• Өнөөдөр 2024-05-12

Хотыг “хэрсэн” сүлжээ дэлгүүр, хоолны газруудын эзэд хэн бэ

2022-08-07,   1677

       Солонгосын худалдаа, хүнс, хоолны сүлжээ бизнесүүд Улаанбаатарыг “чигжив”. Хэдэн жилийн өмнө “И-Март” сүлжээ орж ирж, хотын хамгийн төвлөрөлтэй хэсгүүдэд хэд хэдэн салбараа амжилттай нээж, худалдааны төвүүдийг “хиар” цохисон. Харин одоо бараг л булан эргээд л нэг “CU” эсвэл нэг “GS25” сүлжээ дэлгүүр таардаг болов. Солонгос стандартын соёлтой үйлчилгээ, Сөжү тэргүүтэй согтууруулах ундаа, төрөл бүрийн түргэн хоол, халуун, хүйтэн кофе зэргээрээ оюутан залуучуудыг татаж, тэр чинээгээрээ салбаруудаа нэмсээр байна. Зөвхөн “СU” сүлжээ дэлгүүр л гэхэд нэг улиралд 60-70 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж буйгаа тайлагнажээ. 
 
Тэгвэл “CU” болон “GS25” сүлжээ дэлгүүрийг хэн Монголд оруулж ирснийг танилцуулж байна. Мөн нэмэлтээр өмнө нь оюутан, залуучуудын хамгийн их үйлчлүүлдэг байсан, Улаанбаатарын анхны сүлжээд тооцогдох Tse pub болон Шөлөндөө, The Bull тэргүүтэй паб, хоолны газруудыг хэн эзэмшдэгийг танилцуулахаар бэлтгэлээ. 

228 салбартай “СU” сүлжээ дэлгүүр буюу “Премиум групп”

 
      “CU” сүлжээ дэлгүүрийг “Премиум групп”-ийн охин компаниудын нэг болох “Сэнтрал экспресс Си Ви Эс” ХХК эзэмшдэг. “Сэнтрал экспресс Си Ви Эс” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Г.Чинзориг ажилладаг. Тэрбээр өмнө нь Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын Мэдээллийн технологи, инновацийн хэлтсийн даргаар ажиллаж байсан.
 
      Харин “CU” сүлжээг эзэмшигч “Сэнтрал экспресс Си Ви Эс” ХХК буюу эцсийн эзэмшигч “Премиум групп” ХХК-ийг А.Ганхуяг, А.Ганболд гэх ах дүү хоёр үүсгэн байгуулсан. Анхны бизнес нь бетон зуурмаг, барилгын материалын үйлдвэрлэл, худалдаа байсан бөгөөд Оюутолгой төсөлд “Рио Тинто”-той хамтарч ажиллах болсноор бизнесээ салбарт бүрд өргөжүүлсэн. 
 
     Түүнчлэн “Премиум групп” нь “М-Си-Эс” групптэй ойр холбоотой явж ирсэн. Тухайлбал, “Премиум групп”-ийг үүсгэн байгуулагчдын нэг А.Ганхуяг нь “М-Си-Эс” группийн Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ц.Мөнх-Оргил нарын хэмжээнд томоохон хувьцаа эзэмшигчдийнх нэг байсан. Мөн “М-Си-Эс” группийн захирлуудын нэг буюу УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын хадам ах, “Юнител” группийн Захирлуудын зөвлөлийн дарга Р.Ганболд нь “СU” сүлжээ буюу “Сэнтрал экспресс Си Ви Эс” ХХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүнээр ажилладаг. 
“CU” сүлжээ дэлгүүрийн цэвэр орлого энэ оны I улиралд 41.6 тэрбум төгрөг байсан бол II улиралд 69.5 тэрбум төгрөг болж нэмэгдсэн байна. Орлогынх хэмжээ огцом өсөж буй нь салбаруудынх нь тоо нэмэгдэж байгаатай холбоотой. Тухайлбал, “CU” сүлжээ нь 2021 онд 127 салбартай байсан бол 2022 онд салбарын тоогоо 101-ээр нэмэгдүүлж, 228 салбартай болжээ. Тус салбаруудад 2800 гаруй хүн ажиллаж байна. “CU” сүлжээ нь 2023 онд 360 салбар дэлгүүртэй болж, жилд 390 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллахаар төлөвлөжээ. 
 

93 салбартай “GS25” сүлжээ дэлгүүр буюу “АПУ”, “Шунхлай групп”

 
      "GS25" сүлжээ дэлгүүрийн франчайз эрхийг “Дижитал концепт” ХХК эзэмшдэг. Харин “Дижитал концепт” ХХК-ийг “АПУ” ХХК, “Шунхлай групп” ХХК хамтран эзэмшдэг буюу "GS25" сүлжээ дэлгүүрийн эзэд. “АПУ” ХХК болон “Шунхлай групп” ХХК-ийг архи согтууруулах ундаа, шатахууны бизнес болон УИХ-ын гишүүн асан Г.Батхүү агснаар олон нийт сайн мэддэг байсан. Харин өдгөө “Шунхлай групп”-ийг түүний дүү Пүрэвийн Батсайхан удирддаг. 
 
“Шунхлай” групп нь GS25 сүлжээ дэлгүүрийн франчайз эрхийг 2021 оны нэгдүгээр сард авч, 2021 тавдугаар сард анхны гурван салбараа нээсэн. Улмаар 2021 онд GS25 сүлжээ дэлгүүрт 27 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, 50 салбарыг байгуулсан. Харин 2022 онд 70 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, салбаруудаа нэмж буй. Одоогоор Улаанбаатар хотод GS25 сүлжээ дэлгүүрийн 93 салбар ажиллаж байна. 
 

Tse pub, Шөлөндөө, Жигнүүр буузны сүлжээ буюу “Бльюмон групп”

 
      Tse pub, Жигнүүр бууз, Шөлөндөө, The Bull, Сура зэрэг сүлжээ хоолны газар, ресторан, пабуудыг “Бльюмон” групп буюу УИХ-ын гишүүн асан Н.Оюундарь, түүний нөхөр Ц.Санжжав, түүний хүү С.Бат-Ерөөл нар эзэмшдэг. 
УИХ-ын гишүүн асан Н.Оюундарь, түүний нөхөр Ц.Санжжав нар анх 2000 онд Tse пабыг нээж, улмаар “Бльюмон” групп болгон өргөжүүлсэн. Өдгөө Tse сүлжээ паб долоон салбартай, Жигнүүр бууз сүлжээ хоолны газар таван салбартай, Шөлөндөө сүлжээ хоолны газар есөн салбартай. The bull hot pot сүлжээ ресторан таван салбартай, Сура ресторан хоёр салбартайгаар үйл ажиллагаа явуулдаг. Мөн “Бльюмон” групп нь хоол, рестораны сүлжээ бизнесээс гадна барилга, үл хөдлөх бизнесийн салбарт олон охин компанитай. 
 
 

Хотыг “хэрсэн” сүлжээ дэлгүүр, хоолны газруудын эзэд хэн бэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188