• Өнөөдөр 2024-04-27

“ОЛСОН ХҮНИЙ ОЛЗ, ХАЯСАН ХҮНИЙ ГАРЗ” биш, “ШУДАРГА ШУНАЛГҮЙ АМЬДАРЪЯ”

2020-12-12,   720

“Эргэлт.мн” сайт Монголын Криминологичдын холбоотой хамтран “Хавтаст хэрэг” булангаа долоо хоног бүрийн бямба гарагт уншигч танд хүргэдэг. Энэ удаад бусдын эд зүйлийг санаатай завшиж, хэрэгт холбогдсон талаар мэдээлж байна.
 
Э.С нь 2019 оны наймдугаар сарын 7-ны 11:32 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн XII хорооны нутаг дэвсгэрт байрлах “..........” эмнэлгийн хүлээлгийн танхимаас хар өнгийн түрийвчтэй эд зүйлс олжээ. Тухайн үед Э.С түрийвчний эзнийг М.М гэдгийг мэдэж байсан ч буцааж өгөлгүй 1.536.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ө.Х мэдүүлэхдээ: 

Тэр өдөр “..........” эмнэлэгт манай нөхөр хөлөө үзүүлэхээр очсон. Манай нөхрийн хөл нь өвдөөд байсан тул ард хоцорч яваад үлдсэн. Тэгээд нөхөр булан эргээд явж байснаа миний түрийвч алга байна гэхээр нь би зогсож байсан газраа буцаж очоод түрийвчийг нь хайсан боловч байгаагүй. Ингээд цагдаад мэдэгдээд “..........” эмнэлгийн камерын бичлэг шүүж үзэхэд энэ шүүгдэгч гэх эмэгтэй авсан бичлэг байсан. Тухайн үед камерын бичлэг нь байгаа болохоор өгчихнө л гэж бодсон. Үнэхээр гомдолтой байна. Нөхрийн түрийвч дотор жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх, алт байсан. Тухайн алтыг гэр бүл болж тусдаа гарахад нөхөрт маань эцгээс нь өвлүүлсэн юм.  5-6 жил болж байгаа. Мөнгөний хувьд манай нөхөр эмнэлэгт хэвтэнэ гээд хүнээс  500 мянган төгрөгийг авсан байсан. Б гэдэг хүнээс урьд өдөр нь цалин гэж авсан. М.М Б гэдэг хүний морийг уядаг учраас цалин гэж авч байсан. Манай нөхөр хохирол төлбөрт мөнгө аваагүй гэв.
 

Хохирогч М.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

 “...2019 оны наймдугаар сарын 5-нд би Баянхонгор аймгаас эхнэр Х гийн хамт Улаанбаатар хотод ирсэн. “..........” эмнэлэгт хөлөө үзүүлэхэд хэвтэж эмчлүүлэх шаардлагатай гэсэн. 2019 оны наймдугаар сарын 6-нд “..........” эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхээр уг эмнэлэгт байж байгаад халааснаасаа бэлэн 500 мянган төгрөг, найман грамм алт, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх хийсэн түрийвчээ гээгдүүлсэн. Ингээд түрийвчээ алга болчихоор нь эмнэлгийн хяналтын камерыг шүүж үзэхэд би сандал дээр сууж байгаад босож явах үед миний өмдний халааснаас түрийвч унасныг би анзаараагүй юм билээ. Цааш алхаж явахад эмнэлгийн ажилтан эмэгтэй надтай зөрж өнгөрөхдөө миний гээгдүүлсэн түрийвчийг авсныг бичлэгээ харсан. Миний түрийвчийг авсан эмнэлгийн ажилтан эмэгтэй газраас миний түрийвчийг аваад миний алхсан зүг рүү алхаж, булан эргээд хамгийн эхний нэг өрөө рүү миний түрийвчийг гартаа бариад орж байгаа бичлэг байхаар нь шууд цагдаад хандсан. Гэтэл тухайн эмэгтэй би түрийвчийг чинь булан эргээд нэг хүнд өгсөн гээд худлаа яриад байгаа.
 

Шүүгдэгч мэдүүлэгтээ:

 
“...Миний бие 2018 оны дөрөвдүгээр сараас 2019 оны арваннэгыдүгээр сарын 1-ний хооронд Сонгинохайрхан дүүргийн XII хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "..........” эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсан. 2019 оны наймдугаар сарын 07-нд 11:00 цагийн үед хоёр давхрын сэхээний тасгаас доод давхраас цус авах гээд нэг давхрын лабораторын коридорт явж байсан юм. Гэтэл шалан дээр хар өнгийн юм харагдахаар нь ойртоод хартал нэг хэтэвч байхаар нь авсан. Ингээд ойр хавийн хүмүүсээс “Энэ хэний хэтэвч вэ” гэж асуухад үл таних, 50 орчим настай, махлагдуу эмэгтэй “Миний хэтэвч байна” гээд авсан. Тэгээд хэтэвчийг нь өгснийхөө дараа би бие засах өрөө ороод үргэлжлүүлээд цус авахаар явсан. Би хэтэвчийг олоод булан эргэлгүйгээр олсон газраасаа ойролцоогоор хоёр алхаад л тэр үл таних эмэгтэйд өгсөн. Дотор эд зүйлсийг нь хараагүй. Хэрхэн эргэж холбогдох талаар мэдэхгүй, огт танихгүй эмэгтэй байсан. Хохирлоос 30 мянган төгрөгийг тэр явдлаас хойш нэг сарын дараа цагдаа дээр очиж мэдүүлэг өгсний дараа хохирогчийн хэлснээр дансаар нь шилжүүлсэн. Тэр хэтэвчинд үнэхээр 500 мянган төгрөг байсан эсэхэд эргэлзэж байна. ...” гэх мэдүүлэг өгчээ.

2019 оны наймдугаар сарын 7-нд камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд:

“...Сонгинохайрхан дүүргийн XII хорооны нутаг дэвсгэрт байрлах “..........” эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн хүлээн авахын хяналтын камерын бичлэгийн нэгдүгээр хэсгийг эхлүүлэхэд коридорын ногоон өнгийн сандал дээрээс улбар шаргал өнгийн саравчтай малгай, цамцтай, хар бараан өнгийн өмд, гутал өмссөн эрэгтэй 2019 оны наймдугаар сарын 7-ны 11:32 минут 27 секундэд босох үед өмднийх нь халааснаас хар бараан өнгийн түрийвч унасан. Түүнийгээ анзааралгүй цааш алхахад 11:32 минут 30 секундэд цэнхэр өнгийн эмнэлгийн хувцастай, шар үстэй эмэгтэй хүн хүлээн авах тасгийн танхимын голд унасан хэтэвчийг аваад хар өнгийн хувцастай эмэгтэйтэй 11:32 минут 38 секундэд юм ярьж зогссон. Улмаар 11:32 минут 43 секундэд төв хүлээн авах руу эргэсэн коридороор эмнэлгийн хувцастай, шар үстэй эмэгтэй хэтэвчийг гартаа атгасан чигээр ганцаараа явав. Хоёрдугаар бичлэгт 2019.8.07-ны 11:32 минут 43 секундэд …газраас авсан хэтэвчээ гартаа барьсан хэвээр алхаж байгаад бор өнгийн хаалга татаж орж байгаа дүрс бичигдсэн байв.
 
“...Хохирогч М.М нь 11:32 минут 27 секундэд хүлээлгэний сандлаас босох үед өмдний халааснаас нь хар өнгийн хэтэвч шалан дээр унаж байх ба хэтэвчээ унагасан гэж анзааралгүй цааш хаалга руу явах үед уг эмнэлгийн сувилагч С тай зөрөөд орж ирж байна. С хохирогч М.М-ын газар унагасан хар өнгийн хэтэвч рүү шууд очоод 11:32 минут 32 секундэд газар унасан хэтэвчийг баруун гараараа газраас авчээ. Мөн эргээд М , түүний эхнэр Х-гийн араас алхах үед хаалганы наана хар бараан өнгийн хувцастай, 40-45 орчим насны эмэгтэй хүн С гаас ямар нэгэн зүйл асуугаад уг эмэгтэй наашаа баруун талын хаалга руу чиглээд алхаад явав. Энэ үед С баруун гартаа барьсан хар өнгийн хэтэвчийг барьсан чигээрээ булан тойроод коридор руу алхав. С баруун гартаа хар өнгийн хэтэвч барьсан чигээр араас нь явж байгаад зог тусан коридорын баруун талд байх бор өнгийн хаалгыг татаад орж байгаа бичлэг байна. Төд удалгүй найман секундын дараа С бор өнгийн хаалгыг онгойлгон гарч ирээд хүлээлгийн заал руу чиглээд булан тойрч байх ба гартаа ямар нэгэн зүйл бариагүй байв. ...” гэсэн хэсэг, тус хяналтын камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол 

Шүүхийн дүгнэлтийн хэсгээс:

…. шүүгдэгч Э.С нь тухайн гээгдэл эд хөрөнгө болох хэтэвчийг өөр этгээдэд шилжүүлсэн гэж мэдүүлэх боловч энэхүү мэдүүлэг нь бусад баримтаар тогтоогдоогүй, харин хэрэгт цугларсан нотлох баримтуудаар няцаагдсан тул түүний энэ талаарх мэдүүлэг, өмгөөлөгчийн дүгнэлт үндэслэлгүй байна. Гээгдэл эд хөрөнгө завших гэдэг нь өмчлөгч, эзэмшигч ашиглагчийн хайхрамжгүй, болгоомжгүйгээс түүний хүсэл зоригоос үл хамааран хаягдаж орхисон, санамсаргүй хаягдсан эд хөрөнгийг авч ашигласан үйлдлийг ойлгоно. Шүүгдэгч Э.С нь тухайн үед гээгдэл эд хөрөнгийг бусдын эд хөрөнгийг гэдгийг мэдсээр байж завшиж байгаа нь шууд санаатай, шунахай сэдэлттэйгээр үйлдэгдсэн гэж үзнэ. Мөн хохирогч М.М гээсэн хэтэвчинд 500 мянган төгрөг, найман грамм алт байсан гэдэг нь нотлогдохгүй байна гэж шүүгдэгч, өмгөөлөгч нар маргах боловч хохирогч өөрт байсан эд зүйлийн эх сурвалжаа заасан тул шүүгдэгч Э.С гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан  тул 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ. 
Шүүгдэгч болон хохирогч нарын нэрсийг өөрчилсөн болно.
 

“ОЛСОН ХҮНИЙ ОЛЗ, ХАЯСАН ХҮНИЙ ГАРЗ” биш, “ШУДАРГА ШУНАЛГҮЙ АМЬДАРЪЯ”
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188