Улстөрчид айдастай байна. Оймстойгоо ачигдах уу, аврагдах уу гээд сандралдаж байгаа бололтой. Дөч алхах хөлгүй, дөрвөн “шүд” нь онгорхой парламентыг тарахад хэд нь ачигдаж, Т.Аюурсайханы араас очих бол гэх айдастай байна.
Энэ парламент түүхэндээ хамгийн олон “гэмт хэрэгтэн” орогнуулсан парламентаар тодрох байх. Арван жилд ангийнх нь бүх хүүхэд дэггүй, сахилгагүй, муу сурлагатай, болж бүтэхгүй хэрэгт холбогдож, багш нарын хурлаар ордог анги байдаг даа. Тэрэн шиг энэ парламентын гишүүдэд холбогдохгүй хэрэг, оролцохгүй “шүүх хурал” гэж алга бололтой. Уржигдах гэхэд л журмынх нь нэг нөхөр гурван жилийн хорих ял сонсоод ачигдлаа. Цаана нь гишүүнээ түдгэлзсэн гурван гишүүний “хэрэг” хүлээж байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нүүрсний хулгайн хэрэгт холбогдож, шүүхийн тогтоол уншуулав. “Би буруугүй, намайг гүтгэж байна. Нүүрсний хулгай битгий хэл хүрз нүүрс ч аваагүй. УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайдын албан тушаалаас бууж, шалгуулж байна. Намайг зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдэг зүйл ангиар буруутгаж байгаа. Энэ бол хүнийг гүтгэн доромжилж харлуулж буй хэрэг” гэж Т.Аюурсайханы хэлсэн үг үнэнд гүйцэгдэв.
Т.Аюурсайхантай мөр зэрэгцэн УИХ-ын гишүүнээсээ түдгэлзсэн гурван ч гишүүн бий. Тодруулбал, “ажнай” Д.Бат-Эрдэнэ, Ж.Мөнхбат нар мөн л хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа билээ. Тэгвэл Т.Аюурсайханы араас ачигдах нь “баараггүй” болсон ангийнхныг нь танилцуулъя. Тэд бол эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал олгосон, хахууль өгсөн, авсан хэрэгт “уначихаад” байгаа төрийн түшээд билээ.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг ялын тогтоол уншуулаад жил тойрох нь. Тэрбээр бусдаас их хэмжээний авлига авсан, албан тушаал, эрх мэдлийн байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон байж болзошгүй үндэслэлээр хууль хяналтын байгууллагаас шалгаж, яллагдагчаар татсан байдаг. Тодруулбал, 2017 онд Хөгжлийн банкнаас “НВЦ” компанийн захирал Ц.Баатарбилэг нь 21 сая ам.долларын зээл авахад УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг оролцож, туслалцаа үзүүлсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож, түүнийг яллагдагчаар татаж, эцэст нь шүүхээс зургаан жилийн хорих ял оноосон юм. Харамсалтай нь, түүнийг бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх нь тодорхойгүй байсаар хаврын чуулгантай золгож, жил тойрох нь.
Ё.Баатарбилэг бол улс төрд улаан гэрэлд зогсож үзээгүй, ногоон гэрлээр нэвт явж ирсэн нэгэн. Товчхондоо, томчуудын туслах, зөвлөх хийж явсныхаа хүчинд төрд орж, томорсон “цүнхчид”-ийн анхдагч гэхэд харлуулсан болохгүй. Тухайлбал, тэр 2002 онд Ерөнхийлөгчийн тамгийн газарт референтээр ажилд орж, тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Багабандийн дэргэд ирж байлаа. Гурван жилийн хойно Н.Багабанди бууж, Н.Энхбаяр Ерөнхийлөгч болоход Ё.Баатарбилэг түүний шадар туслах болж, 2009 он хүртэл дөрвөн жил дэргэд нь ажилласан. Улмаар Н.Энхбаяр Ерөнхийлөгчөөс буумагц нь тэр тухайн үеийн ХХААХҮ-ийн сайд байсан Т.Бадамжунайгийн зөвлөх нь болж дэргэд нь очсон. Сонирхолтой нь, Ё.Баатарбилэг Т.Бадамжунайгийн зөвлөхөөр нэг жил ажиллаад шууд Архангай аймгийн Засаг дарга болж дэвшсэн. Тухайн үед “Т.Бадамжунай зөвлөхөө Архангайд дагуулж очоод Засаг даргын сэнтийд залчихлаа” гэх хэл ам гарч өчнөөн л гарч байлаа. Үнэндээ ч Ё.Баатарбилэг Т.Бадамжунай нар хоёулаа Архангай аймгийн Чулуут сумын уугуул буюу нэг нутгийн ах дүүс гэдгээрээ ойр дотно. Ийнхүү зөвлөхөөс Засаг дарга болж дэвшсэн Ё.Баатарбилэг 2012 онд Архангай аймгийн ИТХ-ын төлөөлөгч болж, 2016 онд УИХ-ын гишүүн болж байсан түүхтэй.
УИХ-д сонгогдсон цагаасаа л “яллагдагч”-аар татагдаж, шуугиан дэгдээж явсан А.Адъяасүрэнгийн хэрэг “амь” орох нь тодорхой. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд хууль хяналтын байгууллагаас нь ч, төр, засгаас нь ч УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнг “гэм хэрэгтэн” гэж зарласан. А.Адъяасүрэн УИХ-ын гишүүн болохоосоо өмнө “Премиум кастомс” ХХК, “Өлзийт зам трейд” ХХК, “Номгон санчир групп” ХХК, “Топ стандарт” ХХК-иудыг 100 хувь өөрөө эзэмшдэг, “Топ капитал” ХХК, “Тэнгри транс групп” ХХК, “Сан тээвэр групп” ХХК, “Ульгансар транс” ХХК, “Баянговь транс” ХХК гэх нүүрс тээврийн компаниудыг Хятадуудтай хамтран эзэмшдэг байсан. Энэ компаниуд нь төрийн өмчит “Эрдэнэс таван толгой” ХК-тай гэрээ байгуулж, урд хөрш рүү автомашинаар нүүрс зөөх ажлыг хариуцдаг байсан гэсэн үг л дээ. Гэтэл 2020 онд А.Адъяасүрэнтэй холбоотой ноцтой дуулиан дэгдсэн. Тодруулбал, автомашинаар хил давуулан нүүрс зөөхийн тулд заавал олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрөл авах шаардлагатай байдаг. Энэ дагуу А.Адъяасүрэн 2020 оны гуравдугаар сард Авто тээврийн үндэсний төвийн “С” зөвшөөрөл олгох ажлын хэсгийн хурлаар хятадуудтай хамтран эзэмшдэг “Баянговь транс” ХХК, “Сан тээвэр групп” ХХК, “Тэнгри транс” ХХК, “Ульган сар” ХХК-иудынхаа нийт 680 автомашинд олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрөл гаргуулж, батлуулсан. Ингэхдээ Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга асан Г.Доржпаламд 100 мянган ам.долларын авлига өгсөн нь илэрч, дуулиан дэгдсэн юм. Улмаар 2020 оны тавдугаар сарын 19-нд Нийслэлийн прокурорын газраас А.Адъяасүрэнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан шалгаж эхэлсэн байдаг. Гурван жил хуулийн байгууллагын үүд “сахисан” А.Адъяасүрэнгийн авлигын 100 мянган ам.долларын хэргийг шүүхээр шийдэгдэхээр болоод байгаа. Одоогоор хахууль өгсөн гэх А.Адъяасүрэн хэргийг прокурорт “гацаж”, авлига авсан Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга асан Г.Доржпаламыг ганцааранг нь шүүхээр болсон. Парламент нь тарахад тэр ачигдах гишүүний нэг яах аргагүй мөн болчихоод баларч байна.
АТГ-ын мөрдөгчид “хулхи ногоон”-уудын хэргийг мөрдөн шалгасны эцэст шүүхэд шилжүүлэхэд бэлэн болсон. Өнгөрсөн хугацаанд АТГ-аас 141 хүнийг “хулхи ногоон”-ы хэрэгт гэрчээр дуудаж байцаасан. Эцэст нь, “хулхи ногоон”-ы хуйвалдаанд Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар тэргүүтэй 27 албан тушаалтан оролцсон нь хөдөлшгүй баримтаар тогтоогдож, улмаар шүүхэд шилжүүлж буй аж. Мөн хулхи ногоон”-ы хэргээс болж 134,5 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 11.9 тэрбум төгрөгийн бэлнээр төлүүлсэн, бусдаасаа арай дөнгүүр гэж үзсэн 46.1 тэрбум төгрөгийн автобуснуудыг нийслэлийн өмчид хүлээж авсан гэх. “Хулхи ногоон” автобусны нэг бүр нь 400 сая төгрөгийн үнэтэй гэхээр 46 тэрбум төгрөг нь 115 ширхэг автобус гэсэн үг юм. Харин үлдсэн 74.5 тэрбум төгрөгийг төлүүлэхийн тулд “Тэнүүн-Огоо” ХХК-ийн өмчлөлийн барилга, байгууламж, автобус, агуулах баазыг лацадаад байна. Энэ хэргийн “гол буруутан” нь УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар болоод байна. Тэр сайдын суудлаасаа бууж, гишүүний суудлаасаа зууран барин шалгуулж байгаа.
Ж.Сүхбаатар хэдэнтээ хэвлэлийн хурал хийж, “буруугүй” гэж өөрийгөө өмгөөлж байсан ч үнэнд гүйцэгдээд байгаа. Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар “Тэнүүн-огоо” ХХК-ийг яагаад шалгаруулсан, А.Ганхуягтай ямар хамааралтайг нэг баримтаар танилцуулъя. А.Ганхуяг нь “Тэнүүн-Огоо” ХХК-ийг Дэлэгдоржийн Амгаланбаатар, Ачитсайханы Баттүшиг нартай 2009 оноос хойш хамтран эзэмшиж буй. Хамгийн ноцтой нь, Д.Амгаланбаатар нь ЗТХ-ийн сайд асан, “Буурал” хочит А.Гансүхийн Зөвлөхөөр ажиллаж байсан. Одоо ч Д.Амгаланбаатар нь “Буурал” А.Гансүхийн “Монгол корпорэйшн констракшн” ХХК, “Монгол корпорэйшн пропертийс” ХХК-иудын Гүйцэтгэх захирлаар ажилладаг үнэнч “цэрэг” нь. Харин А.Баттүшиг нь УИХ-ын дарга З.Энхболдын сонгуулийн менежерээр ажиллаж байсан, мөн түүний төрсөн дүү З.Хишигтогтохтой “Инфра инженеринг” ХХК, “Браунрок” ХХК, “Нью браун стоун” ХХК-уудыг хамтран эзэмшдэг нэгэн. Өөрөөр хэлбэл, “Тэнүүн-Огоо” ХХК ч тэр, А.Ганхуяг ч тэр ардаа “Буурал” хочит А.Гансүх, “Спикер” хочит З.Энхболдын нарын улс төрийн асар том артай гэсэн үг. Илүү ноцтой нь, “Буурал” хочит А.Гансүх, Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар хоёр 1997 онд МУИС-ийн Эрх зүйн ангийг хамт төгссөн, нэг ангийн найзууд. Түүнд одоо ачигдах өдрөө хүлээхээс өөр сонголт, гарц байхгүй болсон гэх...
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг АТГ-аас анхны 17 нүүрсчний нэгээр зарлаж байлаа. “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ариунболдын гол хамтрагчдынх нь нэг нь Ш.Раднаасэд гэх. Тодруулбал, Д.Ариунболдыг “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилласан 2016 оны есдүгээр сараас 2018 оны дөрөвдүгээр сар хүртэлх хугацаанд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд нүүрс худалдах, тээвэрлэх гэрээг хэнтэй, хэдэн төгрөгөөр хийх гэх мэт хамаг “хор”-ыг хамт хутгалцаж, дундаас нь ашиг хүртэж байсан байж болзошгүй маш ноцтой баримтууд бий. Түүгээр зогсохгүй, Д.Ариунболд 2020 оны УИХ-ын сонгуулиар Говь-Алтай аймгаас нэр дэвших санаархал тээж, Ш.Раднаасэдийг дагаж Говь-Алтай аймгийн сумдаар хоёр бүтэн тойрч, сумдын эмнэлэг, цагдаагийн газруудад автомашин, мотоцикл, малчдад өвс тэжээл, гарын бэлэг тараасан байдаг. Товчхондоо, Б.Ариунболд, Ш.Раднаасэд нар “нүүрсний хулгай”-д хоршиж оролцсон, тэгээд болоогүй “нүүрсний хулгай”-н мөнгөөр сонгуульд бэлдэж байсан байж болзошгүй ноцтой баримтууд гарч ирсэн учраас АТГ-ынхан түүнийг шалгаж, анхны 17 нүүрсчний нэгээр зарласан байдаг.
“Нүүрсний сонсгол”-д тэр дуудагдаагүй ч АТГ-ын мөрдөгчийн ширээн дээр түүний “хэрэг” байгаа. Тэгэхээр Т.Аюурсайханы араас явах нь ойлгомжтой болов уу. Ардын намынхан авлига албан тушаалын хэрэгт холбогдсон гишүүдээ авч үлдэхгүй л бол тэр явна. Гэхдээ...
УИХ-ын гишүүн, “нүүрсний хулгай”-н хэргийг яллагдагч Б.Энх-Амгалан яах аргагүй мөн билээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан ЗТХ-ийн сайдаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, УИХ-ын дарга асан З.Энхболдын хамааралгүй бүхий “Страто” ХХК-ийн нүүрсийг зөөх “Их дэлгэмэл ингүүн” ХХК-д Цогтцэций-Шивээговь чиглэлийн 407 км шороон замыг эзэмшүүлэх тушаал гаргасан байдаг. Тайлбарлавал, УИХ-ын дарга асан З.Энхболдын хамаарал бүхий “Страто” ХХК нь Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байх “Эрдэнэс тавантолгой” ХК-аас нүүрс худалдан авч, улмаар Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд байх нүүрс угаах үйлдвэртээ тээвэрлэн авч угаагаад, урагш нь гаргадаг. Энэхүү тээвэрлэлтирйг нь “Их дэлгэмэл ингүүн” ХХК гүйцэтгэдэг гэсэн үг. Харин Б.Энх-Амгалан ЗТХ-ийн сайд байхдаа хууль бусаар Цогтцэций-Чойр чиглэлийн шороон замыг “олон улсын чанартай авто зам” гэж бүртгээд, улмаар “Их дэлгэмэл ингүүн” ХХК-д эзэмшүүлж, тус замаар нүүрс тээвэрлэх эрх олгосон. Өөрөөр бол, Б.Энх-Амгалан З.Энхболдод нүүрс тээврийн замыг нь хууль бусаар бэлдэж өгч, давуу байдал олгосон, хариуд нь асар их хэмжээний авлига авсан байж болзошгүй хэргээр АТГ-т яллагдагчаар татагдсан.
Эдний араас Ц.Анандбазар, Б.Өнөрболор, Б.Наранбаатар, Х.Болорчулуун гээд ангийнхан нь “очно”. Энэ парламентынхан ирэх жил Монголын хорих ангийг дүүргэж мэдэхээр байна.
Т.АЮУРСАЙХАНЫ АРААС АЧИГДАХ УИХ-ЫН ГИШҮҮД |
|
2025-05-02 18:55:24
2025-05-02 18:38:27
2025-05-02 18:00:13
2025-05-02 15:47:23
2025-05-02 14:30:45
2025-05-02 13:47:59
2025-05-02 13:11:08
2025-05-02 13:08:27
2025-05-02 11:54:22
2025-05-02 11:53:32
2025-05-02 11:37:23
2025-05-02 10:57:53
2025-05-02 10:46:38
2025-05-02 10:41:57
2025-05-02 10:36:16
2025-05-02 09:53:55
2025-05-02 09:42:32
2025-05-02 09:12:07
2025-05-02 08:58:48
2025-05-02 08:49:08
2025-05-02 07:26:38
2025-05-02 07:00:00
2025-05-02 07:00:00
2025-05-02 07:00:00
2025-05-02 07:00:00
2025-05-02 07:00:00
2025-05-02 06:00:00
2025-05-02 06:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |