• Өнөөдөр 2024-04-27

Математикийн шалгалтад 800 оноо авсан Д.Ариунхишиг: Багш нар маань миний өмнөөс баярлаж зөндөө уйлсан

2020-09-01,   21296

Би IT инеженер болно 

Элсэлтийн ерөнхий шалгалт долоодугаар сарын 2-5-нд болж өндөрлөсөн. Энэ жил анх удаа математикийн шалгалтаа 100 хувийн гүйцэтгэлтэй хийсэн сурагч тодров. Анхны 100 хувийн гүйцэтгэлтэй 800 оноог Архангай аймгийн лаборатори I сургуулийн сурагч Д.Ариунхишиг авчээ. Өмнө нь элсэгчид 800 оноо авч байсан ч 100 хувь гүйцэтгэж байгаагүй юм. Түүнтэй ярилцлаа.
 
-Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтад математикийн хичээлээр анх удаа 100 хувь гүйцэтгэлтэйгээр 800 оноо авчээ.  Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Дэмидцэрэнгийн Ариунхишиг гэдэг. Би энэ жил Архангай аймгийн лаборатори I сургуулийн 12б ангийг төгссөн. Би X ангид суралцаж байхдаа давхар XI ангийн хичээлээ үзэж, анги дэвшин, XII ангиа төгслөө.
 
Цаг хожихын тулд ийм шийдвэр гаргаж, хичээлүүдээ бие дааж үзсэн. X, XI ангийн хичээлийн агуулга ерөнхийдөө төстэй болохоор анги дэвшин сурахад хүндрэл бараг байгаагүй гэж хэлж болно.
 
-Анги дэвшиж суралцсан хэрнээ анх удаа улсын хэмжээнд математикийн хичээлийн шалгалтаа 100 хувийн гүйцэтгэлтэй өгчээ. Анх оноогоо харахад юу гэж бодогдож байв?
-Үнэхээр их баярласан. Өмнө нь шалгалтаа 100 хувь өгч, хүссэн сургуулиа авч байна гэж зүүдэлж байсан юм. Гэтэл жинхнээсээ оноогоо хараад нүдэндээ ч итгээгүй, зүүдлээд байгаа юм шиг санагдаад байлаа. Гайхаж, сандарсан. Математик хичээлийг амь амьдрал шигээ санаж хичээллэсэн. Математикийн хичээлээ 10 жил давтаж, энэ бүх хугацаанд байнга олимпиадад оролцож байсан болохоор 800 оноо авна л гэж бодож байсан. II ангиасаа эхэлж математикийн хичээлийн олимпиадад оролцдог сурагч байлаа. Алдах эрх надад байгаагүй.
 
-Математик чамд юу өгсөн бэ?
-Бодлого боддог болохоор аливаа зүйлийг олон талаас нь хардаг болдог. Мөн олон цагаар сууж сурдаг. Тийм учраас би анхаарлаа төвлөрүүлж, сууж сурсан. Бие даах чадвар бас нэмэгддэг.
 
-Шалгалтаа өгснийхөө дараа эргэлзсэн бодлого бий юү?
-Анх шалгалтад орохдоо сандарч байсан болохоор хар шоколад идсэн. Би ер нь сандрахаараа, олимпиадад орохынхоо өмнө шоколад идэж тайвширдаг. Тэгээд урт гүнзгий амьсгаа аваад, шалгалт өгөх танхим руу орсон. Бодлого бодож байхдаа шалгалт гэдгийг ч мартчихсан байсан. Би бодлогоо 60 минут бодож дуусгаад, үлдсэн минутад нь хоёр удаа хариугаа шалгасан. Гэтэл эхний удаагийнхад ямар ч алдаа гараагүй. Харин хоёр дахь удаа шалгахад 16 дахь бодлого дээр алдчихсан байснаа олж харсан. Тэр бодлого шалгалтын хамгийн амархан бодлогуудын нэг байсан. Тэгээд дахиад материалаа харах гэсэн боловч цаг дууссан. Шалгалтын дараа 16 дугаар бодлого шиг амархан бодлого дээр алдчихсан байх вий гэж айж байлаа. Дүнгээ хартлаа ер нь айдастай байсан.
 
-800 оноо авсан тухайгаа хамгийн түрүүнд хэнд хэлсэн бэ?
-Би эгчтэйгээ хамт дүнгээ харсан. Хамгийн түрүүнд эгч харж, дараа нь багш нартаа очиж хэлсэн. Бэлдсэн багш нар маань миний өмнөөс баярлаж зөндөө уйлсан.
 
-Багшийнхаа талаар ярихгүй юу?
-Би II ангиасаа хойш олон багш дамжсан. Хамгийн анхны багшийг маань Ариунзаяа гэдэг. Энэ багш маань миний математикийн хичээлийн гол суурийг тавьсан. Математикийн хичээлдээ сонирхолтой болох суралцах арга барил гээд бүхий л зүйлийн суурийг тавьсан. Харин дунд ангид ороод Энхтунгалаг, Нямсүрэн багшийн удирдлага дор хичээлээ давтаж, олимпиадад оролцож байсан. Харин ахлах ангид болон элсэлтийн ерөнхий шалгалтад Эрдэнэцэцэг, Гантулга багш бэлдсэн.
 
-Хэдэн хичээлээр шалгалт өгсөн бэ. Ямар мэргэжлээр суралцахаар төлөвлөсөн бэ?
-Математик, нийгэм, англи хэлээр шалгалт өгсөн. Анх хууль, эрхзүйн чиглэлээр чиглэлээр боловсрол эзэмшихээр нийгмийн хичээлээр бэлдсэн юм. Гэхдээ би нийгмийн ухааны хичээлээрээ хүссэн оноогоо авч чадсан. Харин англи хэлээ бага зэрэг муу өгсөн. Мэргэжлийн тухайд эдийг засагч болох гэж байснаа IT инеженер болохоор боллоо. Маргааш (өнөөдөр) сургуулийнхаа хуваарийг авахдаа МУИС-ийн Хэрэглээний инженерчлэлийн анги авах гэж байгаа. Ирээдүйд хэрэгтэй, сонирхолтой мэргэжил болохоор аав, ээж, багштайгаа ярилцаж байгаад сонгосон.
 
-Энэ жил коронавирусийн  улмаас сургууль ороогүй. Шалгалтад бэлдэхэд хэр хүндрэлтэй байсан бэ?  
-Төгсөх ангийнханд давтлага өгөх хүртэл хэцүү байсан. Багштайгаа байнга цахимаар харилцаж, бие дааж сурах шаардлага гарч байлаа. Давтлага өгсний дараагаас сайн бэлдэж эхэлсэн гэж бодож байна. Хөл хориотой үед би зөвхөн нийгмийн ухааны хичээлээ л бэлдсэн.
 
-Математикийн хичээлийн даалгавар чиний хувьд хэр хүнд байсан бэ?
-Миний санаснаас амархан байсан. Энэ жил хичээл олигтой ороогүй болохоор хүнд байх болов уу гэж бодож байлаа.

Математикийн шалгалтад 800 оноо авсан Д.Ариунхишиг: Багш нар маань миний өмнөөс баярлаж зөндөө уйлсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-18 19:09:44
    Хилгэнэсээ иргэн: Ийм хүүхдүүд тэр топ сургуулиудад тэтгэлэгтэй орох ёстой, харамсалтай нь новшийн улс төрчид нэртэй луйварчин хулгайчуудын тархи муутай гөлөгнүүд ардын мудаг хүүхдүүдийн боломжийг хулгайлдаг. Гэхдээ юмтүнэнээрээ ялгарнаа.. лалрын хулгайчуудын хүүхдүүд хичнээн сан зээл тэтгэлэгийг хулгайллаа ч ирээдүйд тэд дампуурна., сүйрнээ..
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-18 10:30:45
    Зочин: Монголын сургуульд орж хэрэггүй, топ20-д ороорой
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-18 08:44:09
    Тогоо: Мундаг охинд баяр хүргээд улам их амжилтийг хүсье.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188