• Өнөөдөр 2026-06-26

ТАЛИЙГААЧИЙН ЭЭЖ: ХҮҮ МИНЬ БОСООД ИРЭХГҮЙГЭЭС ХОЙШ АМИНД НЬ ХҮРСЭН Ч ГЭЛЭЭ НАЙЗЫГ НЬ ӨРШӨӨЖ ӨГӨӨЧ, ШҮҮГЧ ЭЭ

    Эргэлт.мн мэдээллийн сайт “Хавтаст хэрэг” булангаараа онц ноцтой хэргүүдийг тоймлон, сэрэмжлүүлдэг билээ. Энэ удаад бид хоёр найз үл ялиг шалтгаанаас үүдэн маргалдаж, нэгнийхээ аминд хүрсэн хэргийн хавтаст хэргийг хүргэж байна.

Шүүгдэгчийн биеийн байцаалт,

        Монгол Улсын иргэн, 1995 оны арванхоёрдугаар сарын 29-нд Ховд аймгийн Манхан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер мэргэжилтэй, ам бүл тав, эхнэр, гурван хүүхдийн хамт, Баянзүрх дүүрэгт амьдардаг.

Холбогдсон хэргийн тухайд,

Шүүгдэгч О нь 2024 Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах  авто засварын газарт талийгаач М-тэй маргалдаж, цээжин хэсэгт нь нэг удаа отверкаар хатгаж, амийг нь хөнөөжээ.

        Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт бичгээр гаргасан тайлбартаа “Миний бие Б нь талийгаач М-ийн ээж нь билээ. Миний хүү 1999 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод манай хоёр дахь хүү болон мэндэлсэн. Бусдын л адил цэцэрлэг, сургуулиар хүмүүжиж улмаар нэгэн их сургуулийн Үйлдвэрлэлтийн автоматжуулалт ангийг төгсөж дээд боловсрол эзэмшээд “.....” ХХК-д инженерээр ажиллаж байсан юм. Хүүгийн найз О, миний хүү М хоёр хамт ажилладаг, аятайхан үерхэж найзалдаг байлаа. О манайхаар орж гардаг, хүү маань ч бас О-ынхаар орж гардаг, заримдаа хүүхдийг нь цэцэрлэгээс авч өгнө гэсээр ирдэг.  Нөхөрлөл ямар байдгийг үлгэрлэж байсан хоёр юм. Залуу улс архи уугаад, дарвиж яваад маргаж муудалцжээ. Уур хилэнгээ барьж дийлээгүйгээс миний хүүгийн алтан амийг авч одлоо. Хүүгийн маань аммйг хөнөөсөн энэ үйл явдал бид бүхэнд хүнд гарз, хүнд шарх үлдээлээ. Ид залуу 25 насандаа хүү минь энэ хорвоогоос зуурдаар явлаа. О зүгээр л хүүг минь цохиод унагачихгүй, амин бус газар нь хатгахгүй яавдаа гэж үе үе их л бодогдох юм. Би төрийн байгууллагын тогоочоор ажилладаг, нөхөр маань онцгой байдалд ажиллаж байгаад харваад, одоо гэртээ байдаг. Амьдрал ахуй минь сайнгүй л байна. Хэдийгээр бидэнд маш хэцүү байгаа ч би эх хүн учраас хүүгийн минь амийг хөнөөсөн ч найзалж нөхөрлөж, хамтарч ажиллаж байсан үеийг нь бодож, адилхан хүү шиг минь байсан О-ыг энэ айхтар алдаанаас болж амьдрал нь бүрэн мөсөн сүйрэхийг хүсэхгүй байна. О-ын эхнэр өвчтэй, бага насны хүүхэдтэй юм билээ. Нэгэнт миний хүү хөрст шорооноос босоод ирэхгүйгээс хойш бид О-д хатуурхаж өс санах гэхээс илүүтэй түүний ар гэрийн амьдрал, эхнэр, хүүхдийг нь бодоод уужуу сэтгэлээр хандахыг хүссэн юм аа. Тиймээс хүүгийн маань найзад хатуу ял оноохгүй, өршөөж өгөхийг эрхэм шүүгчдээс хүсэж байна. О тэр айхтар газраас гарч ирээд ухаарч, ирээдүйд зөв хүн болж, зөв замаар явж, буян үйлдээсэй гэж хүсэж, итгэж байна. Талийгаач хүү минь тэнгэрт одсоноос хойш 21 хоногт надад нэгэн зүүд зүүдлэгдсэн. Миний зүүдэнд хүү минь ирээд “Ээж ээ, О ахыг зүгээр орхичихооч дээ” гэж хэд хэдэн удаа маш тод, чанга хэлсэн. Түүнээс хойш миний бие муудаад хэд хоног эмнэлэгт хэвтээд гарсан. Энэ миний хүүгийн хүсэл байсан юм болов уу гэж бодож байгаа. Монгол хүний уужуу сайхан сэтгэлийн үүднээс би дээрх мөрүүдийг өөрийн гараар бичиж шүүхэд хүргүүлж байна. Шүүх хуралдаанд оролцож хүүгийнхээ тухай зүйлсийг сонсож сэтгэлээ өвтгөх, хүүгийнхээ найзыг яллуулахыг харж шаналахыг хүссэнгүй. Би өмгөөлөгч О-г авсан тул миний өмгөөлөгч шүүх хуралдаанд биечлэн оролцох болно. Эрхэм шүүгчид та бүхэн намайг ойлгоно гэж найдаж байна. Одоо надад аавыгаа хөл дээр нь босгох гэсэн талийгаач хүүгийнхээ мөрөөдлийг биелүүлэх завгүй өдөр хоногууд биднийг хүлээж байна” гэжээ.

        Гэрч Д.Л мэдүүлэхдээ “...Гарааш руугаа явах замдаа М, О нар нь маргаад байсан. Миний ойлгосноор тэр хоёрын хоорондоо ярьсан байсан нууцыг нь өөр хүн мэдчихээд байсан юм шиг байна лээ. Яг, юуг хэн мэдчихээд байгааг би мэдэхгүй. Ийм байдалтай маргаж явсаар байгаад гараашны гадаа ирсэн. Талийгаач М ах машинаас буугаад цамцаа тайлж шидээд, О-тай маргалдаад байсан. Арай ч цохиж аваагүй, гар хүрээгүй. Э бид хоёр гараашны гадаа хүлээж байх үед тэр хоёр дотор уйлалдаад л “Чи ийм хүн байсан юм уу” гээд О ах уйлаад байхаар нь бид хоёр орсон.  О ах цаасан хайрцаг дээр тавьсан байсан багажнууд дундаас баруун гартаа отверка, зүүн гартаа бал барьчихаар нь би отверка барьсан гарыг нь уг нь барьж авсан. Гэвч гараас мултраад М рүү отверкатай баруун гараараа далайгаад дайрч байсан. Яг отверка зоосон эсэх нь надад харагдаагүй. Хүрэлцээд л салах шиг болсон чинь М ах зогсож байснаа гуйваад хажуу тийшээгээ хараад уначихсан. О ах гартаа барьсан байсан бал, отверка хоёрыг цаасан хайрцаг дээр зоогоод хоёуланг нь босоогоор нь зоогоод зоож орхисон...” гэжээ.

       Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Нинжбат эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ “Б.О өөрийгөө илэрхийлж сайн ярьж чадахгүй, сандраад байх шиг байна. Энэ хүний сэтгэцийг харгалзан үзнэ үү. Б.О амь хохирогч хоёр дотно байсан. М бол О-ын хүүхдийг цэцэрлэгээс нь аваад, гэр орноороо очиж хоол унд идээд явдаг байсан зэрэг хүмүүс хоорондын нандин харилцааны зүйл энд яригдсангүй. Амь хохирогч ажлынхнаасаа зөвхөн Б.О-ынд очиж золгодог байсан. Б.О М-ийг ажилд ороход нь хүлээн авч дагалдуулж, зааж сургаж, гарыг нь ганзганд хүргэж сургаж байсан. Хүн амины гэмт хэргийн субъектив талыг харахад хэдийгээр гэм буруу дээр маргахгүй байгаа ч гэсэн Б.О М-ийг алах, амийг нь хохироох санаа сэдэлт байгаагүй. Архи уусан хүмүүс уураа барьж чадаагүйгээс болж аминд нь хүрсэн. Хүний аминд хүрэх асуудал тодорхой зэвсэг хэрэглэж хүрсэн тохиолдол бол анхнаасаа алах санаа сэдэлт зорилго байдаг. Гэтэл тухайн нөхцөл байдалд машины гараашинд овтерка байсан. М-ийг хөнөөе гэсэн санаа О-д байгаагүй. Өнөөдөр ийм зүйлээ ярьж чадахгүй байгаа учраас өмгөөлөгчийн хувьд хэлэх нь зүйтэй гэж үзэж байна. Шүүх хуралдааны өмнө миний бие хууль ёсны төлөөлөгч Б-ийг өмгөөлөгч нартайгаа байхад нь уулзсан. Өөрөө хүнийхээ хувьд Б.О-д их сайн юм байна лээ. Ийм аймшигтай зүйл болсонд цочирдсон гэдгээ хэлсэн.  Та энэ хэлж байгаа зүйлээ шүүх хурал дээр ороод ярьж чадах уу гэхэд би ороод ярьж чадахгүй. Сэтгэл донслоод уйлаад хэцүү байна байх гэхдээ би О-аад хатуу ял оноож, амьдралыг нь сүйрүүлэхийг хүсэхгүй байна гэж хэлсэн. Эдгээр нөхцөл байдлыг ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзнэ үү” гэв.

Тогтоох нь,

 Шүүгдэгч Б.О-ыг “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-ыг 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            -Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-д оногдуулсан зургаан жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 


ТАЛИЙГААЧИЙН ЭЭЖ: ХҮҮ МИНЬ БОСООД ИРЭХГҮЙГЭЭС ХОЙШ АМИНД НЬ ХҮРСЭН Ч ГЭЛЭЭ НАЙЗЫГ НЬ ӨРШӨӨЖ ӨГӨӨЧ, ШҮҮГЧ ЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188