• Өнөөдөр 2024-04-27

Уулзсан эмэгтэйнхээ цогцсыг худагт нуусан эрийг долоон жилийн өмнө цагдаа нар шалгаж байжээ

2020-09-07,   22206

Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай М нь 2013 оны аравдугаар сарын 31-нд гэрээсээ гараад сураггүй алга болжээ. Энэ талаар ар гэрийнхэн нь цагдаагийн байгууллагад тэмдэглүүлснээр хэрэг нээн, шалгасан ч олж чадаагүй юм.

Харин үүнээс долоон жилийн дараа М-ын амийг Г гэгч нь хөнөөсөн болох нь тогтоогджээ. Сэжигтэн цогцсыг хашаандаа байрлах гүний худагт хийж булсныг Эрүүгийн цагдаагийн албанаас илрүүлэн шалгаж байгаа талаарх мэдээлэл 10 хоногийн өмнө гарсан юм. Бид энэ хэргийн талаар сурвалжиллаа.

1968 онд төрсөн 53 настай эрэгтэй Г болон 1973 онд төрсөн эмэгтэй М нар 2013 оны аравдугаар сарын 31-нд Баянзүрх дүүрэгт  байрлах  караокед танилцжээ. Улмаар Г нь М-ийг дагуулан Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны 13 дугаар гудамжны ... тоотод байрлах өөрийнхөө гэрт авч очжээ. Тэд Г-ийн гэрт архидан согтуурч, таагүй харилцаа үүсгэснээс болж нэгнийхээ амийг егүүтгэсэн аж.

Сэжигтэн Г нь талийгаач М-ийг хүчирхийлэх гэж оролдсоноос болж тэдний харилцаа хурц хэлбэрт шилжсэн байх магадлалтай юм байна.Г-ийн хүслээр болоогүйгээс болж М-ийн аминд хүрсэн байж магадгүй гэнэ. Тэрбээр М-ийн аминд хүрснийхээ дараа гэрийнхээ цонхноос таван алхмын зайтай байрлах гүний худагтаа нууж, маргааш өглөө нь 2-3 машин тэвш элс худалдан авч, гүний худгийг бөглөсөн байна.

Биднийг цогцос олдсон хашааны гадаа очиход 4х4 метр хэмжээтэй шавар байшингийн хоёр цонхыг модоор дарж, хашааны хаалгыг түгжсэн байлаа. Хашаанд саяхан айл амьдарч байсан бололтой гэрийн буйр цутгаж, хашааны үүдэнд хүүхдийн хувцас голдуу хог овоолоод орхижээ.

Харин байшингийн урд талд 1х1 метр хэмжээтэй дөрвөлжин нүх ухсан нь цогцос олдсон газар бололтой. Тус нүхийг таван см орчим зузаантай банзаар доторлосон байв. Худгаас их хэмжээний элс гаргаж, ил орхисон байна. Худаг байсан гэмээргүй, газрыг тэгшилж, бөглөсөн бололтой. Худгаас гаргасан ил банз алга байлаа.

Цагдаа нар ирсний дараал худаг байдаг гэдгийг мэдсэн

Бид хэргийн талаар цогцос олдсон хашааны хөршөөс тодруулахад “Цогцос гарсан гэдгийг цагдаа нар явсны дараа мэдсэн. Манайх тухайн өдөр 08:00 цагийн үед боссон. Гэтэл цагдаа нар болон олон хүн ирчихсэн бужигналдаж байсан. Үүнээс өмнө энэ хашаанд худаг байдаг гэдгийг мэдээгүй. Хүмүүсийн ярьж буй шиг энэ худгаас ус авч үзээгүй. Энэ айлын эзэд л худаг байдаг гэдгийг мэддэг байсан байх Манайхыг анх 8-9 жилийн өмнө одоо амьдарч байгаа энэ хашаагаа барьж байхад тус айл хашаа барьчихсан байсан.

Тэгээд манайх эндээ хэсэг амьдраагүй болохоор эзнийг нь танихгүй. Ямартайч сүүлийн дөрөв, таван жилийн хугацаанд олон айл энэ хашааг түрээслэж амьдарсан. Сүүлд түрээслэж байсан айл нь тав хоногийн өмнө нүүгээд явсан. Олон нялх хүүхэдтэй болохоор яажч энд удаан амьдрах билээ” гэв.

Тус хашааг сүүлийн 6-7 жилийн хугацаанд айлууд ээлжлэн түрээслэж амьдарч байгаа гэнэ. Харин түрээслэгчдийн олонх нь хашааны жинхэнэ эзэн хэн болохыг мэддэггүй. Тэд хашааныхаа эзэнтэй уулзаж байгаагүй бөгөөд зөвхөн утсаар ярьж, “Хаан” банкны 50.....дугаарын иргэн Ц-ийн дансанд түрээсийнхээ мөнгийг хийдэг байсан гэнэ. Ингэхдээ 6-10 сарын түрээсийн мөнгө буюу 180-300 мянган төгрөгийг хийгээд дахиж холбоо барьдаггүй аж.

Тус хашааг хамгийн сүүлд түрээсэлж амьдарч байсан айлын эзэн Д “Манайх тэр хашаанд нэг жил амьдарсан. Нэг л өглөө цагдаа нар 07:00 цаг болж байхад бөөнөөрөө ороод ирсэн. “Танай хашаанд нэгжлэг хийх хэрэгтэй байна. Та нар гэртээ байцгааж бай” гэж хэлсэн. Тэгээд байшингийн урд талд нэг нүх ухаад л байсан. 2-3 метр хэрээтэй газар ухаж байсан цогцос гаргаж авсан гэсэн байхшүү. Бид анхандаа цогцос байгаа гэдгийг ч мэдээгүй юм. Гэтэл цагдаа нар явахдаа хальт “Энэ газраас цогцос олдлоо. Таниас удахгүй байцаалт авна”гэж хэлсэн.

Би хэргийн дараа нэг удаа очиж байцаалт өгсөн. Тэгээд манайх дөрвөн нялх хүүхэдтэй болохоор тэр хашаанаас бушуухан нүүсэн.Худаг нь байшингийн урд, нүхэн жорлонгийн хойд талд буюу тэр хоёрын голд байдаг байсан юм билээ. Тэр газрыг худаг байсан гэж мэдэгдэхээргүй болтол нь шороо хийгээд тэгшилчихсэн байсан. Худаг байдаг гэдгийг огт мэдээгүй. Хашааны эзнийг огт танихгүй. Нэг таньдаг хүнээрээ дамжуулан дансанд мөнгө хийгээд л түрээслэж байсан. Жилийн хугацаанд нэг ч хүн хашаагаар ирээгүй” гэлээ.

Сэжигтэн Г өөрийнхөө хашааг төрсөн дүүдээ долоон жилийн өмнө өгчээ. Харин дүүгийнх нь тэнд амьдардаггүй бөгөөд Зурагтад байдаг аж. Сэжигтэн Г-г тэр хавийн хүмүүс хааяа л нэг хашааныхаа ойролцоо харагддаг байсныг хэлж байлаа.

Гэмт хэрэгтний хамаатан “Манай нөхрийн талын хүн байгаа юм. Нэрээ сольж, хашаагаа зарсан юм байхгүй. Бид тийм ч дотно биш болохоор асуудлыг сайн мэдэхгүй. Ямар ч гэсэн амьдарч байсан хашаа, байшингаа төрсөн дүүдээ өгсөн юм билээ. Аав, ээж хоёр нь бурхан болчихсон. Г нь барилга дээр заримдаа ажилладаг хүн. Эхнэр, хүүхэдгүй. Ерөөсөө гэр бүл зохиож байгаагүй. Сүүлд нэг тааралдахад “Дүүгийндээ амьдарч байгаа” л гэж хэлж байсан.

Харин дүү нь надад “Манай ах 2013 онд хүн амины хэрэгт холбогдоод байцаагдаж байсан” гэж хэлнэлээ” хэмээв. Тухайн үед Г-г цагдаа нар хамгийн сүүлд М-тэй уулзсан гэдэг үндэслэлээр шалгаж байсан ч хангалттай нотлох баримтгүйгээс болж суллан явуулсан гэнэ. Харин нотлох баримт олдсоны дараа Эрүүгийн цагдаагийнхан сэжигтэн Г-г дайчлан баривчилсан байна. Тэрбээр мэдүүлэг өгөх явцдаа хэргээ хүлээж, цогцос нуусан газраа өөрөө мэдүүлсэн гэнэ.


Уулзсан эмэгтэйнхээ цогцсыг худагт нуусан эрийг долоон жилийн өмнө цагдаа нар шалгаж байжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-12-22 10:08:16
    Зочин: Энэ эмэгтэй танихгүй хүн дагаж гэрт нь очоогүй бол ийм юм болохгүй л байсан Нас барсан эмэгтэйг муулаад яахав овоо босгоогүй бол шаазгай юунд суухав гэж ингээд амьдарч байсан нэг хүн шоронд орлоо Хүн дагаж биеэ үнэлэхээ болиорой хүүхнүүдээ л гэмээр Золгүй явдал үхэл болсон боловуу чааваас харамсалтай
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188