• Өнөөдөр 2024-04-30

ЛИЦЕНЗИЙН СОНСГОЛ-I: СҮ.БАТБОЛДЫН “ЖАЗЛИН” ХХК БА Ш.АДЬШААГИЙН “ДОРНЫН ГОВЬ ЭНЕРЖИ” ХХК

2024-04-18,   822

      УИХ-ын сонгуулиас урьтаж эмийн, газрын, лицензийн гэх гурван нээлттэй сонсгол зохион байгуулахаар төлөвлөсөн. Эхний буюу эмийн сонсгол Төрийн ордонд хоёр хоногийн өмнө эхэлсэн. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн ахалж буй бөгөөд сүр ч муутай, судалгаа ч муутай, ядруухан явагдаж байна гэх шүүмжлэл дагуулж буй. Дараагийнх нь лицензийн сонсгол байх бөгөөд УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг ахална. Хөвсгөлийг хөндлөн гулд хэрсэн нүүрсний “судал”-уудыг бүхэлд нь эзэмшдэг гэгддэг УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг уул уурхайн ашиг сонирхол нэгт нөхдөө хэрхэн “улалзуулах” нь тун сонирхолтой байх болов уу. Харин хамгийн сүүлд газрын сонсголыг явуулах бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр ахална. 2000 оноос хойших хотын 10 даргын ес нь МАН-ынх. Дээрээс нь, 2000 оноос хойш хотыг хотхон, хороолол, шилэн барилгаар дүүргэсэн ихэнх барилгачид нь УИХ-д сууж байгаа. Хэнийгээ шүүгээнд нуух, хэнийгээ шонд өлгөхөө тохироод орж ирдэггүй л юм бол уур, утаа савссан сонсгол болох хүлээлттэй байна. 
 
     Тэгвэл бид эмийн сонсгол дуусмагц залгуулаад эхлэх лицензийн сонсголд Төрийн ордонд суугаа түшээдээс хэн, хэн дуудагдахыг цувралаар танилцуулахаар бэлтгэлээ. Энэ удаад УИХ-ын гишүүн, “Тавантолгой”-н анхны эзэн Сү.Батболд, УИХ-ын гишүүн, “Тавантолгой”-н анхны нүүрсний тээвэрчин Ш.Адьшаа хоёрт хамаарах уул уурхайн лицензүүдийг танилцуулна. Учир нь, энэ хоёрт хамаарах лицензүүдийг хөвөрдөж хөөхөөр эцсийн цэгт холбогддог ажээ. 

УИХ-ЫН ГИШҮҮН СҮ.БАТБОЛД БА “ЖАЗЛИН” ХХК-ИЙН АЛТ, НҮҮРС, МОЛИБДЕН, ХОВОР МЕТАЛЛЫН ЗУРГААН ОРД

     УИХ-ын гишүүн Сү.Батболдын “Алтай трейдинг” ХХК, “Алтай холдинг” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар 2011 оноос, “E mart” буюу “Скай хайпермаркет” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар 2016 оноос хойш ажиллаж байгаа Лхагвасүрэнгийн Жавзмаа гэх эмэгтэй бий. 
 
Тэгвэл Лхагвасүрэнгийн Жавзмаа нь Их британид бүртгэлтэй “Жазлин” ХХК-тай “Баруун монгол эрдэнэс” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Харин “Жазлин” ХХК болон “Баруун монгол эрдэнэс” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар нь Сү.Батболдын оффшорын хэргийн хамтрагч гэдгээрээ олон улсад эчнээ танигдсан Очирбатын Нямдалай гэх эмэгтэй ажилладаг. Өөрөөр бол, Их британид бүртгэлтэй “Жазлин” ХХК нь Сү.Батболдын оффшорт байгуулсан өнөөх олон компаниудынх нь нэг ажээ.

Харин “Баруун монгол эрдэнэс” ХХК нь “Могол интернэшнл” ХХК-ийг эзэмшдэг, эцсийн өмчлөгч, гүйцэтгэх захирал нь өнөөх Лхагвасүрэнгийн Жавзмаа. “Могол интернэшл” ХХК нь Говь-Алтай аймгийн Бугат сумын нутагт орших MV-017570 дугаартай “Хиагтын сэврээ уул” гэх нүүрсний ордын ашиглалтын лицензийг эзэмшдэг. Энэ лицензийг 2014 онд авсан, 2044 он хүртэл эзэмшинэ. 

   “Жазлин” ХХК нь Дорждамбын Дамбасүрэнтэй гэгчтэй “Гранд метал” ХХК-ийг хамтран эзэмшдэг. “Гранд метал” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Нацагдоржийн Баасандорж гэгч ажилладаг бөгөөд өнөөх Лхагвасүрэнгийн Жавзмаагийн нөхөр. Тэгвэл “Гранд метал” ХХК нь “Минтек минералс” ХХК-ийг эзэмшдэг. Харин “Минтек минералс” ХХК нь Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутагт орших MV-017389 дугаартай “Эрдэнэ-II” гэх алтны үндсэн ордын ашиглалтын лицензийг эзэмшдэг. Энэ лицензийг 2013 онд авсан, 2043 он хүртэл эзэмшинэ. “Минтек минералс” ХХК-ийн толгой компани буюу “Гранд метал” ХХК-ийг “Жазлин” ХХК-тай хамтран эзэмшигч Дорждамбын Дамбасүрэн гэгч нь УИХ-ын гишүүн асан, 2021 онд ЖДҮ-ийн хэргээр 3.6 жилийн ял сонссон Д.Дамба-Очирын төрсөн дүү бөгөөд Д.Дамба-Очирын охин Д.Мөнхзултай “Очир төв” ХХК-ийг хамтран эзэмшиж ирсэн нэгэн. УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир, Сү.Батболд хоёр нэг франц. Мөн Д.Дамба-Очир 2020 оны сонгуулиар Сү.Батболдтой ханьсан Дундговьд нэр дэвшихээр бэлдэж байхдаа хоригдсон байдаг. 
 
     “Жазлин” ХХК нь Сандагийн Энхтайван гэгчтэй хамтран “Бритиш майнинг” ХХК-ийг эзэмшдэг. Харин “Бритиш майнинг” ХХК нь Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутагт орших MV-003040 дугаартай “Үхэр чулуутын толгой” алтны шороон ордын ашиглалтын лиценз, МV-004663 дугаартай “Онгон улаан уул” алтны шороон ордын ашиглалтын лицензийг тус тус эзэмшдэг. “Бритиш майнинг” ХХК-ийг “Жазлин” ХХК-тай хамтран эзэмшигч Сандагийн Энхтайван нь Сү.Батболдтой “Дамдины Сүхбаатар сан”-г 2010 онд үүсгэн байгуулж, хамтран эзэмшиж ирсэн найз нь. Мөн Сандагийн Энхтайван нь дээр дурдсан УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очиртой “Морьт-Эксплорейшн” ХХК-ийг хамтран эзэмшдэг нэгэн. 
 
    “Жазлин” ХХК нь “Пи Эй Эм” ХХК-ийг эзэмшдэг. Харин “Пи Эй Эм” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар нь Сү.Батболдын оффшорын хамтрагч гэдгээрээ олон улсад эчнээ танигдсан Cheong Choo Young гэгч ажилладаг. Сү.Батболдын бүх оффшор компани, тэдгээрийн данс нь хүү Б.Баттүшигийнх нь болон Cheong Choo Young гэгчийн нэр дээр байдаг гэдэг. 
 
Тэгвэл “Пи Эй Эм” ХХК нь “Билүүт майнинг” ХХК-ийг эзэмшдэг. “Билүүт майнинг” ХХК нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт орших MV-010224 дугаартай “Егүзэр” гэх молибден, гянтболдын ордын ашиглалтын лицензийн эзэмшдэг. Энэ лицензийг 2005 онд авсан, 2035 он хүртэл эзэмшинэ. Мөн  “Пи Эй Эм” ХХК нь “Моннис-Интернэшнл” ХХК-тай хамтран “Силвер стрийм ресурс” ХХК-ийг эзэмшдэг. Харин “Силвер стрийм ресурс” ХХК нь “Монголиан лантаноиде корпораци” ХХК-ийг эзэмшдэг. “Монголиан лантаноиде корпораци” ХХК нь Ховд аймгийн Мянгад сумын нутагт орших MV-019329 дугаартай “Бор толгой” гэх ховор металлын ордын ашиглалтын лицензийг эзэмшдэг. Энэ лицензийг 2015 онд авсан, 2045 он хүртэл эзэмшинэ.
 
      “Моннис-интернэшнл” ХХК-ийн эзэн Базын Чулуунбаатар, Сү.Батболд хоёрын хамтрал, хоршлийн тухай бичвэл урт түүх. Наанадаж, тэр хоёр Сүхбаатар аймгийнх гэдгээрээ нутгархдаг найзууд бөгөөд “Дамдины Сүхбаатар” нэртэй хамтран эзэмшдэг дундын сан бий. Цаанадаж, Сү.Батболд, Б.Чулуунбаатар, Ж.Оджаргал, П.Батсайхан нарын 2008 онд хамтран байгуулсан “Энержи ресурс инвест” ХХК нь одоо ч татан буугдаагүй хэвээрээ байгаа. Бүр цаашилбал, Сү.Батболд, Б.Чулуунбаатар хоёр Говь-Алтай, Баянхонгор аймагт нүүрсний 12 ордын ашиглалтын лицензийг эзэмшдэг “Гобикоул энд энержи” буюу саяхан “Сэкер ресорсус монголиа” гэж нэрээ өөрчилсөн компанитай ч холбогдож ирсэн. Ноцтой нь, тус компани одоо УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн хүү А.Биндэрьяа ба “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Т.Мөнхбаяр нарын бизнесийн схемтэй шууд холбогддог болоод буй. 

УИХ-ЫН ГИШҮҮН Ш.АДЬШААГИЙН ХҮҮ А.БИНДЭРЬЯА ДОРНОГОВИЙН “АЛТАН ШИРЭЭ”-ГИЙН НҮҮРСНИЙ ОРДЫГ ЭЗЭМШИГЧ “ӨГӨӨМӨЛ-АЛТ” ХХК-ТАЙ ШУУД, ГОВЬ-АЛТАЙН ЗЭЭГТ, БАЯНХОНГОРЫН ХОТГОРЫН НҮҮРСНИЙ УУРХАЙГ ЭЗЭМШИГЧ “СЭКЕР РЕСОРСУС МОНГОЛИА” ХХК-ТАЙ ДАМ ХОЛБОГДДОГ

   УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн хүү А.Биндэрьяа гэж залуу бий. Боловсролын зээлийн сангийн 100 мянган ам.доллар буюу 350 орчим сая төгрөгийн зээлээр Канадын Торонтогийн их сургуульд сурсан. Буцаж ирмэгцээ аав Ш.Адьшаагийнхаа нүүрсний хамааралтай бүх бизнесийг өвлөж авсан нэгэн. 
 
Тодруулбал, УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн хүү А.Биндэрьяа нь Хотын дарга асан Э.Бат-Үүлийн хадам дүү Багаагийн Тодмөр, төрийн өмчит “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан, алтны уурхайнуудаараа алдаршсан “Империал кастел” ХХК-ийн эзэн Төмөрийн Мөнхбаяр хоёртой “Дорнын говь энержи” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Харин “Дорнын говь энержи” ХХК-ийн эцсийн өмчлөгчөөр нь Отгонзулын Соронзонболд гэх залуу бүртгэлтэй байдаг бөгөөд Т.Мөнхбаярын “Уан партнерс ҮЦК” ХХК-ийг удирддаг “цэрэг” нь. Өөрөөр бол, “Дорнын говь энержи” ХХК-ийн эцсийн өмчлөгч нь Т.Мөнхбаяр гэсэн үг аж. 
Тэгвэл А.Биндэрьяа, Б.Тодмөр, Т.Мөнхбаяр гурав “Дорнын говь энержи” ХХК-аараа Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт орших МV-021184 лицензийн дугаартай “Алтанширээ” хүрэн нүүрсний ордыг түшиглэн 300МВт-ын цахилгаан станц барих төсөл хэрэгжүүлэхээр 2022 онд Эрчим хүчний зохицуулах хорооноос зөвшөөрлөө авсан. Энэ ордын эзэмшигч нь Б.Тодмөрийн “Өгөөмөр-алт” ХХК. Өөрөөр хэлбэл, Б.Тодмөр нь “Алтанширээ”-гийн нүүрсний ордоо Ш.Адьшаагийн хүү А.Биндэрьяа, “Империал кастел”-ын Т.Мөнхбаяр хоёртой хамтран ухаж, улмаар цахилгаан стац барих төслийг зүтгүүлж байгаа. Гурвуулаа ардаа нам, төрийн нөлөө сайтай учраас цахилгаан станц зэргийг дөнгөнө гэж тооцсон биз. 
 
Үргэлжлүүлэн, УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн хүү А.Биндэрьяагаа ханьсуулсан хамтрагчдийг нь товч танилцуулъя. 
 
- А.Биндэрьяагийн бизнесийн хамтрагч ах болох Б.Тодмөр нь “лицензийн наймаа”-гаар зард гарсан нэгэн бөгөөд “Өгөөмөр алт” ХХК, “Могойн гол глобал ресурс” ХХК, “Их монгол коммерс” ХХК, “Нью орем” ХХК тэргүүтэй 20 гаруй компани эзэмшиж ирсэн. Дорнод аймгийн Халх гол сумын нутаг, улсын зүүн урд хилийн бүсэд байх “Ширэн овоо”-гийн ордоос эхлээд олон арван лиценз Б.Тодмөрийн гараар дамжсан гэдэг. Удахгүй болох лицензийн сонсголын нэг гол дүр байх биз. Сонирхуулахад, Б.Тодмөрийн ихэнх компаниуд нь хүргэн ах Э.Бат-Үүлийнх нь “Эрдэнийн төгөл” хотхоны хаус дээр бүртгэлтэй байдаг. 
 
- А.Биндэрьяагийн бизнесийн хамтрагч ах Т.Мөнхбаяр нь “Империал гоулд майнинг” ХХК-ийнхаа Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших Хүүгийн амны алтны уурхайгаа зардсан нэгэн. Тэгвэл Т.Мөнхбаяр одоо “Империал кастел” ХХК болон “Уан партнерс ҮЦК” ХХК-аараа Монголд хамгийн олон нүүрсний лицензтэй Сингапурт бүртгэлтэй “Saker resourses” компанитай шууд холбогддог болжээ. Тодруулбал, Т.Мөнхбаяр “Империал кастел” ХХК-аараа Сингапурт бүртгэлтэй “Saker resourses” компанитай “Сэкер ресорсус монголиа” ХХК-ийг хамтран эзэмшиж байгаад саяхан нэрээ хасуулсан. Харин “Уан партнерс ҮЦХ” ХХК-аараа Сингапурт бүртгэлтэй “Saker resourses” компанитай “Зараяа холдингс” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Т.Мөнхбаярын “Зараяа холдингс” ХХК нь Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт орших XV-007856 дугаартай “Гарган толгой” гэх хайгуулын лицензийг эзэмшдэг ажээ. 
 
     Харин “Сэкер ресорсус монголиа” ХХК-ийн тухайд, Говь-Алтай аймгийн Чандмань суманд орших Зээгтийн нүүрсний уурхай, Баянхонгор аймгийн Шинэжинст суманд орших Хотгорын нүүрсний уурхай тэргүүтэй 12 нүүрсний ордын ашиглалтын лицензийг эзэмшдэг. “Сэкер ресорсус монголиа” ХХК нь эзэмшдэг лицензийнхээ тоогоор улсын хэмжээнд долоод жагсдаг буюу төрийн өмчит “Монголросцветмет” ХХК, Б.Нямтайширын “МАК” ХХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, хятадын шууд хөрөнгө оруулалттай “Цайна инвэстмент монголиа” ХХК, Л.Чинбатын “Гацуурт” ХХК, Р.Базарын “Бүрдэл майнинг” ХХК-уудын араас жагсдаг. 
 
Ноцтой нь, “Сэкер ресорсус монголиа” ХХК нь 2022 он хүртэл “Гобикоул энд энержи” ХХК нэртэй байсан. Мөн толгой компани “Saker resourses” нь 2022 он хүртэл “Gobi coal and energy” нэртэй байсан. Өөрөөр бол, тус компани 2022 онд Сингапурт ч, Монголд ч зэрэг зүсээ хувиргасан. Илүү ноцтой нь, тус компанийн түүхийг нь сөхвөл Т.Мөнхбаяраас өмнө Сү.Батболд, “Моннис”-ын Б.Чулуунбаатар болон 700 сая ам.долларын хэрэгт холбогдож, дэлхий нийтэд дуулиан тарьсан Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разак нартай холбоотой явж иржээ. 
 
Тодруулбал, өнгөрсөн сард Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разакын шүүх хурал болсон. Шүүх хурлын үеэр хоёр ноцтой баримт ил болсон. Нэгдүгээрт, Нажиб Разак нь 2011 оны арванхоёрдугаар сард “Aabar-SRC” компаниар дамжуулан “Гобикоул энд энд энержи” ХХК-ийн 14 сая ширхэг хувьцааг 91 сая ам.доллараар худалдан авч, хөрөнгө оруулсан. Хоёрдугаарт, Нажиб Разак 2011 оны арванхоёрдугаар сард Сү.Батболдын хүү Б.Баттүшиг болон бусад хамаарал бүхий этгээдүүдийнх нь данс руу 14.9 сая ам.доллар шилжүүлсэн нь тус тус ил болсон. Өөрөөр бол, Нажиб Разак хууль бус хөрөнгөө эргэлдүүлэхийн тулд монголд нүүрсний 12 ордтой “Гобикоул энд энд энержи” ХХК-д 91 сая ам.долларын хөрөнгө оруулж, энэ хөрөнгө оруулалтаа хамгаалуулж, харж хандуулах гэж Сү.Батболдод 14.9 сая ам.долларын төлбөр төлсөн байж болзошгүй схем гарч ирсэн гэсэн үг. Дээрээс нь, “Гобикоул энд энержи” ХХК-д Сү.Батболдын “гуйлт”-аар “Моннис”-ын Б.Чулуунбаатар 20 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулж, хүнд машин механикм нийлүүлж байсан мэдээлэл ч байдаг ажээ. 
Үргэлжлэл бий...
 
 

ЛИЦЕНЗИЙН СОНСГОЛ-I: СҮ.БАТБОЛДЫН “ЖАЗЛИН” ХХК БА Ш.АДЬШААГИЙН “ДОРНЫН ГОВЬ ЭНЕРЖИ” ХХК
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 6
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-19 21:31:18
    S: TSAGN DYYDLGN SEXSYG80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-19 14:13:31
    ЗОЧИН: Нөгөө аалзны тор гэдэг нь юм аа. Даанч яав даа...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-18 22:47:03
    зочин: Цаазын ял сэргээх болсон Өлөн тураалууд Монголыг маань самарч дууслаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-18 22:17:13
    зочин: Цаазын ял сэргээх болсон Өлөн тураалууд Монголыг маань самарч дууслаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-18 10:33:39
    S: SEXSEER ANYSDI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-18 07:53:26
    зочин : Явж явж талийгаач Ш.Алтантуяагийн хэрэгт манай сайн эрчүүд холбоотой байж магадгүй л юм байна.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188