• Өнөөдөр 2024-04-27

Төрүүлсэн үрээ хог шиг хаядаг харгис эхийн хатуурхал хэрээс хэтэрлээ

2020-10-11,   2841

Төрүүлсэн үрээ хогийн сав, модон жорлон, оршуулгын газарт амьдаар нь хаячихдаг болтлоо монгол эмэгтэйчүүд харгис, цэвдэг сэтгэлтэй болсон гэж үү. Уншигч танд нарт орчлонд эрүүл саруул төрж, дөнгөж мэндлээд л эхдээ гологдож, хаягдсан үрсийн тухай харамсалтай гуравхан жишээг хүргэе.

Нэг: 2017 оны гуравдугаар сарын 17-нд иргэн Э дөнгөж төрсөн нярайдаа унтуулгын эм уулгаад, төрсөн аавдаа өгөөд Их Нарангийн энгэрт оршуулж байлаа. Тэрбээр хүүхдээ үхнэ гэж бодоод манцуйг нь чамбай гэгч нь чангахан боогоод, нүүрийг нь цагаан даавуугаар амьсгалах төдий л бүтээгээд явуулсан байдаг. Харин азаар Их Нарангийн энгэрт бурхан болоочийн газрыг ухаж байсан “Улаанбаатар Буян” компанийн ажилтан мэдэж, хүүхдийн амийг аварч байв.

Хоёр: Энэ оны есдүгээр сарын 25-нд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлд байрлах хоёр метрийн гүнтэй модон жорлонд 24 настай эмэгтэй Э дөнгөж төрсөн нярай охиноо подвалконд боогоод хаясан хэрэг гарсан. Нүүрс тээвэрт явж байсан том тэрэгний жолооч “Модон жорлон дотор шувуу, гөлөг шиг амьтан дугараад байхаар нь очиж үзтэл хүүхэд уйлж байсан” хэмээн ярьсан байдаг. Тэрбээр охиныг модон жорлонгоос гаргаж авсан даруйдаа цамцандаа боогоод, түргэн тусламж дуудаж, амийг нь аварчээ. Харин охины ээжийг тус аймгийн цагдаа шуурхай илрүүлж, эмнэлгийн байгууллагад охинтой нь хамт эмчлүүлэхээр хүргүүлсэн байна.

Гурав: Хамгийн сүүлчийн жишээ гэхэд л энэ сарын 1-ний өдөр олон улсын сүлжээ дэлгүүрийн ариун цэврийн өрөөнд төрсөн нярайгаа хогийн саванд хийгээд, дээрээс нь хог чихсэн хэрэг бас л гарав. Нярайг тус дэлгүүрээр үйлчлүүлж байсан эмэгтэй олж, түргэн тусламж дуудсан юм. Охины ээж болох 22 настай эмэгтэй мэдүүлэгтээ “Хүүхдийг амьд гэж мэдээгүй” гэсэн гэдэг.

Амьд, үхсэн ч бай төрүүлсэн үрээ хогийн саванд хийгээд орхидог эх хүн байдаг гэж үү. Яаж тэр бяцхан зүрх цохилж байхад хажуунаас яаж хоёр алхам бүү хэл хэдэн арван километр зугтаж чаддаг байна аа. Бүтэн арван сар хэвлий дээ тээхдээ төрөнгүүт нь хаа нэгтээ “хог” шиг хаяна гэж бодоогүй л байлгүй дээ, эрх биш. Хүүхэд хаана ч хамаагүй хаядаг тоглоом биш шүү дээ. Хариуцлагагүй аавын тухай ярихаас өмнө цэвдэг хүйтэн сэтгэлтэй эх, эмэгтэйчүүдийн тухай ярих цаг нэгэнт болжээ. Төрүүлсэн эх нь хаана ч хамаагүй хаяж байхад ганц шөнийн жаргалыг алдаа мэт бодож яваа эр хүн юу гэж л таны хэвлийд бүрдсэн халуун амины тухай бодох вэ дээ.

Хүүхдээ хэдэн сар өсгөөд, “Хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэх” гэж яваад шантарч, асрамжийн газарт үлдээсэн бол ганц бие ээж таныг олон хүн ойлгох байлаа. Харин хорвоо дээр мэндлэнгүүт нь хүн ёсоор угтах биш, араатнаас долоон дор авир гаргаж байгаа гажууд үйлдлийг чинь ойлгохгүй нь ээ, эмэгтэйчүүдээ.   

Бөөрөндөө ч болтугай наагаад хүн болгох сэтгэл байдаггүй юм аа гэхэд хүний алтан амиар битгий тоглооч, ээж нараа. Ядаж л эмнэлэг, асрамжийн газарт, түр хамгаалах байранд хүргээд “Өсгөж чадахгүй нь ээ” гэж үнэнээ хэлээд өгдөг баймаар байна, харгис ээж ээ.


Төрүүлсэн үрээ хог шиг хаядаг харгис эхийн хатуурхал хэрээс хэтэрлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-12 15:33:38
    Ouynbileg Bolormaa: Yaj ******** shig hayad yavj bnaa uneheer hargis
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-12 01:38:06
    Aluurchin: Arai l hertsgii yumaa huuhdee hayh setgel hnas ni garna we Ter bytshan jaahan huuhduudiig uruwduj engerees ni svvn asgardaggui yum bhdaa uursdiig ni ******** shig tsaazlah heregtei ene bol emgenel
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-11 17:53:24
    Баярчимэг: iim huuphun bytsxan vrsee hayx gej
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188