• Өнөөдөр 2024-04-27

Улстөрчдийн улстөрч хүүхдүүд

2020-10-08,   752

 Монголчууд удам дамжсан бөх, уяачид, урлагийнхан, дархчин, жүжигчин, тариаланч, цэрэг, цагдаа гээд удмын залгамж халаа болсон хүнийг хайрлаж, хүндэлдэг. Харин удам дамжсан улстөрчийг сөргөөр хүлээж авах хандлага бий. Ялангуяа сонгуулийн дараа болон сонгуулийн өмнө удам дамжсан улстөрчдийн үйлдэл олныг эгдүүцүүлдэг. Учир нь, УИХ-ын сонгуулийн дараа зарим улстөрчийн хүүхдүүд, ах дүү, хамаатан садан төрийн бүх шатны албан тушаалд томилогдох нь энгийн үзэгдэл болсон. Иймд албан тушаалд томилогдсон болон ИТХ-н сонгуульд нэр дэвшиж буй удам дамжсан зарим улстөрч гэр бүлийг танилцуулъя.

Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү НИТХ-ын сонгуульд МАХН-аас нэр дэвшигч Э.Батшугар

МАХН-ын дарга Н.Энхбаярын хүү Э.Батшугар Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөхөөр томилогдоод буй. Түүний хувьд Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан туршлагатай, хуульч мэргэжилтэй юм. Тэрбээр энэ жилийн орон нутгийн сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшсэн ч ялагдал хүлээсэн билээ. 

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хүү НИТХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшигч  Э.Эрдэнэ

Э.Эрдэнэ энэ жилийн орон нутгий сонгуульд АН-аас Баянзүрх дүүрэг буюу сонгуулийн зургадугаар тойрогт нэр дэвшиж байна. Э.Эрдэнэ нь 1989 онд төрсөн, АНУ-ын “Drexel University” төгссөн, биотехнологич мэргэжилтэй. Оксфордын их сургуульд магистр хамгаалсан. Цэргийн эмнэлгийн лабораторид Эрдэм Шинжилгээний Ажилтан, Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад есөн сарын хугацаанд Монгол Улсын энхийг сахиулах ажиллагааны II ээлжийн Мото-буудлагын батальоны тагнуулын офицероор ажиллаж байсан бөгөөд өдгөө “Элбэгдорж хүрээлэн”-гийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажилладаг.

Шадар сайд асан Ө. Энхтүвшингийн хүү Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо

Тэрбээр Улаанбаатар хотод 1983 онд төрсөн, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. 2000 онд Улаанбаатар хотын I дунд сургууль, 2007 онд АНУ-ын Индианагийн их сургууль, 2020 онд АНУ-ын Лос Анжелес хотын Пеппердингийн их сургуулийг төгссөн. Улс төр судлаач мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй. 2007-2008 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт мэргэжилтэн, 2008-2010 онд Блүүмингтон ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2008-2012 онд Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, 2012-2015 онд Блүүмингтон ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2014-2016 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, 2015-2018 он хүртэл НАМЗХ-ны Дэд ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн дарга, 2018 оноос Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байна. Өдгөө Барилга, хот байгуулалтын дэд сайдаар ажиллаж байна. Улсад 13 жил ажиллажээ.

УИХ-ын гишүүн асан Ц.Нямдоржийн хүү Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга Н. Анхбаяр

Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр нь 1979 онд төрсөн.  2001 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн бөгөөд 2004 онд Шинэ Зеландын Веллингтоны Виктория их сургуулийн Хуулийн сургуульд хуулийн мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан. “Тэргүүн шадар” дипломат цолтой, төрийн болон дипломат албанд 17 жил ажиллажээ. Өдгөө Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байна.

УИХ-ын гишүүн  асан Р.Гончигдоржийн охин НИТХ-ын сонгуульд ХҮН-аас нэр дэвшигч Г.Уянгахишиг

Г.Уянгахишиг нь 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшээд өвдөг шороодсон. Харин энэ удаад НИТХ-ын сонгуульд ХҮН-аас нэр дэвшиж байгаа юм. Тэрбээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийг хуульч мэргэжлээр сурч төгссөн. Магистрын зэргийг Германы Бонн хотын их сургуульд хамгаалжээ. Улмаар хуулийн компанид мэргэжлээрээ 10 гаруй жил ажиллаж, “Шунхлай групп”-ийн үйл ажиллагаа хариуцсан захирлаар, Голомт банкны Хуулийн хэлтсийн захирлаар ажиллаж байжээ. Одоо “Инвестор Капитал” үнэт цаасны компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж буй юм. 


Улстөрчдийн улстөрч хүүхдүүд
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188