• Өнөөдөр 2024-04-27

БНАСАУ-ын парадын эргэн тойронд: Шинэ пуужин, сүрт жагсаал

2020-10-12,   617

БНАСАУ-ын Хөдөлмөрийн нам байгуулагдсаны 75 жилийн ойд зориулсан баярын сүрт жагсаал, хүндэтгэлийн ёслол нийслэл Пхеньяны төв талбайд боллоо. Ким Ир Сений талбайгаар хэдэн мянган цэрэг жагсаж, танк, “Пуккыксон 4-А” нэртэй баллистик  пуужин, их буу зэрэг зэр зэвсгийн хүчээ харуулсан энэхүү жагсаалыг Умард Солонгосын түүхэн дэх хамгийн нүсэр ёслол гэж ажиглагчид онцолж байна. Үүний сацуу БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун улс орныхоо хил хязгаарыг хамгаалахын тулд цэргийн хүчээ зузаатгаж байгааг ёслолын үеэр мэдэгдсэн. Энэхүү  жагсаалын тухай баримтууд, тус улсын өнөөгийн байдлын тухай  хүргэж байна. 


Хэдэн сарын бэлтгэл 


Нэг өдөр, хэдэн цаг үргэлжлэх энэхүү парадад оролцсон цэргүүд хэдэн сарын турш бэлтгэл хийжээ. Ямар ч алдаа гаргалгүй  жагсахын тулд алхаа, хөдөлгөөн бүрээ жигдрүүлсэн гэж Өмнөд Солонгосын хэвлэлүүд мэдээлсэн.

 
Шинэ зэвсэг 


Эдийн засгийн хориг, хөл хорионы улмаас эдийн засаг нь хүнд нөхцөлд буй ч умард солонгосчууд “Пуккыксон 4-А” хэмээх баллистик пуужингаа энэхүү ёслолын үеэр танилцуулжээ. 2018 оноос хойш тэд шинэ зэвсгээ сүрт жагсаалын үеэр харуулаагүй байсан юм. Тэр үед Ким Жон Ун Дональд Трамп нар уулзаж, Умард Солонгосын цөмийн зэвсгийн асуудлаар хэлэлцэж байсан юм. 
Харин өнгөрсөн хоёрдугаар сард хэлэлцээр бүтэлгүйтэж, хоёр тал тохиролцож чадаагүй. Төдөлгүй Умард Солонгос ойрын зайн тусгалт баллистик пуужингаа туршиж эхэлсэн билээ. 

32 мянган цэрэг 


Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар парадад оролцох 32 мянган цэргийг өнгөрсөн гуравдугаар сард татаж, бэлтгэлийн баазад байршуулж, бэлтгэл сургуулилалтыг эхлүүлсэн гэнэ. Мөн ёслолд зориулан Пхеньяны Мирим онгоцны буудлаас хот хүртэл хоёр шинэ зам тавьж, 10 барилга шинээр барьжээ. 

Ядуурал, өнчрөл 


Өмнөд Солонгосын хэвлэлүүдэд мэдээлснээр хөл хорио, эдийн засгийн хоригийн улмаас иргэдийн амьдрал дордож, ядуурал улам нэмэгдэж, өнчин хүүхдийн тоо өссөөр байна. БНХАУ-д коронавирусийн халдвар гарсны дараа өнгөрсөн нэгдүгээр сард БНАСАУ хилээ хааж, хилийн хамгаалалтаа чангатгасан бөгөөд  хуурай газар, усан, агаарын бүх л ачаа, зорчигч тээврийн үйлчилгээг зогсоосон. Умард Солонгосын хамгийн том түнш болох Хятад улстай хийх худалдаа нь сүүлийн найман сарын байдлаар 70 хувиар буурчээ. 
 

Хөл хорио 


“Covid-19” халдварын тохиолдол одоогоор бүртгэгдээгүй гэж Пхеньян мэдэгдэж буй. Халдвар тархахаас сэргийлж орон даяар хөл хорио тогтоон, муж хооронд зорчих хөдөлгөөнийг хязгаарласан. Умард Солонгосын өндөр албан тушаалтнуудааас өөр хүн хил давах боломжгүй байгааг “Daily NK” цахим хуудсанд мэдээлсэн. 

Тасарсан харилцаа 


Өнгөрсөн зургадугаар сард Пхеньян Сөүлтэй бүх холбоо харилцаагаа тасалснаа мэдэгдсэн бөгөөд есдүгээр сард Өмнөд Солонгосын цэргийн алба хаагч Шар тэнгист сураггүй болсон хэрэг гарсан юм. Хилийн маргаантай бүсэд сураггүй болсон иргэнийг БНАСАУ-ын цэргүүд амийг нь хөнөөж, цогцсыг нь шатаасан гэж Сөүл мэдэгдсэн бөгөөд Ким Жон Ун албан ёсоор хүлцэл өчсөн. 


БНАСАУ-ын парадын эргэн тойронд: Шинэ пуужин, сүрт жагсаал
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188