• Өнөөдөр 2024-04-20

ХАР ТАМХИ ЦАР ТАХЛЫН ХЭМЖЭЭНД ОЧИВ УУ

2019-02-22,   591

Хар тамхи хэрэглэгчдийн тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Бүр Монгол Улс зуу мянга орчим байнгын хэрэглэгчтэй болсон гэх ноцтой мэдээллийг судлаачид хэлээд байгаа. Дээрх мэдээлэлтэй зэрэгцээд хууль хяналтын байгууллагынхан “Монголд хар тамхи хэрэглэгчдийг хууль хяналтынхан хяналтаасаа алдсан. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас эхлээд оюутан залуус, гэр бүл, гэр бүлийн найзууд, ажлын хамт олон, найзуудаараа нийлж мансуурдаг. 63 настай хөгшид хүртэл хар тамхи хэрэглэж байгаад саатуулагдсан” гэж мэдэгдсэн.
 
Түүнчлэн он гарсаар ердөө сар гаруйн хугацаанд энэ төрлийн 24 хэрэгт 59 хүнийг холбогдуулан шалгаж байгаа гэдгийг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахмад С.Мөнхжин мэдээлээд буй. Тэрбээр өнгөрсөн жил хар тамхитай холбоотой 199 хэрэгт 412 хүн бүртгэгдэн шалгагдсан. Үүнээс 337 нь эрэгтэй, 75 эмэгтэй байсан. Өсвөр насны 2000 хүүхдийн дунд судалгаа хийхэд 463-т нь мансууруулах бодис хэрэглэж үзэх санал ирж байсан гэх судалгаа бий гэдгийг онцлон ярьсан юм.
 
Хар тамхитай тэмцэх хэлтэс гэж байсныг Хууль зүйн сайдын тушаалаар Хар тамхитай тэмцэх газар болгон өөрчилж, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд төрөөс онцгойлон анхаарч эхлээд багагүй хугацаа өнгөрч буй. Сүүлийн нэг сарын хугацаанд тэрбум гаруй төгрөгийн үнэ бүхий хар тамхийг цагдаа нар хураан авч, гэмт хэрэгтнүүдийг баривчиллаа. Тодруулбал, хэдхэн хоногийн өмнө Нигер улсын гурван иргэнээс 300 сая төгрөгийн хар тамхи хураан авсан. Харин одоогоос гурав хоногийн өмнө буюу энэ сарын 12-нд 500 гаруй сая төгрөгөөр үнэлэгдэх хар тамхи тээвэрлэж явсан монгол залуусыг хуулийнхан саатуулсан.
 
Тэд нэг грамм нь 800 мянгаас нэг сая төгрөгөөр үнэлэгдэх хар тамхи буюу мансууруулах бодис тээвэрлэж явсан гэгдэж буй. Гэхдээ энэ зөвхөн хууль хяналтын байгууллагынхан илрүүлсэн баримт юм. Үүний цаана бидний болоод хуулийнхны нүднээс далд хичнээн тэрбум төгрөгийн мансууруулах бодис хүүхэд залуусыг хэрж байгааг таах аргагүй. Өөрөөр хэлбэл, Монголд хар тамхины хэрэглээ ямар түвшинд хүрсэн, энэ төрлийн хууль бус бизнес хэрхэн цэцэглэсэн нь дээрх цөөн тооны хэргээс л тодорхой харагдаж байна. Тэрбум төгрөгийг Монголын томоохон алтны уурхайнууд л олдог байх.
 
Гэхдээ сард тэрбум төгрөгний борлуулалт хийдэг уурхай гарын таван хуруунд багтахаар цөөхөн биз ээ. Ихэнх алтны уурхай сард 400 орчим сая төгрөгийн алт тушааж байгаа. Монголд хамгийн ашигтай бизнесийг алт гэдэг. Гэтэл алтны уурхайнуудаас хоёр дахин ашигтай бизнес манайд хар тамхины наймаа болсон гэсэн үг. Тэгэхээр хар тамхи Монголд цар тахлын хэмжээнд хүрсэн гэхэд буруудахааргүй байна. Цар тахал гэдэг нь дэлхий дахинд холбогдох албаныхны хяналтаас гарчихсан, алдагдчихсан, гамшгийн хэмжээнд хүрсэн зүйлийг нэрлэдэг. Ингэж хар тамхины наймаа алтны уурхайгаас илүү ашигтай болсон байгаа нь Монгол Улс мансууруулах бодис хэрэглэгчдийн тоогоор, энэ төрлийн бизнесээр цар тахлын хэмжээнд хүрснийг илтгэж буй хэрэг юм.
 
Тэгвэл хар тамхины наймааг хэн тэтгэж явуулаад байна вэ. Мансууруулах бодис их хэмжээгээр худалдан борлуулах хууль бус үйлдлийн ар талыг хэн хариуцаж, их хэмжээний мөнгөний ашиг хүртэж байгаа нь нэн тэргүүний чухал асуудал. Хил гаалиар нэвтрүүлэхээс эхлээд бусдад худалдан борлуулах гээд хууль хяналтын байгууллагын хараа хяналтаас мултарч чадаж буй наймааны цаана мэдээж эрх мэдэлтнүүд байгаа нь тодорхой. Нэг хэсэг хар тамхины наймааны хэрэгт хууль, хяналтынхан орооцолдож байсан. Бүр прокурор, шүүхийн ажилтнууд ч хар тамхи татдаг, худалдан борлуулах наймаанд гар бие оролцож, дундаас нь их хэмжээний ашиг хүртдэг нь нийтэд ил болж байлаа.
 
Ойрхны жишээ гэхэд,Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор асан Х.Тамир, Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст ажиллаж байсан Б.Амарбаясгалан нарын таван хүн хар тамхи, авлигын хэрэгт 2015 онд холбогдсон байдаг. Уг хэргийг өнгөрсөн оны нэгдүгээр сарын 11-нд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцсэн билээ. Тэд “мөс” хэмээх мансууруулах бодисыг худалдан авч байгаад үйлдэл дээрээ баригдсан байдаг. Шүүхийн шийдвэрээр Х.Тамир, Б.Амарбаясгалан, Н.Мөнхбат, Д.Жавхлан нарт тус бүр таван жилийн хорих ял, Б.Сүхбаатар гэх этгээдэд 6.5 жилийн хорих ял оноосон. Өөрөөр хэлбэл, цагдаагийн хамгаалалт байхгүй бол Монголд энэ төрлийн бизнес хийх боломжгүй гэж хуулийнхан ярьсан ч удаатай.

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ МОНГОЛД ХАР ТАМХИ ЦАР ТАХЛЫН ХЭМЖЭЭНД ХҮРСЭНД БУРУУТАЙ

Манай улсад хар тамхины хэрэглээ хэд дахин нэмэгдэж, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрсэнд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд буруутай. Бүр тодруулбал, хамгийн гол буруутан нь телевизүүд. Рок, попын од гэсэн нэртэй, хар нүдний шил зүүсэн, шал нял хийсэн яриатай, мансуурагчдыг бараг өдөр бүр нэвтрүүлэгтээ урьж, даль даль гэсэн яриаг нь гаргадаг байлаа. Ингээд зогсохгүй мансуурах нь гоё, сайхан гэх далд агуулга, ил цагаан үгтэй дууг нь өдөрт хэдэн арван удаа давтаж гаргадаг байлаа. Зарим нь хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж мансуурчихаад телевизийн ярилцлага, тоглолтод орсон тохиолдол ч цөөнгүй давтагдаж, урлагийн хүрээнийхэн дунд яригдсаар ирсэн. Рок, поп, хип хоп урсгалын мансуурагчдаас гадна зарим загвар өмсөгч, мисс ч ийм хэл аманд өртөж байсан удаатай.
 
Мөн нэр алдартай, рок попын “Харанга” хамтлагийн дуучин, МУГЖ Х.Лхагвасүрэн, “Лемонс” хамтлагийн аргил гитарчин Б.Анар болон рок хөгжим сонирхогч Г.Билгүүн, Б.Билгүүн Н.Энх-Учрал, Н.Инжинаш, О.Содбилэг, Э.Бархас, “Icetop” хамтлагийн гурван гишүүнээс “Дижитал” хамтлагийн ахлагч Баавар “Гайз 666” хамтлагийн дуучин Г.Төгсбаяр, Л.Мягмар, Х.Лхагва, У.Бат-Ундрал, “А-Capella” хамтлагийнхан гээд л урлагийнхны хар тамхи хэрэглэгчдийн цуваа хөвөрдөг. Сүүлийн жишээ гэхэд, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй нэр холбогдоод байсан Г.Сарангэрэл, “Ice Top” хамтлагийн дуучин 38 настай С.Чулуунбаяр буюу Коби, дуучин Эгшиглэн буюу Т.Болортуяа нар шалгагдаж байгаа.
 
Рок, поп дуучдын энэ байдал залуусыг хэдэн мянгаараа хар тамхинд ороход гол нөлөө үзүүлж байгааг албаныхан тодотгодог. Өсвөр насныхан “Нэр алдартай, гоё хүмүүс хар тамхи хэрэглэдэг юм байна. Хар тамхи хэрэглэх ёстой юм байна” гэсэн ойлголттой болох нь түгээмэл гэнэ. Түүнчлэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Тэр баяны хүүхэд хар тамхи татлаа. Тэр улстөрчийн хүүхэд мансуурч байгаад баригджээ. Сайдын хүүхэд хар тамхинд холбогджээ” гээд л дэвэргээд бичээд байдаг. Бүр БНХАУ-д хар тамхи зөөж байгаад баригдаж, цаазаар авах ялаар шийтгүүлсэн Байгалмаа гэх эмэгтэйг баатарлаг гавьяа байгуулсан юм шиг л хэдэн удаагийн нэвтрүүлэг бэлтгэн нийтэд цацаж байв.
 
Ерөнхийлөгч нь хүртэл төрийн айлчлал хийхдээ “Амийг нь өршөө” гэж гуйж байсан удаатай. Энэ бүхэн хар тамхи татах нь нийгмийн элитүүдийн хийдэг зүйл гэж нийгэмд, тэр дундаа өсвөр үеийнхэнд ойлгогддог гэдгийг албаныхан онцолдог. Өөрөөр хэлбэл, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сүүлийн арав гаруй жил хар тамхичдыг санаатайгаар дэмжээд байгаа юм шиг тухай бүрт дэлгэрэнгүй мэдээлж, заримыг нь өмөөрч, өөгшүүлэх байдал гаргасаар ирсэн билээ.

ХАР ТАМХИЧДЫН ТУХАЙ ОЙЛГОЛТОО ӨӨРЧИЛЬЕ

Хар тамхи цар тахлын хэмжээнд хүрэхэд нөлөөлсөн өөр нэг гол зүйл нь хүмүүсийн хэдэн төгрөгийн төлөө төрсөн эхээ ч худалдахад бэлэн шуналтай зан. Энэ шунал хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээг улам бүр дэвэргэж байна. Нутаг нэгтэн, элэг нэгтнээ үл хайрлан хэдэн төгрөг олохын төлөө нүдээ ухаад өгөхөөс ч буцахгүй шунал залуусыг хар тамхинд донтуулж живүүлж буй. Өөрөөр хэлбэл, тодорхой хүрээний залууст хар тамхи зараад мөнгө олох боломжийг хар тамхи борлуулагчид бий болгоод байгаа юм.
 
Амар хялбар аргаар мөнгө олох боломж байхад ашиглахгүй байна гэдэг хүн төрөлхтний ааш араншингаас харш зүйл. Ашиг олох зүйл байвал түүнийг өөрт байгаа боломжоор хүн бүр ашиглахыг бодно. Энэ араншинд нь дөрлөж, хууль бус наймаачид залуусыг гар хөлөө болгож буйг хуулийнхан онцолдог.
 
Үүнээс гадна бид хар тамхичдын тухай ойлголтоо өөрчлөх хэрэгтэй байна. Нийгмийн элит хэсэг хар тамхи хэрэглэж байна гэж харж ойлгох биш, нийгмийн шаар шавхруу, ажил хийж амьдралаа аваад явах чадваргүй, нийгэмд эзлэх байр суурь огт байхгүй сул дорой хүмүүс хар тамхи хэрэглэж байгааг ойлгох цаг нь болсон. Ингэж байж хар тамхины хэрэглээг хянаж, багасгаж чадна. Өөр нэг чухал асуудал нь олны танил улстөрчид, дуучид болон тэдний үр хүүхдүүд нэг л удаа хар тамхи хэрэглэсэн байвал бодлогоор эцэг, эхтэй нь холбоотой бүх төрлийн ажил, гэрээг зогсоодог болох хэрэгтэй. Дуучин, жүжигчдийг хар тамхи хэрэглэсэн бол тайзан дээр гарах эрхийг хасдаг болох цаг нь болсон. Уран бүтээлийг нь олон нийтэд хүргэлээ гэхэд Хар тамхитай тэмцэх газраас хянаж байгаад нийт орлогын 80-90 хувийг хураан авдаг баймаар байна.
 
Хэрэв хэвлэл мэдээллийн хэрэгслээр хар тамхичныг гаргах юм бол сайн сайхан байгаа үеийг харуулалгүйгээр хар тамхины эцсийн шатанд орсон байдлыг ичиж нэрэлхэлгүй харуулж байх хэрэгтэй. Нүүрээр нь дүүрэн хөх толбо үүсч, турж эцсэн биетэй, тариа хийлгээд өвчтэй болсон байдлыг тод томруунаар харуулах ёстой. Ингэж байж хар тамхинаас залуус жигшин зэвүүцнэ. Баян тансаг айлын хүүхдүүд хар тамхи хэрэглэж байна, хар тамхи хэрэглэх нь энгийн зүйл гэсэн буруу ойлголтыг зогсоож чадна. Мөн хар тамхины эсрэг хуулийн заалтыг хатуу чанга болгох хэрэгтэй байна.
 
Ингэж л нийгэмд хүчтэй хөдөлгөөн өрнүүлж, үлгэр дуурайл үзүүлж, хар тамхи хэрэглэвэл амьдралгүй болох юм байна гэдгийг сайн ойлгуулах хэрэгтэй. Ингэж байж л хар тамхичин бол нийгмийн хог шаар, адгуус маягийн амьтан гэсэн харилцаа, ойлголт, сэтгэл зүйг бий болгоно. Монголчууд донтомхой ард түмэн. Хар тамхи, мансууруулах бодисын цар тахлыг ийм аргаар даруй дарж авахгүй бол цөөхөн хүн амтай манайх шиг улс маш богино хугацаанд үгүй болно.

ХАР ТАМХИ ЦАР ТАХЛЫН ХЭМЖЭЭНД ОЧИВ УУ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188