• Өнөөдөр 2024-05-06

ЗАМЫН-ҮҮДИЙН ГААЛИЙН ГАЗРЫН БАЙЦААГЧДЫН ХАХУУЛЫН СХЕМ

2023-12-01,   1155

            Гааль, татварын байцаагчид эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, иргэдээс авлига авсан хэргийг баримттайгаар хүргэж байна. Тодруулбал, Замын-Үүдийн гааль, татварын нэр бүхий байцаагчид иргэн Л.Гэрэлт-Од удаа дараагийн үйлдлээр их хэмжээний авлига авсан нь нотлох баримтаар тогтоогдож, хуулийн хариуцлага хүлээжээ.

ХОЛБОГДСОН ХЭРГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА:

Шүүгдэгч Л.Гэрэлт-Од нь Замын-Үүд дэх гаалиар орж ирж байгаа автомашинуудад гаалийн хяналт, шалгалтыг зохих журмын дагуу хийлгэхгүй, зөрчлийг нуун дарагдуулж, саадгүй нэвтрэх зорилгоор Замын-Үүд дэх Гаалийн газрын Гаалийн улсын ахлах байцаагч Б.Цэенгийн данс руу 2015 онд 11 удаагийн гүйлгээгээр 10.5 сая төгрөг, 2016 онд гурван удаагийн гүйлгээгээр 3.3 сая төгрөг шилжүүлжээ.

Мөн үүнээс гадна Татварын ерөнхий газрын Зөрчилтэй тэмцэх газрын дарга Т.Мөнхчулууны хүү М.Эрхэсийн данс руу 2015 онд 10 удаагийн гүйлгээгээр 12.5 сая төгрөг шилжүүлж, хахууль өгсөн нь тогтоогдсон байна.

Түүнчлэн шүүгдэгч Л.Гэрэлт-Од нь БНХАУ-аас Монгол Улсын Замын-Үүд дэх боомтоор импортоор оруулж ирж гаальд мэдүүлж буй 8437 УБС, 4738 ХЭҮ улсын дугаартай ачааны автомашинд ачсан олон нэр төрлийн бараанд гаалийн хяналт шалгалтыг зохих журмын дагуу хийлгэлгүй, тухайн бараанд төлөх татварын хэмжээг багасган төлөх, улмаар зөрчлийг илрүүлэхгүй нуун дарагдуулж, гаалийн хяналтын бүсээс саадгүй гарах зорилгоор 2015 онд Гаалийн улсын ахлах байцаагч Б.Цэенгийн данс руу 1.5 сая, Татварын Ерөнхий газрын Зөрчилтэй тэмцэх газрын дарга Т.Мөнхчулуунд 3.0 сая, Замын-Үүд дэх Гаалийн газрын Гаалийн улсын ахлах байцаагч Б.Оюунчимэгт 2.0 сая төгрөгийн авлига өгсөн хэрэгт холбогджээ.

МЭДҮҮЛЭГ:

Шүүгдэгч Л.Гэрэлт-Од “2016 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр Замын-Үүд дэх гаалийн улсын ахлах байцаагч Б.Цэен над руу яриад эмнэлэгт хэвтэж байгаа учир таван сая төгрөгний хэрэг байна, зохицуулахыг бодоорой” гэсэн.  Би Б.Цэен эгчид “Зургаан сая төгрөгт гаалийн бүрдүүлэлт хийх машин байгаа” гэхэд “Гурван сая төгрөгт багтаагаад гаалийн бүрдүүлэлт хийчих, би гаалийн байцаагч нарт хэлчихье” гэсэн. Тэгээд  “М.Эрхэс гэх хүний данс руу гурав, өөрийнхөө данс руу хоёр сая төгрөг шилжүүлээрэй” гэхээр би хийсэн.  М.Эрхэс гэдэг нь Татварын Ерөнхий газрын Зөрчилтэй тэмцэх газрын дарга Т.Мөнхчулууны хүүгийн данс байсан юм билээ” гэжээ.

Гэрч Ш.Батчулуун “... 2016 оны нэгдүгээр сарын 14-ний 18:00 цагийн үед  8437 УБС машины эзэн Н.Энхтөр “Миний машин урд ачаа ачсан байгаа, та оруулаад ирээч” гэхээр нь хилээр гарч машиныг нь авчираад, бүртгэлийн бичгийг нь С.Оюунсүрэн гэх эмэгтэйд өгсөн. Намайг хилээр гарахад Хятадын Али гэдэг хүн “С.Оюунсүрэнтэй яриарай, гаалийн бүрдүүлэлт хэн хийхийг мэднэ” гэж хэлсэн. Нэгдүгээр сарын 15-ны 17:00 цагийн үед Н.Энхтөр залгаад “Та машинаа асаагаарай, бичиг баримт чинь болчихсон. 9911.... дугаар руу залгаарай, таныг гаргаад өгнө” гэсэн. Өгсөн дугаар руу нь залгатал “Машинаа гаалийн хаалга руу дөхүүлж бай. Би гарах бичгийг чинь гаалийн байцаагчид өгөөд зогсож байна” гэсэн. Тэгээд би асуудалгүй гаалийн хашаагаар гарсан. Гэтэл гэнэт хууль хяналтын байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж, машинд үзлэг хийсэн. 8437 УБС улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 60 тонн ачаа ачсан байсан. Төрөл бүрийн бараа ачсан учраас юу ачиж, ямар бүрдүүлэлт хийснийг мэдээгүй. Гэтэл шалгалтын явцад бүртгэлд ороогүй машины нум их хэмжээгээр ачсан нь баригдсан. Гэтэл С.Оюунсүрэн над руу залгаад “Би гаалийн бүрдүүлэлт хийгээгүй шүү, намайг асуудалдаа битгий хутгаарай” гээд уурлаад байсан” гэж мэдүүлжээ.

8437 УБС машины эзэн Н.Энхтөр “Би машинаа Эрээнээс Улаанбаатар руу түрээсээр явуулдаг юм. Жолооч Ш.Батчулуунтай хамт машинтайгаа Замын-Үүдээс Улаанбаатар руу явж байтал Сайншандад зогсоож, шалгасан. Ачааны бүрдүүлэлтийг хэн хийсэн гэдгийг мэдэхгүй байна. Би С.Оюунсүрэнтэй холбогдоод машины талаар асуухад “Би хятадаас нь мөнгийг нь аваад Л.Гэрэлт-Одод өгсөн, өөр хүн бүрдүүлэлтийг нь хийсэн” гээд байдаг. Хичнээн тонн ачаа байсан ч 10.000 юань буюу 3.000.000 төгрөгөөр явуулдаг юм. Энэ ачааны хувьд хөлсний мөнгө нэг төгрөг ч хятадаас аваагүй байна. Улаанбаатарт ачаа буулгамагц ачаа задалсан хүмүүсээс мөнгөө авдаг” гэж мэдүүлжээ.

Гэрч Хяналт шалгалтын байцаагч М.Нарангэрэл “С.Оюунсүрэн эгч 8437 УБС гэсэн дугаартай машин орж ирнэ гэж хэлсэн. Би тухайн үед нэг машины бүрдүүлэлт хийж байсан. Намайг бүрдүүлэлтийг нь хий гэхээр нь Л.Гэрэлт-Од руу залгаад “Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн З.Анхцэцэг ямар ажилтай байгаа вэ” гэхэд намайг утсаараа яриулсан. Би З.Анхцэцэгт “8437 УБС машин байна. Наагуур чинь бүрдүүлэлт хийгээд өгөх хүн байна уу” гэхэд эргэж холбогдоод “Мөнгөө хийчих” гээд нэг дансны дугаар өгсөн. Энэ машины бүрдүүлэлтийг хий гэж хэлсэн С.Оюунсүрэн эгч миний данс руу 8.0 сая төгрөг хийсэн. Тэгээд би З.Анхцэцэгийн өгсөн Л.Гэрэлт-Одын данс руу гурван удаагийн гүйлгээгээр 7.7 сая төгрөг шилжүүлсэн. Өөртөө 300 мянган төгрөгийг нь авч үлдсэн. Оюунсүрэн эгч надаас “Л.Гэрэлт-одод би 7.7 сая төгрөг өгсөн. Түүнээс 2.5 сая төгрөгийг гаалийн татварт төлчихөөд үлдсэн мөнгөө яачихсан юм” гэж асуулгасан. Гэтэл Л.Гэрэлт-Од “Чиний эхлээд өгсөн 6.0 сая төгрөгнөөс 2.5 сая төгрөгийг гаалийн татварт төлөөд, үлдсэн мөнгийг нь цацаад дууссан. Би бол аймаар цацаж байж л ачаагаа гаргадаг шүү дээ гэж байсан” гэжээ.  

Гэрч “УБ транс” ХХК-ний гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн З.Анхцэцэг “... 2016 оны нэгдүгээр сарын 15-нд намайг Гаалийн цогцолборын Рентгений хэсэг дээр ажиллаж байхад Л.Гэрэлт-Од нь С.Лхагвадорж буюу Уугийгаар 8437 УБС улсын дугаартай ачаатай тээврийн хэрэгсэлийн баримт бичгүүдийг хүргүүлсэн. Дараа нь Л.Гэрэлт-Од өөрөө рентгений хэсэг дээр орж ирээд бараагаа манифестэнд бичсэн байгаагаар мэдүүлье гэсэн. Хятад манифестний орчуулган дээр нум гэж байсан болохоор нь “Нум нь ямар учиртай юм бэ.  Энэ машины чинь нум юм байлгүй дээ, мэдүүлэхгүй орхилоо шүү” гэж хэлсэн. Би өмнө нь өөрөө машины нум мэдүүлж байгаагүй болохоор кодыг нь олохгүй, асуудал их гардаг тул залхуураад манифестэн дээрхээр нь мэдүүлчихсэн. 8437 УБС машины ачааг гаальд мэдүүлж байтал 4738 ХЭҮ улсын дугаартай ачаатай тээврийн хэрэгсэлийн дагалдах баримт бичгүүдийг авчирч өгсөн. Тэгтэл Л.Гэрэлт-Од залгаад “4738 ХЭҮ улсын дугаартай машины гаалийн мэдүүлгийг бас мэдүүлээд өгөөрэй” гэсэн. Баримт бичгийн байцаагч шалгаад татварыг нь бодоод татвар төлөх төлөвт оруулангуут би татварын маягтыг нь хэвлэж өгсөн. АТГ-аас 8437 УБС, 4738 ХЭҮ улсын дугаартай ачааны автомашиныг шалгаж эхлэхэд Л.Гэрэлт-Од “Намайг битгий хэлээрэй, намайг шалгах юм бол данс, утасны холболт бүгд ил байгаа шүү дээ” гээд гуйгаад байхаар нь би гаальд мэдүүлсэн юм чинь гаалийн бүрдүүлэлтийг ч би хийсэн гээд хэлчихье гээд Гэрэлт-Одтой тохирсон” гэжээ.

Яллагдагч Л.Гэрэлт-од “...Замын-Үүдэд байхад Хяналт шалгалтын байцаагч М.Нарангэрэл залгаад “8437 УБС улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг ачааны гаалийн бүрдүүлэлтийг хийгээд өгөөч, би төрчихсөн нялх хүүхэдтэй байна” гэж гуйсан учир би зөвшөөрч гаалийн бүрдүүлэлтийг нь хийсэн. Надад М.Нарангэрэл хэлэхдээ миний өөрийн ачаа, 31 тонн олон нэр төрлийн бараа байгаа гэсэн. Миний данс руу 6.0 сая төгрөг шилжүүлсэн. Би 3.0 сая төгрөгт багтааж гаальд бүрдүүлэлтийг хийхдээ Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн З.Анхцэцэгт хилийн боомтын Рентгэний хэсэгт очоод татвар багатай бараагаар гүйлгэж худал мэдүүлсэн. Уугий буюу Лхагвадоржоор татварын 2.500.000 төгрөгийг төлүүлсэн. З.Анхцэцэг мэдүүлгийг цахимаар Нямаа байцаагч руу илгээж дагалдах бичиг баримтыг нь аваад Д.Нямаа байцаагч руу аваад явсан. Хяналтын байцаагч Д.Наранчимэгт 8437 УБС машин дээрх ачааг З.Анхцэцэг шалгуулсан. Тухайн үед хил хаах гэж байсан. 103 буюу Гаалийн улсын ахлах байцаагч руу мөн З.Анхцэцэг авч очоод зөвшөөрөл авчирсан. Уугий буюу Лхагвадоржоор гаалийн бүрдүүлэлтийн бичгийг гарах хаалга буюу 118-р цэгт үзүүлж гаргуулсан.

Отгонсэлэнгэ Уугий руу залгаад  “4738 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг машины гаалийн бүрдүүлэлтийг хийгээд өгөөч” гэсэн байсан. Уугий энэ талаараа надад хэлсэн учир би энэ итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Анхцэцэгээр гаальд мэдүүлүүлсэн. Би Отгонсэлэнгэд 6.0 сая төгрөгийн өртэй байсан юм. Өрөндөө татварын мөнгийг нь төлж өгсөн. Гаалийн бүрдүүлэлт хийж байгаа ачаа бараагаа хурдан шуурхай гаргахад гаалийн улсын ахлах байцаагч Б.Цэен эгч байнга тусладаг. Б.Цэен эгчид мөнгө өгч гаргахгүй бол Гаалийн байцаагч нар буулгаж шалгаад байдаг юм. Буулгаж шалгахад ачаа бараа эвдрэх, гэмтэх, ачаа бараа дутах зэрэг асуудал үүсдэг. Б.Цэен эгч надаас 2014 онд 60 сая төгрөг зээлж аваад 28 сая төгрөгийг нь өгсөн. Үлдэгдэл мөнгөө нэхэхээр Цэен эгч “Чиний гаалийн бүрдүүлэлт хийсэн машин саадгүй гарч л байгаа биз дээ” гэдэг. Миний гаалийн бүрдүүлэлт хийсэн машинууд саадгүй гарч байсан нь үнэн, гаалийн байцаагч нар бүгд л намайг Б.Цэен эгчийн хуурай дүү гэдгийг хараад мэддэг болохоор миний машинуудыг 100 хувь буулгаж шалгаагүй. Би энэ хоёр машины асуудлаас бол шалгагдаж, хорих 461 дүгээр ангид цагдан хоригдсон. Энэ хугацаанд өмгөөлөгч “Мэдүүлэг өгч болохгүй шүү, хоёр сар тэвчээрэй. Дуудвал бие өвдөөд байна” гээрэй гэсэн. Мөн Б.Цэен эгч дөрвөн ч удаа хүнээр захиа хүргүүлсэн. Утга нь “Тэвчиж байгаарай. Чи төрийн албан тушаалтан учраас санаа зоволтгүй. Мэдүүлгээ аятайхан өгөөрэй” гэсэн байдаг.  

Гэрч Н.Мөнхбаярын “Татварын Ерөнхий газрын Зөрчилтэй тэмцэх газрын дарга Т.Мөнхчулуун бид хоёр найз. 2014 оны арваннэгдүгээр сарын сүүлчээр би Хятадаас гал тогооны тавилга, цахилгаан бараа авах гээд ганцаараа явсан. Тэр үед Т.Мөнхчулуун албан ажлаар Замын-Үүд рүү явж байсан. Бид нэг буудал бууж, таарцгаасан. Буудлын ресторанд Т.Мөнхчулуун гаалийн орлогч дарга,Замын-Үүд дэх Гаалийн газрын улсын байцаагч Б.Цэен, танихгүй нэг жолоочтой хамт хоол идэж, бага зэргийн согтууруулах ундаа хэрэглэсэн. Тэгээд Т.Мөнхчулуунтай хамт өрөөнд ороод байж байтал улсын ахлах байцаагч Б.Цэен гэх эмэгтэй архи аваад ирсэн.  Тэд хоорондоо урагшаа Хятад руу гарч тооцоо хийх гэж байгаа гэх асуудал ярьж байсан. Гэтэл байцаагч Б.Цэен нь надад хандан “Чи хөгшиндөө 15. сая төгрөг гурав хоногийн хугацаатай зээлчих” гэсэн. Б.Цэенг Хотын гаальд байхдаа мөрийтэй тоглоод ажлаасаа халагдахдаа тулж байсан гэдгийг нь мэдах учраас эхэндээ би татгалзсан. Тэгээд Н.Мөнхчулуунд “Энэ эмэгтэй чинь мөрийтэй тоглодог шүү дээ. Өгч болох уу” гээд асуутал “Гайгүй байлгүй дээ, өгчих” гээд ятгасан. Тэгээд гэрээсээ авч гарсан 100 мянган юанийн 50 мянгийг нь Б.Цэенд гэрээ байгуулахгүйгээр бэлэн өгсөн. Байцаагч Б.Цэенийг гурав хоногийн дараа өгнө гэхээр нь би хил гарч чадахгүй Замын-Үүдийн буудалд хүлээсэн. Тэгээд өгөхгүй болохоор нь байсан мөнгөндөө эд зүйлээ авахаар хилээр гараад буцаж ирсэн. Б.Цэен рүү мөнгөө авахаар удаа дараа залгахад “Өнөө, маргаашгүй өгнө” гээд байдаг байсан” гэжээ.

Шүүхээс яллагдагч Л.Гэрэлт-Одыг гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж,  гурван жилийн хорих ял оноожээ.

 


ЗАМЫН-ҮҮДИЙН ГААЛИЙН ГАЗРЫН БАЙЦААГЧДЫН ХАХУУЛЫН СХЕМ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-01 11:49:57
    зочин: Ажил хийж байгаа болгон дандаа хулгайч яана да энэ Монгол
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188