• Өнөөдөр 2024-04-27

ЭРГЭЛТИЙН ОНЦЛОХ НИЙТЛЭЛ:“TSE”, “ШӨЛӨНДӨӨ”-ГӨӨРӨӨ ОЮУТНУУДЫГ “СЭГСЭРДЭГ” УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Н.ОЮУНДАРЬ “ОЮУТНЫ ТАЛБАЙ”-Г ДЭЭРЭМДЖЭЭ

2021-05-23,   4471

           Өдөр тутам хагас сая автомашин авто зам дээр “хөлхөж” байдаг нийслэл Улаанбаатар хотод “алга дарам” газрыг ч болов хашаалж, хаалт тавиад төлбөр хураах нь нэн ашигтай бизнес болжээ. Барилгууд битүү шавж, завсраар нь зам шургалсан энэ хотод зогсоол олно гэдэг “тэнгэрээс од шүүрэх”-тэй  л адил аз, одны хэрэг учраас төлбөртэй зогсоолын бизнес “цэцэглэхгүй” ч яах билээ. 
 
Албан тушаал, эрх мэдэл, танил талын хүрээгээрээ ар, өврийн хаалгаар хотын төвд 10, 20 автомашин зэрэгцээд зогсчих талбай олж аваад, автомат хаалга зоож, харуулын байр барьчихвал мөнгөний “тариалантай” болчихлоо л гэсэн үг гэнэ. Тиймдээ ч нэгэн үед “төр, түмний төлөө зүтгэнэ” гэж тангараг өргөж асан УИХ-ын гишүүн хүртэл “зогсвол зоос” гэх зарчимтай төлбөртэй авто зогсоолын “бизнес” эрхэлж, халаасаа зузаалж байх аж. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Н.Оюундарь “БЛЮМОН” барилгынхаа өмнөх талбайг төлбөртэй авто зогсоол болгож, орох, гарах хоёр хаалга зоож, хоёр харуулын байр бариад, тус талбайд зогссон автомашин бүрээс 30 минут тутамд 500 төгрөг авч, түрийвчээ түнтийлгээд уджээ. Харамсалтай нь, түүний төлбөртэй зогсоол болгоод буй талбай нь нийтийн эзэмшлийн “Оюутны талбай” бөгөөд С.Батболд, С.Амарсайхан нар хотын дарга байхдаа буюу 2018, 2019 онуудад энэ газарт төлбөртэй зогсоол байгуулахыг хориглож, залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх цэцэрлэгт хүрээлэн болгохоор захирамж гаргаж байжээ. Гэвч цэцэрлэгт хүрээлэн болох ёстой байсан “Оюутны талбай” өдийг хүртэл УИХ-ын гишүүн асан Н.Оюундарийн төлбөртэй авто зогсоол хэвээр л байна. Оюутан залуучууд нэгдэж, нийлж эзэмшил ганц талбайгаа хамгаалж үлдэхээр Монголын оюутны холбоогоор дамжуулан хөөцөлдөж, үе үеийн хотын удирдлагуудад хандаж байсан ч тусыг эс олсоор өнөөг хүрсэн гэнэ. 

“БЛЮМОН” БАРИЛГЫН ТӨЛБӨРТЭЙ ЗОГСООЛ ОЮУТНУУДЫН ЦУГЛАДАГ, ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛДЭГ “ИНДЭР” БАЙХ ЁСТОЙ БАЙВ

 
          Сүхбаатар дүүргийн VIII хороо, МУИС-ийн хичээлийн II байрны замын урд байх 0.12 га газар өдгөө төлбөртэй зогсоол болох хүртлээ их зовлон үзжээ. Хотын төвийн “А” зэрэглэлийн бүсэд барилга баригдаагүй үлдсэн цөөн талбайн нэг учраас арга ч үгүй биз. Тодруулбал, төрөөс 2002 оныг “Оюутны жил” болгон зарласантай холбогдуулан оюутнууд цугладаг, элдэв арга хэмжээ зохион байгуулдаг, үзэл бодлоо илэрхийлдэг индэр болгож, энэхүү талбайг “Оюутны талбай” хэмээн нэрийдсэн түүхтэй. Улмаар 2012 онд энэхүү талбайд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, ШУА-ийн анхны ерөнхийлөгч, академич Б.Ширэндэвийн хөшөөг сүндэрлүүлж, МУИС-ийн оюутнууд төдийгүй ШУ-ны чиглэлээр суралцдаг бүхий л оюутан залуучуудын цугладаг, үзэл бодлоо илэрхийлдэг, үзэсгэлэн, яармаг зохион байгуулдаг нэрэмжит талбай болгож байжээ. 
 
Гэвч 2012 онд Нийслэлийн Засаг даргын А/463 дугаар захирамжаар энэхүү талбайг “Улаанбаатар хотын банк”-нд эзэмшүүлсэн аж. Тухайлбал, тухайн үеийн Хотын дарга Г.Мөнхбаяр 2012 оны долдугаар сарын 9-нд буюу наадмын өмнөхөн захирамж гаргаж, “Оюутны талбай”-н 0.12 га газрыг орчны тохижилттой, газар доорх граж бүхий цэцэрлэгт хүрээлэн болгох гэрээ хийж, “Улаанбаатар хотын банк”-ны эзэмшилд шилжүүлжээ. Харамсалтай нь, “Улаанбаатар хотын банк” хотын төвийн энэхүү газрыг эзэмшилдээ аваад орчныг нь тохижуулсангүй, цэцэрлэгт хүрээлэн ч болгосонгүй, эсрэгээрээ ойр орчмын оффис, үйлчилгээний төвүүдийн автомашины зогсоол болгож орхижээ. 

ХОТЫН ДАРГА АСАН С.БАТБОЛД ЭНЭ ТАЛБАЙД ТӨЛБӨРТЭЙ ЗОГСООЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХЫГ ХОРИГЛОСОН ЗАХИРАМЖ ГАРГАЖ БАЙЖЭЭ

 
        Улмаар Улаанбаатар хотын захирагч асан С.Батболд 2018 наймдугаар сарын 29-нд “хот тохижилтын талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамж гаргажээ. Уг захирамжаар Сүхбаатар дүүргийн VIII хороо, “Блюмон” барилгын зүүн талд байрлах төлбөртэй авто зогсоолын үйл ажиллагааг зогсоож, оронд нь иргэд амарч зугаалах ая тухтай нөхцөлийг бүрдүүлсэн, орчин үеийн архитектурын төлөвлөлттэй талбай байгуулж, тохижилтын ажлыг 2018 оны есдүгээр сарын 20-ны дотор зохион байгуулахыг холбогдох албаныханд үүрэг болгосон байна. 
          Улмаар нийслэлийн Засаг даргын энэхүү захирамжийн хүрээнд ““Бльюмон” барилгын зүүн талд байрлах талбайг орчин үеийн архитектур төлөвлөлтийн шийдлийн дагуу тохижуулж, иргэдэд амарч зугаалах орчин бүрдүүлэх Ажлын хэсэг” гэгчийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрийн А/222 дугаар тушаалаар байгуулжээ.  Уг Ажлын хэсэгт 2018 есдүгээр сарын 6-нд хуралдаж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр тээврийн хэрэгслийн зогсоолын үйл ажиллагааг зохих журмын дагуу дуусгавар болгохыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газарт, тохижилтын ажлын төлөвлөлтийн шийдэл, даалгавар боловсруулахыг Нийслэлийн Хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газарт, газар эзэмшлийн байдалд судалгаа хийж, шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн Газрын албанд тус тус үүрэг болгож байжээ. 
 
Гэвч энэхүү талбайг иргэдийн амарч зугаалдаг талбай болгох Нийслэлийн Засаг дарга асан С.Батболдын захирамж, Хотын ерөнхий менежер Т.Гантөмөрийн тушаалын аль ч хэрэгжээгүй бөгөөд одоо ч төлбөртэй авто зогсоол хэвээр байгааг уншигч та харж байна. Эсвэл төлбөртэй зогсоолын амарч зугаалдаг талбай гэж нэрлэдэг болсон хэрэг үү. 
 

ХОТЫН ДАРГА АСАН С.АМАРСАЙХАН ЭНЭ ТАЛБАЙГ “УЛААНБААТАР ХОТЫН БАНК”-НААС САЛГАЖ, НИЙТИЙН ЭЗЭМШИЛ БОЛГОХ ЗАХИРАМЖ ГАРГАЖ БАЙЖЭЭ

 
          Нийслэлийн Засаг дарга асан, одоогийн Шадар сайд С.Амарсайхан 2019 оны зургаадугаар сарын 12-нд МУИС-ийн хичээлийн II дугаар байрны дэргэдэх энэхүү талбайг “Улаанбаатар хотын банк”-ны эзэмшлээс авч, нийслэлийн мэдэлд буцаан авах тухай А/571 дүгээр захирамж гаргаж байв. Тодруулбал, уг захирамжид “МУИС-ийн хичээлийн II дугаар байрны урд байрлах нийтийн эдэлбэрийн оюутны талбай бүхий 1200м2 газрыг эзэмшүүлэхдээ захиргааны байгууллага хориглосон газарт газар эзэмшүүлж, эрхийн гэрчилгээ олгосон, нөгөө талаар газар эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа хоёр жил дараалан ашиглаагүй тул “Улаанбаатар хотын банк”ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосугай” хэмээн заажээ. 
 
Түүнчлэн “...нийтийн эдэлбэрийн зориулалтаар тохижуулж, хамгаалах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаад тус тус үүрэг болгосугай” гэжээ. Гэвч хотын дарга асан С.Амарсайхан тухайн үедээ л нийслэлчүүдийг хуурсан шийдвэр гаргасан уу, эсвэл Захирагчийн ажлын алба, Сүхбаатар дүүргийн Засаг дарга нь шийдвэрийг нь эс биелүүлсэн үү. Ямартай ч бүтэн хоёр жил өнгөрчихөөд байхад энэ талбай одоо ч нийтийн эдэлбэр газар болоогүй хэвээрээ л байна. 

УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Н.ОЮУНДАРИЙН “ТҮРЭЛТ”ХХК “БЛЮМОН”-Ы ТӨЛБӨРТЭЙ ЗОГСООЛЫГ “ХАРИУЦДАГ”

 
          Бид Хотын дарга асан С.Батболдын захирамжаар төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа явуулахыг хориглож, цэцэрлэгт талбай болгохоор шийдвэрлэсэн, Хотын дарга асан С.Амарсайханы захирамжаар “Улаанбаатар хотын банк”-ны эзэмшлээс гаргаж, нийтийн эдэлбэр газар болгосон талбайд яагаад одоог хүртэл УИХ-ын гишүүн асан Н.Оюундарь төлбөртэй зогсоол ажиллуулж буйг Нийслэлийн автозамын хөгжлийн газраас тодруулсан боловч “Хариулт өгөх албан тушаалтан гадуур ажилтай” гэх шалтгаанаар тодорхой тайлбар өгсөнгүй.
            Улмаар бид Нийслэлийн автозамын хөгжлийн газрын цахим сайтаар нэвтэрч, “төлбөртэй зогсоол” цэснээс Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй төлбөртэй зогсоолуудын
мэдээллүүдийг шүүж үзлээ. Уг сайтад бүртгэгдсэнээр “Түрэлт” гэх компани Нийслэлийн автозамын хөгжлийн газартай гэрээлж, “35 автомашины төлбөртэй зогсоол”-ийн зориулалтаар энэхүү талбайг ашиглаж байгаа аж. Тэгвэл “Түрэлт”ХХК нь УИХ-ын гишүүн Н.Оюундарийн “Блюмон”ХХК-ийн охин компани бөгөөд “БЛЮМОН” барилгын үйлчилгээ, ашиглалтыг хариуцдаг компани аж. Уг компанийг Н.Оюундарь хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурддаг бөгөөд үүсгэн байгуулагч нь түүний нөхөр Ц.Санжжав юм. 
 

Энэхүү төлбөртэй зогсоол 30 минут нь 500 төгрөг, 90-120 минут нь 2000 төгрөг, 120 минутаас дээш бол цаг тутамд 3000 төгрөгийн төлбөртэй. Өдөрт багадаа 200 автомашин үйлчлүүлж, нэг автомашин нь дунджаар 90 минут зогсоод 2000 төгрөг төллөө гэхэд өдөрт 400 мянган төгрөгийн ашигтай ажиллана. Тэгвэл энэ төлбөртэй зогсоол жил 146 сая төгрөгийн ашигтай ажиллана гэсэн үг. Энэ бол хамгийн багаар тооцсон дүн. Ингээд харвал төлбөртэй авто зогсоол ямар ч гарлагагүй атлаа ямар ашигтай бизнес вэ гэдэг нь шууд ойлгогдоно. 

          Хотын төвд МУИС, ШУТИС, МУБИС, АШУҮИС зэрэг бүх том их сургуулиуд байрлаж буй. Тэнд суралцаж буй оюутан залуучуудад хичээлээ тараад ном унших, найз нөхдөөрөө ярилцах, болзох, зугаалах талбай олон бий бил үү. Уг нь ядаж энэ мэт талбайгаа эрх мэдэл, эд хөрөнгөтэйд нь мөнгө олох хэрэгсэл болгон ашиглуулж байхын оронд оюутан залуучууддаа зориулсан амралт, зугаалгын талбайн зориулалтаар нь ашиглуулбал нийгэмдээ л хэрэгтэй санагдах. 
 

Тиймээс нэгдүгээрт, оюутан залуучуудад зориулсан ганц талбайг мөнгөний “тариалан” болгож, жилд хэдэн арван саяын ашиг олж байгааг хотын дарга Д.Сумъяабазар та анхааралдаа авна уу. Үгүй бол “Аз жаргалтай Улаанбаатар”-ын тухай мянга яриад хэрэггүй л болов уу. Хоёрдугаарт, нэгэн үед оюутан, залуучуудын хөгжил ярьж, итгэлийг нь өвөртлөн төрийн сэнтийд заларч байсан Н.Оюундарь та оюутнуудад ганц үлдсэн талбайг нь булаацалдаж, татвар төлөгчдийн халааснаас 500 төгрөгийг нь “сэгсрэхээ” болино уу. Тэртээ тэргүй оюутан залуучууд таны “Tse”, “Шөлөндөө”-д халаасан дахь бүх мөнгөө “хандивладаг” шүү. 

 
 
 

ЭРГЭЛТИЙН ОНЦЛОХ НИЙТЛЭЛ:“TSE”, “ШӨЛӨНДӨӨ”-ГӨӨРӨӨ ОЮУТНУУДЫГ “СЭГСЭРДЭГ” УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Н.ОЮУНДАРЬ “ОЮУТНЫ ТАЛБАЙ”-Г ДЭЭРЭМДЖЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 9
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-05-24 01:11:09
    Батаа: Ankh ulsaas ih hemjeenii mungu zeeleh nereer hulgailaad hoolnii gazar baiguulsan. Daraa n ЖДҮ их хэмжээгэр хулгайлсан хулгайч гэр бүл.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-05-24 01:08:18
    Цэцэн: Энэ авгай чинь нөхөртэйгээ The Bull гээд шөлний газрын эзэн ш дээ, өөр зөндөө олон юмнууд эзэмшдэг. Ганцхан хүүтэй байж аймаар шуналтай.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-05-23 19:30:43
    зочин: хятад гоймонгийн амтлагчаар шөлөө амтлаад хэдэн өлөн оюутныг сэгсэрч амьдардаг нь үнэн шдээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-05-19 18:35:09
    k: yamaani mahtai hyatad nogootoi tsartsyy hooltoi oyutnyydad arhi zardag hogiin gazr shde shal umhii unen shd hotiin buh oyutnyd medne de
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-05-19 16:03:55
    Haliun: Tse sholondoogoor oyutnuudiig segserdeg gechjee. Harin ch vne hymd chanartai hooloor vilchildeg buyntai gazar bizde. Yah gj negnee ingej harluulj bdiinbe. Bvr zurshil bolloo
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-05-19 15:01:43
    өөөөө: жду-чин авгай үхлийн муугаар үхэээсэй энэ мэт хоол архины бизнесчдийг шорон ру чявуулахгүй толгой дээрээ залдаг дээрэм тонуулыг нь дэмждэг улс хөгжихгүй эээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-05-19 14:20:34
    Түвшин: Ххэ, нээх оюутнуудын нэр барьж гэнэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-05-19 14:19:22
    Түвшин: За уучлаарай наад талбай чинь оюутнуудын талбай байсныг сая мэдлээ,
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-05-19 09:54:04
    Зочин: Энэ чинь ийм шуналтай эмгэн байсан юмуу төр яагаад буцааж авч чаддаггүй юм бол
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188