• Өнөөдөр 2024-04-26

ДИЕГО МАРАДОНА: “Бурхан” хэмээн өргөмжлөгдсөн минь намайг хэчнээн азтай хүн болохыг ойлгуулдаг

2021-01-10,   856

-Бөмбөгөөр хүмүүст баяр баясал бэлэглэсэн минь өөрөөрөө бахархах хамгийн том шалтгаан-

       Аргентины домогт хөл бөмбөгч Диего Марадона өнгөрсөн арваннэгдүгээр сарын 26-нд нас барсан билээ. Тэрээр цус харвасан байдалтай эмнэлэгт ухаангүй хүргэгдэж, 20 гаруй хоног эмчлүүлсэн ч биеийн байдал нь улам бүр хүндэрч бурхны оронг зорьсон юм.

       Тэрээр аравдугаар сарын 30-нд 60 нас хүрсэн бөгөөд төрсөн өдрөөсөө хэдхэн хоногийн өмнө “Францын хөл бөмбөг” сэтгүүлд ярилцлага өгсөн юм. Бурхны орныг зорьсон хөл бөмбөгийн “бурхан”-ы амьдралын сүүлчийн ярилцлагыг уншигч та бүхэнд хөрвүүлэн хүргэж байна.

-Та өөрийн намтар болох “Би бол хүмүүсийн Диего” номондоо “Тэд намайг Виилла Фриоритогоос хөөж гаргасан. Би чадах бүхнээ хийсэн. Би өөрийгөө тийм ч муу зүйл хийгээгүй гэж боддог” хэмээн бичсэн байдаг. Тэр талаараа ярьж өгөөч?

       -Би өөрийгөө ажил мэргэжил, карьерийнхаа бүхий л цагт хүмүүсийн сэтгэл зүрхэнд багтаж, хамт байсаар ирсэн гэж боддог. Гэвч би бүхий л амьдралынхаа туршид намайг яагаад төрж, өссөн газраас минь хөөсөн талаар бодож явлаа. Хөл бөмбөгийн талбай дээрх надад ирдэг дамжуулалтаас олон тоогоор энэ тухай асуулт ирж байсан. Гэхдээ тэр газраас хөөгдсөн нь зөвхөн би биш шүү дээ. Манай гэр бүл, бүр өнөө үеийн шилдгүүдийн нэг Серхио Агуэро хүртэл төрсөн газраасаа хөөгдөж л байсан. Гэвч одоо би энэ талаар бодохоо больсон. Миний бага нас тэр ядуусын хороололд, дайн байлдаан, гэмт хэргийн дунд өнгөрсөн. Тэнд нас барсан хүүхдүүдийн тухай бодох бүрдээ би өөрийгөө үнэхээр азтай байсан гэдгээ мэддэг.

-Та төрж, өссөн гэрээсээ олон жил хол байсан. Маш олон жилийн дараа Аргентинд эргэн ирж, дахин амьдралаа босгох ямар санагдаж байв?

       -2010 оны ДАШТ-д Аргентиний шигшээ багийг удирдаж, шигшээ тоглолтод хожигдсоныхоо дараа мэргэжлээрээ үргэлжлүүлэн ажиллаж, улс орнуудаар аялж, өөрийн хүсэл тэмүүллийг мэдрэх хэрэгтэй болсон юм. Тухайн үед Аргентиний хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч агсан Жулио Грондона намайг эх орондоо буцаж очихыг хүсэж буйгаа илэрхийлсэн. Мексик, Хойд Америкийн орнуудаар менежер хийж, төрсөн нутгаасаа гэмтэн мэт зугтаж явсан амьдрал минь тэр үед л эцэслэсэн юм. Дахин эх орондоо ирэх миний амьдралын хамгийн гайхалтай мөчүүдийн нэг байлаа.

-Хөл бөмбөгийн замналаа эхэлж, “Argentinos Juniors”, “Boca Juniors” багт тоглож байсан үеэ дурсдаг уу. Тэр үеэс үлдсэн хамгийн сайхан дурсамж юу вэ?

       -Ямарваа нэгэн зүйлийн төгсгөлд нь хүрчихээд, анх эхэлсэн үеэ эргэж харахдаа хүн бүр маш сэтгэл хангалуун байдаг болов уу. Намайг шилдгүүдийн нэг болохоос ч өмнө миний тоглолтыг үзэхээр цэнгэлдэхэд ирж, зурагтаар үзэж байсан хүмүүст үнэхээр их баярлаж явдаг. Тэрхүү хүмүүс өдгөө ч надад баярласан, талархсан сэтгэгдлээ илгээж байна. Бөмбөгөөр хүмүүст баяр баясал бэлэглэсэн минь өөрөөрөө бахархах хамгийн том шалтгаан болсон.

-Дээрх хоёр багт тоглож, тоглогчийн хувьд өөрийн ирээдүй, карьераа тодорхойлчихсон байлаа. Түүний дараагаар “Barcelona”, Napoli” багт тоглохдоо та өөрийн хөл бөмбөгийн карьерийн хамгийн муу, сайн, гайхалтай үеийг өнгөрөөсөн. Мөн алдар хүнд, цол хэргэм, авч болох бүгдийг авсан?

       -Хөл бөмбөгийг бүрэн утгаар нь мэдрэх, шилдгүүдтэй өрсөлдөхийн тулд Европ руу явсан. Тухайн үед Өмнөд Америкийн ямар ч сайн тоглогч тэнд хүрч, очиж тоглох амаргүй байлаа. Би тэнд очиж хөл бөмбөгийн олон төрлийн арга барил, техник, амьдрах хэмнэл гээд бүгдийг нь өөрийн болгож чадсан. Аль нэгэн газар очиж, олон талаас нь суралцаж, мэдэж байх нь миний арга барил гэх юм уу даа.

-Таныг 1989 онд “Marseille” багтай гэрээ байгуулах өндөр магадлалтай байсан гэдэг. Энэ талаар өнөө цагт тодорхой мэдээлэл байдаггүй. Та уг гэрээний талаарх үнэнийг хэлж өгөөч. Яагаад тийм зүйл болоогүй юм бэ?

       -Тийм ээ. Тийм зүйл болж байсан. Тод томруун санаж байна. Тэр үед би “Napoli”-д тоглож байлаа. Гэтэл тухайн багийн удирдлагууд биш, Марсель хотын удирдлагууд нь надтай холбоо барьсан юм. Хотынх нь дарга нар шүү дээ. Тэгээд тэд надад хэлэхдээ “Бид чиний одоо авч байгаа цалингаас чинь хоёр дахин ихийг өгье. Манай хотын багт хүрээд ир” гэсэн. Тэгэхээр нь би тоглож байсан багийнхаа удирдлагуудтай уулзахад “Аваргуудын лигт түрүүлж, цомыг нь авчирчихаад явж болно” гэсэн юм. Тэр жил би Аваргуудын лигт түрүүлж, ёстой “онгодтой” тоглож байлаа. Түүний дараа “Marseille” багийнхан надтай Итали Улсын Милан хотод уулзахаар товлоод байсан юм. Би тэр уулзалтад нь очсон л доо. Гэхдээ би үүдээр нь шагайчихаад “Баярлалаа, баяртай” гэчихээд л гараад явсан. Миний араас дуудаж, хашхирч байхад нь дүлий юм шиг л тоолгүй алхсаар байлаа.

-Та удахгүй тохиох 60 насны төрсөн өдрөөрөө юу хүсэж байна вэ. Таны мөрөөдлийн бэлэг юу вэ?

       -Энэ удаагийн төрсөн өдрөөрөө Английн шигшээ багийн хаалганд баруун гараараа гоол оруулж чадах юм шиг санагдаж байна(инээв).

Намайг хайрлаж, хүндэлж байгаа бүхнийг би харж чадахгүй нь харамсалтай

-“Франц хөл бөмбөг” сэтгүүлээс санаачлан, бүтээсэн “Мөрөөдлийн багийн алтан бөмбөг” шагналын эзнээр таныг шалгаруулж, танд хүртээснээс хойш нэг их хугацаа өнгөрөөгүй. Гэвч та хөл бөмбөгийн карьертаа 1995 оныг хүртэл “Алтан бөмбөг”-ийн шагнал хүртэж байгаагүй. 1995 онд авснаас өөр “Алтан бөмбөг”-гүй байлаа шүү дээ. Яагаад тэр вэ?

       -Энэ талаар ярихад их хүндрэлтэй. Арьс өнгөөр ялгаварлах үзэл шүү дээ. Өмнө нь өмнөд америкчууд бид “Алтан бөмбөг” байтугай Европын лигийн оны шилдэг тоглогчийн шагнал ч авах эрхгүй байсан юм. Үгүй бол би авах л байсан. Маш олноор нь авч, одоо бараг “Алтан бөмбөг”-өөр дүүрсэн нэг өрөөтэй болох байсан биз. Гэхдээ одоо бол энэ нэг их асуудал биш. Францын хөл бөмбөгийн хорхойтнуудад таалагдаж, тэдний дунд хөл бөмбөгийн “бурхан” хэмээн өргөмжлөгдсөн минь л намайг хэчнээн азтай хүн болохыг ойлгуулдаг юм.

-Өнөөдөр ямар тоглогч тантай илүү ойр түвшинд тоглож, хамгийн шилдэг гэх нэрийг авахаар үнэ цэнтэй байна вэ. Та хэнийг нэрлэх вэ?

       -Лионель Месси, Кристиано Роналду хоёр. Миний хувьд энэ хоёр тоглогч өнөө цагт тоглож байгаа бусад бүхий л тоглогчоос тэс өөр түвшнийх. Тэдэн рүү дөхөж, ойртож байгаа хэн ч харагдахгүй байгаа. Бүр талд нь ч хүрэхгүй байна.

-Тэгвэл Килиан Мбаппегийн талаар юу гэж бодож байна вэ. Та нэгэн удаа Мбаппег магтаж ярьж байсан шүү дээ?

       -Тийм ээ. Тэр гайхалтай тоглогч болно. Гэхдээ цаг нь болоогүй байна. Мбаппе одоог хүртэл жаахан хүүхэд хэвээрээ байгаа (инээв). Тэр илүү олон тоглолтод оролцож, ялагдаж, цөхөрч сурах хэрэгтэй. Тэгж байж л, цөхрөл, ялагдлын амтыг мэдэрсэн хүн өсөж, хөгжиж, шилдэг нь болно. Цөхөрч, тэмцэлдэж, тоглоогүй тоглолтынхоо төгсгөлд албаар торгуулийн цохилтоо алдаж, өөрийнхөө шагайг өөрөө мултлах хэрэгтэй. Гэхдээ би түүнийг маш авьяаслаг, хурдтай гэдэгтэй нь маргахгүй. Тэр бөмбөгөнд хүрэх маш өвөрмөц арга барилтай шүү дээ. Хэзээ нэгэн цагт шилдгүүдийн нэг болох байх аа.

-Хэрэв та түүхэн дэх хамгийн шилдгүүдийг тодруулж, шалгаруулах байсан бол ямар тоглогчдыг сонгох вэ?

       -Миний үзэх боломж олдоогүй, үзэж, харж чадаагүй шилдэг тоглогчид бий. Намайг бага байхад Аргентиний шигшээ багийн гарааны хаалгач Амадео Карризо гэж “аймар” тоглогч байсан юм шиг байна билээ. Би ядуусын хороололд өссөн болохоор түүний тоглолтыг ганц ч удаа үзэж байгаагүй. Гэхдээ тэр өнөө цагт яригдаж чадахгүй байна. Энэ нь намайг Амадео Карризог ердөө л хөл бөмбөгийн түүхэн дэх байдаг л нэгэн үзэгдэл гэж тодорхойлоход хүргэсэн. Миний хөл бөмбөгийн карьер эхэлж байх үеэр Францын Бекенбауэр гэж жинхэнэ төвөгтэй нөхөр байсан юм. Мөн Пато, Филлол, Роберто Перфумо, Альберто Тарантини зэрэг ёстой “тамтай гарууд” байлаа шүү дээ. Түүхэн дэх шилдгүүдийг тодруулахаар болбол би тэднээс сонгоно. Өнөөдөр дэлхий нийт тэднийг мартсан ч би тэднийг үргэлж санаж явах болно. Харин орчин үеийн тоглогчдоос сонгох шаардлагатай бол Хави, Лука Модрич гэх зэрэг хагас хамгаалагчдаас сонгох байх. Гэхдээ бүх цагийн шилдэг тоглогчдын нэрлэнэ гэвэл чадахгүй шүү дээ. Миний харж чадахгүй, ирээдүйд төрөн гарах маш гайхалтай тоглогчид бий.

-Зинедин Зидан, Габриэль Батистута, Кристиано Роналду зэрэг тоглогчид бүгд л таныг “бурхан” шиг хүндэлж, биширдэг тухайгаа илэрхийлж байлаа. Орчин үеийн шилдгүүд болон дэлхийн өнцөг булан бүр дэх хөгжөөн дэмжигчдийн тань сэтгэгдэл, хариу үйлдэл танд хэрхэн нөлөөлдөг вэ?

       -Миний тухай ярьдаг, намайг хайрладаг бүх хүнд баярлалаа. Намайг хайрлаж, хүндэлж байгаа бүхнийг би харж чадахгүй нь харамсалтай юм. Харин дээр нэр дурдагдсан тоглогчид бол өөр хэрэг шүү дээ. Тэд надтай их ойр, маш сайн харилцаатай байдаг. Тийм болохоор тэдэнд миний тухай тийм сэтгэгдэл үлдэхээс өөр аргагүй(инээв).

 


ДИЕГО МАРАДОНА: “Бурхан” хэмээн өргөмжлөгдсөн минь намайг хэчнээн азтай хүн болохыг ойлгуулдаг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188