрийн сэтгэл хөдлөл, дотоод мэдрэмжийг үгийн шидээр урладаг дараах таван уран бүтээлч, яруу найрагчийг урилаа. 

П.Батхуяг 

/Гэгээн муза шагналт, оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд” наадмын зургаан удаагийн эзэн, МЗЭ-ийн шагналт, “Хүрээ хөвгүүд” бүлгэмийн гишүүн, хэл шинжлэлийн доктор, профессор, утга зохиол судлаач, шүүмжлэгч, зохиолч, яруу найрагч/

Дөрвөн улирлаас хамгийн сэтгэлд ойр нь намар байдаг. Өөрөө энэ улиралд төрсөн болоод ч юм уу эсвэл санаа дагаад ч юм уу амьдралд минь баяртай тохиолдлууд мөн гунигтай зүйлс бүгд л намар болсон санагдах юм. Эцгийгээ, эмээгээ энэ улиралд алдсан. Багшийгаа ч энэ улиралд үдэж гаргасан. Намар заримдаа гуниг, ганцаардлын гэхээсээ илүү сэтгэл дэнслүүлсэн улирал байдаг. Ялангуяа монголчууд ингэж дөрвөн улирал солигдохтой адил сэтгэлийн хөдлөл ихэд баялаг байх магадлалтай юм. Би хувьдаа зөвхөн халууны, хүйтний улиралтай газруудын ард иргэд бидэн шиг ийм дотоод баялаггүй гэж боддог.

Энэ улиралд навч шарлаад л бүх амьдрал, хувь тавилан цаг хугацааны жамаараа ирж буцахыг таниулна гэдэг нь нэг талаараа байгалиас хүнд өгч байгаа маш том ухаарал, сургамж юм уу гэх мэт төсөөллүүд сэтгэлд буудаг. Олонх яруу найрагчдын хүчтэй төвлөрөл, онгодтой байсан цаг хугацаа нь намар. Угтаа байгаль нь уран бүтээлчийн сэтгэл зүйд ихэд нөлөөлснөөр бүтээн туурвихад ахиц гардаг болов уу. Уран бүтээлч гэлтгүй ямар ч хүн толгой дээгүүр нь шувууд ганганаад өнгөрөхөд буцах цагийн тухай, харихын тухай бодолд автдаг шүү дээ. Хүйтэн бороо, хөл дор гишгэгдэх навчис, цөмсөн самрын яс зэрэг нь намрын улирлыг юунаас ч илүүтэй таниулдаг. Би нэгэн удаа:

“Уйлаг алдсан усан бороотой

Уйтгарт намар удахгүй ирнэ” гэж бичиж байсан юм. Навчнаас түрүүлээд магадгүй хүйтэн борооноос төрж буй мэдрэмж намрыг илүү дотно сануулдаг юм болов уу. Магадгүй тэрхүү борооноор би намрыг таниж байж ч магадгүй юм. Өөрийгөө их ажиглаад байхад намрын улиралд бусад улирлаасаа илүү хүнтэй бага ярьдаг санагдана. Бусдад нь би хүнтэй ярилцах, ярихыг сонсох дуртай байдаг ч энэ улиралд тийм биш. Ихэнх сайн зохиолуудаа намар болоод хаврын улиралд л бичжээ. Илүү сайн төвлөрөлтэй, хурдтай, хүчтэй байсан шиг. Өвөл бичих зохиолуудын санаа маань толгой дотор бүрэлдэж байх нь уг улиралд дуртай болгох шиг. Уран бүтээл талаасаа би олонхидоо яруу найраг, хүүрнэл зохиолыг бичдэг. Хүн төрөлхтөн нэг л хэвшмэл зүйл рүү яваад байдаг нь “Намар бол гунигийн улирал” гэж хэлсэн нэгнийг бусад нь даган дууриаж байгаатай ялгаагүй хэрэг.

Нэг талаараа үүнээс харвал бид нэгнийхээ мэдрэмжийн хүрээ дотор л амьдраад байж болзошгүй. Намар бусад улирлынхаа хэв шинжийг бүгдийг агуулж байгаа нь төгс ч юм шиг санагддаг. Ялангуяа энэ улиралд уран бүтээлч, яруу найрагч, зохиолчид бүтээлээ туурвихын тулд бэлтгэлтэй байх ёстой гэж бодож байна. Ийм цаг хугацаа жилд хэдхэн сарын хугацаатай ирж байхад нь өөрийн биеийн нүд, чих, ам, хамар гэх мэт бүхий л зүйлсээрээ мэдэрч байгаасай л гэж хүсдэг. Миний хувьд дурласан намар л хамгийн сайхан нь байжээ. Залуу байхад хайр дурлал илүү өртөмтгий байсан болов уу. Сайхан намрууд гэхээсээ илүү миний дурсамжинд гуниг, гансралтай намрууд л их олон байх шиг. 90-ээд оны нэгэн намар байсан санагдана. Эцгээсээ үүрд хагацсан намар юм л даа. Гэрийн гадаа майхан, сав босгоод л хүн бужигнаж, би хашааны захад түлээний булан дээр суугаад бодож байсан юм. Хүйтэрч эхэлж байсан үе байсан даа.

Би нэг ноосон цамцтай бага зэрэг чичрээд л, тийм үед хүн эхлээд эцгийнхээ араас дурсах биш маргаашийнхаа талаар боддог юм билээ. Тэр үедээ би чинь шууд л ирээдүйгээ алдчихсан юм шүү дээ. Маргааш яах вэ, маргаашид яаж амьд явах вэ л гэж бодож байлаа. Дараа нь л аавыгаа учиргүй ихээр үгүйлсэн санагдана. Түүнээс хойш би өдийг хүртэл шүд зууж, тэсвэр зааж ирсэн юм болов уу. Энэ зүйлүүдээс харахад намар гэдэг сайхан, муухай аль бүгд л хосолсон, хүнд сэтгэл хөдлөл, догдлолыг хамгийн ихээр бэлэглэсэн улирал байх.

Л.Лхагвасүрэн  

/Яруу найрагч, “Үндэс” нэрээр яруу найргийн түүвэр хэвлүүлсэн, тэрбээр Австрали Улсад мэргэжил дээшлүүлсэн/

Бүх л улирал өөр өөрийн өнгөтэй бас онцлогтой. Харин намар бол хамгийн хөгжимлөг улирал гэж би боддог. Энэ улиралд би хүмүүсийн болоод өөрийнхөө зүрх сэтгэлийн хөгжмийг яагаад ч юм илүү их мэдэрдэг шиг санагддаг. 
Яг л  “...Навчисын ирмэг дээр жаахан биеэ хумин суучихаад
Намрыг ирмэгц далавчаа дэлгээд нисчихдэг
Цэнхэр нүдэт шаргал үст жаахан охин
Цээжин дотор минь үргэлж амьдардаг нь 
Та мэт”  гэж бичсэн минь намар заримдаа надтай адилхан дэндүү эмзэг санагддагтай ч холбоотой байж мэднэ. Ер нь яагаад ч юм намарт, намрын улиралд хайртай хүмүүст хайр хүрдэг шүү.
***
Шарлаж буй навчсыг хараад 
шаналж буй 
хүн төрөлхтөн
Шатаж буй навчсыг хараад 
шарлаж буй 
Хүн төрөлхтөн
Өлмий дээрээ сэмхэн гишгээд 
инээж байгаа жаахан охин
Өө... энэ бүхнийг чинь би хэрхэн тэвчих билээ
Өвөлд бэлдэх хүмүүсийг харахаар 
үхэлд бэлдэж буй мэт
Хуучин гудамжны өнцөг булан бүрт
Хуурамч гуниглалуудаа өлгөж орхидог.
Хавар болохоор л мартаж орхих тэдний 
хав халуун ганцаардлаар нь
Хамгийн эрхэм түүндээ хацрыг нь дулаацуулах 
бээлий нэхдэг.
Салхинд хийсэж ирээд 
тагтан дээрээс минь зүүгдсэн 
өнөөх жаахан охины өрөвдөлтэй инээмсэглэл шиг
Өр зүрхээ онгичин 
өдөр бүр намар болдог сэтгэлд минь
Үхлийн тухай бодолгүй үлдэж чадах хүмүүсийг л үнэн сэтгэлээсээ хайрладаг
Уйт хотын гудамжийг 
намрын инээд  бүрхэх бүрийд
Ухаарал ярьсаар толгой дохин өнгөрөх
Үй олон бүрх малгайтуудаас
Ганц тийм агшныхаа зуун зуун мэдрэмжээр
Гараа дэлгээд нисэж чадах 
ид шидийг нь асуумаар санагддаг.
Үхэж буй навчсаас өөрийгөө хамгаалахын тулд
Өрөвдөж буй дүр исгэдэг хүн сүргээс зугтаахын тулд
Хүн бүрийн нүд рүү эгцлэн ширтээд 
цурхиран уйлах хүүхэд зангаа
Хүйтэнд бэлдэж шүлгээ бичих төлөвлөгөөтэй хамт
Намартай нь намрыг шатаагаад
Маргааш  нь цоо шинээр амьдарч сурах хэрэгтэй болдог
Эд эс бүхнээ шатаан шарлуулчихаад гэвч
 Эдгэсэн дүр эсгэж хэрхэн амьд явах вэ

Т.Есөн-Эрдэнэ 

/ “Шинэ үнэр” бүлгэмийн яруу найрагч, ахлагч, “Дотогшоо”, “Шинэ Үнэр (антологи)”, “Гол нь дуул” зэрэг бүтээл хэвлүүлжээ. Одоо Хэвлэлийн хүрээлэнд багшилж байна/

Намрын тухай, ер нь дөрвөн цагийг шүлэг болгоно гэдэг яруу найрагч хүний хувьд амаргүй “даваа” болсон байх аа. Яахав бичиж болно, чадахгүй бол тэгээд нэг төрлийн хуулбар эсвэл давталтаас хэтрэхгүй. Ванчинбалын хөвгүүд, С.Буяннэмэх, Г.Сэр-Од, Д.Нацагдорж, Б.Явуухулан, М.Цэдэндорж, Б.Галсансүх нарын өөрсдийн цаг үедээ бичсэн улирлын шүлгүүдийг шинжих, бишрэхийн завсар одоо ч эргээд уншдаг. Заримдаа улирлын мэдрэмжид гэнэт автахаараа М.Цэдэндоржийн “Эргэх дөрвөн улирал”-ыг өөрийн мэдэлгүй аялачихсан сууж байдаг. Сүүлд энэ дууг “Шар айраг”-ийн Буянаа дуулсан юм. 
...
Настай буурал аавын минь толгой шиг 
Намрын дохио ороо юм байлгүй 
Нандин сэтгэлийн үгээ хэллээ ч  
Намайг гэхгүй бол би яана... 
Жилийн өмнө маш авьяаслаг хөгжимчин, дуучин Г.Ганг таалал төгссөн. Олон хүний хувьд хүнд өдөр тохиосон. Тэр орой ажлаасаа харьж яваад би шууд л таксинаас буучихсан, тэгээд тэр өдөр хариагүй. Г.Ганг агсныг дурсах нь намар цагт холбогдох олон шалтгаантай. Түүний “Зочин” дуу миний хувьд бүх цаг үеийн шилдэг дуу гэж хувьдаа эрэмбэлбэл нэлээд дээгүүр бичигдэнэ. Гэхдээ яг цагаа тулбал тэгж эрэмбэлээд суухгүй биз ээ, утгагүй хэрэг. “Зочин” дууны талаар хэдэн жилийн өмнө “Гоодаль” сэтгүүлээс бяцхан тэмдэглэл уншиж билээ. Одоо тэр сэтгүүлийг нэг олж уншмаар санагддаг юм. “Зочин”-г зохиосны дараа юу тохиолдсон тухай, ер дуу хөгжим гэдэг Гангийн хувьд юу болох тухай сонирхолтой бичвэр байсан. 

Туул гэж эмэгтэйн дуулсан “Хийсэх навчис” хэмээх дууг 2007 оны дундуур сонсож билээ. Анхандаа хэн зохиосныг нь мэдье гэж бодоогүй. Яагаад ч юм нэг тийм “эмэгтэй дуу” болохоор эмэгтэй хүн л шүлгийг нь зохиосон байх гэж бодоод зохиолч Х.Болор-Эрдэнэ эгчээс асуутал “Би зохиогоогүй...” гэсэн. Дараахан нь (2013 онд) Ганг руу “Энэ яг таны дуу байна, тийм үү?” гэж чаатаар асуутал “Хэхэ, эртний юм байгаа юм оо” гэж даруухан, найрсаг яриа өрнүүлж билээ. Түүний дууны үгүүд яг энэ цаг үеийн поп дууны шүлгийн чанар, чадлыг төлөөлж чадна гэж хувьдаа боддог юм. Бас өөрөө бүх хөгжмийн найруулгаа хийдэг тул хаана нь яаж “дуугаргах”-ыг ханатал нь хийж өгдөг байсан юм болов уу.

“Хийсэх навчис” дууг хүмүүс төдийлөн мэдэхгүй байх. Хэдэн жилийн өмнө сонсож хэсэг автаж байсан энэ “эмэгтэй дуу” эсвэл “эмо” дуу мэдээж өөрчлөгдөөгүй, би л өөрчлөгдсөн байна. Харин энэ өөрчлөлтийн талаар ярьвал шал өөр тийш бичвэр явах тул ингээд өндөрлөе дөө.  

М.Ундрал  

/Анхныхаа бүтээлийг “Есөн бүхэл дөрөвний гурав” нэртэйгээр хэвлүүлж, чамгүй сайшаал хүртээд байгаа. Тэрбээр Сэлэнгэ аймгийн Баянгол суманд банкны эдийн засагч мэргэжлээр ажиллаж байгаа/

Намар надад гуниг шаналан хийгээд хөөр догдлолыг зэрэг авчирдаг. Өнгөрсөн дэх хөндүүр, хөндүүртэй мэдрэмжүүд минь энэ л улиралд улам гашуунаар ээрдэг ч, намайг чиглэн ямар нэгэн баярт үйл айсуй мэт хачин амттай, бүгээн зөн хоргоодог.

Тэнгэр хамгаас гүн цэнхэртэхэд, газар хамгаас дулаанаар шаргалтахад, гадаа хүйтрэхэд, навчсаар шуурахад, хүмүүсийн хөл татарч гудамж талбай эзгүйрэхэд, зам зөрөн ганц нэг хүн алхлахад, тэд миний л адилаар бөхийн, хувцсандаа шигдээд, байдгаараа нугдайн элгээ тэврэн өнгөрөхөд, хэдий гуниг шаналандаа биш ч хүйтэрч, хүндэрсэн цаг агаарт дарлуулан толгой гудайхад, хэрэв нүдээ өргөн ялимгүй дээш харвал харц тулгарсан бүгдийн нүдэнд гүн гүн бодол хөвөн хөвөхийг, тэдэн рүү удаахан ширтвэл нулимс ивлэхийг, амьдралын ачаа буулгууд биднийг ээлж дараалан онож бид хэзээ хэзээнээс илүү нэгнээ хэмээн өмөлзөж өмгөөлөхийг, энэ амьдрал бидний зоргоор бус, ямар нэгэн үл үзэгдэгч гарын жишимгүй хөдөлгөөнөөр эргэлдэн буйд эргэлзээгүй итгэхэд гээд ер эл улиралд л өрнөх, эл улирлаас л мэдэрч болох бүхэн намайг сэтгэлийн минь хамгийн ёроолд живэн буй уйтгар гуниг хийгээд тэр дээр саган хөөсөрч буй хөөр баярын хооронд хэдэнтээ дайвуулдаг юм.

Намарт би бусад улирлаас их шүлэг бичдэг. Навчсын бус үгийн шуурганд сэнсэрч, эрүүл ухаанаа гээн хөлчин хийсэх нь их. Тийн хийсэж явахдаа бичсэн нэгэн шүлгээрээ айсуй намрыг угтъя!

ӨНӨӨДӨР БОЛ ИХ ХООСРОЛЫН ӨДӨР!

Улаанбаатарын дотноглогч гудмаар хэрэхүй
Зөрж өнгөрөх хүмүүн нэгээхэн ч үгүй
Араас гүйцээд ирэх нь ч үгүй
Салхи бүгдийг хийсгэж надаас холтгоод л
Сааралтсан тэнгэрээс нь ч юу ч унахгүй!...
Өнөөдөр бол
Их хоосролын өдөр!
Их дэлгүүрийн таван давхрын
Элгэмсэх танхимнаа ч ажин түжин
Дэлгэц дуугүйхэн ширтсээр
Дэмий бодолд ээрэгдэн толгой дүйрнэ
Энд ирэгсэд ч ганцаардлаа хүлцсээр!...
Өнөөдөр бол
Их хоосролын өдөр!
Үзвэрийн турш зэрэгцэж суусан эрэгтэй
Гэнэтхэн босоод явчих нь ч хөндүүр
Биес хүрэлцсээр сэтгэл болдогийг
Хэлэхээр завдан араас нь өндийхөд
Хэдийнэ, шатаар уруудаад нуруу бие нь далд орно...
Өнөөдөр бол
Их хоосролын өдөр!
Явуугийн дэргэд ч ганцаараа
Ядахнаа намайг дагаж бөхөлзөх өвс ч алга
Өвс нэгийг оллоо ч өнөө салхи нь намжчихна
Ингээд л би ахин ганцаар уйман үймэрсээр сууна
Эцэстээ надтай хамсаатах хэн ч, юу ч алга!
Өнөөдөр бол
Их хоосролын өдөр!

Г.Хашбаатар  

/“Хас дорно” бүлгэмийн яруу найрагч, анхныхаа бүтээлийг “Эртний улирлын түүх” нэрээр хэвлүүлж байв/

Намар ч дээ, чи мэднэ дээ... Надад байдаг хуучин гутлын сүүлчийн саруудад, үдээсний бөх, улны сайныг шалгахаас л өөр шаналаад байхааргүй жамын улирал даа. 
Өвөл бол намрын Өргөмөл дүү юм. Саяхан хаяанд байсан болоод ч тэр үү, өвөлд үлдчихсэн намрын өчүүхэн үнэрийг цас ёолох цагаан дуунаас сонсоно.
Өвөө явсан жил. Өвөө яваагүй гэж итгэсэн сар. Өвөө өвс хадаж, шимээсэгний ирэн дээр шилэн хөлс хагарч байсан намар. Өвөөг аваад явахад нь, түүний хаалганд хавчуулагдан гурав хоночихсон хүйтэн гарын хурууд шиг мөчирүүдтэй шар моддын үндсийг хөрснөөс нь сугалаад хаячихмаар...
....

Өвс-Этгээд дуу-
Өвдөхөд-Эхлээд дуу
Зам дагуух хуучин номын худалдаа шиг
Тэндээс олсон ховор ном шиг
Тэмдэг төдий навч
Замын хажууд...
Зам навчисын хажууд.
Дурсамж гэнэ ээ. Мартаж үзэж. Намар бол хамгийн хэрэггүй улирал. Тэр байхгүй байсан ч болоосой.
Бүх дурсамж түүнтэй хамт
Булшлагдаасай билээ л.
 


Намрын тухай ТЭД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188