• Өнөөдөр 2024-04-19

Н.БАТСАНАА: Дэлхий нийтээрээ хамгийн их хэлэлцэж буй бүтээлийг монгол уншигчдадаа хүргэсэндээ баяртай байна

2021-02-16,   1805

Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргасан "Homodeus: Маргаашийн товч түүх" номын орчуулагч Н.Батсанаатай номын тухай болон орчуулгын талаар ярилцлаа. 

- Сайн байна уу танд энэ өдрийн мэндийг хүргэе. Дэлхий дахинаа бестселлер болж, олон орны уншигчдын анхаарлыг өөртөө татаад буй "Homo Deus: Маргаашийн товч түүх" бүтээлийг монгол уншигчдадаа хүргэсэнд танд юун түрүүнд талархал илэрхийлмээр байна?

-Баярлалаа. Юун түрүүнд нэр хүндтэй эл бүтээлийг монгол уншигчдадаа хүргэх боломжийг олгосон Монсудар хэвлэлийн газарт талархлаа дэвшүүлмээр байна.

-Өдгөө дэлхий нийт ямар бүтээлийг уншиж байна вэ?

-Энэ их том асуулт байна. Юуны өмнө ойр орчныхоо хүмүүсийн юу уншиж байгааг анзаарахад олон улсад ямар ном бестселлер болно, тэр бүхнийг эх хэлээр нь мөн орчуулгын хувилбараар нь цаг алдалгүй олж уншиж байх шиг. Хүн төрөлхтний түүхийн бүхий л цаг үед уран зохиолын ном уншиж тархи оюунаа баясгадаг сонгодог жишээ өнөө цагт ч хэвээр байгаа нь ажиглагддаг. Түүнээс гадна санхүү, хувь хүний хөгжил, түүх, улс төрийн бүтээлүүд, дижитал эрин үетэй холбогдох ном бүтээлүүд олноор мэндэлж буй нь хүмүүс ямар бүтээл түлхүү уншиж буйг харуулах байх аа. Харин дэлхий дахин сүүлийн хэдэн жил түүхч, зохиолч Юваль Ной Хараригийн бүтээлүүдийг маш ихээр шимтэн уншиж байна. Тэр байтугай дэлхийн улс орны нөлөө бүхий удирдагч, эрхмүүд уг бүтээлийг өнөө хэр хэлэлцсээр байгааг хэлэх хэрэгтэй байх.

Өнөө цагт хүн төрөлхтний хувьд цаашид хэлэлцэх, анхаарах сэдвүүд юу байх тухай өөрийн таамгуудыг зоригтойгоор гаргаж бичсэн түүний бүтээлүүд үнэхээр л хүмүүсийн анхаарлыг татаад байгаа. Үүнээс гадна, техник технологи, дижитализм, хиймэл оюун ухаан, биотехнологи, сансар судлал, киборг зэрэг ирээдүйг тодорхойлох өндөр магадлалтай байгаа салбаруудын талаар хүмүүс их сонирхож байгаа болов уу гэж таамаглаж байна.

Сонирхолтой байж магадгүй юм. Дэлхий дээр бүх цаг үед хамгийн их борлуулагдаж уншигдсан ном Библи байдаг юм билээ. Дэлхийн ороо бусгаа энэ цаг үед дэлхийн түүх, ирээдүйн тухай мөн өгүүлдэг тус номыг бас ихээр уншигдаж байгаа гэж бодож байна.

-Тэгвэл шуугиан тариад буй уг бүтээлээс та монгол уншигчид юуг олж хараасай хэмээн хүсэж байна вэ?

-Юун түрүүнд COVID-19 хэмээх цар тахал дэгдэж, хүн төрөлхтний амьдралд том өөрчлөлтийг эхлүүлээд буй энэ цагт үед ирээдүйдээ санаа зовниж, түгшиж буй хүмүүс олон байгаа нь ойлгомжтой. Уг бүтээлд зохиогч маань хүн төрөлхтөн өнгөрсөн түүхийнхээ туршид аймшигт өвчин тахал, өлсгөлөн, дайн дажны асуудлууд хэрхэн хүн төрөлхтнийг түйвээж, сүйтгэж, хүмүүсийг олноор нь сүйрүүлсэн тухай гашуун түүх баримтуудыг сөхөхийн хажуугаар хэрхэн шинжлэх ухааны хүчээр энэ бүхнийг ихэнхийг шийдвэрлээд байгаа тухай өгүүлнэ. Тийм ч учир танд дэлхий нийтийн хандлагыг сайтар анзаарч цаашид хэрхэн эрүүл, урт удаан, тайван аз жаргалтайгаар энэ бүхэнд нийцэж амьдрах ёстойгоо бодож үзэхэд нөлөөлөх болов уу хэмээн бодож байна.

Зарим тохиолдолд та тус зохиогчийн үзэл санаа, дэвшүүлсэн санаануудтай санал нийлэхгүй дэмжихгүй байж болох ч, ядаж ямар асуудлууд сөхөгдөж хэлэлцэгдэж байна, бид ямар байр суурьтай хандах вэ? гэдгийг нухацтай бодоорой гэж монгол уншигчдадаа уриалъя. Мөн мэдээж "Homodeus" номын өмнөх боть болох "HomoSapiens" -ийг хамт уншвал илүү гүн ойлголт авах болов уу.

-Таны хэлсэнчлэн Хараригийн бүтээлд тухайлбал, Homo Deus-д "Хүн төрөлхтөн тахлыг бүрэн ялан дийлж байна. Хүн төрөлхтөн тахал, дайн, өлсгөлөн гурвыг ялан дийлж чадлаа" гэсэн байсан. Гэвч өнөөдөр бид хараахан ялан дийлэх болоогүй мэт санагдаж байна гэх монгол уншигчид байгаа болов уу?

-2020 оны эхээр тус ном маань яг хэвлэгдэхэд бэлэн болж байх үетэй давхцанцар тахал дэлгэрч, үүний эсрэг ямар ч вакцин эмчилгээ байхгүй, хүмүүс олноороо халдвар аван өвчлөн нас барж, дэлхий олон оронд маш хурдацтай тархаж эхэлсэн. Яг л миний дээр дурдсанаар за ингээд томоохон гурван асуудлуудыг хүн төрөлхтөн бараг л ялан дийлчихлээ, за алив дараачийн санаа тавих зүйлс маань юу вэ гэж ном маань эхэлдэг. Гэвч зохиогчийн бодож байснаар бид аюулт вируст дийлэгдэшгүй биш болохыг тус үйл явдлаар батлан харууллаа. Эндээс үзвэл түүхч, зохиолч маань бүгдийг зөв таамаглан зөгнөгч биш ердөө л өөрийн дүгнэлт үзэл санаагаа илэрхийлсэн ном бичсэн гэж харж болно. Нөгөө талаар хүн төрөлхтний хүчийг сорьсон том даваа гэж харж байна. Анагаах ухаан, биотехнологи, биологийн инженерчлэл, хиймэл оюун ухаан, алгоритм зэрэг шинэ дэвшилтэт шинжлэх ухааны салбаруудын хөгжил ямар хүчтэй болж байгааг, тэдгээрийг хүн төрөлхтөн хэрхэн өөрсдийн урт удаан амьдрал, эрүүл мэнд, аз жаргал, хүчирхэг байдлын төлөө  ашиглаж болох уу гэдэг сэдвүүд тус номд нэлээд гардаг ч, хүн төрөлхтөн томоохон сорилтуудад нийтээрээ бас тийм ч бэлэн бус байгааг энэхүү дэлхий дахинд өрнөөд байгаа цар тахлаас бэлхнээ харж байна. Амьд үлдэхийн төлөөх тэмцэл хүн төрөлхтний эхэн үеэс өдгөөг хүртэл үргэлжилсэн шигээ одоо ч хүмүүс биднийг сорьсоор байгаа нь  харагдаж байна. Ингэхээр хүн төрөлхтөн дахин  өөрсдийн боломж хүчээ  дүгнэж цэгнэх, эрүүл мэнд дархлаагаа сайжруулах тал дээр, өвчин тахлыг шинжлэх ухааны хүчээр хэрхэн хяналтдаа оруулах вэ гэдэг дээр илүү анхаарч ажиллахаас аргагүй санагдаж байна.

-Яах аргагүй энэ бүтээлд дэвшүүлсэн санаа, сэдэв болгон нь маш чухал асуудлуудыг хөндсөн. Бүр сэдэв бүрээр нь хэлэлцүүлэг, яриа өрнүүлмээр санагдаж байлаа?

-Яг тийм, дэлхийн хүмүүсийн анхаарлаа хандуулаад ажиллаад эхэлсэн томоохон хэмжээний төслүүд гэж хэлж болохоор чиг хандлагуудыг Монголчууд бид ч бас хөндөж ярилцаж, хэлэлцэж суух нь маш зүйтэй гэж бодож байна. Зохиогч номуудаа хэвлэгдсэнээс хойш дэлхийн алдартай төрийн тэргүүд, бизнесийн акулуудтай маш их ярилцлага хэлэлцүүлэгт  уригдаж  байгаа харагддаг. Энэ хүний бичсэн тус гурван ном үнэхээр дэлхий нийтийн анхаарлыг татаж чадаж байна.

Яах ч аргагүй бодит, ирээдүйтэй холбоотой учраас ярилцаж хэлэлцэж эхэлсэн болов уу. Бид ч бас яагаад хоцрох ёстой гэж. Өөрчлөлтөд дасан зохицох, тасралтгүй суралцаж байж амьдрах шаардлагатай болж байгаа дижитал ирээдүй хүн төрөлхтнийг угтаж байна шүү дээ. Бэлтгэлтэй байхын тулд хэлэлцэж ярилцаж эхлэх цаг нэгэнт болсон.

-Монголд хүмүүнлэг боловсрол, хүмүүнлэг үзэл гэж их ярих болжээ. Ялангуяа хүмүүнлэг үзлийн тухай уг бүтээлд нэлээд дурдсан байсан. Та хүмүүнлэг үзэл гэдгийг юу гэж ойлгож байна вэ?

-Миний хувьд хүмүүнлэг үзэл санаа гэдгийг ямар ч нөхцөлд хүнийг нэн тэргүүнд тавих үзэл гэж ойлгодог. Хүн байна гэдэг чинь давтагдашгүй хувь тавилан, хүн бүр өөр өөрийн үнэ цэнтэй, эрхэм нандин амьд оршигчид. Тиймээс хүний нийгмийн ямар ч үйл ажиллагаанд хүний үнэ цэнэ, эрхэм онцгой байдлыг үргэлж хүндэлж аливаа зүйлсийг хийж байгаасай гэж хүсдэг дээ.

Уг номд маань хуманизм буюу хүний дэлхий ертөнцийн талаарх үзэл, философийн тухай ул үндсээр нь хөнддөг. Хүн аливаа юмс үзэгдэлд мухар сүсгээр бус,  шинжлэх ухаанч,  мэдлэг ба туршлага, ёс зүйд үндэслэн аливааг эрүүл саруулаар тунгаахыг эрхэмлэдэг үзэл санааг хуманизм хэмээн тайлбарладаг.

Бидэнд Хуманизмтай адил хэлэлцэх ёстой олон чухал асуудал бий. Хүн төрөлхтний түүхэнднийгмийн олон хэлбэр буюударангуйлал, социализм, коммунизм, капитализм, ардчиллыг хөгжүүлж ирэх гэж хичээсэн тухай жишээ баримтуудыг сонирхолтойгоор эш татдаг. Ардчилсан нийгэмд үйлчлүүлэгчдийн ямагт зөв, сонгогч бүхнийг шийднэ, хүний эрх нэн тэргүүнд байх ёстой, хүн хүссэнээ авах эрхтэй, байгалийн бүхий л баялаг нөөц хүний л хэрэгцээ сайн сайхны төлөө байх нь зүйтэй гэж яригддаг.  Харин зохиолч маань ардчиллын үнэт зүйл болох хувь хүн, түүний эрх чөлөө,  хүсэл хэрэгцээг гол болгодог дэлхийн энэхүү үзлийг нэг талаараа шүүмжилсэн тал бий. Үүнээс үүдэн хүн төрөлхтөн ямар харгис бөгөөд шуналтай байгаа тухай ёгт байдлаар шүүмжилсэн байдаг.Хуманизмын талаар зохиогч хэрхэн тайлбарласныг уншигч өөрөө тунгаавал илүү сонирхолтой байх болов уу.

-Орчуулагч бүр өөр өөрийн гэсэн арга барилтай байдаг. Таны арга барилын онцлог юу вэ. Уг бүтээлийг орчуулахад ямар бэрхшээлүүд тулгарч байв?

Би Англи хэл анхлан хэрхэн сурч, орчуулгын туршлага хэрхэн олж авсан тухайгаа өөрийнхөө инстаграм хуудсандаа бичсэн. Уншигчид сонирхвол орж хараарай гэж хүсье.

Ер нь бичгийн орчуулга хийнэ гэдэг маш их цаг зарцуулж, анхаарал төвлөрөл шаарддаг. Миний хувьд англи хэлний дүрэм бүтцийг сайтар ойлгож суралцаж байсан маань орчуулга хийхэд суурь болдог болов уу. Ер нь бол орчуулж буй эх текстийнхээ том зураглал, гол санааг юун түрүүндсайн ойлгож харахыг хичээдэг. Урдах хойдох хам сэдвүүдтэйгээ уялдан холбогдож, тухайн эх текст маань хэрхэн өрнөх, үргэлжлэх нь надад маш сонирхолтой үйл явц байдаг. Эхлээд уншаад зохиогчийн санааг ойлгоно.

Ингээд хамгийн гол нь утгыг бүрэн бүтнээр нь юу ч алдагдуулахгүй буулгахыг маш их хүсдэг, ингэж буулгаж байхдаа маш их төвлөрөл, эрч хүчийг мэдэрдэг.  Гоё сайхан үгсээр найруулан буулгахаас илүүтэй, гол агуулга, утга санааг бүрэн гаргаж буулгахдаа илүү анхаардаг.

Энэ тал дээр надад бол уран зохиолын бус номын орчуулга хийх сонирхол маань илүү тохирдог юм уу даа. Ер нь бол бичгийн орчуулгад маш дуртай. Утга санааг оновчтой бүрэн дүүрэн илэрхийлж буулгана гэдэг бас гайхалтай ур чадвар, оюуныг сорьсон үйл явц байдаг. Энэ үйл явцдаа тархиа төвлөрүүлэн шавхан ажиллах маш дуртай. Кайф мэдэрдэг. Мөн орчуулж байгаа сэдэв материалаасаа маш их мэдлэгийг олж авдаг болохоор үр дүнтэй суралцах арга болж чаддаг.  Бусад орчуулагчдаас хэрхэн ялгарч өөр байдгаа бол сайн хэлж мэдэхгүй юм. Хэт их уянгын халил, хэтрүүлэн тайлбарлах гэхээсээ илүү гол утга санааг бүрэн дүүрэн, оновчтой буулгаж хөрвүүлэх дадлыг өөртөө суулгах гэж хичээж ирсэн болов уу. Мөн өөрийн хамгийн идэвхтэй цагуудад анхаарлаа төвлөрүүлэн ажиллах орчноо бүрдүүлээд, ном материал руугаа живэн орж чаддаг тэрхэн богинохон цагуудад гараасаа юм гаргаж, орчуулгаа явуулж чаддаг даа.

-Монгол уншигчдаас танд уг бүтээлийн орчуулгатай холбоотой санал, сэтгэгдэл, шүүмж ирэв үү?

-2020 оны даравдүгээр сарын эхээр хэвлэгдэн борлуулалтад гарснаас хойш гэр бүл, найзнөхдийн зүгээс ном орчуулсан гэдэг утгаар бахархаж байна, мундаг байна гэсэн

магтаал, зарим шүүмж ч ирсэн. Магадгүй тус санал, сэтгэгдлүүдийг цуглуулж, хэлэлцүүлэг яриа өрнүүлбэл их сонирхолтой байх болов уу гэж бодож байгаа.Тус ном маань өөрөө олон улсын бестселлер ном учраас дэлхий дахинд маш их алдартай, шуугиан дагуулсан ном. Ном их уншдаг хүмүүс, зарим түүхч зохиолчид, шог зураач, редакторууд, олны танил хүмүүс сонирхон уншиж байгаад баяртай байгаа. Шинжлэх ухаан, баримтат номын төрөл учраас хүмүүс бас тийм ч хурдан уншиж дуусгаж амжихгүй байгаа нь анзаарагддаг. Борлуулалтад гарснаас хойш бестселлерийн тавцангаас бараг буугаагүйг харвал хүмүүс их сонирхон уншиж байгаа.

-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Та одоо ямар бүтээл уншиж байна вэ?

-Баярлалаа. Би ойрдоо "Lean In", "Becoming-Michelle Obama", "The Circle Maker", "The Lean Startup", "Шинэ амьдрал", "Ялан дийлэхийн хүслэн" зэрэг номыг эхлүүлээд байна. Монгол номоос гэвэл Todko Samson гэх зохиолчийн "Сүрэг" романыг уншихыг хүсэж байгаа.

 

 


Н.БАТСАНАА: Дэлхий нийтээрээ хамгийн их хэлэлцэж буй бүтээлийг монгол уншигчдадаа хүргэсэндээ баяртай байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-03-17 18:46:02
    Зочин: Орчуулсан хүний инстааг мэдэх хүн бну
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188