• Өнөөдөр 2024-05-04

“Ковид-19”-ийн дагуулж ирсэн өөр нэгэн цар тахал буюу сэтгэл гутрал

2021-05-06,   762

-2021 он гарснаас хойш Монгол Улсад 65 хүн амиа хорлосон-

       “Ковид-19” цар тахал анх бүртгэгдсэн цагаас хойш хэдий нь нэг жил дөрвөн сарын хугацаа өнгөрчээ. Коронавирус нь маш олон хүний “амийг авсан”-аас гадна хүн төрөлхтөнд өөр нэгэн цар тахал авч ирсэн. Тэрхүү цар тахал сэтгэл гутрал. Цар тахал, хөл хорионы үед хүмүүсийн сэтгэл зүй тогтворгүй болох, сэтгэл санаагаар унах зэрэг шинж тэмдэг илэрч, энэ нь эцэстээ амиа хорлолтоор дуусаж байгаа юм.

       Сэтгэл гутрах шинж тэмдгээс гадна, гаднын нөлөөтэй байж болохуйц, санамсаргүй алдаанаас болж 2021 он гарснаас хойш өнгөрсөн гуравдугаар сарын 19-ний өдөр хүртэл Монгол Улсад 65 хүн амиа хорлосон талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн. Он гарснаас хойш зургаан хүн өндрөөс унаж, амь эрсэдсэн хэрэг гарсан.

БАРИМТ:

       -Өчигдөр буюу тавдугаар сарын 5-ны өдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 хороонд байрлах Цагаан хуаран хотхоны 86в байрны 11 давхраас эмэгтэй хүн унаж, нас барсан. Хэргийн газарт ажиллаж байсан цагдаагийн алба хаагчид “Камерын бичлэг үзэж, гэрчүүдээс мэдүүлэг авч байгаа учир тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн. Харин тус хотхоны оршин суугчдын хэлж байгаагаар 20 орчим насны эмэгтэй өчигдрийн 17:00 цаг орчимд 11 давхраас унасан байна.

       -Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-нд халдвар бүсэд ажиллаж байсан нэг эмч өндрөөс унаж, амиа алдсан. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч, 42 настай эмэгтэй Д.Э нь шөнийн 00:00 цагийн орчимд тус эмнэлгийн зургаан давхраас унаж, нас барсан юм.

       -Өнгөрсөн гуравдугаар сарын 24-ний өдөр гэрээс нь гаргаагүйн улмаас цонхоороо гарах гэж байсан хүн унаж амиа алдсан. Тухайлбал, нийслэлийн Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо Ханбогд хороололд нэгэн иргэн гурван давхраас унаж амиа алдсан. Шалтгаан нь гэр бүлийнхэн нь гэрээс нь гаргахгүй гэсний улмаас цонхоороо гарах гэж байгаад унасан юм.

       -Өнгөрсөн гуравдугаар сарын 30-ны өдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн XI хороонд байрлах “Гэрэлтжин” хотхоны 534 дүгээр байрны 12 давхраас 17 настай охин унаж, нас барсан. Албан бус эх сурвалжийн мэдээллээр талийгаач эмэгтэй гэртээ тав хоног ирээгүй бөгөөд гэртээ ирснийхээ дараа ээжтэйгээ муудалцаж, улмаар өндрөөс үсэрсэн байж болзошгүй юм.

       -Өнгөрсөн гуравдугаар сарын 16-нд “Корпорэйт” зочид буудалд тусгаарлагдаж байсан нэг иргэн таван давхраас унаж, амиа алдсан хэрэг гарсан. Тодруулбал, тус хэрэг гарахаас дөрвөн хоногийн өмнө буюу гуравдугаар сарын 12-нд тусгай үүргийн нислэгээр ирсэн 39 настай эрэгтэй Т гэгч нь тусгаарлагдах байрны таван давхраас унаж, нас барсан. Цагдаагийн байгууллагаас хэргийн газарт хийсэн урьдчилсан үзлэгээр талийгаачийг цонхоор буух оролдлого хийсэн байж болзошгүй гэж дүгнэсэн.

       -Өнгөрсөн гуравдугаар сарын 19-ний өдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах “Элизабет” хотхоны 15 давхраас эмэгтэй хүн унаж, амиа алдсан хэрэг гарсан. Тухайн үед “Элизабет” хотхонд коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол илэрч, тусгаарлалтад аваад байлаа.Талийгаач нь дөрвөн хүүхдийн ээж байсан бөгөөд цахим сүлжээнд энэ талаар “Тав хоногийн хөл хорио, гэр бүл доторх хэрүүлээ тэвчиж чадалгүй амиа хорложээ” гэх сэтгэгдлүүд ч яваад байсан юм.

-“КОВИД-19” ЦАР ТАХЛЫН ҮЕД ДЭЛХИЙН НИЙТ АМИА ХОРЛОЛТ 200 ХУВИАР ӨССӨН-

       “Ковид-19” цар тахлаас өмнө жилд дунджаар дэлхийд 800 мянга гаруй хүн амиа хорлодог гэх судалгаа гарсан. Тэгвэл коронавирусийн үе эхэлснээс хойш өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1 хүртэл Их Британийн Хэвлэлүүдийн Холбооноос хийсэн хийсэн судалгаагаар “Ковид-19” цар тахлын үед амиа хорлолт 200 хувиар өссөн гэнэ.

Ковид гарахаас өмнө ч, цар тахлын үед ч амиа хорлолтоо тэргүүлж байгаа улс Япон. Гэвч хамгийн хачирхалтай нь ковидын үед тус улсын эрэгтэйчүүд амиа хорлох нь мэдэгдэхүйц хувиар багассан ч эсрэгээрээ эмэгтэйчүүд амиа хорлох нь 15 хувиар өссөн тухай Японы амиа хорлолтын эсрэг “Бонд” төслийн санаачлагчид мэдээлсэн. Амиа хорлолтын шалтгааны дийлэнх хувийг сэтгэл зүйн гутрал, хөл хорио, цар тахлын улмаас ажилгүй болсон гэх шалтгаанууд эзэлсэн байдаг.

Мөн амиа хорлохыг завдсан гурван хүний нэг нь нэг жилийн дотор дахин амиа хорлох оролдлого хийдэг. Амиа хорлох оролдлого хийсэн нийт хүмүүсийн 10 хувь нь амиа хорлосон байдаг судалгаа гарсан байна.

-“КОВИД-19”-ИЙН ҮЕИЙН СЭТГЭЛ ГУТРАЛ РУУ “ТҮЛХЭХ” ШАЛТГААНУУД-

       Хүмүүсийн сэтгэл гутарч, амиа хорлолт руу “түлхэж” байгаа маш олон шалтгаан байгаагийн хамгийн том нь коронавирус. Гэвч коронавирусийн үе нь өөрөө өөр олон шалтгааныг дагуулж ирж байгаа юм. Жишээлбэл, Монгол Улс дотооддоо коронавирус алдсанаас хойш удаан хугацаанд нас баралт бүртгэгдээгүй. Гэтэл коронавирусийн улмаас хүн амиа алдаж, өнгөрсөн нэг сарын хэмжээнд гэхэд энэ тоо итгэмээргүй огцом өсөж, өчигдрийн байдлаар улсын хэмжээнд 130 хүн цар тахлын улмаас нас бараад байна. Энэ нь олон нийтийг айлгаж байгаа чухал сэдэв мөн.

       Харин Монгол Улсад коронавирусийн эсрэг дархлаажуулалтын ажил эхэлсэн нь вакцинтай холбоотой мэдээллүүд иргэдийг тавьгүйтүүлж эхэлсэн. Коронавирусийн эсрэг вакцины тунг тариулсны дараа долоо хоног хүртэлх хугацаагаар халуурах, толгой эргэх, дотор муухайрах, тариулсан газар хөндүүрлэх зэрэг гаж урвалууд илэрдэг. Харин дэлхийн бусад оронд гаж урвалыг бие нь хүлээн авч дийлэлгүй амиа алдсан олон тохиолдол бүртгэгдсэн.

БАРИМТ:

-Өнгөрсөн гуравдугаар сард Дани Улсад АстраЗенека вакциныг тариулсан хүнд цусны бүлэгнэл үүсэж нас барсан. Үүнтэй холбоотойгоор Европын холбооны хэд хэдэн орнуудад тус вакциныг дархлаажуулалтдаа ашиглахыг түр хориглоод байсан юм. Харин үүний дараа үнэхээр үхлийн аюултай цусны бүлэгнэл үүсгэдэг эсэх нь маргаантай байсаар дууссан. АстраЗенека вакцины хэрэглээг түр зогсоогоод байсан Европын орнууд эргэн дархлаажуулалтдаа нэгтгэсэн бол Дани Улс бүрэн хассан байдаг.

-Коронавирусийн эсрэг Пфайзер вакцины эхний тунг тариулсан 30 гаруй эмзэг бүлгийн иргэд Норвег Улсад амиа алдсан. Гэвч уг мэдээллийг тус улсын Эмийн агентлагаас үгүйсгэж, “Вакцин хүний биед сөрөг нөлөө үзүүлж, аминд хүрсэн гэх нотолгоо байхгүй” гэж мэдээлсэн. Тэгээд л энэ шуугиан эцэс болсон.

-Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 9-нд ОХУ-ын “Гамалея” төвийн Спутник-В вакциныг тариулсан дөрвөн хүн амиа алдсан талаар Европын хэвлэлүүд мэдээлсэн. Гэвч амиа алдсан дөрвөн хүнд вакцин сөрөг нөлөө үзүүлсэн эсэх талаар вакцин үйлдвэрлэгчдээс мэдэгдэл хийхгүй байсаар энэ шуугиан намжсан.

Дээрх мэдээллүүд нь “Коронавирусийн эсрэг вакцин хүний биед сөрөг нөлөө үзүүлж, аминд нь хүрч байгаа” гэсэн сэтгэгдлийг иргэдэд өгч байгаа юм. Гэвч энэ мэдээллүүдээс зугтаах бус тулахаас өөр арга үгүй цаг үе ирээд байна. Цар тахлын үед халдвар хамгааллын дэглэмээ баримтлах, зайгаа барих зэргийг чанд сахих ч түүний зэрэгцээ хувь хүн бүр өөрсдийн хэмжээнд сэтгэл зүйдээ анхаарах цаг иржээ.


“Ковид-19”-ийн дагуулж ирсэн өөр нэгэн цар тахал буюу сэтгэл гутрал
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-05-06 23:02:30
    Zochin : Odoo boliochee yagaad dahin dahin bicheed bdag ym be ar geriin hvmvvst ni hetsvv bga shv de arai gej anij bga sharhiig sedreegeed bh ym i
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188