• Өнөөдөр 2024-04-27

БАТ-ӨЛЗИЙ СУМЫНХАН САМАР ТҮҮЖ ОЛСОН МӨНГӨӨРӨӨ ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ БАРЬЖ БАЙНА

2016-09-07,   619

Бат-Өлзий суманд баригдаж байгаа хоёр давхар 75 хүүхдийн цэцэрлэг

"Өдрийн сонин"-ы №200 (5465) дугаараас авч нийтлэв

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд 400 гаруй сая төгрөгийн өртөгтэй, 75 хүүхдийн цэцэрлэг шинээр ашиглалтад орох гэж байна. Цэцэрлэгийн барилгын 70 гаруй хувийг гүйцэтгэгч компани бариад байна. Аравдугаар сарын 1-нд шинэ цэцэрлэг бүрэн ашиглалтад орох гэнэ. Барилгын ажилтнууд цэцэрлэгийн барилгыг гэрээнд заасан хугацаанаас өмнө ашиглалтад өгөхөөр өглөөний нарнаас үдшийн бүрий болтол тасралтгүй ажиллаж байна лээ. Бат-Өлзий сумын хүн ам арван мянга хол давчихсан. Үүнийгээ дагаад төрөлт сүүлийн хэдэн жил хэд дахин нэмэгджээ. Иймээс сургууль цэцэрлэгийн хүрэлцээ толгой өвтгөсөн асуудал болж. Цэцэрлэгийн насны 700 гаруй хүүхэд Бат-Өлзий суманд бий. Хуучин болоод шинээр баригдсан хоёр цэцэрлэг уг нь 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Гэвч нөхцөл байдалдаа тааруулаад 360 хүүхэд хүлээн авдаг байна. Гэсэн ч 400 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй үлддэг аж. “Дахиад шинээр цэцэрлэг барьж өгөөч” гэж улсад асуудал тавихаар “Танай суманд 450 сая төгрөгөөр 75 хүүхдийн цэцэрлэг барьж өгсөн биз дээ. Бусад суманд цэцэрлэгийн хүрэлцээгүй хэцүү байхад юун дахиж цэцэрлэг барьж өгөх вэ” гээд тас загнаад буцаадаг байна. Сумын Засаг даргын Тамгын газрынхан өнгөрсөн жил нэгэн мэргэн санаа олжээ. Түүнийгээ амжилттай хэрэгжүүлж, хуш модны самарнаас 800 гаруй сая төгрөг босгож чаджээ. Самарнаас олсон мөнгөөрөө хүүхдийн цэцэрлэг барьж буй нь энэ аж. Энэ талаар сурвалжлага бэлтгэхээр Бат-Өлзий сумыг өнгөрсөн долоо хоногт зорьсон юм. Замд хэдэн залуустай тааралдаж, самрын болц өнөө жил ямар байгаа талаар асууж тодрууллаа. Тэд хотоос Бат-Өлзий суманд самар түүхээр зорин ирээд гар хоосон буцаж байгаа талаараа ярив. Мөнгөншагай гэх залуу “Бат-Өлзий сумынхан самар түүх гээд ирсэн хүмүүсийг хавьтуулахгүй байна.

Замд тосч ирээд л “Төр нөхөрлөлийн байгаль хамгаалагч байна” гээд үнэмлэх тэмдэг үзүүлээд “Энд самар түүх хориотой. Байгаль орчны тухай хуульд аравдугаар сарын 15-наас эхлэн хуш модны самар түүхийг зөвшөөрдөг” гэсэн хуулийн заалт үзүүлээд хөөж туугаад байх юм. Хэдэн хоног хулгайгаар самар түүх гэж оролдлоо. Нутгийнхан нь газар нутгаа сайн мэддэг болохоор гаргаахгүй бариад авах юм. Сумын цагдаа нарт баригдаад явж байна. Архангай аймаг руу явж самар түүхээс” гэж ярив.

Хангайн нурууны зүүн урд хэсэг Орхон голын ай сав газарт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум оршино. Уул ус, ургамал тэгширсэн байгалийн өвөрмөц тогтоц бүхий сайхан нутаг ажээ. Сумын төвийн баруун урд хэсгийн айлуудын хашааны цаанаас эхлээд л хуш модон ой нүргэлэн, өнгө өнгийн цэцэгс алаглан ургасан ногоон дэнж угтах юм. Сумын төвийн дундуур урсах Хүйтний булгийн эргээр хэдэн зуун сарлаг бэлчиж, айлууд гэрийнхээ гадаа утаа май тавьжээ. Харин сумын төвийн хойгуур эмжин мяралзан урсах Могойн голын эрэг дагаад адуу мал багширна. Айлуудын хашаанаас банз хадах, хөрөө раамны нүргэлсэн дуу тасралтгүй сонсогдох юм. Бат-Өлзий сум сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа сумдын нэг. Айл болгон хашаандаа хоёр давхар байшин бариад шинэхэн зүссэн шаргал банзаар хашаагаа барьж, өнгө үзэмж дараад байсан хашааныхаа хаалгыг хээ угалзтай төмөр хаалгаар сольжээ. Бүр хашаандаа явган хүний зам тавиад, спортын талбай хийсэн айл ч олон байна лээ. Жаргаж буй нарны гэрэлд шинээр барьсан байшингуудын улаан, ногоон, цэнхэр дээвэр тодорч, айл болгоны амьдрал илтэд сайжирсан нь энэ бүгдээс тод харагдах ажээ. Засаг даргын Тамгын газрын намхан цагаан байшин, соёлын төвийн хөндлөн дүнзэн хүрэн байшингаас бусдыг шинээр барьсан байна лээ. Хоёр давхар эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн шинэ өргөтгөл баригдаж ашиглалтад орсон байна. 2004 онд гурван мянга хүрэхгүй хүн амтай байсан Бат-Өлзий сумын иргэд өнөөдрийн байдлаар арван мянга хол давжээ. Сумын төвийнхөн нийслэл рүү нүүдэг байсан бол сүүлийн хэдэн жил нийслэл, ойр хавийн сумдаас айлууд нүүж ирэх болсон гэнэ.“Намар хүүхдээ цэцэрлэгт оруулах гэж бөөнюм болно шүү дээ”

Бат-Өлзий сумынхан самрын мөнгөөр баригдаж байгаа цэцэрлэгээ “Боргоцой” цэцэрлэг гээд хэдийнэ нэрлэчихсэн байх ажээ. Сумын төвд явж байгаа 50 эргэм насны эмэгтэйгээс “Шинээр баригдаж байгаа цэцэрлэгийн барилга хаана байгаа вэ” гэж асуухаар “Боргоцой” цэцэрлэгийг хэлээд байна уу. Сумын Засаг даргын Тамгын газрын хойно байгаа. Манай сумын удирдлагууд сумын иргэдээр самар түүлгэж, компаниудад худалдаж, дундаас нь мөнгө олсон юм. Тэр мөнгөөрөө цэцэрлэг барьж байгаа. Өвөрхангай даяар Бат-Өлзийн самарчид гэж нэр авчихсан шүү дээ” гээд л инээд алдан ярих. Тэгснээ манай суманд хүүхдээ цэцэрлэгт оруулах гэсэн эцэг, эхчүүд намар болохоор бөөн юм болно. Хотын цэцэрлэгүүд шиг л хэрүүл тэмцэл, уур бухимдал болно. Танил тал, авлига хээл хахууль хүртэл яригдана. Үнэхээр 700 хүүхдээс 300 хүүхэд авч байгаа болохоор яах юм бэ. Хүн бүр л хүүхдээ цэцэрлэгт явуулахыг хүснэ. Тэгээд л сугалаа сугалж азаа үзнэ шүү дээ. Харин шинээр цэцэрлэг баригдаж байгаад их баяртай байна. Манай сум энэ жил цэцэрлэгийн асуудлыг бүрэн шийдэж байгаа гэж дарга нар хэлсэн. Шинэ цэцэрлэг ашиглалтад ороод багийн төв дээр бага сургуулийн хажууд гэр цэцэрлэг гадаадын төслөөр баригдаж байгаа” гэв.

Бид чанартай барилга барихаар хичээж байна гэв”

Ингээд “Боргоцой” цэцэрлэгийн барилгын ажил хэрхэн явагдаж байгаа талаар тодруулахаар очлоо. Өвөрхангай аймгийн “Эрч хүч хөгжил” ХХК цэцэрлэгийн барилгын ажлыг хийж гүйцэтгэж байгаа аж. Компанийн захирал В.Самданцоодол угтаж авлаа. Тэрбээр “Орон нутгийн 450 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 75 хүүхдийн цэцэрлэг барьж байна. Өнгөрсөн зургадугаар сарын 25-нд болсон тендерт манай компани шалгарсан. Тэгээд шууд ажилдаа орсон. Одоогоор барилгын ажлын 30 орчим хувь нь үлдээд байна. Дотоод засал чимэглэл, дээвэр, цонх, гадаад тохижилтын ажил үлдээд байна. Хоёр давхрын өрлөгийн ажил дөнгөж саяхан дууслаа. Шавар, сантехник, цахилгаан, инженерийн шугам сүлжээний ажлыг өнгөрсөн долоо хоногт бүрэн дууссан. Цэцэрлэгийн гадна талын хашаагаа гагнуулаад аваад ирсэн. Хашаагаа угсарч дуусаад гадаад тохижилт, явган хүний зам, хүүхдийн тоглоомын талбай зэргийг хийж гүйцэтгэнэ. Аравдугаар сарын 1 гэхэд улсын комисст бүрэн хүлээлгэж өгнө. Ажилд саад болсон зүйл огт байхгүй. Манай компанийн хувьд сумын удирдлагуудын зөв зохистой шийдвэрээр байгалийн дагалдах баялаг болох самарнаас мөнгө босгож хүүхдийн цэцэрлэг барьж байгааг дэмжиж байгаа. Монголд самраар цэцэрлэг барьсан сум хаана ч байхгүй. Бидний зүгээс цэцэрлэгийн барилгыг олон жилийн настай, сайн барилга барьж өгөх гэж хичээж байна. Тэр ч утгаараа бүх зүйлд хянамгай хандаж, барилгын материалын чанартайг нь сонгож авч байна. Сумын төвийнхөн “Боргоцой” цэцэрлэгийн ажил юу болж байна гээд л хүрч ирээд бидний ажилтай танилцаад явна. Шинэ цэцэрлэгт хүүхдээ явуулах нь гэж олон эцэг, эх баярлаж байгаа” гэв.

Бат-Өлзий суманд 2006 оноос хойш самар огт ургаагүй гэнэ. 2006 онд самар түүхээр ирсэн хүмүүсийн балгаар ой шатаж, сумын иргэд сар гаруй түймэр унтраах гэж ноцолджээ. Бороо, цастай нийлж арай гэж унтрааж авсан байна. Харин өнгөрсөн жил самар ургаж эхэлж. Мод болгонд боргоцой ургажээ. Болц, амт шимт “тасархай” гоё байсан гэнэ. Байгалийн баялаг болсон энэ их боргоцойг яах вэ. Хууль бусаар самар түүгчид ирээд хуу хаман авч, ой модоор дүүрэн хог новш тарихыг хараад сууж байх уу гэх асуудал тулгарсан байна. Ингээд хоорондоо ярилцаж байгаад ой модоо хамгаалах, ашиг олох боломж гарцыг олжээ. Ингээд сумынхан 800 сая төгрөг боргоцойноос олж чаджээ.


БАТ-ӨЛЗИЙ СУМЫНХАН САМАР ТҮҮЖ ОЛСОН МӨНГӨӨРӨӨ ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ БАРЬЖ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188