• Өнөөдөр 2024-04-17

Зуунаас ч урт өдрүүд

2020-09-07,   1190

-Одоогоос 75 жилийн өмнө АНУ Японд атомын бөмбөг хаясан-

1945 оны наймдугаар сарын 6-нд Хирошимад, 9-нд Нагасакид атомын бөмбөг хаясан нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн эмгэнэлт, хар өдрүүдийн нэг болсон билээ. Хотуудын талыг үнс нурам болгосон энэ бөмбөгдөлтийн улмаас чухамдаа яг хэдэн хүн нас барсан нь тодорхойгүй. Барагцаагаар 200 мянга гэлцдэг.
 
Япончуудын ч, америкчуудын ч амийг аварч, айсуй дайныг зогсоосон гэх энэ бөмбөгдөлтийн улмаас хэдэн зуун мянган хүн насан туршдаа эрэмдэг болжээ. Энэ явдлаас хойш 75 жил өнгөрч буйг тохиолдуулан бид бөмбөгдөлтийн хохирогчдын тухай онцлон хүргэж байна. 

Ягаан үүл 

- Атомын бөмбөг үнэхээр дайныг зогсоож чадах уу? 
- Зогсоох магадлал өндөр. Нэг бөмбөгөөр зогсоохгүй бол хоёр бөмбөг хаяна. Ямар ч үндэстэн удаан  тэсэж үлдэхгүй. 
... 1945 оны наймдугаар сарын нэгэн өглөө Америкийн “Boeing B-29” онгоцны бүхээгт ийм яриа өрнөлөө. “The New York Times”-ын шинжлэх ухааны тоймч, Америкийн цөмийн хөтөлбөр судлаач, сэтгүүлч Уильям Лоуренс нэгэн түрүүчийн асуултад хариулсан нь энэ.
 
Хирошима, Нагасакигийн бөмбөгдөлтийг нүдээр харсан, үйл явдлыг хожим гэрчийн хувиар мэдээлсэн ноён Лоуренс “Бөмбөг хаяж болох хотуудын дээгүүр удаан эргэлдсэний эцэст хувь заяаны салхи Нагасакиг онилсон юм. Үүлэн сиймхийгээр ниссэн “The Great Artiste” бөмбөгдөгч онгоцноос учир битүүлэг, хар өнгийн зүйл хот руу унасан...” гэж бичсэн.
 
Сэтгүүлчийн бичсэнээр ажиглагч онгоцонд байсан багийн гишүүд нүд хамгаалах тусгай шилтэй байсан ч дэлбэрэлтийн хүч, хурц, тод гэрэл онгоцны бүхээгт мэдрэгдэж байсан гэх. “... Онгоцны сүүл хэсэгт сууж байсан хүмүүс газрын гүнээс асар том галт бөмбөлөг асаж буй мэт, мөн цагаан өнгийн, цагариг хэлбэрийн утаа манарч буйг харсан.
 
Төдөлгүй газраас солир мэт асар хурдтай дээшлэн айсуй үзмэн ягаан өнгийн утаан багана бослоо. Газраас дээш 10 мянган фут байх (3000 орчим км). Үнэндээ утаа, эсвэл тоос гэж хэлэхэд хэцүү. Бидний гэнэн нүдний өмнө гэнэт л төрөн гарч ирсэн аварга том амьд биет мэт санагдаж байлаа... ” гэж тэрбээр бичжээ. 
 
Хирошима, Нагасакид атомын бөмбөг хаясны дараа далайн чанадад “Сувдан эргийн дайралтын өшөөг авлаа” гэх аястай эх оронч гарчиг бүхий мэдээ, нийтлэлээр сонинууд алаглаж, “Бөмбөг хаясан нь зөв гэдэгт хэзээ ч эргэлздэггүй” гэж Ерөнхийлөгч Гарри Трумэн онцолж байлаа.
 
Ажиллагаанд оролцсон цэргийнхэн ч, шийдвэр гаргасан албан тушаалтнууд ч олон хүний үхэлд өөрсдийгөө буруутгах мэдрэмж төрж байгаагүй гэж өгүүлсэн нь бий. Нагасакид бөмбөг хаях тушаал гүйцэтгэсэн нисгэгч Чарльз Суини “Энэ бол миний үүрэг.  Дайн дуусаж, гэр гэртээ харихыг хүсэж байсан бид үүргээ л гүйцэтгэсэн” хэмээн ярьсан нь бий. 

“Үлдэгсдийн гэмшил”

Хирошима, Нагасакид, тэр орчимд амьдарч байсан хүмүүс, ерөөс япончуудын хувьд энэ бүхэн харин өнөөг хүртэл, цаашид үргэлжлэх магадлалтай зовлон шаналал авчирсан. “The Asahi Shimbun” сонин гамшигт өртсөн хүмүүсийн тухай “... Дэлбэрэлт болсон газраас амь тэмцэж зугтсан хүмүүс өөр ертөнцөөс ирсэн, үхдэлүүдийг санагдуулж байлаа” гэжээ. Тэдэнд байж болох бүх л тусламжийг үзүүлж байсан ч олон хүн нас барж, амьд үлдсэн нь өвчин, шаналалдаа цөхрөн “Зүйл дуусгаж өгөхийг” гуйж байсан гэдэг. Бөмбөг хаясан газарт хүмүүсээс хар толбо  л  үлдсэн байсан гэлцэх нь ч бий. 
 
Атомын бөмбөгдөлтийн дараа Японд дэлбэрэлтэд өртөж хохирсон хүмүүс буюу хибакуша гэх үзэгдэл гарч ирсэн. Эрх баригчид тэдэнд яаж туслахаа мэдэхгүй байлаа. Энгийн иргэд ч зүгээр л тэднийг зөнд нь орхиод, холхон амьдрахыг хичээцгээх болов. Цацрагаас үүдсэн элдэв өвчний уг гарал, шалтгааныг мэдэхгүй олонх нь тэднийг ажилд авах, гэрлэхээс зайлсхийнэ. Өдгөө аймшигт дэлбэрэлтээс хойш 75 жил өнгөрч, хэдэн арван улираад байхад ч хибакушанарыг олон жил дарсан гадуурхлын сүүдэр сарниагүй байна. 
 
Хүн төрөлхтний түүхэнд хамгийн аймшигт, гамшигт дэлбэрэлтийн гэрч болсон хүмүүс өдгөө улам цөөрсөөр. Тэд болсон явдал, туулсан амьдралынхаа тухай хуваалцах нь элбэг боллоо. 
Өдгөө 92 настай Ли Чон Кын 70 жилийн турш хибакуша гэдгээ бусдаас нууж явжээ. Хирошимад бөмбөг дэлбэрэхэд тэрбээр 16 настай байсан агаад хүзүү нь түлэгджээ. Бөмбөгний өвчин (A-bomb disease) буюу цацрагийн нөлөөнөөс айсан хамт ажиллагсад нь түүнрүү дөхөж очдоггүй болов. Сүйт бүсгүй нь ч замаа хөөжээ. Арга буюу нэрээ өөрчилж, өөр ажилд орж, олноос зайгаа барих болсон ноён Кын 85 настайдаа хибакуша гэдгээ эхнэртээ хэлсэн гэдэг. 
 
Хибакуша нарын олонх нь бөмбөгдөлтийг нүдээр хараагүй, энэ талаарх дурсамж гэж тэдэнд үгүй. Одоо 75 настай Нобуаки Нанаока Нагасакид бөмбөг унахад найман сартай байв. Ээж, эгч нь цусны хорт хавдраар өөд болжээ. Ухаан орсон цагаасаа ээжийгээ орноосоо босдоггүй, цонхигор, эцэнхий төрхөөр нь харсаар өссөн тэрбээр өөрийгөө 10 нас хүртлээ амьдарна гэж боддог байжээ.
 
Эмчийн хэлснээр цацрагт хордсон байх магадлал өндөр тул цусны хорт хавдар ч юм уу, эсвэл өөр ямар нэгэн өвчнөөр өвдөх нь гарцаагүй, богино настай гэж өөрийгөө бодож явсан Нанаока гэр бүлээсээ ганцаараа амьд үлдсэндээ олон жилийн турш шаналсан аж. Гэр бүл, ойр дотнынхон нь нас барсан, нийгмээс шахагдсан хибакуша нар өөрийгөө буруутай мэтээр бодож, гэмших нь олонтаа агаад үүнийг “Үлдэгсдийн гэмшил” гэх нь ч бий. 
 
Эмико Окада тэр үед найман настай байжээ. Хирошимад бөмбөг унасны дараа хотынхон хүнсээр гачигдсан тухай тэрбээр дурсаж байна. Ус, хүнс ховордсон үед хүмүүс олдсон бүхнийг идэж байлаа. Цацрагийн нөлөө, хор хохирлын талаар мэдээлэл үгүй олон хүн тэр өдрүүдэд идсэн, ууснаасаа хордож буйгаа, хожим үүнээс болж өвдөх, үхэхээ мэдээгүй юм. Эмико Окадагийн ярьж буйгаар, буйлнаас нь цус гарч, үс нь унаж эхэлжээ. Цацрагаас хордсон Эмикод 12 жилийн дараа  цусны хорт дутмагшил гэсэн онош тавьсан гэдэг.
 
Хирошима, Нагасакигийн түүх давтагдах ёсгүй. Нэг ч хүн ийм зовлонг бүү  амсаасай гэсэндээ үнэн түүхээ нуудаггүй хибакуша нар бий. Нагасакид дэлбэрэлт болоход 10 настай байсан Рэйко Нада тэр үед бэртэж гэмтээгүй, эсэн мэнд үлджээ. “Манай гэр ууланд байдаг болохоор хотод болсон гамшгийг сайн мэдээгүй. Харин уулын нөгөө өвөрт байсан суурин бөмбөгөнд өртсөн. Нүдгүй, гар хөлгүй, үсгүй, хувцасгүй хүн олныг харсан. Нас барагсдын цогцсыг овоолж байгаад шатаасан гэж ярилцдаг байлаа” гэж Рейко ярьжээ. 
 
2014 оны гуравдугаар сарын байдлаар Японд 192 мянга гаруй хибакуша амьдарч буйн нэг хувь нь ямар нэгэн өвчин, хорт хавдар болон радио идэвхт цацрагийн нөлөөгөөр үүссэн эмгэгтэй гэнэ. Японы Засгийн газар тэдэнд сар бүр тэтгэмж олгож, эмнэлгийн тусламж үзүүлдэг. Гэвч тэдний олонх нь, хүүхдүүд нь ч гадуурхалд өртсөөр байдаг.
 
Эх сурвалж: BBC, Lenta.ru, hibakushastories.org

Зуунаас ч урт өдрүүд
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188