• Өнөөдөр 2024-04-26

ДУУ ТӨРСӨН ТҮҮХ: 40 хуудас ноорог шүлгээс “төрсөн” МИНИЙ МОНГОЛ НААДАМ дуу

2023-07-09,   3931

“Эзэн Чингисийн нутагт байх монгол наадам минь

Тэнгэр заяат монгол түмний эрийн гурван наадам мину зээ” хэмээх дууг мэдэхгүй монгол хүн үгүй болов уу. Энэ дуу бол эх орондоо аж төрж байгаа, харь оронд амьдарч байгаа монгол хүн бүр сонсохдоо өөрийн эрхгүй омогшиж, нүдэнд нь нулимс цийлгэнүүлдэг бүхэл үндэстний дунд “амилсан” баяр наадмын сүлд дуу. Харь орноос эх орноо санахдаа, эх орондоо байсан ч “Миний Монгол наадам” дууг сонсохдоо энэ оронд төрснөөрөө бахархах, хөрсөн дээр гишгэж байгаа ч санаж, үгүйлэхэд “хүргэдэг” бүтээл юм даа.

Энэ удаагийн “Дуу төрсөн түүх” буланд маань Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Ш.Гүрбазар оролцлоо. Тэрбээр Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжавтай хамтран бүтээсэн “Миний Монгол наадам” дуу хэрхэн “төрсөн” түүхийг хуваалцахаар шийдсэн юм. Ийнхүү уншигч та бүхэнд монгол хүн бүрийн “зүрхэнд ассан”, “Миний Монгол наадам” дуу хэрхэн “төрсөн” түүхийг хүргэж байна.

-“Миний Монгол наадам” дуу Найрамдал зусланд гурван хоног “дуншжээ”-

2019 оны Үндэсний баяр наадмыг Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар найруулахаар болж, “Балхаа ах аа, Гүрээ ах аа Монгол наадмын тухай их сайхан дуутай баймаар юм байна. Олон сайхан дуучид дуулахаар нийтлэлийн өнгө, аястай дуу байвал яасан юм бэ” гээд Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжав, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Ш.Гүрбазар нарт ханджээ. Н.Наранбаатарын хүсэлтийн дагуу Ш.Гүрбазар, Л.Балхжав хоёр хоорондоо ярилцаад “хар зураг”-аа гаргахад бүтээлийн ерөнхий санаа толгойд нь орж ирж л дээ.

          Энэ талаар Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар гуай “Наадмын тухай дуу хийе гэхээр нэг бол адуу, бөх гээд л нэг талыг нь түлхүү барих гээд байдаг талтай. Тийм болохоор “Миний Монгол наадам” дууг бүхэл үндэстний бахархал болгохын тулд бүгдийг нэг чигт барьж, авч явах хэрэгтэй болсон юм” хэмээв. “Миний Монгол наадам” дууг “төрүүлэхээр” нэг дээвэр дор цугласан Монголын соёл урлагийн “атаманууд” Найрамдал зусланг “амаржих газар”-аараа сонгож гэнэ. Улмаар Н.Наранбаатар, Ш.Гүрбазар, Л.Балхжав, мөн тэдэн дээр нэмэгдэж, хөгжмийн зохиолч Б.Чинбат Найрамдал зусланг зорьжээ. Түүнээс хойш “Миний Монгол наадам” дуу Найрамдал зусланд гурван хоног “дуншсан” байна.

          Тэр хугацаанд зохиолч, яруу найрагч Ш.Гүрбазар гуай Монголын аман зохиолын өв санд “шумбаж”, “хар зураг”-аа л гаргаад байсан дууныхаа суурийг нь олжээ. Найрамдал зуслан явахаасаа өмнө амжиж, цүнхлэсэн аман зохиолын 16 номон дотроосоо “Эзэн Чингисийн нутагт байх монгол наадам мину зээ” хэмээх аман зохиол дахь баяр наадмын магтаалын нэг мөрийг олсон байна. Эл мөрийг олсон тухайдаа Ш.Гүрбазар гуай надад хандан “Уран бүтээлч хүнийхээ хувьд тэр мөрийг олж, харсан минь амьдралын минь хамгийн олзуурхууштай мөчүүдийн нэг байлаа” гэсэн юм. Зохиолч, яруу найрагч Ш.Гүрбазар гуай тийн шүлгээ “барих” сууриа олсон аж.

-“Миний Монгол наадам” дууны шүлгийн ноорог 40 хуудас-

Найрамдал зуслангаас явах болоход зохиолч, яруу найрагч Ш.Гүрбазар гуай 40 орчим хуудас ноорог шүлэгтэй буцсан гэнэ. Амьдралынхаа туршид яг л тийм зүйлийг бүтээхийг зорьж, бодож ирсэн Ш.Гүрбазар гуайд олон жил бодож явсан зүйлээ бүтээх цаг нь ирсэн юм. Тэрбээр “Миний Монгол наадам” шүлэгтээ

“Татсан нум шиг монгол минь

Тавилан болсон эх орон минь” мөрийг бичсэндээ өөрөөрөө бахархаж явдаг гэнэ. Ш.Гүрбазар гуай энэхүү хоёр мөрийнхөө тухайд “Би Монгол их тал нутгаа “Дэлгэсэн тэрлэг шиг” гэж бичиж байлаа. Харин “Миний Монгол наадам” дууныхаа шүлэгт “Татсан нум шиг” гэж бичсэнээрээ өөртөө олзуурхаж, ихэд баярлаж явдаг юм” хэмээж билээ. Гэсэн хэдий ч 40 хуудас шүлгээ шууд л хөгжмийн зохиолчид өгчих гэхээр нэг л болж өгөөгүй аж. Тэгээд Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжав гуайгаас эхлээд хөгжмөө бүтээж өгөхийг хүссэн байна. Үүнээс хойш төд удалгүй Л.Балхжав гуай хөгжмийн зохиолынхоо ерөнхий суурийг гаргаж, аяа бэлэн болгожээ.

          Зохиолч Ш.Гүрбазар, хөгжмийн зохиолч Л.Балхжав хоёр хөгжим дээрээ хамт сууж, аялгуу бүрийг нь нэгд нэгэнгүй сонссон байна. Намуухан аялгуутай хэсэгт нь ардын дууныхаа үгийг оруулж, төвөргөөн хөгжимтэй хэсэгт нь рок поп дуучдын дуулах хэсэг гэх зэргээр Ш.Гүрбазар гуай 40 хуудас ноорог шүлгээсээ хасахыг нь хасаж, зөөхийг нь зөөсөөр “Миний Монгол наадам” дууны шүлэг “төржээ”. Хэдий аялгуу, шүлэг хоёроо бэлэн болгосон ч дуучид дуулж, бүтээл болгосных нь дараа л Ш.Гүрбазар, Л.Балхжав хоёр “Ашгүй нэг уран бүтээл шиг уран бүтээл болжээ” гэж бодсон гэлээ.

          2000-аад оны үед Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжав, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Ш.Гүрбазар нар хамтарч уран бүтээлч хийж байх үедээ тухайн үеийн рок поп хөгжмийн урсгалыг үндэсний сэтгэлгээтэй холбохыг хүссэн байна. Тэдний санаа нь “Рок поп хөгжим зөвхөн хайр сэтгэл, орчин цагийн талаар дуулах бус туульсын шинжтэй байвал илүү сайхан” байж л дээ. Дэлхийг байлдан дагуулсан рок поп хөгжимд аман зохиол, туульсыг нэгтгэжж, энэ төрлийн хөгжмийн урсгалд шинэ “давлагаа” бүтээсэн юм. “Дэлхийд цор ганц Монголоороо бахархмаар дуу бүтээх” мөрөөдөл нь ингэж л “биеэ олсон” аж.

Төгсгөлд нь зохиолч, яруу найрагч Ш.Гүрбазар гуай “Миний Монгол наадам” бүтээлээ бүхэлд харж үзэхээр миний амьд ахуй цагтаа бүтээсэн, өөрөөрөө бахархах хүсэл төрүүлсэн бүтээлүүдийн минь нэг юм даа” хэмээсэн юм.

"Миний Монгол наадам"

Эрхэм заяа нь өөдлөх,

Дэлгэр түмний минь монгол наадам мину зээ!

Наран галаа бадраан асааж

Мөнх тэнгэрээ сүслэн мөргөе өө

Харь талын түүхээ цаламлаж

Морин хуураа хөглөн наадъя

Мандан адислах алтан нарыг

Магнай дээрээ дээдлэн жаргая аа

Уужим алсын асар билэгдлээс

Монгол хөгжих аялгуу мину зээ

Уяхан замба тивийн энгэр дээр

Монголыг олсон наадам мину зээ!

Уужим алсын асар билэгдлээс

Монгол хөгжих аялгуу мину зээ!

Уяхан замба тивийн энгэр дээр

Монголыг олсон наадам мину зээ!

 

Аргал уугилаа, алсын уулсыг утлаа

Азын шагай нь морь буулаа

Аргамаг хүлэг уяагаа ес тойрлоо

Адуу эвшээлээ, наран яаран мандлаа

Амгай шариглаа, наадам эхэллээ

Ардын жаргал заяагаа тойрлоо

Хөх монголын тэнгэр нь цэлмэг

Хөрст газрын ус нь цэнгэг

Татсан нум шиг нутаг минь

Тавилан болсон эх орон минь

Татсан нум шиг нутаг минь

Тавилан болсон эх орон минь!

 

Газрын холоос сэргэсэн машид эрдэнийн хүлэг минь

Гарьд жигүүрээ дэвсэн хүчит эрмэг бөхчүүд

Эрээн нумаа эвшээсэн

Эрхий мэргэн харваачид

Эрэлхэг монгол түмний минь эрийн гурван наадам минь

Эрэлхэг монгол түмний минь эрийн гурван наадам минь

Өлзий буян нь тэгширсэн монголын дэлгэр орон минь

Түмэн жилээр эгшиглэсэн морин хуурын аялгуу минь

Эрхэм заяа нь өөдөө

Эртний түүхтэй гүрэн минь

Эзэн Чингисийн нутагт байх монгол наадам мину зээ!

Эзэн Чингисийн нутагт байх монгол наадам мину зээ!

      

Амгалан төрийн ажнай хурдан янцгаах хийморь

Айраг түрүүгээ саравчлах монгол

Алтан тоосоо тэнгэрт өргөх эрэмгий хүлэг минь

Асар дээдийн заяатай

Ардын сайхан наадам минь!

Зуун зуунаар үлээсэн монголын цэнхэр салхи минь

Зулай үнсэж ивээсэн монголын хөх тэнгэр минь

Жаран жарны бадагтай монгол хэмээх улс минь

Жаргалын өлзий нь бүрдсэн монголын дэлгэр түмэн минь

Жаргалын өлзий нь бүрдсэн монголын дэлгэр түмэн минь

Тэнтэрч байж таних монголын уудам нутаг минь

Тэгш заяа нь өөдлөх монголын их гүрэн минь

Хүннү гүрний эхлэлтэй

Хөх тэнгэрийн авшигтай

Эзэн Чингисийн нутагт байх монгол наадам мину зээ!

Эзэн Чингисийн нутагт байх монгол наадам мину зээ!

      

Амгалан төрийн ажнай хурдан янцгаах хийморь

Айраг түрүүгээ саравчлах монгол

Алтан тоосоо тэнгэрт өргөх эрэмгий хүлэг минь

Асар дээдийн заяатай

Ардын сайхан наадам минь!

Наадам минь!

      

Амгалан төр нь тэгш орших

Ардын наадам минь

Айраг исэж нүд баясгах монгол түмэн минь

Мөхөш үгүй омогших тэнгэр заяа минь

Эзэн Чингисийн нутагт байх монгол наадам минь

Эзэн Чингисийн нутагт байх монгол наадам мину зээ!

      

Амгалан төрийн ажнай хурдан янцгаах хийморь

Айраг түрүүгээ саравчлах монгол

Алтан тоосоо тэнгэрт өргөх эрэмгий хүлэг минь

Асар дээдийн заяатай

Ардын сайхан наадам минь!

      

Амгалан төр нь тэгш орших

Ардын наадам минь

Айраг исэж нүд баясгах монгол түмэн минь

Мөхөш үгүй омогших тэнгэр заяа минь

Эзэн Чингисийн нутагт байх монгол наадам минь

Эзэн Чингисийн нутагт байх монгол наадам минь!

Тэнгэр заяат монгол түмний эрийн гурван наадам мину зээ!

      

Аргал уугилаа, алсын уулсыг утлаа

Азын шагай нь морь буулаа

Аргамаг хүлэг уяагаа ес тойрлоо

      

Адуу эвшээлээ, наран яаран мандлаа

Амгай шаргилаа, үүрд эгшиглэнэ ээ

Ардын жаргал заяагаа ес тойрлоо

      

Асар хээрийн заяа нь өөдөө

Алтан соёмбын сүр нь мөнхрөх

Татсан нум шиг монгол минь

Тавилан болсон эх орон минь

Татсан нум шиг монгол минь

Тавилан болсон эх орон минь!

 


ДУУ ТӨРСӨН ТҮҮХ: 40 хуудас ноорог шүлгээс “төрсөн” МИНИЙ МОНГОЛ НААДАМ дуу
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-09 16:27:34
    Зочин : Сэтгэлд тархинд үлдэхгоё аялгуу сонссонгүй ээ үг сайхан бнаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-09 16:26:23
    bi: Үг нь гоё ая нь мэдэхгүй ээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-14 17:58:55
    ммм: кккк
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188