Хотод хамгийн том газартай Б.Наранхүүгийн араас шил дарж, эзэмшдэг газрынхаа хэмжээгээр хоёрдугаарт Ж.Бямбабаатар, Р.Ганхуяг нарын “Их үйлсийн эрэлд групп” ХХК жагсдаг ажээ.
Сонирхолтой нь, Ж.Бямбабаатар, Р.Ганхуяг хоёрын хотод газар газартай болсон түүх нь ч, хотхон, хорооллуудыг “өндөглүүлж” эхэлсэн түүх нь ч газрын наймааны “эцэг” Б.Наранхүүтэй шууд холбогдох ажээ. Тодруулбал, Ж.Бямбабаатар, Р.Ганхуяг нар 2006 онд “Их үйлсийн эрэлд” ХХК-ийг байгуулж, улмаар Б.Наранхүүгээс БЗД-ийн 26-р хороо, одоогийн “Дүнжингарав” захын баруун талд 5.0 га газар авч, тэндээ “Баянмонгол”, “Их Монгол” хэмээх хотын анхны нүсэр хоёр хорооллыг барьж худалдсанаар барилгын бизнест орсон ажээ. Товчхондоо, Б.Наранхүүгийн газрын наймааны анхны худалдан авагч нар нь Ж.Бямбабаатар, Р.Ганхуяг нар эжээ.
Өдгөө Ж.Бямбабаатар, Р.Ганхуяг нарын мэдэлд “Их үйлсийн эрэлд” ХХК, “Их үйлсийн эрэлд групп” ХХК, “Туурайн төвөргөөн” ХХК тэргүүтэй 50 орчим компани бүртгэлтэй байдаг ажээ. Шүүж үзвэл, тэдний дээрх компаниудын мэдэлд БЗД-ийн 26-р хороо, ХУД-ийн 8-р хороо, СХД-ийн 34-р хороо гэхчилэн хотын өнцөг булан бүрд нийт 1,556,237м2 буюу 155 га газар байдаг ажээ. Өөрөөр бол, Улаанбаатар хотод эзэмшдэг газрынхаа хэмжээгээр Б.Наранхүү 180 га газраар тэргүүлж буй бол Ж.Бямбабаатар, Р.Ганхуяг нар 155 га газраар удаалж буй юм.
Ж.Бямбабаатар, Р.Ганхуяг нарын эзэмшдэг компаниудын нэр дээрх газруудыг танилцуулъя.
Ж.БЯМБАБААТАР, Р.ГАНХУЯГ НАРЫН 2223 АЙЛЫН ХАШААНЫ ГАЗАРТАЙ ТЭНЦЭХ 155 ГА ГАЗРЫГ 14 КОМПАНИАРАА ДАМЖУУЛАН ЭЗЭМШИЖ БАЙНА
Ж.Бямбабаатар, Р.Ганхуяг нар нийт 50 орчим компанитайг дээр дурдсан. Тэгвэл тэд эзэмшдэг 155 га газраа өөрсдийн 14 компанийн нэр дээр хуваасан байдаг аж.
“Их үйлсийн эрэлд групп” ХХК-ийн нэр дээр Баянзүрх дүүргийн XXVI хороонд 12,341м2 буюу 1.2 га
“Туурайн төвөргөөн” ХХК-ийн нэр дээр Хан-Уул дүүргийн VIII хороонд:
- 344,658м2 буюу 34.4 га
- 86,073м2 буюу 8.6 га
- 72,324м2 буюу 7.2 га
- 59,640м2 буюу 5.9 га
- 50,701м2 буюу 5.0 га
“Яармаг моторс дилершип” ХХК-ийн нэр дээр Хан-Уул дүүргийн VIII хороонд 125,989м2 буюу 12.5 га
“Яармаг таун резиденс” ХХК-ийн нэр дээр Хан-Уул дүүргийн VIII хороонд 113,991м2 буюу 11.3 га
“Яармаг тауэр энд конвеншс” ХХК-ийн нэр дээр Хан-Уул дүүргийн VIII хороонд 112,471м2 буюу 11.2 га
“Яармаг плаза резиденс” ХХК-ийн нэр дээр Хан-Уул дүүргийн VIII хороонд 100,033м2 буюу 10 га
“Яармаг скүер гарден” ХХК-ийн нэр дээр Хан-Уул дүүргийн VIII хороонд 90,022м2 буюу 9.0 га
“Яармаг хилл резорт” ХХК-ийн нэр дээр Хан-Уул дүүргийн VIII хороонд 26,848м2 буюу 2.6 га
“Три парт үон транспорт” ХХК-ийн нэр дээр Хан-Уул дүүргийн VIII хороонд 75,955м2 уюу 7.5 га
“Миллениал эдүкейшн сервисес” ХХК-ийн нэр дээр Хан-Уул дүүргийн VIII хороонд 42,028м2 буюу 4.2 га
“Женерал-Эталон” ХХК-ийн нэр дээр Баянгол дүүргийн XX хороонд 11,482м2 буюу 1.1 га газар
“Эм Эм Эс групп” ХХК-ийн нэр дээр Хан-Уул дүүргийн VIII хороонд 24,025м2 буюу 2.4 га
“Дижитал номадс” ХХК-ийн нэр дээр Сонгинохайрхан дүүргийн XXXIV хороонд 149,869м2 буюу 14.9 га
“Ихэр шарангад” ХХК-ийн нэр дээр Сонгинохайрхан дүүргийн XXXII хороонд 45,446м2 буюу 4.5 га газар тус тус эзэмшдэг. Өөрөөр хэлбэл, нийт 1,556,237м2 буюу 155 га газар эзэмшиж байна. Нэг айлын хашааны газар 0,07 га гэж тооцвол, Ж.Бямбабаатар, Р.Ганхуяг нар 2223 айлын хашааны газартай тэнцэх хэмжээний газрыг 14 компанийнхаа нэр дээр эзэмшиж байна.
Цааш Ж.Бямбабаатар, Р.Ганхуяг нарын бизнесийн холбоо хамаарлыг хөөвөл, УИХ-ын дарга асан Д.Лүндээжанцан, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл, Хотын дарга асан Д.Сумъяабазар хүртэл хөтөлж очих ажээ.
Ж.Бямбабаатар, Р.Ганхуяг хоёр анх “Их үйлсийн эрэлд” ХХК-ийг байгуулж, тухайн компаниа цааш салбарлуулан 50 орчим компани болгосон. Тэгвэл “Их үйлсийн эрэлд” ХХК нь 2006 онд, “Моринхуур тауэр” ХХК нь 2012 онд, “Их монгол резорт” ХХК нь 2014 онд, “Их монгол проперти” ХХК нь 2015 онд тус тус Сүхбаатар дүүргийн V хороо, V хороолол, Шихихутуг дээд сургуулийн 201 тоот”-од бүртгэлтэй байгуулагджээ. Сонирхолтой нь, Ж.Бямбабаатар, Р.Ганхуяг хоёр өдгөө хотын хамгийн өндөр түрээстэйд тооцогддог “Их монгол” оффисын барилгыг эзэмшдэг боловч дээр дурдсан “Их үйлсийн эрэлд” ХХК, “Моринхуур тауэр” ХХК, “Их Монгол резорт” ХХК, “Их Монгол проперти” ХХК-ууд нь “Шихихутуг” их сургуулийн 201 тоот хаяг дээрээ одоог хүртэл бүртгэлтэй байдаг ажээ. Өөрсдөө тансаг шилэн оффистой болсон ч “Шихихутуг” их сургуулийн хаягнаас компаниудаа шилжүүлээгүй гэсэн үг. Эндээс тун ноцтой сэжүүр гарч ирнэ. Тодруулбал, “Шихихутуг” их сургуулийг УИХ-ын дарга асан Д.Лүндээжанцан эзэмшдэг бөгөөд эхнэр Дамбадаржаагийн Оюунцэцэг нь удирддаг. УИХ-ын дарга Д.Лүндээжанцан Өвөрхангай аймгийн уугуул. Тэгвэл Ж.Бямбабаатарын аав Д.Жамъяндорж нь мөн Өвөрхангай аймгийн уугуул бөгөөд илгээлтээр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг даргаар ажиллаж явсан, Гавьяат эдийн засагч цолтой нэгэн байжээ. Өөрөөр хэлбэл, Д.Лүндээжанцан, Ж.Бямбабаатар нар нутгийн ах дүүс болж таарах аж.
Цааш хөөвөл, Ж.Бямбабаатар, Р.Ганхуяг нар “Их үйлсийн эрэлд” ХХК-аараа 2006 онд Б.Наранхүүгээс газар авч, улмаар “Баянмонгол” хорооллыг барьж 2009 онд ашиглалтад оруулж худалдсан. Гэтэл 2010 онд Татварын ерөнхий газраас шалгалт явуулж Ж.Бямбабаатар, Р.Ганхуяг хоёрын “Их үйлсийн эрэлд” ХХК нь “Баянмонгол” хорооллыг худалдаж орлсон орлогоосоо 38 тэрбум төгрөгийн татвараас зугтсан болохыг тогтоож байжээ. Улмаар ТЕГ-ынхан Эрүүгийн цагдаагийн алба хамтран “Их үйлсийн эрэлд” ХХК-ийг шалгаж эхэлсэн аж. Ноцтой нь, тухайн үед Д.Лүндээжанцан “Их үйлсийн эрэлд” ХХК-ийнхныг хууль хяналтынхнаас улаан нүүрээрээ хамгаалж гарсан гэх жиг жуг яриа улс төрийн хүрээлэлд гарч байжээ.
Энэ сэжүүрээр цааш хөөвөл, Д.Лүндээжанцан 2015 онд Нүхтийн аманд 10 блок хаус бүхий “Солонго” гэх тансаг зэрэглэлийг хотхоныг бариулж худалдсан. Гэвч “Солонго” хотхоны газрыг хэний нэр дээр хэнээс авсан, ямар компаниар бариулж худалдсан гэдэг нь төрд ч ямар ч бүртгэлгүй ажээ. Цаашилбал, 28 жил төрийн түшээ хийсэн Д.Лүндээжанцан дансандаа 300 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлдэг. Гэтэл Д.Лүндээжанцагийн хөөцөлдөлгөөгөөр Японд Элчин сайдаар томилогдсон, хувьдаа бизнесгүй хадам дүү Д.Батжаргал нь өнгөрөгч 2022 онд дансандаа 5.3 тэрбум төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлжээ. Эндээс үзвэл, УИХ-ын дарга Д.Лүндээжанцан Ж.Бямбабаатар, Р.Ганхуяг гэх хоёр залуугаар “гар хөл” хийж, М.Энхболд, Ц.Батбаяр, Г.Мөнхбаяр нарт нөлөөлөн тэдэнд хотын өнцөг булан бүрт 155 га газар олгуулж, улмаар хотхон, хороолол бариулж, өөрөө ард нь хууль хяналтынхны хамгаалалт хийж, хувь хүртэж ирсэн байж болзошгүй сэжүүр гарч ирж байгаа юм.
Ж.Бямбабаатар, Р.Ганхуяг хоёрын бизнесийн холбоо хамаарал, хамсаатнуудынх нь сүлжээг цааш хөөвөл УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх, тэр бүү хэл Хотын дарга асан Д.Сумъяабазар хүртэл хөтөлж очих ажээ.
Р.Ганхуяг “Их үйлсийн үлэмж” ХХК, “Үлэмж монгол фитнес” ХХК-уудыг Сэнгээгийн Батмөнхтэй хамтран эзэмшиж ирсэн бөгөөд саяхнаас дангаараа эзэмшдэг болсон. Харин С.Батмөнх нь гэгч нь “Үлэмж” ХХК-ийг эзэмшдэг бөгөөд Хотын дарга асан Д.Сумъяабазарын төрсөн дүү Д.Сэржбүдээтэй “Астрон билдингс” ХХК, “Юнайтед хүүлсэйл монголиа” ХХК-уудыг хамтран эзэмшиж ирсэн. Цаашилбал, “Астрон билдингс корпораци” ХХК-ийг С.Батмөнхийн “Үлэмж” ХХК, Д.Сэржбүдээгийн “Рояал индастриал девелопмент” ХХК, В.Ганбаатарын “Бүти” ХХК-ууд хамтран эзэмшдэг ажээ. Сонирхуулахад, С.Батмөнхийн “Үлэмж” ХХК нь Д.Сумъяабазарыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд байх үед нүүрс тээврийн шинэ гарц буюу “Цагаан дэл уул”-ын боомт руу тавих 270 км автозамын гүйцэтгэгчээр шалгарсан байсан аж. Илүү ноцтой нэг баримт нь, С.Баянмөнх, Д.Сэржбүдээ хоёртой “Астрон индастриал девелопмент” ХХК-ийг хамтран эзэмшдэг В.Ганбаатар гэгч нь алдарт “Авлига хороолол”-ын эзэн. Эндээс харвал, Хотын дарга асан Д.Сумъяабазарын “Авлига хорооллыг нураана” гэх акц нь “шоу” байсан болж таарч байгаа юм.
Р.Ганхуяг “Хера-Инвестмент” ХХК-ийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, түүний төрсөн ах Х.Гантулга, УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын эхнэр Ц.Уянга, Элчин сайд Ө.Батбаяр нартай хамтран эзэмшиж ирсэн. Мөн Р.Ганхуяг, Х.Ганхуягийн төрсөн ах Х.Гантулга нар “Эм Би Си Си холдинг” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Цаашилбал, Р.Ганхуяг, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Х.Гантулга, Х.Хашчимэг нар “Ремикон” ХХК-ийг хамтран эзэмшдэг бөгөөд ТУЗ-ийн даргаар нь Р.Ганхуяг ажиллаж иржээ.
Р.Ганхуяг, Ж.Бямбабаатар нар “МГЛ пропертиз” ХХК-ийг Хүрлээгийн Анхбаяртай хамтран эзэмшдэг. Мөн Хүрлээгийн Анхбаярын “Ричфлюорит” ХХК-ийн охин компани болох “Жоншт газар” ХХК нь саяхан Р.Ганхуяг, Ж.Бямбабаатар хоёр эзэмшилд шилжжээ. Тэгвэл Хүрлээгийн Анхбаяр гэгчийг оффшорын мөнгөөр уул уурхайн 45 лиценз хууль бусаар худалдаж авсан хэргээр хоригдож явсан, “Тэнгри групп”-ын эзэн гэдгээр нь олон нийт эчнээ танина. Харин Х.Анхбаяр нь “Ньюжуулчин турс” ХХК, “Жуулчин уорлд турс” ХХК, “Эдельвайс хотел” ХХК тэргүүтэй ихэнхи компани, бизнесээ “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Галсангийн Батсүхтэй хамтран эзэмшдэг. Энэ сэжүүрээр цааш хөөвөл маш ноцтой баримт гарч ирнэ. Тодруулбал, Ж.Бямбабаатарын үүсгэн байгуулсан, ХУД-ийн 8-р хороонд 2.4 га газартай гэж дээр дурдсан “Эм Эм Эс групп” ХХК нь 2019 оноос хойш жил тутам “Оюу толгой” ХХК-ийн шилдэг 50 ханган нийлүүлэгчийн нэгээр шалгарч иржээ. Өөрөөр хэлбэл, “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх бизнесийн ганц хамтрагч Х.Анхбаярынхаа дам хамтрагч болох Ж.Бямбабаатарын “Эм Эм Эс групп” ХХК-ийг “Оюу толгой” ХХК-ийн хэдэн арван тэрбумын тендерүүдэд шалгаруулж ирсэн байж болзошгүй гэсэн үг юм.
Энэ мэтээр цааш хөөвөл, Улаанбаатар хотод эзэмшдэг газрынхаа хэмжээгээр Б.Наранхүүгийн араас зуузай холбон, улсдаа хоёрт жагсаж буй Ж.Бямбабаатар, Р.Ганхуяг нар төрд том артай, төрийн бүх л шатанд асар өргөн холбоо сүлжээтэй ажээ. Тиймдээ ч бүхэл бүтэн 2223 айлын хашааны газартай тэнцэх 155 га газарт 14-хэн компаниараа эзэн сууж байгаа биз ээ.
ГАЗРЫН НАЙМААНЫ “ЭЦЭГ” Б.НАРАНХҮҮТЭЙ ЗУУЗАЙ ХОЛБОЖ, ЭЗЭМШДЭГ ГАЗРЫНХАА ХЭМЖЭЭГЭЭР ХОЁРДУГААРТ ЖАГСАЖ БУЙ Ж.БЯМБАБААТАР, Р.ГАНХУЯГ НАР Д.ЛҮНДЭЭЖАНЦАНГИЙН “ЦЭРЭГ”-ҮҮД ҮҮ |
|
2025-05-03 10:08:53
2025-05-03 09:16:53
2025-05-03 07:00:18
2025-05-03 07:00:00
2025-05-03 07:00:00
2025-05-03 07:00:00
2025-05-03 07:00:00
2025-05-03 07:00:00
2025-05-03 07:00:00
2025-05-02 18:55:24
2025-05-02 18:38:27
2025-05-02 18:00:13
2025-05-02 15:47:23
2025-05-02 14:30:45
2025-05-02 13:47:59
2025-05-02 13:11:08
2025-05-02 13:08:27
2025-05-02 11:54:22
2025-05-02 11:53:32
2025-05-02 11:37:23
2025-05-02 10:57:53
2025-05-02 10:46:38
2025-05-02 10:41:57
2025-05-02 10:36:16
2025-05-02 09:53:55
2025-05-02 09:42:32
2025-05-02 09:12:07
2025-05-02 08:58:48
2025-05-02 08:49:08
2025-05-02 07:26:38
2025-05-02 07:00:00
2025-05-02 07:00:00
2025-05-02 07:00:00
2025-05-02 07:00:00
2025-05-02 07:00:00
2025-05-02 06:00:00
2025-05-02 06:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |