• Өнөөдөр 2026-06-19

ХҮНИЙ АМИНД ХҮРЧ БАЙСАН ЭТГЭЭД СЭТГЭЦИЙН ЭМНЭЛЭГТ ЭМЧЛҮҮЛЖ БАЙХДАА ТАНИЛЦСАН ЭМЭГТЭЙГЭЭ ХАРДАЖ, АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ

       Өмнө нь хүний аминд хүрч байсан сэтгэцийн өөрчлөлттэй эрэгтэй жирэмсэн эмэгтэйг бага насны хүүхэдтэй нь хөнөөсөн ноцтой хэрэг гараад удаагүй байгаа. Тэгвэл энэ төрлийн гэмт хэрэг дахин гарчээ. Тодруулбал, хэдэн жилийн өмнө хүний аминд хүрч байсан сэтгэцийн өөрчлөлттэй эрэгтэй найз охиноо хөнөөжээ. Тэрбээр найз охинтойгоо сэтгэцийн эмнэлэгт танилцсан байна. Талийгаачийн хувьд нойргүйддэг, үүнээсээ болж хий юм харж, ганцаараа ярьдаг болсон байжээ. Ингээд сэтгэцийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа нэгэн залуутай танилцсан ч удалгүй амиа алдсан байна. Бид сэрэмжлүүлэг болгох үүднээс уг хэргийн хавтаст хэргийг хүргэхээр зэхлээ.

Шүүгдэгчийн байцаалт,

        Шүүгдэгч 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянзүрх дүүрэгт амьдардаг. Өмнө нь Сум дундын 14 дүгээр шүүхийн 2015 оны зургадугаар сарын 12-ны өдрийн ... дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар шүүгдэгч Ц.Б д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авхуулсан, хэрэг хариуцах чадваргүй нэгэн.

Холбогдсон хэргийн тухайд,

Шүүгдэгч Ц.Б  нь 2025 оны тавдугаар сарын 16-ны Баянзүрх дүүргийн дугаар тоотод найз охин П.М ийн нүүрэн тус газарт хутгалж, зүсчээ. Үүнээсээ хэдхэн хоногийн дараа буюу зургадугаар сарын 1-нд найз охин П.М-ийг хардаж, хутгалж хөнөөсөн байна.

Мэдүүлэг,

          Талийгаачийн ээж мэдүүлэхдээ...” Манай охин 1994 онд төрсөн. ШУТИС-д хүнсний технологич мэргэжлээр төгссөн. Би Солонгос Улсад ажиллахаар яваад, охин маань гэртээ ганцаараа үлдсэн. Намайг Солонгост байх хойгуур талийгаач охин маань сэтгэл санааны гутралд орж, эмнэлгийн байгууллагад үзүүлж байсан. Намайг 2023 онд Монголд ирэхэд охин маань сэтгэцийн өөрчлөлттэй болсон гээд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Тэгээд эмч нараас нойргүйдлээс болж хий зүйл харах, сонсох өвчин туссан байна гэж хэлсэн. Сэтгэцийн эрүүл мэндийн төвөөс надад талийгаачийг тархины хөөрөл гэж оношилсон байсан. Тэгээд 2023 оноос хойш би П.М тэй хамт амьдарч байгаа. Надтай байхдаа хий зүйл харж, сонсох зэргээр өвчин нь сэдрэхээр би сэтгэцийн эрүүл мэндийн төвд хэд хэдэн удаа хэвтүүлэн эмчлүүлж байсан. Охиноо амиа алддаг өдөр би 12:00 цагийн үед гэрээсээ гарсан. Охин маань унтаад, би өрөөнийх нь хаалгыг нэг удаа эргүүлээд, цоожлоод гарсан. Эргээд гэртээ ирэхэд гэрийн хаалга онгойхгүй, хоёр удаа эргүүлээд түгжсэн байсан. Охиныг гараад явчихсан юм байна гэж ойлгоод, өрөө рүү нь ороход хөнжлөө толгой дээгүүрээ бүтээчихсэн байсан. Тухайн үед би хэд хэдэн удаа талийгаачийг дуудахад дуугарахгүй орны толгой дээр нь цус болчихсон байсан. Тэгээд би талийгаачийн хөнжлийг нь сөхөөд үзтэл охины минь цээжний зүүн талаас нь цус гоожсон байдалтай нас барсан байсан. Охин маань 2024 оны наймдугаар сард Сэтгэцийн эрүүл мэндийн төвд хэвтэж гарч ирээд Ц.Б  гэж залуутай эмнэлэгт хэвтэж байхдаа танилцсан байсан. Тэгээд 2024 оны наймдугаар сард охин маань Ц.Б  гэж залууг гэртээ аваад хүрээд ирсэн. Тухайн үед Ц.Б-гийн аавтай нь утсаар ярьж, ээж Ц  гэж эмэгтэйтэй уулзаж Ц.Б гийн талаар асууж байсан. Охины маань найз залуу болох Ц.Б  нь надад хэлэхдээ “Би өмнө нь хүн алж байсан.  Гэхдээ дахиж хүн алахгүй, та нар надаас битгий айгаарай” гэж хэлж байсан. Тэрнээс хойш манай охин П.М-ийг Ц.Б  нь манай гэрт орж ирээд бороохойгоор зодож, цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан. Түүнээс хойш охины минь хацрыг хутгаар сийлж, зүссэн байсан. Тэрийг нь цагдаагийн байгууллагад гомдол өгч шалгуулж байгаа. Манай охин П.М  нь надад хэлэхдээ “Ээжээ надад Ц.Б гээс өөр ямар нэгэн найз байхгүй. Хөгжилтэй зүйл яриад байдаг юм” гэж хэлж байсан. Намайг гэртээ байж байхад Ц.Б  нь манай гэрт ирээд манай хаалгыг маш чанга тогшоод, орилж байсан. Манай охиныг ганцаараа байхад нь Ц.Б  нь ирж манай гэрийн хаалгыг хүчтэй тогшихоор нь айгаад хаалгаа онгойлгочихдог гэж охин маань хэлж байсан” гэж мэдүүлжээ.  

         Гэрч П.Найрамдалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Миний дүүгийн аминд хүрсэн этгээд өмнө цагдаа хийж байсан гэж хэлсэн. Дандаа шүгэл бороохойтой явдаг гэж байсан. Мөн өмнө нэг удаа хүн алж байсан гэж хэлж байсан. Манай дүүг нэг удаа бороохойгоор зодож байгаад явсан байсан тэр үедээ Б  өөрөө өөрийгөө цагдаад өгсөн байсан. Тэрний дараа 2025 оны тавдугаар сарын 16-ны өдөр манай дүүгийн хацрыг хутгаар зүссэн байсан тухайн үед бид нар цагдаагийн байгууллагад хандаад шалгуулж байсан” гэжээ.

          Шүүгдэгч Б-ийн төрсөн ээж мэдүүлэхдээ “...Миний төрсөн хүү Б  нь 2007 онд буюу 17 настай байхдаа шөнө унтахаа больсон. Тэр үедээ “Таньтай хамтдаа баймааргүй байна, ганцаараа баймаар байна гэх мэтчилэн сэтгэцэд нь өөрчлөлт орж, орой гарч яваад өглөө 06:00 цагт үүрээр орж ирдэг болчихсон. Хий юм хардаг сонин сонин зүйлс ярьдаг байдалтай болчихсон байсан. Тэгэхээр нь би 2007 оны намраас хичээлдээ явахынхаа өмнө нь ийм байдалтай болчихсон учраас намар нь хувийн сургуульд оруулсан, хувийн сургуульд оруулсан боловч түүнтэй найзлах хүүхэд байхгүй, Б-гээс айж байсан учраас багш нар нь биднээс гуйгаад хүүхдүүд танай хүүхдээс айгаад байна, танай хүүхдийг чинь сургуулийг нь төгсгөнө, харин хүүхдээ гэрээрээ сургаад өгөөч гэж гуйхаар нь бидний зүгээс зөвшөөрөөд гэрээр сургаад төгсгөж бүрэн дунд боловсролыг эзэмшүүлсэн. Мөн онд 2007 онд СЭМҮТ-д хуучнаар Шар хаданд үзүүлэхэд орос хэл дээр онош бичиж өгч  байсан бөгөөд тэр нь одоогийн F20.1 Шизофрены  хэлбэр гэх оноштой, тухайн сэтгэцийн өвчин нь нийгэмд ямар нэгэн ажил эрхлэх боломжгүй, хүмүүстэй ойлголцох чадваргүй, харилцааны хувьд ямар нэгэн бусадтай ойлголцох наад захын чадвар байхгүй болчихдог онцлогтой, заримдаа гайгүй ч юм шиг байдалтай болчихдог юм. Ийм байдалтайгаар 2007 оноос хойш өнөөдрийг хүртэл эмчилгээ хийлгэж байгаа.

Тэр өдөр би хүү рүүгээ залгахад гэрээсээ гараад явчихсан байсан. Тэгэхээр нь би “Бялуу аваад очиж байна шүү” гэсэн. Тэгээд над руу хэсэг байж байгаад залгаад “Би гэртээ ирчихсэн байна” гэж хэлэхээр нь шууд гэртээ ирсэн. Хүү маань намайг ирэхэд “Ээж би маргааш ерөөсөө эмнэлэгтээ хэвтдэг юм уу” гэж хэлээд өөрийнхөө гар утас, иргэний үнэмлэх, жолоочийн үнэмлэхээ надад өгөөд “Та далд хийчих” гэхээр нь би яагаад одоо далд хийх юм бэ, өглөө надад өгчих гэхэд Б  “Хэрэггүй утас, бичиг баримтууд танд байж байг” гэж хэлээд өгөхөөр нь би тэрийг нь аваад гэртээ далд хийсэн. Орой нь хүүгийн маант СЭМҮТ-д хэвтэж байхдаа найзалсан гэх М  гэх охины ээж над руу  2-3 удаа залгаад байхаар нь аваагүй, учир нь өмнө нь залгаад хэрүүл уруул хийгээд байдаг байсан. Хүү маань надаас тамхины мөнгө гуйхаар нь өгөөгүй, тэгээд “Чи яг яасан юм, үнэнээ хэл. Найз охины чинь ээж залгаад байна. Үнэнээ хэлбэл мөнгө өгнө. Чи арай очоод зодчихсон юм биш биз дээ” гэхэд хүү маань доошоо хараад суугаад байсан. Тэгэхээр нь би өөрөө М-ийн ээж рүү нь залгаад юу болсон бэ гэж асуухад шууд урдаас “Танай хүүхэд чинь миний охиныг алчихсан байна шүү дээ” гэж хэлээд уйлаад байхаар нь би ер нь тийм зүйл болчихсон байна гэж ойлгоод Б д хандаад шууд тулгаад “Чи М ийг алчихсан байна шүү дээ, үгүй биз дээ” гэхэд Б  надад “Тийм ээ, ээж би алчихсан юм” гэж хариулж хэлэхээр нь би шууд 102-тусгай дугаарт дуудлага мэдээлэл өгч “Энд хүн амины хэрэг хийчихсэн хүн байна, яаралтай ирээрэй” гэж дуудлага мэдээлэл өгсөн. Тэр хооронд яг юу болсныг нь надад үнэнээр нь хэл гэж хэлэхэд Б  “Угаасаа энэ М  чинь аягүй олон хүнтэй явалддаг, дандаа намайг хуурдаг, би угаасаа ална гээд шийдчихсэн байсан” гэж хэлээд баахан олон таксины жолооч ч гэнэ үү баахан хүнтэй хардсан тухайгаа хэлсэн.  Тэглээ гээд яах гэж алсан юм бэ гэхэд “Угаасаа тэгнэ гээд шийдчихсэн байсан юм” гэж хэлсэн. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа ч шинж байгаагүй . Тэр үед цагдаагаас залгаад яаралтай наанаасаа холдоод ядаж өөр газарт нь яваад очоорой гэж хэлэхэд нь би өөрөө гадагшаа гараагүй, өөрийнхөө аюулгүй байдлыг хангаагүй, эхлээд би өөртөө итгэж чадахгүй арай ч үгүй байлгүй дээ гэхэд Б  нь “Угаасаа тэгнэ гээд шийдчихсэн байсан юм” гэж хэлээд байсан. Тэгээд цагдаа нарыг иртэл нь хамтдаа байж байгаад цагдаа нарыг ирэхэд нь би өгч явуулсан. Хүү маань 2014 онд Эрдэнэт хотод аавтайгаа хамтдаа байхдаа бас нэгэн охины амь насыг хохироож байсан. 2014 оноос 2019 он хүртэлх хугацаанд Шар хадны хуулийн тасагт эмнэлгийн албадлагад эмчлүүлж байгаад суллагдаж байсан” гэжээ.

Шүүхээс шүүгдэгчийг хэрэг хүлээх чадваргүй учраас хэргийг хэрэгсэхгүй болгож, хаах шийдвэр гаргажээ.

 

 


ХҮНИЙ АМИНД ХҮРЧ БАЙСАН ЭТГЭЭД СЭТГЭЦИЙН ЭМНЭЛЭГТ ЭМЧЛҮҮЛЖ БАЙХДАА ТАНИЛЦСАН ЭМЭГТЭЙГЭЭ ХАРДАЖ, АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188