• Өнөөдөр 2024-03-28

ОЙ САНАМЖИНД: АТГ-т шалгагдсан авлига, албан тушаалын дуулиант гэмт хэргүүд-I

2022-03-07,   2098

Эргэлт.мн мэдээллийн сайт өнгөрсөн хоёр жилийн хугацаанд АТГ-т шалгагдсан, шалгагдаж байгаа албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, улсаас их хэмжээний мөнгө завшсан төрийн “томчууд”-ын дуулиан, шуугиантай хэргүүдийг цувралаар нийтэлж байна. Аливаа авлига, хээл хахууль, албан тушаалын гэмт хэргүүд сүр дуулиантай шалгагдаж эхэлдэг ч явцын дундаа бүдгэрч, эцэстээ хэрхсэн нь тодорхойгүй замхардаг. Төрөөс таван тэрбум төгрөг “идсэн” албан тушаалтан тавхан хоног шалгагдаж, саатуулагдсан болоод хэргээ хаалгадаг байж болохгүй. Тиймээс татвар төлөгчдийн халаасыг тэмтэрч, төсвийн мөнгөөр баяжсан төрийн томчуудын авлига, албан тушаалыг гэмт хэргүүдийг уншигч танд сэргээн сануулж байна. 
 

Ц.Элбэгдоржийн холбогдсон “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ц.Даваацэрэн, Б.Отгонбаатар нарын хэрэг

“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэн, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн багийн найз гэх Б.Отгонбаатар нарыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, “Эрдэнэт үйлдвэр”-т онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс хойшлуулшгүй ажиллагаа явуулж, 2019 оны есдүгээр сард баривчилсан байдаг. Тухайн үедээ НПГ-аас Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Ц.Даваацэрэн, Б.Отгонбаатар нарыг яллагдагчаар тооцон, үргэлжлүүлэн 30 хоногийн хугацаатай цагдан хорих санал гаргаж байсан юм. 
 
Түүнчлэн уг хэрэгт Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2 дахь хэсэгт заасан “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хуулиар хамгаалсан эрх, ашиг сонирхолд их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан” гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан бөгөөд өнгөрсөн 2020 оны нэгдүгээр сард яллагдагчаар татах мэдэгдэл хүргүүлсэн байдаг. Улмаар 2020 оны есдүгээр сард мөрдөн шалгах ажиллагаа дуусч, харьяаллын дагуу НПГ-т шилжүүлсэн гэх мэдээллийг албаны эх сурвалжууд өгч байсан. Харин одоо хэрхсэн нь тодорхойгүй байгаа. 

УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарын хэргийг сэргээн шалгаж эхлээд жил тойрлоо

УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарт холбогдох хэргийг 2016 оноос шалгаж эхэлсэн. Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарыг УИХ-ын гишүүний эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, 2014 онд “Чингис”, “Самурай” бондын санхүүжилтээс мөнгө завшсан хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байдаг. Тухайлбал, Б.Гарамгайбаатар нь 2012-2014 онд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга байхдаа Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт нөлөөлж, Засгийн газраар өөрт ашигтай шийдвэр гаргуулан, төсөвт их хэмжээний хохирол учруулсан үндэслэлээр буруутгагдсан. 
 
Б.Гарамгайбаатарын үүсгэн байгуулсан “Монроуд” компани нь Архангай аймгийн Тариат сумын Халзанбүргэдэй, Завхан аймгийн Солонготын даваа чиглэлийн 100 километр автозам барихдаа 22.3 тэрбум төгрөг нэмж авах хууль бус шийдвэр гаргуулсан байдаг. Мөн тус компани өмнө нь Хөгжлийн банкнаас 23.1 тэрбум төгрөг авсан гэх баримт мэдээллүүд ч ил олж байв. 
 
Гэвч Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарын дээрх хэргийг Баянгол дүүргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан үндэслэлээр 2019 оны долдугаар сарын 8-нд хэрэгсэхгүй болгож байсан. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр 2020 оны нэгдүгээр сарын 20-нд тэдний хэргийг сэргээн шалгах шийдвэр гарч байсан билээ. Харамсалтай нь, уг хэргийг сэргээн шалгаж эхэлснээс хойш бүтэн жил тойрч байхад хэрхэн шийдэгдсэн нь тодорхой бус байсаар байна. 

Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбатын холбогдсон 4.8 тэрбумын хэрэг

Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбатыг АТГ-аас эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад зээл олгож, улсад их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт яллагдагчаар татан шалгаж эхэлсэн байдаг. Түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн гэж албаны эх сурвалжууд мэдээлж байв. Гэхдээ эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт прокурорт авагдсан баримт, өмгөөлөгч нарын гаргаж өгсөн баримт зэргийг харгалзан үзэж, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд саад учруулахгүй байх нөхцөл хангаж байна” хэмээн үзэж, цагдан хорихоос татгалзаж, хилийн хориг тавьсан юм. 
 
Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбат нь албан тушаалаа ашиглаж, банкны тухай хууль зөрчин хаягдал баттарейг дахин боловсруулах төсөл нэрээр 228 сая иен буюу 4.8 тэрбум төгрөгийг жилийн 6.89 хувийн хүүтэйгээр, гурван жилийн хугацаатай “Газ-Импорт” ХХК-д олгосон байдаг. Түүнчлэн уг хэрэгт холбогдуулан Ч.Энхбатаас гадна Хөгжлийн банкны газар хэлтсийн дарга нар, “Газ-Импорт”ХХК-ийн захиралд эрүүгийн хэрэг үүсгэсэн гэж эх сурвалжууд мэдээлж байв. Улмаар өнгөрсөн 2020 оны дөрөвдүгээр сард Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбат болон зарим газар хэлтсийн дарга үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн юм. Харин одоо уг хэрэг аль шатанд шалгагдаж байгаа нь “хаалттай” байна. 
 
Үргэлжлэл бий
 
 

ОЙ САНАМЖИНД: АТГ-т шалгагдсан авлига, албан тушаалын дуулиант гэмт хэргүүд-I
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188