• Өнөөдөр 2025-05-14

ТЭД БИДНИЙ ТУХАЙ: МОНГОЛЫН АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ХЭРЭГТНҮҮД НЭР ДЭВШСЭН “СОНГОЛТГҮЙ” СОНГУУЛЬ БУЮУ ЭРХ БАРИГЧДЫН ЭРХ МЭДЭЛ, СӨРӨГ ХҮЧНИЙ ДОТООД ЗӨРЧИЛДӨӨН

2024-06-28,   543

Эргэлт.мн мэдээллийн сайт “Тэд бидний тухай” буландаа олон улсын хэвлэл мэдээллийн сайт, агентлагуудад Монгол Улсын тухай бичсэн нийтлэлийг хөрвүүлэн хүргэдэг. Тэгвэл энэ удаагийн дугаартаа УИХ-ын ээлжит сонгуультай холбоотойгоор хөрш орнуудын болон гуравдагч хөршүүдийн хэвлэлийн бичсэн нийтлэлийг хөрвүүлэн хүргэж байна.

ФРАНЦЫН “FRANCE-PRESSE”: МОНГОЛЫН СОНГОГЧИД “ДАРАНГУЙЛАГЧ ЗАСАГЛАЛ РУУ ШИЛЖИЖ БАЙГАА” ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА

Монгол Улсын ээлжит УИХ-ын сонгуулийн санал хураалт 2024 оны зургадугаар сарын 28-ны баасан гарагт болно. ОХУ, БНХАУ-ын дунд оршдог, 3.4 сая хүн амтай тус улс энэ удаагийн сонгуулиараа парламентын 126 гишүүнийг сонгох бөгөөд эрх баригч намын засгийн эрхийг барьсан сүүлийн хэдэн жилд төрийн түшээд авлига, хээл хахуулийн хэрэгт холбогдсон, инфляц, эдийн засгийн хүнд байдалтай байсан ч эрх баригч нам дахин олонх болох төлөвтэй байгаа гэнэ.

                                Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй эрх баригч Монгол Ардын нам 2016 оноос хойших олонхын санал авч, засгийн эрх барьсан. Улмаар уг тэргүүллээ үргэлжлүүлэн ирэх дөрвөн жилд ч олонх болох өндөр магадлалтай байгааг шинжээчид онцолж байна. Гэхдээ эрх баригчийн намын засагласан өнгөрсөн жилүүдэд нүүрсний олборлолт, экспорт их хэмжээгээр өссөн ч эсрэгээрээ эдийн засаг, инфляцийн нөхцөл байдал хүнд байгаад сонгогчид бухимдаж байгаа аж.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан эрх баригч намын нэр дэвшигчдийн уулзалтад “AFP” агентлагийн сурвалжлагч оролцжээ. Харин уулзалтын үеэр иргэд, сонгогчид “Улстөрчид бүгд адилхан” гэсэн байр суурь илэрхийлж, хэнийг нь ч дэмжсэн ялгаагүй авлига, албан тушаалын хэрэгт холбогддог, улс төрийн амлалтаа биелүүлдэггүй гэжээ. Иргэдийн хэлж буйгаар Монгол Улсын уул уурхайн салбарын өсөлт сайн, орлого нэмэгдэж байгаа ч хүртээл нь ард түмэнд бус цөөн элитийн халаасанд ордог тухай онцолж байна. Үүнтэй ч холбоотойгоор 2022 оны сүүлчээр монголчууд нийслэлийнхээ төв талбайд эсэргүүцлийн жагсаал хийж, нүүрсний хулгайтай холбоотойгоор улстөрчдийг зарлаж, хариуцлага тооцохыг шаардаж байв. Харин иргэдийн бухимдлыг бууруулж, эсэргүүцлийн жагсаалыг тараах зорилгоор нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотой улстөрчдийг зарлаж, хариуцлага ногдуулахаа эрх баригч намын зүгээс амлаад байсан ч биелүүлээгүй гэнэ. Улмаар тус улсын авлигын индекс олон улсын тавцанд үлэмж хэмжээгээр унасан байдаг.

                                    Нөгөөтээгүүр эрх баригч Монгол Ардын намыг хэвлэлийн эрх чөлөөг хааж байгаа гэж хардаж үндэслэлүүд байгаа гэнэ. Тухайлбал, Монгол Улсын хэвлэлийн эрх чөлөөний индекс сүүлийн жилүүдэд огцом буурч байгаа бөгөөд парламентын сонгуулийн өмнөхөн олны танил сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг баривчилж, цагдан хорьсон нь олон нийтийн дунд шуугиан тарьж, үг хэлэх эрх чөлөөний эсрэг ажиллаж байгаа гэх болгоомжлолыг нэмжээ. Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн мэдээлснээр тус улсад 20 сэтгүүлч ажлаа хийж, сурвалжилж яваад ямар нэгэн байдлаар байцаагдаж, мөрдөн шалгалтад орж байгаа аж. Түүнчлэн “Сант Марал” сангаас иргэдийн дунд явуулсан судалгаагаар монголчуудын гуравны нэг нь “Монгол дарангуйлагч засаглалд шилжиж байгаа” гэж үзсэн байна.

Энэ жишээгээр Монгол Улсыг 70 шахам жил удирдсан Коммунист намын залгамжийг авсан эрх баригч МАН рейтинг муутай, залуус саналаа өгөхгүйгээ мэдэгдээ буй хөдөө орон нутагт, ахмад сонгогчдын дунд нэр хүндтэй хэвээр байгаа гэнэ. Харин нөгөө талд сөрөг хүчин Ардчилсан нам дотроо зөрчилдөөнтэй байгаатай холбоотойгоор ээлжит парламентын сонгуулийн эрх баригч нам дахин олонх болж болзошгүй байгаа юм.

АМЕРИКИЙН “VOICE OF AMERICA”: ЗАЛУУС СОНГУУЛЬДАА ИДЭВХТЭЙ ОРОЛЦВОЛ МАН, АН-ААС БУСАД НАМ, ЭВСЭЛД АШИГТАЙ БАЙДЛААР ЭРГЭНЭ

Монгол Улсын Их хурал 126 суудалтай болсноосоо хойш анхны сонгуулиа хийнэ. Төрийн түшээд нь авлига, хээл хахууль, албан тушаалын хэрэгт холбогддогоороо алдартай тус улсын хоёр том улс төрийн нам монопольдож, санал хураалт хэрхэн, аль тал руу шийдэгдэх нь тодорхойгүй байна.

                                   1990-ээд он хүртэл коммунист тогтолцоотой байсан тус улс шинэ ардчилсан тогтолцоог хуучнаасаа илүү муу болсон гэж дүгнэж байгаа гэнэ. Тодруулбал, шинэ ардчилсан сонгууль нь бизнесийн ашиг сонирхол ихтэй, чинээлэг хүмүүст илүү ашиг тустай бөгөөд монголчууд мөнгөтэй хүн сонгуульд ялалт байгуулдаг гэдэгт бүрэн итгэлтэй байх аж.

Монгол Улсын хувьд ОХУ, БНХАУ гэсэн хоёр том хөрштэйгөө дотно харилцаагаа хадгалахын зэрэгцээ АНУ болон түүний холбоотнуудтай харилцаа тогтоож, гуравдагч хөршүүдтэй холбогдож, хичээж ирсэн ч хоёр талын зөрчилдөөнтэй асуудлаас зарим зүйл нь хэтэрхий нарийн төвөгтэй болжээ. Гэхдээ тус улсын иргэдийн улс төрийн тогтолцоо нь цөөнхийн эрх ашгийн төлөө үйлчилж байна гэж итгэж байгаа нь зарим талаараа АНУ-ын тулгарч буй асуудалтай адил. Хэдий эрх баригч нам дахин сонгуульд ялалт байгуулах магадлал өндөр байгаа ч сонгуулийн үр дүнг урьдчилан таамаглах боломжгүй байна. Өнгөрсөн онд Монголын парламентын Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулсан шинэ тогтолцоо нь хоёр том намаас бусад улс төрийн намд парламентын суудал авах боломж олгосон. Нэг талаараа эрх баригч нам дахин олонх болох магадлал өндөр ч нөгөөтээгүүр олон нам, эвслээс нэр дэвшигчид шинэ парламентыг төлөөлнө гэдэг зарим талаараа сайн зүйл.

                                  Харин эрх баригч намын хувьд энэ удаагийн сонгуулиар олонх байдлаа алдахгүйг тулд томоохон нүүдэл хийж, намын дүр төрхийг өөрчилсөн залуу нэр дэвшигчдийг эгнээндээ нэгтгэсэн. Үүнтэй холбоотойгоор залуу сонгогчид ч сонгуульд идэвхтэй оролцоно гэсэн хүлээлттэй байгаа бололтой. Хэдий залуу сонгогчид сонгуулийн насны хүн амын дийлэнх хувийг бүрдүүлдэг ч түүхэндээ тийм өндөр хувьтай байгаагүй гэнэ. Хэрэв залуус сонгуульдаа хүч түрэн орж ирж, идэвхтэй саналаа өгч чадвал Монголын монополь болсон МАН, АН-аас бусад нам ашигтай байдлаар эргэх боломжтой байна.

 

ОРОСЫН “ГАЗЕТА”: ЭРХ БАРИГЧ НАМ ЗХУ, ОХУ-Д ДЭЭД БОЛОВСРОЛ ЭЗЭМШСЭН 13 ХҮН НЭР ДЭВШҮҮЛЭВ

Монгол Улсын 2016 оноос хойш удирдаж буй эрх баригч Монгол Ардын нам ээлжит парламентын сонгуульдаа ЗХУ, ОХУ-д их, дээд сургууль төгссөн хүмүүсийг “сойж” байна. Тодруулбал, МАН-аас ЗХУ, ОХУ-д дээд боловсрол эзэмшсэн 13 хүнийг нэр дэвшүүлсэн бөгөөд тэдний дунд ОХУ-ын ШУА-ийн гадаад гишүүн, Монгол Улсын ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл бий. Түүний хувьд 1976 онд Максим Горькийн нэрэмжит Харьковын их сургуулийг төгссөн бөгөөд өдгөө 72 настай тэрбээр МАН-аас нэр дэвшиж буй хамгийн ахмад нь болсон. Харин МАН-ын нэр дэвшигчдийн хамгийн залуу нь 26 настай бөгөөд мөн л ОХУ-д боловсрол дээшлүүлж байсан нэгэн байх аж.

                                Эрх баригч намын нэр дэвшигчдийн дундаж нас 46. Тэр дундаа нэр дэвшигчдийн дийлэнх нь анхны парламентын сонгуульдаа хүч үзэж байгаа бөгөөд Монголын засгийн эрхийг найман жил дараалж барьсан МАН энэ удаад 28 эдийн засагч, 23 хуульч, 17 инженер, 11 багш, 10 улс төр судлаач, найман сэтгүүлч, долоон эмч, таван биологич нэр дэвшүүлж байна.

 


ТЭД БИДНИЙ ТУХАЙ: МОНГОЛЫН АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ХЭРЭГТНҮҮД НЭР ДЭВШСЭН “СОНГОЛТГҮЙ” СОНГУУЛЬ БУЮУ ЭРХ БАРИГЧДЫН ЭРХ МЭДЭЛ, СӨРӨГ ХҮЧНИЙ ДОТООД ЗӨРЧИЛДӨӨН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188