• Өнөөдөр 2024-04-17

Хойт эцгийн гарт үрэгдсэн хайран найман амь

2020-09-23,   2363

Бид тэднийг мартсан, одоо түүнийг ч бас мартах уу

Ээж: Миний охин, ээж нь чамд нэг хүн танилцуулах гэсэн юм. Тэр хүн чиний аав болно. 
Охин: Ээж ээ тэр сайн хүн үү?
Ээж: Тийм ээ охин минь. Тэр их сайн хүн. Ээжид нь маш их хайртай. Бас миний охин удахгүй дүүтэй  болно. Дөрвүүлээ хамтдаа аз жаргалтай сайхан амьдарна. 
Охин: Ямар гоё вэ. Би бусад хүүхэд шиг аавтай болох нь ээ. Манай шинэ аав бусад хүүхдийн аав шиг надтай тоглож, намайг тань шиг хайрлана биз дээ, ээж ээ?
Ээж: Тэгэлгүй яахав дээ. Харин миний охин тэр хүний аав аа гэж дуудаарай...

“Би аавтай  болох нь” хэмээн баярлан хөөрч явсан охин ердөө ганцхан жилийн дараа “Аав аа намайг битгий өвтгө л дөө” хэмээн цурхиран уйлж, гэртээ эзгүй ээжээсээ, өлгийдөө өмөлзөх бяцхан дүүгээсээ аврал эрсээр хорвоогоос оджээ. “Аав аа гэж дуудвал ээжийг минь, бас намайг хайрлана, ээж минь баярлана” гэх ганцхан зүйлд итгэж байсан тэр охин эцсийн амьсгалаа тасрах хүртлээ “Аав аа” хэмээн дуудсаар байсан нь энэ. Бяцхан дүүгээ ч эгчийн ёсоор үнсэж амжсангүй, өөрийг нь, дүүг нь, шинэ аавыг нь хоолтой байлгахын төлөө шөнө дөл хүртэл ажиллаад эзгүй байсан ээждээ баяртай ч гэж хэлж чадсангүй, тэр явчихжээ. “Дөрвүүлээ жаргалтай амьдарна” гэсэн ээжийнхээ үгэнд итгэн, өдөр хоногуудыг шууд зуун тэвчиж байсан биз ээ. 

Энэ бол хойт эцгийн гарт хаалттай хаалганы цаана хорвоог орхисон хэдэн арван гашуун түүхийн ердөө ганцхан нь...Энэ түүхээс гадна олонд ил болсон харамсалтай хэргүүдээс хэдийг л бол хэдийг дурьдаж болно. Цоожтой хаалганы цаана байсан тамлалууд эцэст нь хүн амины хэрэг болж, өдөр тутам олон нийтэд цацагдаж байна. Яг л цаг агаарын мэдээ шиг дасал болсон зүйл мэт...                            

Хойт эцгийн гарт үрэгдсэн хайран найман амь

1. 1990 оны намар зургаан настай Н гэх охиныг хойт эцэг нь “Гэр цэвэрлэсэнгүй” хэмээн хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарч байв. Улмаар талийгаач Н охиныг төрсөн ээж нь нөхөртэйгөө нийлэн чемоданд хийж газарт булаад бичиг баримтыг нь шатаасан байсныг цагдаагийн байгууллагаас хожим нь илрүүлж байжээ. Энэ хэргийн тухай баримт “Ардын эрх” сонинд нийтлэгдэж, нийгэм хэсэгтээ л түгшиж байсан. 

2. Хойт аавдаа байнга зодуулдаг байсан хүү 2006 онд Хан-Уул дүүрэгт гэрийнхээ паарнаас өөрийгөө боож амиа хорлосон хэрэг гарсан. Амиа хорлосон хүү “Ээж ээ, би таныг өрөвдөж байгаа учраас үхэхээр шийдлээ. Та надаас болж аавтай дандаа зодолддог шүү дээ” гэсэн гэрээслэл үлдээгээд хорвоогоос одсон. Амиа хорлох хүртэл нь дарамталж, хүчирхийлэлд байлгасан хойт эцгийг нь шүүх хурлын үед төрсөн ээж нь “Би гомдолгүй” хэмээж, олон нийт жигшин зэвүүцэж байв. 

3. 2007 оны арванхоёрдугаар сард Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд хойт эцэг нь хоёр настай дагавар охиноо хөнөөсөн жигшүүрт хэрэг гарсан. Хэргийг 31 настай Ө.А архидан согтуурсан үедээ үйлдсэн бөгөөд хэвлий хэсэгт нь хүчтэй цохисноос болж элэг нь няцарч нас барсан нь тогтоогдсон. 

4. 2015 оны хоёрдугаар сард дөрвөн настай охин О өөрийн эцэг Т.Цогт, хойт эх Г.Маралмаа нарт онц хэрцгийгээр зодуулж амиа алдсан. Талийгаач охины биед хуучин хөхрөлт, шарх сорви их байсан бөгөөд удаа дараа зодуулдаг байсан нь шүүхээр тогтоогдсон. Дөрвөн настай О-г хойт эх нь зодож буйг төрсөн эцэг Т.Цогт нь мэддэг байсан ч хамгаалаах бүү хэл өөрөө ч мөн зоддог байсан нь илэрсэн. Хамгийн аймшигтай нь эл хэргийг үйлдсэн Г.Маралмаа нь тухайн үед тулгар биетэй байсан. 

5. 2019 оны арванхоёрдугаар сард Сүхбаатар аймгийн Онгон суманд дөрвөн сартай нялх хүүхэд гаднын нөлөөтэй нас барсан. Эл хэрэгт хойт эцэг буюу ээжийнх нь хамтран амьдрагч 46 настай А-г буруутгасан. Хэрэг гарах үед тэд хамт байсан бөгөөд нярай их хэмжээний цус алдсан, гавал тархины гэмтэлтэй амиа алдсан байдаг. 

6. 2019 оны арванхоёрдугаар сарын 20-нд Хэнтий аймгийн Хэрлэн суманд нэг ой гурван сартай болон хоёр настай ах дүү хоёр хойт эцэгтээ зодуулж, ах нь амиа алдсан аймшигт хэрэг гарсан. Ой гурван сартай  дүү нь биеийн байдал хүнд эмнэлэгт хүргэгдсэн бол хоёр настай ах нь эмнэлэгт хүрч чадалгүй амьсгал хураасан байдаг. Тус хэргийг үйлдсэн хойт эцэг нь өмнө нь танхай, хулгай, хүчин зэрэг зургаан гэмт хэрэг үйлдэж байсан. 2018 оны намар хорих ангиас суллагдсан бөгөөд хэрэг үйлдэх үедээ хохирогч хүүхдүүдийн ээжтэй хамт архидан согтуурсан байсан нь тогтоогдсон. 

7. 2020 оны дөрөвдүгээр сард Хөвсгөл аймагт хойт эцэг нь дагавар охиныхоо хоолойн тус газарт нь хоёр удаа хутгалж, амийг нь хөнөөсөн хэрэг гарсан. Хэргийг 34 настай Л.М үйлдсэн бөгөөд хэргийн газраас зугтаж, гэрээсээ 10 км зайд очиж, модноос өөрийгөө цагаан өнгийн уяагаар боомилж нас барсан гэдэг. Хэргийг шалгах явцад амь хохирогч 14 настай М нь хэрэг гарахаас дөрөв хоногийн өмнө ээждээ “Хойт аав намайг хоёр жилийн өмнө сургуулийн дотуур байрнаас авч гараад хоёр удаа хүчиндсэн” хэмээн хэлсэн. Харин охины ээж энэ талаар ах дүү нартаа хэлж, хэрэгтний ээжид мэдэгдэж, гэр бүлийн таарамжгүй харилцаа үүссэн байсныг цагдаагийн байгууллага олж тогтоосон. 

8. Хамгийн сүүлд буюу энэ сарын 20-нд есөн настай охин Э хойт эцэгтээ онц хэрцгийгээр зодуулж амиа алдлаа. Шүүхийн шинжилгээгээр талийгаач охины хавирганууд нь хугарч, бороолоод эдгэсэн, 12 хуруу гэдэс нь няцарсан байсныг тогтоосон. Эл хэргийг үйлдсэн талийгаачийн хойт  эцэг 36 Б-г баривчилсан бөгөөд архидан согтуурсан байсан нь илэрсэн. 

Дээрх хэргүүд бол хойт эцгийнхээ эцэс төгсгөлгүй зодуур, тамлалыг өөрийн амиар зогсоогоод ээждээ бас энэ нийгэмд гомдоод хорвоогоос хальсан аймшигт хэргүүдийн наймхан жишээ. Харин амиа алдахаас нь наагуур хазсан, заазуурдсан, үзэг балны хошуугаар шивсэн, хүчиндсэн хэргүүдийг тоочвол цаг ч, цаас ч эс хүрэлцэх аж. Харамсалтай нь бид тэднийг бүгдийг нь мартсан. Хэдхэн хоног нийгэм даяараа шуугиад л өнгөрсөн. Одоо хэн ч санахгүй, магадгүй санахыг хүсэхгүй ч байж мэднэ. Бид хоёр хоногийн өмнө амиа алдсан есөн настай охины хэргийг ч мартана, магадгүй. 

                                                Амиа алдахаас нь өмнө аварч болох 90 хувийн боломж

Ханилж суусан хүнийхээ хүүхдийг хавчин гадуурхаж, нударга зангидан айлгаж, нулимсанд нь живүүлэн таашаал авах хүний бус авир яагаад ийм түгээмэл үзэгдэл болчихов оо. Адгуус, араатан хүртэл үрээ хамгаалж, амиа тасартал тэмцдэг байтал эхчүүд яагаад нялх хонгор үрээ зодуур тамлалын гал дүрэлзсэн өрөөн түгжиж орхиод байна вэ. Ханилаад удаагүй, хүүхэдтэйгээ удаан байлгаж ч үзээгүй хүнээ “Аав нь юм чинь алчихгүй байлгүй” гэж гэнэн сэтгээд, алуурчны гарт хүүхдээ үлдээж буйгаа яагаад ойлгохгүй байна вэ. 

Гэр бүлийн хүчирхийлэл бол хорт хавдартай адилхан гэдэг. Хорт хавдрыг эхний үе шатанд нь мэдээд эмчилбэл эдгэрдэг. Харин хэтэрхий оройтсон шатанд бол уучлаарай, аврал тун бага. Яг л үүнтэй ижилхэн. Хүчирхийллийг эхний үе шатанд нь мэдээд хууль хяналтын байгууллагад нь мэдэгдчихвэл бяцхан үрээ хамгаалах боломжтой. Хойт эцэгтээ зодуулж, амиа алдсан хүүхдүүдийн хэргийг задалж харвал ихэнхдээ амиа алдахаасаа өмнө хэд хэдэн удаа зодуулж, хүчирхийлүүлсэн байдаг. Зарим нь энэ тухайгаа ээждээ, эмээ өвөөдөө хэлдэг. Үлдсэн хэсэг нь “Надаас болж хэрүүл болох вий, ээжийг минь зодох вий” гээд нуугаад өнгөрдөг. Гэхдээ тухайн хүүхэд хойт эцэгтээ хүчирхийлүүлээд байгаагаа хэлсэн ч эс хэлсэн ч ээж хүний зөн совин, мэдрэмжээр харцнаас нь, хөхөрч, няцарсан толбоноос нь анзаарах 90 хувийн боломж бий. Хэрвээ хүчирхийлүүлж байгааг нь цаг алдалгүй мэдээд арга хэмжээ авч нөхрийнхөө гараас хүүхдээ салгаж авсан бол өдийд хэдэн арван хүүхэд амьд байх байлаа. 

Жишээ: Энэ сарын 20-нд хойт эцэгтээ зодуулж амиа алдсан есөн настай охин л гэхэд өмнө нь зодуулаад дөрвөн хавирга нь хугарч, бороолоод эдгэчихсэн байсан. Ганц хавирга хугарахад амьсгалах, алхаж явахад ч хэцүү болдог байхад дөрвөн хавирга нь хугарчихсан хүүхдийг анзаарахгүй байсан байж болох уу. 

Нөгөөтэйгүүр хүүхдийг нь зодоод, хүчирхийлээд байгаа хойт эцгийг өөгшүүлдэг, хүлцээд өнгөрдөг буруу ээжүүдэд бий. “Гэрээ цэвэрлээгүй болохоор аав чинь зодож байгаа юм”, “Ганц удаа гар хүрээ л биз”, “Аавдаа алгадуулдаггүй хүн гэж хаана байдаг юм”, “Цагдаад бариад өгчихвөл буцаж гарч ирээд илүү муу зүйл хийх байх”, “Ганц нэг удаа ингээд дараа нь болих байх” гэх мэт өөгшүүлсэн, хүлцсэн бодлууд эцэст нь хүүхдийнхээ амийг хөнөөлгөх шалтгаан болж байна. 

Жишээ: Өнгөрсөн дөрөвдүгээр сард 14 настай М гэх охиныг хойт эцэг нь хоолойн тус газарт нь хоёр удаа хутгалж хөнөөсөн аймшигт хэрэг гарсан. Талийгаач охин амиа алдахаасаа дөрөв хоногийн өмнө ээждээ “Хойд аав намайг хоёр удаа хүчиндсэн” гэж хэлж байсан ч ээж нь харин хамаатан саднууддаа хэлэхээс өөр арга хэмжээ аваагүй байдаг. 

Харсан ч хараагүй юм шиг, эсвэл огт хайхрахгүй байснаараа эцэст нь нөхөр нь шоронд, хүүхэд нь тэнгэрт одож буй эхчүүдийн жишээ олон байна. Амьдарлын хатуу бэрхийг хамтдаа туулах ханьтай болох гэсэндээ, хамгийн хайртай нялх үрээ аавтай болох гэсэндээ хүний хүнтэй ханилан суусанд нь тэднийг буруутгах аргагүй. Гэхдээ суухаасаа өмнө судалдаг, суусны хойно хүүхдийг нь хайрлаж буй эсэхэд, хааяа нэг гар хүрээд байгаа, эсэхийг нь тандаад мэдчихдэг байх эх хүний хариуцлага л дутаад байна. 

“Зодсоныг минь ээж нь л мэдэхгүй байвал боллоо”

Хэрвээ хэрэгжүүлдэг бол хүүхэд хамгааллын тухай хууль, дүрэм журам манайд улсад хангалттай олон бий. Гэхдээ хууль нь хөрсөн дээр биш цаасан дээр байгаа нь хүчирхийлэл хавтгайрч, хүн амины хэрэг гаарч байгаа бас нэг шалтгаан. Зарим хойт эцэг нэртэй хүчирхийлэгчдэд хүүхэд хамгаалал, түүний хариуцлагын тухай хуулийн ойлголт мэдээлэл бараг л байдаггүй. Яавал хүчирхийлэл болдог, ямар хариуцлага хүлээдэг тухай огтхон ч мэдэхгүй. Зөвхөн зодож, цохисныг минь ээж нь л мэдэхгүй байвал боллоо гэсэн ганц ойлголттой. Харин ээж нь мэдээд цагдаад мэдэгдчихвэл би ямар шийтгэл хүлээх вэ гэдгээ мэдэхгүй. 

Тиймээс цаасан дээр нэр төдий байгаа хуулиа нийтэд сурталчлан таниулах, хэрэгжүүлэхэд анхаарах хэрэгтэй байна. Аймаг, дүүрэг, баг, хорооны хэсгийн ахлагч, байцаагч нарын ажлын чиг үүргийн хамгийн нэгдүгээрт хууль таниулах ажил баймаар байна. Хүүхэд хүчирхийлбэл төдөн жил, хүүхдийн амь нас хөнөөвөл төдөн жил гэдэг хуулийн ойлголтыг хүн бүрт ухуулж, таниулах хэрэгтэй. Тэдний дунд хүнгүй үед, хаалганы цаана хүчирхийлэл үйлддэг муйхар этгээд байж л таарна. Хуулийн бүх ойлголтыг өгчихвөл хоромхон зуурын уур, архины ааг, согтуурлын солиорлоо тэвчээд наранд сайхан амьдрах уу, нарсанд хорин жил хийсэн алдаандаа гэмшиж амьдрах уу гэдэг сонголтоо өөрсдөө хийх нь мэдээж. 

Эцэст нь бас бус

Ер нь нийгмээрээ, нийтээрээ сэтгэл зүйн сургалтад хамрагдах хэрэгтэй болсон мэт. Ууртай, догшин ширүүн, хөмсөг атируулж, нударга зангидсан хүмүүс хаа сайгүй. Нийгмийн ийм таагүй сэтгэл зүй ирээдүйд асар хор хохиролтой.  Уур омгоо биеэ хамгаалах чадваргүй бяцхан үрсдээ гаргана. Загнана, зодно. Эргээд тэр хүүхдийн эрүүл мэндэд ч, ирээдүйд нь ч хар толбо суулгаж буйгаа тэр бүр хайхардаггүй. Товчхондоо хүүхэд бол ирээдүй. Хүчирхийллээс хүчирхийлэл төрдөг буюу одоо л нийгмийн сэтгэл зүйг засаж, гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоож, зөв чигт залахгүй бол 20,30 жилийн дараа ч хүчирхийлэл байсаар, бид яг энэ зүйлээ ярьсаар л байх болно. 

Жишээ: Өнгөрсөн оны гуравдугаар сард БГД-ийн 7 дугаар хороонд дөрөв, зургаан настай хоёр хүүхдийг ээжийнх нь эзгүйд хойт аав нь 72 цаг хоол, усгүйгээр байлгаж, байж боломгүйгээр зодож тамласан хэрэг гарсан. Эл хэргийг үйлдсэн н.Тодзаяа гэх 27 настай залуу хүүхэд байхдаа аавдаа зодуулж, орцонд хөл нүцгэн хөөгдөж гардаг байсан. Түүнийг аав нь үзэгний хошуугаар зоож тамладаг байсан гэдэг. Тэр хожим нь 72 цаг хоёр хүүхэд хүчирхийлэхдээ яг тэр аргыг ашигласан. 

Бид одоо л хүчирхийлэл, хүүхдийн амь насыг хэрцгийгээр хөнөөсөн асуудлыг тал талаас нь нухацтай авч үзэж, арга хэмжээ авах хэрэгтэй. Гэр бүлийн хүчирхийллийг харсан ч хараагүй мэт байсаар байвал цоожтой хаалганы цаадах хүчирхийлэл дундаас нийгэмд жигшин зэвүүцсэн хүчирхийлэгч төрнө. Эсвэл насан туршдаа сэтгэл зүйн айдастай, бусдад үл итгэгч нэгэн гарч ирнэ. Хамгийн муугаар бол нийгэм нь анхаарахгүй, зогсоохгүй байгаа хүчирхийлэл, дарамт, зодуурыг тэд өөрсдийн амь насаар эцэслэх болно. 

Тиймээс эцэг эхчүүдэд сэтгэл зүйгээ удирдан чиглүүлэх, уур омгоо хүүхдээ зодож биш харилцан ярилцаж гаргадаг байх аргыг зааж өгмөөр байна. Бас улсын 800 мянган өрх айлаас хэд нь хүчирхийлэлтэй байгааг тогтоож, эрсдэлтэй ихтэй тухайн өрхөд амьдарч байгаа хүүхдүүдэд сэтгэл заслын эмчилгээ хийх, хүчирхийлэгчид нь хариуцлага тооцох, цаашид хүчирхийлэлгүй орчинг бүрдүүлж өгөх ажлыг нэн яаралтай хиймээр байна. 

Энэ бүхэн бол хэн нэгний амин хувийн үзэл бодол бус нийгмийн шаардлага болчихоод байна. Эрхэм төрийн түшээд ээ, хууль хяналтын байгууллагынхаан...


 


Хойт эцгийн гарт үрэгдсэн хайран найман амь
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-26 11:47:12
    Зочн: Сургуульд хүүхдүүдээ сурдг байхд дагаж орж ирдг найзуудынх нь царайг их аждаг байлаа . Хоол унднаасаа илүүчлээд хол гэртэйг нь атусны мөнгөар туслдг л зовж яваа д нь ямр ч яайсн туслдг л байлаа юм ховор байсн тглээ гээд ядуурдгүй юмаа хүүхдтэйгээ ярилцаад найзынх нь амьдрлыг асууж асарч хамгаалж байгаарай ээжүүдээ . Та хамгийн ойрын бурхан нь шүү одоо хүүхдүүд трнтэй уулзлаа “ээждээ мэнл хүргээрэй гсн” г сонсох сайхан шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-26 11:37:41
    Баясаа: 95 оны үед хойд эцэгдээ зодуулаад нас эцслсэн охин “ээжээ таны өвөрт унтя “ гж гуйгаад унтжээгаад өнгөрсн гсн ажлын гарзын эгч уншаад уйлж байж билээ . дагавар хүүхд болоод хил рүү ээж хойд эцгтэйгээ явсан зээгээ яаж явөа бол гээд хөөрхий.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-23 14:11:16
    иргэн: ямар нэгэн байдлаар гэр бүл салвал хүүхэдтэйгээ үлдсэн нь битгий хүнтэй суугаачээ яасан ч хэцүү юмдээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-23 14:10:24
    иргэн: ямар нэгэн байдлаар гэр бүл салвал хүүхэдтэйгээ үлдсэн нь битгий хүнтэй суугаачээ яасан ч хэцүү юмдээ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188