• Өнөөдөр 2025-04-03

Төрийн мөнгө хувьдаа завшсан “Чингис хаан” банкны Д.Батаа, Б.Батхүү нар АТГ, цагдаа, прокурорыг гартаа атгаж байна

2020-11-09,   12084

-Нөлөө бүхий улстөрчид тэднийг хамгаалалтдаа авчихаад цагдан хориулахгүй байгаа гэв үү-

      “Чингис хаан”, “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”-ны эздэд АТГ, Эрүүгийн цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгааг бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл дээрх хоёр банкны  гүйцэтгэх захирал, зээлийн мэргэжилтэн, хувь эзэмшигчдийг үгсэн тохиролцож, эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрсдөдөө маш бага хүүтэй зээл олгосон гэх үндэслэлээр буруутган мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Өөрөөр хэлбэл, төрийн мөнгийг зээл нэрээр хувьдаа завшиж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан ноцтой хэргийг хууль хяналтынхан илрүүлэн шалгаж байгаа юм. Бид энэ удаад “Чингис хаан” банкны хууль бус үйлдэл улстөрч, хууль хяналтынхны хамгаалалтад хэрхэн орсон талаарх ноцтой баримтыг дэлгэж байна. Мөн Монголбанкны удирдлагууд ч банк дампууруулах үйл ажиллагааг нь таслан зогсоолгүй,  улсын мөнгийг үрэн таран хийх боломж олгосон гэдгээр буруутгагдан шалгагдаж эхэлжээ.

Банкны  ажилтнууд  “Бид удирдлагуудын өгсөн үүрэг даалгаварыг биелүүлж, 68 тэрбум төгрөгийн зээл шилжүүлсэн” хэмээн мэдүүлжээ

       Албаны эх сурвалжийн бидэнд өгсөн  мэдээллээр  дампуурлын ирмэгт ирсэн “Чингис хаан”, “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”-нд “Эрдэнэт” үйлдвэрийн 45 тэрбум, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн 28 тэрбум, ЭМДЕГ-ын 25 тэрбум, “Таван толгой” ХК-ийн 10 тэрбум, Хадгаламжийн даатгалын корпорацийн 10 тэрбум, НДЕГ-ын таван тэрбум, Хөгжлийн банкны нэг тэрбум, Сангийн яамны хоёр тэрбум, Албан журмын даатгагчдын холбооны 1.7 тэрбум, ЖДҮХС-гийн  1.4 тэрбум гээд төрийн өмчит компани, яам, агентлаг, сангийн нийт 120 тэрбум байршиж байсан аж.

      “Чингис хаан” банк нь 2001 онд ОХУ-ын санхүүжилтээр байгуулагдсан. Монголын анхны гадаадын хөрөнгө оруулалттай банк гэгддэг. Улмаар 2015 онд 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай болж өөрчлөгдсөн. “Чингис хаан” банк нь одоо “Нью стандарт финанс” ХХК-ийн 100 хувь эзэмшилд байдаг. Харин “Нью стандарт финанс”ХХК-ийг Д.Батаа 40 хувь, Ш.Бүтэд 32 хувь, Ц.Баярсайхан 28 хувь эзэмшдэг бөгөөд “Чингис хаан” банкны эзэд гэсэн үг. Хачирхалтай нь, “Чингис хаан” банкны гол чанаргүй зээлдэгчид нь эзэд нь өөрсдөө. Тухайлбал, хамгийн их хувьцаа эзэмшигч Д.Батаа найман тэрбум, Ш.Бүтэд 30 тэрбум, Ц.Баярсайхан 31 тэрбум төгрөгийн эргэн төлөгдөөгүй зээлтэй байна. Тэд нийлээд 68 тэрбум төгрөгийг банкнаасаа буюу төрийн хадгалуулсан мөнгөнөөс зээлсэн нэрээр гарган авч, чанаргүй зээл болгож орхиод байна.

Хууль хяналтынхан  68 тэрбум төгрөгийг хэрхэн үрэгдүүлснийг шалгаж байна

        Тус банкны үйл ажиллагаа өнгөрөгч оны арванхоёрдугаар сараас доголдож, дампуурлын дохио өгч эхэлсэн байдаг. Энэ үеэс харилцагчдынхаа гүйлгээг удаах, хойшлуулах, саатуулах зэргээр байнга хэл аманд өртөж эхэлсэн бөгөөд энэ оны нэгдүгээр сараас хадгаламж эзэмшигчдийнхээ мөнгийг гаргаж өгч чадахгүй хэмжээнд хүрсэн. Тус банканд мөнгөө хадгалуулаад авч чадахгүй хохирсон иргэдийн холбоо хүртэл байгуулагдсан бөгөөд нийт 11 тэрбум төгрөгийн асуудал нь одоо ч яригдаж буй.  

         Түүнчлэн “Чингис хаан “банкны энэ оны нэгдүгээр улирлын тайланг харвал нийт хөрөнгө нь 372.1 тэрбум, өр, төлбөр нь 360.8 тэрбум, нийт олгосон зээл нь 254.9 тэрбум,  чанаргүй зээл нь 39 тэрбум төгрөг байна. Үүнээс харвал тус банкны актив нь өр төлбөрөө төлж чадахгүй хэмжээнд хүрчихсэн, товчхондоо дампуурч буй юм. Мөн “Чингис хаан” банк анх зургаан салбартай байсан ч өдгөө таван салбараа татан буулгаж, нэр төдий ганц салбар нь л NCP барилгад байрлаж буй.

       Албаны эх сурвалж ““Чингис хаан” банкны удирдлагууд эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, 68 тэрбум төгрөгийн зээлийг өөрсдөө авсан. Үүнээс болоод банкны үйл ажиллагаа доголдож эхэлсэн. Өөрөөр хэлбэл, хувь эзэмшигч нар чанаргүй зээл аваад эргүүлэн төлж чадахгүй бол банк дампуурах аюултай, эмзэг байгаа гэдгийг мэдэж байсан. Мөн  татвар төлөгчид болон төрийн мэдэлд байдаг уул уурхайн компаниудын мөнгийг тэд зээл хэлбэрээр авч эргэлтэд оруулж, мөнгө угааж, дундаас нь ашиг олох гэсэн зорилгоор анх энэ  бүхнийг хууль зөрчиж хийсэн байж болзошгүй байдал бий болсон. Харамсалтай нь, тэд 68 тэрбум төгрөгийн зээл авчихаад хувьдаа ашиглаж, үрж барагдуулсан. Өөрөөр хэлбэл, төрийн мөнгөөр тоглож, салхинд хийсгээд байгаа юм. Хэргийг шалгах явцад зээлийн мөнгөө шоу цэнгээнд ашигласан тохиолдол ч илэрсэн. Энэ бүгдийг шалгаж, нарийвчилж тогтоох гэхээр асуудал үүсээд байна. Хэргийн гол буруутан байж болзошгүй, зайлшгүй цагдан хорьж шалгах ёстой хоёр хүн бий. Нэг нь “Нью стандарт финанс”ХХК-ийн 40 хувийг эзэмшиж байгаа Д.Батаа, нөгөөх нь 28 хувь эзэмшиж байгаа  Ц.Баярсайханы нөхөр Б.Батхүү. Тэдэнтэй холбоотой хэд хэдэн ноцтой баримт хууль хяналтын байгууллагад ирээд байгаа. Харамсалтай нь нөлөө бүхий улстөрчид дээрх хэрэгт хөндлөнгөөс нөлөө үзүүлж, цагдан хорих, мөрдөн шалгаж ажиллагаанд саад учруулж байна” гэв.

Өөр нэг эх сурвалжаас авсан мэдээллээр Д.Батаа, Б.Батхүү нар АТГ, Эрүүгийн цагдаа, прокурорыг танил талаараа “атгачихаад” хөдөлгөхгүй байгаа гэнэ.

“Чингис хаан” банкны хувьцаа эзэмшигчдийн бараан намтар

        “Чингис хаан” банкны хамгийн их хувьцаа эзэмшигч буюу 40 хувийг эзэмшдэг Д.Батаа гэгч нь “Стандарт” Батаа нэрээрээ газрын наймаа, авлига хээл хахуулийн хэргээрээ эртнээс алдартай нэгэн. Тодруулбал, тэрбээр УИХ-ын дарга асан М.Энхболдын хотын фракцын хүн гэгддэг бөгөөд 2004-2010 онд Маршалын гүүрнээс Зайсангийн гүүр хүртэл Туул голын эрэг дагуух газруудыг өөрийн болгож, эзэн суусан. Тухайлбал, 2004 онд М.Энхболдыг хотын дарга байх үед Туул гол дагуу барилга барих 15.6 га газрын зөвшөөрөл авч, улмаар 2010 онд тухайн үеийн хотын дарга Г.Мөнхбаяраар газрын зөвшөөрлөө 23.2 га болгон нэмүүлсэн гэдэг. Улмаар Туул голын бургасыг хядаж, үнэтэй тансаг орон сууц барьсан, өдгөө ч барьсаар байгаа. Хүмүүсийн хамгийн сайн мэдэх нь Туул голын эрэг дээр сүндэрлэсэн “Хан Хилсс” хотхон бөгөөд түүнийг Д.Батаагийн “Стандарт групп”ХХК-ийн охин компани болох “Могул ибиз”ХХК барьж байгуулсан.

         Туул голын бургасыг хядаж, тансаг сууц барих ажлыг эхлүүлсэн Д.Батааг аль ч засгийн үед зогсоох хүн олддоггүй нь улс төр дэх нөлөөлөлтэй нь холбоотой биз. Тухайлбал, тэрбээр М.Энхболдын хүрээлэлд багтахаас гадна Эрүүл мэндийн сайд асан, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн эрүүл мэндийн зөвлөх Н.Хүрэлбаатарын баз хүргэн. Д.Батаа, Н.Хүрэлбаатарын хамт 2011 онд алдарт “сейф”-ны хэрэг буюу эх сурвалж нь тодорхойгүй 600 сая төгрөгийн хэргээр АТГ-т шалгагдаж байсан. Товчхондоо, МАН-ын хүн. Тэрбээр одоо өөрийн эзэмшилд байдаг “Чингис хаан” банканд найман тэрбум төгрөгийн зээлтэй. Мөн “Нью стандарт” гэх компанийн нэр дээр долоон тэрбум төгрөгийн зээл бий.

          Харин “Чингис хаан” банкны 32 хувийг эзэмшдэг Ш.Бүтэдийн хувьд гавьяат эдийн засагч, банкир Б.Шүхэртийн охин. Б.Шүхэртийнхэн гэр бүлээрээ “Нүүдэлчин” группыг эзэмшдэг бөгөөд Ш.Бүтэд ТУЗ-ийн даргаар нь ажилладаг. Улс төр дахь нөлөөллийн хувьд Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэнгийн төрсөн эгч. Мөн УИХ-ын гишүүн асан, БСШУС-ын сайд асан, АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаярын хадам эгч. Ё.Отгонбаярын ах Ё.Баярсайхан нь 2000-2004 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан бөгөөд “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагын багт ажиллаж байжээ. Тиймдээ ч “Эрдэнэт” үйлдвэр мөнгөө Чингис хаан банканд хадгалуулж байсан байж болзошгүй. Олон охин компанитай “Нүүдэлчин” группын ТУЗ-ийн дарга, “Чингис хаан” банкны хоёр дахь том хувьцаа эзэмшигч Ш.Бүтэд банкнаасаа 30 тэрбум төгрөгийн эргэн төлөгдөөгүй зээлтэй байна.

           Харин 28 хувийг эзэмшдэг Ц.Баярсайханы хувьд тун нууцлаг нэгэн. Тэрбээр “Чингис хаан” банкнаас гадна Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэнгийн байгуулсан “Мондулаан трейд” ХХК-ийн ихэнх хувьцааг эзэмшдэг. Олон компанийн хувьцаа эзэмшдэг Ц.Баярсайханы ард түүний нөхөр Б.Батхүү гэгч нууц ноён байдаг гэх мэдээлэл бий. Б.Батхүү нь улс төрд ихээхэн нөлөөтэй, МАН-ын бага хурлын гишүүн, мөн “Ану сервис”, FMX, Степ голд зэрэг хэд хэдэн компанитай нэр холбогддог гэхээс өөр мэдээлэлгүй нэгэн. Түүнчлэн Дорнод аймагт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Канадын хөрөнгө оруулалттай “Степ голд” ХХК-ийн 16 хувийг худалдаж авсан хэмээн олны анхааралд орж байсан.

            Ц.Баярсайхан нь “Чингис хаан” банканд 31 тэрбум төгрөгийн зээлтэй бөгөөд энэ мөнгөөр нөхөр Б.Батхүү нь “Степ голд” ХХК-ийн хувьцааг худалдаж авсан байж болзошгүй гэх хардлага ойр тойрныхонд нь бий.

 


Төрийн мөнгө хувьдаа завшсан “Чингис хаан” банкны Д.Батаа, Б.Батхүү нар АТГ, цагдаа, прокурорыг гартаа атгаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 14
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-09 17:29:52
    Герман Батаа: Герман Батаа Германд бүгчихээд байгаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-12 23:12:35
    Бид МАНыхан: МАНайхан бүгдийг базаж байхад та на яахын !!! Яаж ч чадөхгүй за !!! Хохь чинь үхэр монголчууд минь
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-12 20:29:43
    ганаа: Эд нарыг шууд хорь. Улс орныг туйлдуулсан этгээдүүдийн нэг хэсэг бүлэг байнаш дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-12 18:20:38
    Зочин : Эдгээр нөхдүүдийг сайн шалгаж бүх эд Хөрөнгий нь хураах зохих ял шийтгэл оногдуулах хэрэгтэй ерөнхий сайдаа . Танд итгэдэг ард түмнийхээ итгэлийг алдахгүй гэж бодож байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-12 15:48:36
    Зочин: Төрийн алба төрлийн алба болсон нь хаоагдлаа.хуулийнхан өндөр цалинтай бж хүний атганд ороод бхдаа яахав дээ.энэ шүүр прокурлр хэзээ цэвэршинэ дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-12 13:56:15
    Монгол: Одоогийн залууё өөрсдөө өнгөрсөн.Хойч үедээ улсаа бүрэн бүтэн үлдээхийн төлөө босохоос өөр зам үлдээгүй шүү!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-12 09:02:47
    Hi: Surtei shde
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-11 15:41:45
    Эмээ: Одоо тэгээд Хүрэлсүх сайд маань хулгайч нарт төр төмөр нүүрээ харуулна гэсэн харуулах байхаа. Сайддаа итгэж байна. Ундармааг толгойг нь илсэн болохоор бусад нь дуурайгаад улсын мөнгө идэж ард иргэдээ хохироож улсаа хохироож байгааг эрхэм сайд маань мэдэж ажиглаж байгаа биз ээ. Харж л байя даа бүгдээрээ. Сайн үйл дэлгэрч муу бүхэн устаж үгүй болог ээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-11 15:19:28
    болд: амьдарвал амьдарсан шиг амьдарна гэж энийг хэлдэг юм . Өөрсдөө юу ч хийж бүтээж чадахгүй юмнууд атаархаж үхэхээс өөр ид шидгүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-11 15:02:58
    Зочин: Одоо эд нарыг хаацайлах хүч байгаа юм уу. Байлаа ч яадаг юм. Шалгаач, шүүгээч, ясыг нь цайтал хориоч,
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-11 14:56:16
    Зочин: МАН төрийн мөнгийг ингэж завшдаг хүмүүсийг улам даврааж байх юм.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-11 11:47:12
    Чука: Энэ төр бүх шатанд иймэрхүү зоосны нүхээр харсан юмнууд шургалчихаар гай болж байхиймаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-11 09:31:24
    Зочин: Төрийн дээд албан тушаалд гарч татварын мөнгө зөвшдаг нөхөд л бх шив
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-11 07:01:40
    Zochin: M.Enhboldiin hamsaatanuud bna MAN in luivarchid buh hurungiig huraaj uriig tuluuleh heregtei
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188