Монгол Улс хоёр мөнхийн хөрштэйгөө сайн харилцаагаа хадгалахын зэрэгцээ НАТО-гийн АНУ, Европын холбооны Франц, Герман зэрэг гуравдагч оронтой хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, сайн харилцаа үүсгэж байна. Монголд хэд хэдэн томоохон орны төрийн тэргүүн, төрийн өндөр албан тушаалтан айлчилж, Монгол дэлхийн анхаарлын төвд ороод байна. Учир нь, Монгол Улсад олон улсын сонирхлыг татаж буй байгалийн баялаг, газрын ховор элементийн орд газрууд илрээд буй. Тэгвэл үүнтэй холбоотойгоор дэлхийн орнууд Монголын эрх баригчдад газрын ховор элементийн салбарт хамтран ажиллах санал тавьж эхэлжээ.
Монгол Улс шинээр харилцаагаа бэхжүүлж, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан орнуудын нэг нь Европын холбооны Герман Улс. Тухайлбал, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер өнгөрсөн хоёрдугаар сард Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монгол Улсад айлчилсан. Хоёр орон дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан айлчилсан Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайерийн айлчлалаар ХБНГУ Монгол Улстай стратегийн түншлэлийн гэрээ байгуулсан Европын холбооны анхны орон болсон билээ. Тус айлчлалын үеэр хоёр орны төрийн тэргүүн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан. Улмаар Улаанбаатар, Берлин стратегийн түншлэлийн хүрээнд улс төр, эдийн засаг, гадаад бодлого зэрэг олон хамтын ажиллагааны салбарт шинэ боломж нээсэн.
Түүнчлэн өнгөрсөн онд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Камала Харрисын урилгаар тус улсад айлчилсан билээ. Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дэд Ерөнхийлөгч Камала Харристай Цагаан ордонд албан ёсны хэлэлцээ хийж, хоёр орны стратегийн түншлэл бэхжиж, цаашлаад хоёр орны хамтын ажиллагааг сансар судлал, цахим хөгжил, эрдэс баялаг, тээвэр, ложистик, цаг уурын өөрчлөлт зэрэг салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар санал солилцож, томоохон уулзалт хийсэн. Тус айлчлалын дараагаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Эдийн засгийн өсөлт, эрчим хүч, байгаль орчны асуудал эрхэлсэн орлогч дарга Жозе Фернандес Монгол Улсад айлчилж, эрдэс баялгийн тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан байдаг. Мөн манай орон Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн нөлөө бүхий орнуудын нэг Бүгд Найрамдах Солонгос Улстай харилцаагаа бэхжүүлж, анагаах ухааны салбарт хамтын ажиллагааны хэлэлцээ хийж, хоёр орон ирээдүйд харилцан ашигтай газрын ховор элементийн нийлүүлэлтийн сүлжээ бий болгох төсөл хэрэгжүүлэхэд санал нэгдээд байгаа юм.
Өнгөрсөн онд олны анхаарлыг хамгийн их татсан үйл явдал Францын Ерөнхийлөгчийн айлчлал байсан. Тухайлбал, Японд болсон “Их долоо”-гийн бүлгийн дээд хэмжээний уулзалтаас шууд Монголыг зорьж ирсэн Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад төрийн айлчлал хийсэн анхны Францын төрийн тэргүүн болсон. Айлчлалын хүрээнд Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уул уурхайн шинэ гарц, боломжуудын талаар хэлэлцэж, 18 зүйл бүхий хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зураад явсан байдаг. Үүний дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Парист айлчилж, Франц Улсын Ерөнхийлөгч Э.Макронтой дахин хэлэлцээ хийж, энэ хүрээнд Францын “Орано Майнинг” групп Монгол Улсын Засгийн газартай ураны салбарт хамтарч ажиллах, уран олборлох хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн протоколд гарын үсэг зурсан. Монголын зүүн өмнө зүгт байх Дорноговь аймагт орших Зөөвч-Овоо ордод үйл ажиллагаа явуулах хоёр орны хамтын гэрээ нь хоёр талд харилцан ашигтай шинэ гарц, боломж нээсэн томоохон Хөрөнгө оруулалтын гэрээ болохыг олон улсын хэвлэлүүд онцолж байгаа.
Дэлхийн их гүрнүүд газрын ховор элементийн эрэл хайгуул хийж байна. Дэлхий дахинд цэвэр эрчим хүчний шилжилт хүчээ авч байгаа энэ үед цэвэр эрчим хүч болон цахилгаан тээврийн хэрэгслийн дэд бүтцийн гол бүрэлдэхүүн хэсгүүдийн эрэлт нэмэгдэж байна. Үүний үр дүнд лити, кобальт зэрэг газрын ховор ашигт малтмалаар баялаг улс орнууд дэлхийн тавцанд хүчээ авснаар геополитикийн шинэ хэлбэр тогтож байна гэж ажиглагчид үзжээ. Одоогийн байдлаар АНУ, Европын холбоо, Орос, Хятад зэрэг хүнд жингийн тоглогчид Латин Америк, Африк болон бусад хөгжиж буй бүс нутгийн Засгийн газруудыг өөртөө татахаар өрсөлдөж байна. Саяхан “BloombergNEF”-ийн мэдээлэлд үндэслэн “South China Morning Post” сонинд Бээжин хэдийнэ дэлхийн ховор элемент, бал чулууны зонхилох үйлдвэрлэгч болсон талаар мэдээлжээ. Дэлхийн улс орнууд цэвэр эрчим хүчний салбараа хөгжүүлэхийн тулд БНХАУ-ын ханган нийлүүлэлтийн сүлжээнд найдаж байна гэсэн үг юм. Тоглолтоос харьцангуй хоцорсон ч АНУ одоо Хятадын ханган нийлүүлэгчдээс хамааралтай байдлаа зогсоож, цэвэр эрчим хүчний өрсөлдөгч болохын тулд хүчин чармайлт гаргаж байна. Гэхдээ энэ нь тийм ч амар биш гэдэг нь батлагдсан.
АНУ Хятадын нөлөөллөөс ангид газрын ховор элементийн шинэ зах зээлийг эрэлхийлж буй. Барууны орнуудын газрын ховор элементийн худалдааны томоохон хэлэлцээр нь Вашингтоны хоёр том өрсөлдөгч болох Орос, Хятад хоёрын хооронд хийгдэж байгаа юм. Өнгөрсөн сард АНУ-ын өндөр албан тушаалтнууд Монголд айлчилж, газрын ховор элементийн худалдааны харилцааг эхлүүлэх оролдлого хийсэн. Металл, ашигт малтмалын баялаг нөөцтэй Монгол Улсыг нэгэн цагт “Minegolia” хэмээн нэрлэж байсан билээ. Саяхан “Scientific American” сэтгүүлд "АНУ улс орнуудад нөөц баялгийнхаа төлөө илүү сайн тохиролцоо хийх болно" гэжээ.
Цөөн үгээр АНУ-ын зүгээс Монголд хэлж байгаа зүйл бол “Бээжин юу ч хийж чадна, гэхдээ Вашингтон илүү сайн хийж чадна” гэдэг байр суурь юм. АНУ-ын одоогийн кампанит ажлын цорын ганц субъект нь Монгол Улс биш юм. Фернандес мөн өнгөрсөн онд Өмнөд Африк, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Мексикт айлчилсан. Үүний зэрэгцээ АНУ литийн үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлж байна. Олон улсын эрчим хүчний агентлаг (ОУЭА) дэлхийн хэмжээнд 2023 онд шинэ сэргээгдэх хүчин чадлыг 107 гигаватт(ГВт)-аар нэмж, түүхэн дэх хамгийн том өсөлт үзүүлсэн талаар мэдэгдэж, цаашид дэлхийн нийт хүчин чадлыг 440 ГВт-аас дээш хэмжээнд хүргэхээр төлөвлөж байгаагаа мэдээлсэн. Үүний зэрэгцээ, цахилгаан автомашины борлуулалт энэ онд "тэсрэхүйц өсөлт" үзүүлж, 35 хувиар нэмэгдэж, 14 саяд хүрэхээр байна. “Popular Mechanics” сэтгүүлийн нэгдүгээр сард гаргасан тайланд “2030 онд цахилгаанжсан эдийн засагт 250-450 мянган тонн лити хэрэгтэй болно. Харин 2021 онд дэлхий 105 мянган тонн биш, ердөө 105-ыг л үйлдвэрлэсэн байна. Иймээс АНУ болон түүний өрсөлдөгчид газрын ховор элементийн шинэ нөөцийг яаралтай хөгжүүлэхгүй бол уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг амлалт биелэхгүй байх, дэлхийн шинэ эдийн засагтай хөл нийлүүлэхгүй байх эрсдэлтэй тулгараад байна.
Монгол Улстай стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын салбар дахь хамтын ажиллагаагаа дэмжин ажиллах саналыг өмнө нь хэд, хэдэн улс илэрхийлж байсан. Тухайлбал, 2022 оны аравдугаар сарын 14-нд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Холбооны Бүгд Найрамдах Германы Улсын Канцлер Олаф Шольцын урилгаар тус улсад айлчлал хийсэн. Уг айлчлалын үеэр Монголоос зэс, газрын ховор элемент худалдаж авах талаар ярьсан байдаг. Мөн 2023 оны гуравдугаар сарын 16-нд Канадын Торонто хотноо болсон “Олон улсын эрдэс баялгийн хайгуул, олборлолтын чуулга уулзалт-2023”-ын үеэр АНУ Монголтой газрын ховор элемент, баттерейн түүхий эдийг худалдаж авах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар 2023 оны дөрөвдүгээр сарын 24-нд төрийн айлчлал хийсэн Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда мөн газрын ховор элемент, онцгой чухал ашигт малтмал олборлох, хайгуул хийхэд хамтрах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байдаг.
2023 оны тавдугаар сарын 21-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад төрийн айлчлал хийсэн. Улмаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх аравдугаар сарын 10-14-ний өдөр Бүгд Найрамдах Франц Улсад төрийн айлчлал хийсэн. Энэ үеэр Франц Улсын Геологи_ уул уурхайн судалгааны товчоо, Францын геофизикийн ерөнхий компани болон Монголын үндэсний геологийн алба хоорондын эрмэлзлийн захидалд хоёр улсын төлөөллүүд гарын үсэг зурсан юм.
Тэгвэл шинэ мэдээллээр ирэх сард нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулах бизнесийн форумаар БНСУ-ын зүгээс Монгол Улсад томоохон хамтын ажиллагааны санал тавих гэнэ. Тухайлбал, Солонгосын төрийн өмчит компаниудаас гадна бизнес эрхлэгчид Монголын баялаг, газрын ховор элементийн нөөцийг сонирхож буй бөгөөд төрийн, төрийн бус гэлтгүй Монголын талд санал тавих юм байна. Ингэхдээ сүүлийн жилүүдэд эрчим хүчний нөөц багасаж, автомашины үйлдвэрлэл нь огцом буураад байгаа БНСУ-ын талаас Монголтой хамтарч ажиллавал үр ашгийг нь гаргаж, асуудалтай байгаа эрчим хүчийг шийдэн, зөвхөн энэ салбарт дагнасан Азид нөлөөлөх топ эдийн засагтай орнуудын нэг болгоё гэсэн саналтай байгаа гэсэн таамаг бий.
Одоогоор газрын ховор элементийн салбарт дээрх улсуудаас БНСУ, Франц Улсын Монголтой хэрэгжүүлж буй хамтын ажиллагаа бусдаасаа илүү түвшинд буй. Түүнчлэн жил ирэх бүр гадаадын хөрөнгө оруулагчдын төвлөрөх бизнесийн гол салбар нь газрын ховор элемент болох хүлээлттэй байгаа юм.
ТЭД БИДНИЙ ТУХАЙ: БНСУ ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТИЙН САЛБАРТ МОНГОЛТОЙ ХАМТАРЧ, АЗИД НӨЛӨӨЛӨХ ЭДИЙН ЗАСАГТАЙ ОРОН БОЛГОЁ ГЭСЭН САНАЛ ТАВЬЖЭЭ |
|
2025-05-14 09:22:32
2025-05-14 07:00:00
2025-05-14 07:00:00
2025-05-14 07:00:00
2025-05-14 07:00:00
2025-05-14 07:00:00
2025-05-14 05:00:00
2025-05-13 18:25:08
2025-05-13 18:01:35
2025-05-13 17:29:34
2025-05-13 17:11:55
2025-05-13 16:20:55
2025-05-13 16:00:27
2025-05-13 15:50:06
2025-05-13 15:39:40
2025-05-13 15:28:44
2025-05-13 15:23:55
2025-05-13 15:14:14
2025-05-13 15:09:56
2025-05-13 13:13:40
2025-05-13 13:08:48
2025-05-13 12:29:35
2025-05-13 11:30:52
2025-05-13 08:59:26
2025-05-13 07:00:00
2025-05-13 07:00:00
2025-05-13 07:00:00
2025-05-13 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |