• Өнөөдөр 2024-05-03

Н.БААТАРЖАВ: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГАРААГҮЙ УЧРААС “ДҮНЖИНГАРАВ”-ЫН ОСОЛД ЯМАР Ч ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭГЭЭГҮЙ

2024-04-10,   716

             Баянзүрх дүүргийн 26 хороо “Дүнжингарав”-ын уулзварт энэ оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө газ тээвэрлэж явсан автомашин зам тээврийн осолд орсны улмаас дэлбэрэлт болж долоон хүн амь амиа алдаж, олон хүн эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон харамсалтай хэрэг гарсан. Ослын шалтгаан нөхцөлийг тогтоохоор Ажлын хэсэг гарч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

            Ослын болсны дараа “Дашваанжил” ХХК-ийн захирал Н.Баатаржав хэвлэлд өгсөн мэдээлэлдээ “Стандартын машинд, заасан маршрутын дагуу, заасан цаг хугацаанд нь авсан. Манай компани "Gas education" сургалтын төвтэй. Сар бүр мэргэжлийн сургалт явуулж, шалгалт авч мэргэжлийн үнэмлэх олгодог” хэмээсэн.

          Харин “Дашваанжил” ХХК-ийн аюулгүй ажиллагаанд шалгалт хийсэн Ажлын хэсгээс ослын дүгнэлтийг энэ сарын 4-нд олон нийтэд танилцуулсан. Энэ үеэр ЗХТЯ-ны Салбарын хяналтын газрын авто тээврийн улсын ахлах байцаагч н.Батболд “Дашваанжил компанийн ачаа тээвэрлэлтийн аюулгүй байдлын эрсдэлийг шалгалаа. Шалгалтын явцад эрсдэл нь 28.4 хувь буюу бага эрсдэлтэй, хууль сахин мөрдөлт 56.7 хувиар үнэлэгдсэн. Техникийн үйлчилгээ засварын байр хүрзгүй, хугацаа дууссан галын хортой, тээвэрлэлтийн талаарх мэдээллээ орон нутгийн авто тээврийн байгууллагад сар бүр гаргаж өгдөггүй, засвар үйлчилгээний барилгын бохир усны систем эвдэрсэн, аюултай шингэн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, хадгалах, дахин боловсруулах зөвшөөрөл бүхий газартай гэрээ байгуулдаггүй. Засварын байранд тээврийн хэрэгсэл байршуулах тэмдэглээ хийгээгүй, компрессор, өргүүр зэрэг өндөр даралтад ажиллах тоног төхөөрөмжийг баталгаажуулаагүй, ажлын байрны технологийн картгүй, техникийн комиссын ажиллах журмыг батлуулаагүй, ачааны дагалдах бичиг баримтыг хэрэглэдэггүй зөрчил илэрсэн” гэсэн ноцтой мэдээллийг хийсэн юм. Өөрөөр хэлбэл “Дашваанжил” компаниас олон зөрчил илэрсэн нь Ажлын  хэсгийн дүгнэлтээр баталгаажиж байгаа юм.

                Бид дээрх дүгнэлт болон ослын дараа компани ямар арга хэмжээ авч ажилласан талаар “Дашваанжил” ХХК-ийн захирал Н.Баатаржаваас тодрууллаа. Тэрбээр “Бид үргэлж сургалт, зааварчилгаа явуулдаг. Манай компани хөдөлмөр хамгаалалтын зааварчилгаа, техник ашиглалт, даралтад савтай зөв харьцах зэрэг бүх заавар өгдөг. Өөрсдөө хөдөлмөр хамгаалалтын ажилтан бэлтгэх сургалтын төв ажиллуулдаг. Ажилтнууддаа огт заавар өгөөгүй зүйл огт байхгүй. Биднийг заавар, зөвлөгөө өгдөггүй гэж ярьсан байсан нь бүгд худал. Осол гаргасан жолоочийн тухайн маршрутаар  явах ёсгүй байсан гэсэн. Гэхдээ осол гарсан тэр замаас өөр явах зам байхгүй. Орой 22:00 цагаас хойш бүх ачаа тээврийн хэрэгсэл тэр замаар явдаг. “Дүнжингарав”-ын уулзварын замаар одоо ч гэсэн тээвэрлэлт хийж байгаа. Компани байнга шинэчлэгдэж, сайжруулах зорилт тавьж ажилладаг. Осол гарлаа гээд өөрчлөгдсөн зүйл байхгүй, компани дүрмийнхээ дагуу ажиллаж байгаа. Өдөр бүр компанийнхаа нөхцөл байдлыг сайжруулахаар ажиллаж байгаа. “Дүнжингарав”-ын уулзварт осол гаргасан жолоочийг хуулийн байгууллагаас зам тээврийн осол гаргасан гэж машин барих эрхийг нь хассан. Хуулийн шийдвэр гараагүй байгаа учраас манай компани “Дүнжингарав”-ын осолд ямар нэгэн хариуцлага хүлээгээгүй байна” гэв.

            Байнгын аюулгүй байдал хангаж ажилладаг гэх “Дашваанжил” ХХК-тай холбоотой өмнө нь хэд, хэдэн ослын дуудлага бүртгэгдэж, иргэд амь нас, эд хөрөнгөөрөө хохирч байсан. Тэгвэл  “Дашваанжил” ХХК-тай холбоотой дараах ослууд бүртгэгдэж байжээ.

ДАРХАН-УУЛ АЙМАГ, 2012 ОН

            2012 оны нэгдүгээр сарын 21-нд Дархан-Уул аймгийн 12 дугаар багийн шинэ хорооллын 14 дүгээр байрны долоон давхрын нэгэн айлд таван литрийн баллонтой газ дэлбэрч байжээ. Дэлбэрэлтийн улмаас хоёр эмэгтэй, нэг эрэгтэй бэртсэн байдаг. Дэлбэрэлт болсон айлын гэрт “Дашваанжил” компанийн хоёр ширхэг газ байсан бөгөөд задлаагүй газ нь дэлбэрсэн байжээ.

БАЯНГОЛ ДҮҮРЭГ, 2015 ОН

            2015 оны хоёрдугаар сарын 5-нд Баянгол дүүргийн 18 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж буй "Дашваанжил" компанийн хий цэнэглэх станцад гал гарч хоёр хүн түлэгдэж бэртэж байжээ. Дэлбэрэлтийн улмаас тус агуулахын гурван талын хана, дээвэр нурж, хаалга, цонхнууд бүгд хагарсан байна. Тухайн үеийн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хэлтсийн дарга Д.Гантулга "Тус компанийн камерыг шүүж үзэхэд хий цэнэглэх станцын эрхлэгч, хий цэнэглэгч хоёр хүн агуулахад орсон байсан. Орсноос хойш хоёр минутын дараа дэлбэрэлт болсон. Бидний урьдчилсан байдлаар авсан мэдээллээр тухайн хоёр ажилтан нь агуулахад үүрэг чиглэл авалгүйгээр тодорхойгүй шалтгаанаар орж хий цэнэглэх төхөөрөмжөөс зориулалтын бус баллонд цэнэглэлт хийх гэж байсан болов уу гэсэн таамаг байна. Тухайн баллонуудыг цагдаагийн байгууллага эд мөрийн баримт болгон өгсөн" гэж ярьж байжээ.

НАЛАЙХ ДҮҮРЭГ, 2015 ОН

            Мөн 2015 оны зургадугаар сарын 12-нд Налайх дүүргийн Ногоон зоорь орчимд “Дашваанжил” компанийн газ дэлбэрсний улмаас өсвөр насны хүү, ой гарантай дүүгийн хамт түлэгдэж байжээ.

СҮХБААТАР ДҮҮРЭГ, 2020 ОН

          2020 оны аравдугаар сарын 27-нд “Дашваанжил” компанийн нэг удаагийн ахуйн “Хөх дөл” газ дэлбэрсэн хэрэг гарсан байдаг. Гэрийн эзэн А-гийн хэлснээр “Эхнэр маань дөрвөн хүүхдийнхээ хамт гэртээ байсан. Би гадуур ажилтай явж байсан юм. Эхнэр 16:00 цагийн үед газан плитка дээрээ хуушуур хайрч байгаад цаг орчмын дараа дууссан байсан. Түүнээс хойш хоёр цагийн дараа буюу 19:00 цагийн үед дэлбэрсэн юм билээ. Газан плитка аваад удаагүй, шинээрээ шахуу байгаа. Дээрээс нь газ нь гал зуухнаас метр гаруйн зайтай байсан. Эхнэрийн маань  хэлж байгаагаар хуушуур хайрсны дараа газан плиткаг яаж унтраадаг тэр л журмаар нь унтраасан гэсэн. Цэцэрлэгийн хүүхэд биш шүү дээ” гэж ярьжээ.

ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 2021 ОН

           2021 оны тавдугаар сард Хан-Уул дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах   тоот хашаанд хонины толгой хуйхалж чанадаг үйлдвэрийн хийн баллоноос гал алдаж, ажилчид нь түлэгдэж байжээ. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хяналт шалгалтаар 50 килограммын даац бүхий шингэрүүлсэн хий хадгалах баллоноос хий алдагдаж, улмаар гал алдсан болох нь тогтоогджээ. Энэхүү осолд цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэл нээж, хийн баллонд тоног төхөөрөмжийн холболт угсралт, хангалт хариуцсан “Дашваанжил” ХХК-аас мэдүүлэг авч байжээ.

           Хачирхалтай нь, энэ мэтчилэн “Дашваанжил” ХХК-тай холбоотой ахуйн болон улсын хэмжээнд яригдах ослууд гарсан боловч тус компанийн удирдлагууд ямар хариуцлага хүлээсэн нь тодорхойгүй байна. “Дүнжингарав” худалдааны төвийн ослоор долоон хүн нас барж, галын улмаас 60 гаруй өрх орох оронгүй болсон ч “Дашваанжил” ХХК цахим хуудсаараа дамжуулан эмгэнэлтэй нэртэй гурван өгүүлбэр нийтэлснээсээ хойш долоо хоногийн дараа сар шинийн хямдрал зарласан талаарх нийтлэл оруулсан хүний ёсонд нийцэхгүй байна.


Н.БААТАРЖАВ: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГАРААГҮЙ УЧРААС “ДҮНЖИНГАРАВ”-ЫН ОСОЛД ЯМАР Ч ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭГЭЭГҮЙ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188