• Өнөөдөр 2024-11-09

Б.ЛУВСАНДОРЖ: ЕРӨНХИЙ САЙД АСАН С.БАЯР БОЛОН АНУ-ЫН ТЭРБУМТАН ЭМЭГТЭЙЧҮҮД ОСОЛДСОН ШИГ ОСОЛ НИСЛЭГИЙН ТҮҮХЭНД БАЙХГҮЙ

2024-09-24,   8412

     Гэнэт пүн пан  хийх чимээ гарчээ. Онгоцонд явсан хүмүүст бол яг л буун дуу шиг сонсогдсон гэдэг. Онгоцны жолооч, нислэг удирдагч тэргүүтэй монголчууд “Кабинд яваа АНУ-ын жуулчдын хэн нэг нь буутай явсан юм байх даа. Сум алдлаа” хэмээн хардаж, дуу алдацгаасан гэдэг. Гэтэл бортмеханикч Төмөрөө самбар руу хараад, онгоцны ахлах нисгэгч,  дэд хурандаа Б.Лувсандорж онгоцны баруун хөдөлгүүр унтарч, бүх заалт уначихсан байхыг мэдээд галын кран хааж, хөдөлгүүр унтраах команд өгч, зорчигчдыг хамгаалалтын бүсээ сайтар зүүж, бариулаасаа барихыг анхааруулжээ. Удалгүй онгоц хүч алдаж, огцом унаж буй нь мэдрэгдсэн байна. Энэ үед АНУ-ын жуулчин эмэгтэйчүүд хашхиралдан орилолдож, уйлалдаж   байсан гэдэг. Энэ бол 1996 оны Хөвсгөл аймгийн Хүрэмтийн хөндийд болсон онгоцны осол юм. Ослын талаар Хилийн цэргийн МИ-8 нисдэг тэрэгний дарга, дэд хурандаа Б.Лувсандорж манай сайтад уг ослын талаар анх удаа ярилцлага өглөө. 

-1996 оны онгоцны осол юунаас болсон юм бэ. Тухайн үед таныг жолоодож явсан гэдэг?

       -Осол болох үед бид Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын малчин айлаас Цагааннуур сум руу нисэж байсан юм. Тэр үед бороо татрах шинжгүй байсан. Хорьдол, сарьдгийн нуруун дээгүүр бөөн хар үүл нүүгэлтэж, уулын орой битүү манан. Зүсэр бороо шаагьсан энэ үед жуулчид очих ёстой Цагаан нуур, Шишгэдийн гол руу явах гэж яарч, гурав, дөрөв хоногийн усан бороонд тохь алдаж, зутарч байгаа тухайгаа орчуулагчаар дамжуулсан байв. Тэгээд жуулчин эмэгтэйчүүдийг  хариуцаж явсан С.Баяр, З.Алтай нар “Манайхан загас барих гэж яараад байна. Ойрхон ч болтугай гол бараадах гэсэн юм. Нисэх боломжтой юу” гэж надаас асуусан. Тэгээд би нислэгийн удирдагчтайгаа ярилцаж байгаад 30 минут хөөрч үзэхээр тохироод, хөөрсөн хэрэг л дээ. Жуулчдыг гэртээ хонуулсан малчин өвгөн “Та нар одоохон хөөрөхгүй бол зүсэр бороо намдахыг хэд хоног хүлээнэ. Энд ийм бороо орохоороо мөд татрахгүй. Заримдаа долоо хоног үргэлжилдэг” гэсэн юм. Нутгийн хашир малчин бороо хэзээ орох, хэзээ татрахыг мэдэлгүй яах вэ дээ. Түүний бидэнд анхааруулж хэлсэн цаг агаарын мэдээ бидний Мөрөнгөөс авсан цаг агаарын мэдээтэй яг таг таарч байв. Бороо хэд хоног үргэлжлэх нь гарцаагүй байлаа. Тиймээс бид зориг гаргаж, Цагаан нуур сум руу ниссэн. Бороотойд нисдэг тэрэг 2700 метрийн өндөрлөгт гарч, +5-с -12-ын хэмд хэвийн нисдэг. Тэгээд 10 минут орчим нисчихээд хоёрдугаар нисгэгч, нислэгийн удирдагч нартаа “Үүл задарч, цоорохгүй юм шиг байна. 3200 метрийн өндөр авч, дахиад 10 минут нисэж үзье” гэж хэлж дуусаагүй байтал онгоцны хөдөлгүүр унтарсан. Ингээд зорчигчдодоо онгоц осолдсон тухай мэдэгдэж, хамгаалалтын бүсээ сайн зүүж, бариулаас барихыг анхааруулсан. Хөдөлгүүр, бүх заалт нь эвдэрчихсэн байв. Онгоцоо уулын нам талыг барьж, зүүн урд зүг рүү чиглүүлсэн. Тэгж байтал гэрийн буйрын чинээ үүлний цоорхой харагдаж билээ. Тэр цоорхой руу орж газар харахаас өөр арга, сонголт байгаагүй. Арайхийж үүлний цоорхой руу шургаж ортол уулын орой мэлс гээд л гараад ирсэн. Онгоц уулын оройгоос 10 метрийн зайтай зөрсөн болов уу. Тэгсэн яг урд гол харагдаж байгаа юм. Хэрвээ онгоцоо уулын налуу, нам газар руу чиглүүлж чадахгүй бол уулын орой мөргөж, унах аюултай байсан. Тормозоо эцсээ тултал бариад байтал хүчний инерциэрээ Хүрэмтийн голын намагт  шигдэж, зогссон. Үлдсэн хөдөлгүүрээ унтрааж, онгоцыг бүрэн зогсоосон. Тухайн үед 18 хүнтэй, онгоцны шатахуун дүүрэн байсан учир ачаалал хүнд байлаа. Онгоцоо зөв чиглүүлж чадахгүй бол ийм хүнд ачаалалтай үед чулуу шидэж байгаа юм шиг л доош унана шүү дээ. 

-Тухайн үед яаж саадгүй газардах талаар бусадтайгаа зөвлөлдсөн үү. Бүх шийдвэрийг өөрөө гаргаж байв уу?

      -Манай хоёрдугаар нисгэгч “Сэнсээрээ уулын мод шүргэж бууя” гэхээр нь “Үгүй ээ. Би жолоогоо өөртөө авъя. Уулын налуу гулсуулж буух хэрэгтэй” гээд зөвхөн өөрөө удирдсан. Надад үүлний цоорхой руу орж, налуу газар буух боломж байсан учир түүнийг эсэргүүцсэн юм. Хэрвээ мод шүргэж буух юм бол онгоцны сэнс тэр чигтээ сүйрч, бүгд амь эрсдэх магадлалтай байлаа. Бас онгоц бүрэн буухгүй нь ойлгомжтой байсан. Сэнс гэмтэх л юм бол онгоц дэлбэрч, бидэнд амьд гарах ямар ч боломж байхгүй болно гэсэн үг шүү дээ. Нэг хөдөлгүүр унтарсан тохиолдолд дүүжин нислэгээр газардах боломж байхгүй. Заавал гүйж суудаг нислэгийн дүрэмтэй юм.

-Онгоцны хөдөлгүүрээс өөр эвдэрсэн зүйл бий юү. Хүн бэртэж, амь эрсдээгүй нь хамгийн том аз юм даа?

     -Онгоцны урд дугуй ханзарсан байсан. Бид буусныхаа дараа Мөрөнгийн нисэх онгоцны холбоочинтой холбогдож, агаарт нисэж буй бүх онгоцонд аюулгүйн дохио өгч, МИ-8 нисдэг тэрэг Хүрэмтийн голын намагт осолдсон гэх энэ мэдээг бүх радио холбоогоор дамжуулсан. Удалгүй манай техникийн комиссынхон Т.Сугар дарга, онгоцны хоёр даргатай ирж, акт тогтоосон. Осолдсон тэргийг босгох гэж бид шөнөжин ноцолдоод, маргааш өглөө нь намгаас гаргаж, Т.Сугар хурандаа жолоодож байв. 

     Тэр ослыг нислэгийн удирдагчийн буруу болгож, акт тогтоосон нь харамсалтай санагддаг. Бидэнд туслалцаа үзүүлэхээр ирсэн онгоцоор жуулчид буцсан. Мөрөнгөөс Улаанбаатарт буусан даруйдаа дөрөв нь шууд нутаг буцсан гэдэг. Харин долоо нь үлдэж, Тэрэлж хавиар загасчилсан сурагтай байсан. Түүнээс хойш ямар ч холбоогүй, бүр сураг ч сонсогдоогүй. 

-Нисдэг тэрэгний ослын түүхэнд ийм төрлийн осол бүртгэгдэж байсан болов уу?

      -1996 оны осол бол нислэгийн онцгой тохиолдол байсан. Нисдэг тэрэгний түүхэнд ийм тохиолдол байхгүй. Өндөрлөг газраас нэг хөдөлгүүртэй бууна гэдэг байх боломжгүй зүйл гэж тухайн үед ярьж байсан. Бид нэг ч хүний хамраас цус гаргалгүй газардаж чадсанаараа бахархдаг. 

-Эсэн мэнд газардсаны дараа хүмүүсийн сэтгэл зүй ямар байсан бол. Та хэр сандарч байв?

       -Хамт явсан жуулчид эсэн мэнд гарсандаа баярлалдаж, уйлалдаад бөөн юм болсон. Тэд газардахаас өмнө онгоцны бариулаас тас атгачихсан, дор бүрнээ эсэн мэнд гарах юм сан гээд нүдээ аниад залбирч байсан гэдэг. Уул, үүлэн дундуур ямар ч залуургүй хаана очиж үхэхээ мэдэхгүй явсан бидний зарим нь дотроо хэд үхэж, хэд сэхсэн байлгүй. Ухаан санаа нь балартсан хүн ч бий байх. С.Баяр ослын тухай “Жар хоног Жарны бутархай” номондоо “МИ-8 тэрэгний  ослын тухай  Улсын комиссын дүгнэлтийг гарсан байсан. Үүнд, “3250 метрийн өндөрт баруун хөдөлгүүр унтарснаас хойш нисдэг тэрэг газардтал минут 17 секунд өнгөрсөн” гэж бичсэн байсан. Миний хувьд цагийн ямар ч баримжаа байгаагүй. Их л удсан юм шиг санагддаг.

Хар хурдаараа унаж буйг биеийнхээ эс, ширхэг бүрээр мэдэрч, ухаанаа алдтал айсан хүүхнүүдийн орь дуу сонсогдож, хадан хавцал нүүр тулаад ирж буйг нүдээрээ харсан хүнд бол цаг хугацааны баримжаа алдагддаг юм билээ. Нэг мэдэхэд битүү манангаас сугараад гарчихсан, энүүхэн дор мод, хад шүргэх шахам жирэлзэж байв. “Одоо мөргөнө. Энэ газар үхэх  учиртай байж” гэх бодол төрж байв. Гэтэл хүчтэй доргиж, би огло үсэрч ухаан алдсан байдаг.

Сүүлд онгоцныхны ярьснаар тэр доргилтоос би дээш шидэгдэж, толгойгоороо хяналтын самбар мөргөөд ухаангүй унасан аж. Намайг бүхээгнээс хэн нэгэн чирч гаргажээ. Өмд, гутал шал нойтон болчихсоныг мэдрээд ухаан орсон. Гэтэл эвгүй үнэртэй намагт хэвтэж байв. Нүдний шил шидэгдсэн ойр орчмын зүйлс бүдэг, бадаг” хэмээн ослын үед тохиолдсон явдлаа бичиж, тэмдэглэсэн байдаг. Харин 25 дугаар суваг телевизийн захирал З.Алтай онгоц осолдсоны дараах үеийн  40 орчим минутын бичлэг хийж, онгоцонд явсан хүмүүсийн сэтгэгдлийг авсан байдаг. Тэр газар дээрээс сурвалжилсан нэвтрүүлэг “25 дугаар суваг” телевизээр тухайн үед  гарч  байсан. 

-АНУ-аас ирсэн жуулчид зөвхөн загас барих зорилготой байв уу. Аяллын эхний өдрүүд хэрхэн өрнөсөн бэ?

      -1996 оны есдүгээр сард Хилийн цэргийн МИ-8 нисдэг тэрэгний дарга, ахмад Б.Лувсандорж миний бие, хоёрдугаар нисгэгч, ахмад Батбаяр, бортмеханик дэслэгч Төмөрцогт бид гурав Ерөнхий сайд асан С.Баяр, “25 дугаар суваг” телевизийн захирал З.Алтай, тогооч, орчуулагч Алтангэрэл, Батсайхан болон АНУ-ын нэр, нөлөө бүхий тэрбумтан 11 эмэгтэйг төлөвлөсөн газарт нь хүргэх үүрэг авч, хөөрсөн. Тэдний бүрэлдэхүүнд нийт 18 хүн байснаас 11 нь америк эмэгтэй, долоон монгол эрэгтэй байсан юм.

    АНУ-ын саятан, тэрбумтнууд,  Загасчдын холбооны гишүүд манай нутагт ирж, загас барих тэр дундаа тул барих  зорилготой, сонирхолтой ирсэн юм. Ингээд тэдний хүслийг биелүүлэхээр Улаанбаатар, Булган, Мөрөн, Хөвсгөл аймгийн Цагаан нуур, Шишгэдийн гол орох нарийн төлөвлөгөө, маршрутаар хөдөлсөн.

    Тэдний аялал эхний өдрөө тун сайхан эхэлсэн. Бид Улаанбаатар хотоос хөдлөөд Чулуут, Сумангийн бэлчирт бууж, хэсэг тухалсан. Цаг агаар сайхан, загас элбэг, хоол тансаг байсан нь АНУ-ын баячуудад тун таалагдаж байлаа. Хоёр дахь өдөр нь тэндээсээ хөөрч, олон голын бэлчирт мөн л эхний өдөр шигээ тансаглаж, байгалийн сайхныг магтан биширч өнжсөн. Жуулчид загасны уургаа гол руу шидэлж, хадран, зэвэг зэрэг загасыг хэд хэдээр нь гаргаж ирээд л буцааж тавиад байв. Харин тэдний туйлын мөрөөдөл, Монголд ирэх хамгийн том шалтгаан болсон тул загасаа голоос олсонгүй. Би нисгэгчийнхээ хувьд цаг агаарын мэдээ байнга авч байх ёстой. Тийм учраас станцаар холбоо барьж, баруун зүгээс аянга цахилгаантай, аадар бороо орох мэдээлэл авсан. 

Тэгээд бид ярилцаж байгаад борооноос өмнө Мөрөнд буухаар төлөвлөсөн юм. Ингээд биднийг Мөрөнд буухтай зэрэгцээд бороо орж эхэлсэн. Тухайн үед есдүгээр сар дөнгөж гарчихсан, борооны улирал байв. Биднийг очиход аймгийн зочид буудлын өрөө зайгүй байсан. 

Тиймээс бид  Мөрөнгийн нисэх онгоцны буудлын хашаан дотор аяны майхнаа барьж, хамт явсан жуулчдадаа цуйван, сүүтэй цай захиалж өгсөн санагдана. Тэнд гурав хоног тасралтгүй бороо орсон учир нисэх боломжгүй байлаа.

-Гурав хоног бороо орсон гэхээр майханд байсан жуулчид зутарсан байх даа?

       -Загасчлах сонирхолтой ирсэн жуулчид гурав хоног бороонд хоригдож, даарч, зутарч эхэлсэн. Байн, байн биднээс нисэх боломжтой эсэхийг асууна. Зарим нь бүр уурлаад дуугаа хураачихсан байсан. Тэгээд С.Баяр, З.Алтай, онгоцны нислэг удирдагч нартай ярилцаж байгаад ойрхон ч болтугай гол бараадахаар болсон юм. Гэтэл манай онгоцны нислэг удирдагч “Бүрхэг, бороотой байхад нислэг үйлдэх дэмий” гээд зөвшөөрөөгүй. Гэвч надад хээрийн буюу цаг агаарын нөхцөл байдалд дүгнэлт хийж, нислэгээ тохируулах боломж, эрх байсан.

Тийм учраас би нисэх шийдвэр гаргасан юм. Ингээд бороотой үед дээр дурдсан Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын малчин айл бараадаж, голын эрэг дагуу буулаа. Биднийг гол бараадахад бороо намдаагүй байв. Загасчлахаар ирсэн жуулчид ч голын бараа хараад бөөн баяр болж, чанга чанга шулганалдаж, инээд алдаад усны гутал, дулаан хувцсаа өмсөж, загасны дэгээгээ үүрээд онгоц бүрэн зогсоогүй байхад шахуу үсэрч бууцгаасан.

Тэд дурандаа голд дэгээгээ шидлээд л байлаа, шидлээд л байлаа. Жараахай ч барьж чадалгүй даарч, бээрсэн хүүхнүүд эхнээсээ онгоц руу ирсэн. Тэгээд хүйтэн бороонд даарч, чичирсэн тэднийг айлд хонуулж, манай багийнхан онгоцондоо хоночихоод маргааш нь бороо намдангуут хөдөлж, ослын өмнөх үеийн нислэг хийсэн.

-Та энэ ослын дараа нислэг хийж байв уу. Танд ямар нэгэн өөрчлөлт гарсан уу?

     -Энэ ослын дараа миний амьдрал тэр чигтээ өөрчлөгдсөн. Яагаад гэвэл, энэ ослын буулт, нислэгийн акт, бичиг баримтыг хуудуутай дүгнэсэн. МИ-8 онгоцны нислэгийн элементүүдийг хадгалдаг соронзон бичлэгийг бид “Ховч шар” гэж нэрлэдэг.  Уг нь тэр хайрцаг онгоц дэлбэрсэн ч устдаггүй юм. Гэтэл “Бичлэгийг нь гэрэл цохисон байна” гэх шалтгаанаар устгасан байсан. Тэгээд миний нислэгийн эрхийг зургаан сараар хасаж, цол бууруулж, цалингийн 30 хувиар торгосон. Тэгээд би хоёрдугаар нисгэгч болж, зургаан сар нисэх эрхгүй болсон учир ангийн жижүүр болсон доо. Тэр үед залуу ч байж, шартай, өөртөө итгэлтэй байж. Гэлээ ч өөрийгөө хамгаалж, тэмцээд дийлээгүй. Яалт ч үгүй буруутан болсон. Ингээд зургаан сар нисэх эрхгүй болсон болохоор сайн дураараа гурван удаа халагдах өргөдөл өгсөн. Гэтэл Т.Сугар дарга өргөдлийг минь хүлээж аваагүй. Тэгэхээр нь өөртөө чөлөө өгөөд,  БНСУ руу ажил хийхээр явлаа. Тэнд төмөрчин, барилгачин болж үзсэн. Тэгээд Монголдоо буцаж ирж, үндсэн ажилдаа орж байсан түүхтэй. 

-Осолдсон онгоцонд хуурамч акт хийсэн гэлээ. Яагаад хуурамч акт гаргасан юм бол?

       -Бидний хөлөглөж явсан онгоц эд ангийн хувьд бүрэн, бүтэн байгаагүй. Их биеийн хугацаа дууссан байсан. Хоёрдугаарт, тэр онгоцыг Монголд түрээсээр авчирч  байхдаа Тэрхийн цагаан нуурын эрэг дээр урд дугуйг нь гэмтээж байсан юм билээ. Мөн тэр онгоцыг  Афканистаны дайнд хэрэглэж байхдаа урд дугуйг нь хагалж байсан. Тэр үед нь  Налайхын нисэхийн инженер, техникийн ажилтнууд дугуйг нь засаж байсан юм. Тийм учраас онгоцны дугуй амархан ханзарсан гэж ойлгодог. Нислэгийн акт тогтоохдоо онгоцны өмнөх ослуудыг тооцоолоогүй юм болов уу гэж боддог. Зургаан сар нисэх эрхгүй болсон болохоороо энэ талаар нарийн хөөцөлдөж байгаагүй юм. 

-Тэр онгоцоор дахиж нислэг үйлдсэн болов уу?

     -2003 онд С.Баярыг  ОХУ-д суугаа Элчин сайдаар ажиллаж байхад ОБЕГ-ын хэрэгцээнд нисдэг тэрэг хэрэг болжээ. Ингээд С.Баярт онгоцны үнэ судлах даалгавар өгсөн гэдэг. Улмаар С.Баяр Үйлдвэрийн газрыг нь үзэнгээ хариуцсан захиралтай нь юм ярьж байгаад осолдсон онгоцныхоо талаар сонсож, бүр танигдахын аргагүй будаж, шунхдаад “Хямд зарна” гээд тавьчихсан байхыг нь харсан гэдэг.

 

Б.ЛУВСАНДОРЖ: ЕРӨНХИЙ САЙД АСАН С.БАЯР БОЛОН АНУ-ЫН ТЭРБУМТАН ЭМЭГТЭЙЧҮҮД ОСОЛДСОН ШИГ ОСОЛ НИСЛЭГИЙН ТҮҮХЭНД БАЙХГҮЙ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 13
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-25 09:44:32
    Иргэн: Та нар яагаад С.Баярт ийм муу байдаг юм бэ. Харин ч үнэн мөнөөр нь тодорхой бичиж үлдээсэн байна билээ. Цаг агаарын нөхцөл байдалд зөв үнэлгээ өгч чадаагүй экипажийн л буруу шүү дээ. Ослын дүгнэлт харин ч зөв гарсан байна гэж үзэхээр байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-24 19:16:19
    S: ANUSDI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-24 18:50:48
    с .баяр: пизда г л олж буудах хэрэгтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-24 16:18:49
    зочин: Сохор азаар амьд гарсныгаа буруугүй гэж ойлгоод бнуу даа? Анхнаасаа аюултай үед эрсдэлийг тоолгүй нислэг үйлдсэн хэнэггүй шийдвэрт чинь хариуцлага тооцсийм бишүү?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-24 12:48:44
    dfd: bayar har murtei ********
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-06 13:22:40
    Л.Ганхуяг: Онгоцны сүйрэл болсны дараа нисгэгчдийн үйлдлийг ойлгож өмөөрч хамгаалах гэсэн ухагдахуун монголд л лав байхгүй.Дарга нэртэнгүүд өөрсдийн азаар амь мэнд үлдсэн шахуу мухар сүсгийн люм ярилцлага болгонд өгч өөрсдөддөө оноо цуглуулна.Хүмүүс осолдож амь алдсан хүнд тохиолдолд бол шууд л нисгэгч нар,тэр тусмаа онгоцны дарга гол буруутан болно.Ослын дүгнэлтэнд хөндлөнгийн дарга нэртэнгүүд хэт нөлөөлдөг байсан гэдэгт би хардах эрхтэй.Олон ч онгоцны сүйрлийн эрэн хайх ,олох ажиллагааг удирдан ажиллаж байсны хувьд сэтгэл эмзэглэх юм их гардаг байлаа.Онгоц захиалсан байгууллага,хувь хүмүүс нислэгийн явцад шууд нөлөөлөх тохиолдол олон шүү дээ.Манай нисгэгчдийн эр зориг,ур чадвар сайтайдаа л ослоос олон гавьяа байгуулж байсныг огт ярьдаггүй юм.М.Батэрдэнэ шиг чадварлаг ,бүгд л магтаж сайшаадаг мундаг залуу нисэгч ховор байлаа.Отгонбилэг гэдэг нөлөө бүхий УИХ-ын гишүүн онгоцтой нь осолдсоноос болж нэг л өдөр хамгийн нүдэнд орсон өргөс болж ял эдлээд л хаягдсан.Би бусад хамт осолдсон бүх хүмүүсийг харамсдаг л даа.Яагаад Отгон билэгийг онцлов гэхээр -тэр үеийн сонин,хэвлэлийг сөхөөд нэг хараарай.Отгонбилэгийн нэр л цуурайтана шүү.Ямар нөлөөлөлтэй хүн байсан нь шууд мэдрэгдэнэ.Хааны сэнтийг өвлүүлэх эртний ёсыг иргэдийн сонголтоос дээгүүр тавьж хүүгий нь оронд нь УИХ-д намаас нь нэр дэвшүүлж сонгож байлаа.Нисэгчид ямар шуурхай арга хэмжээ авч бүгдийг нь биш ч хэсэг хүмүүсийнхээ амийг аварч чадсан тухай бол нэг ч дурсахгүй өнгөрнө. Ингээд л том дарга үрэгдсэн буруутанг шийтгэх тухай л яриа хэвлэлээр нэг.Ниснэ гэдэг машин жолоодохтой адил биш.Уг нь өөрсдийгөө ухаантанд тооцогсод гадарламаар л юм.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-04 23:27:54
    ард: Амеркчуудад аз дайрч дээ үхэр монголчууд амиар минь тоглох дөхлөө гэж сүнс нь зайлах дөхсөн биз З.Алтай С.Баяр хоёр өмдөндөө шээс алдах дөхөө биз нэг их хүнд гайхуулаад байх юм ч алга доо.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-12 23:51:33
    Зочин 1 : Иргэн : Таны ниитлэлийг уншихад мөстөлтөнд орсон РП ын зөвлөмж аваагүй гэх утгатай гэтэл хөдөлгүүр унтарсан нь гай болж иим дүгнэлт гаргахад хүргэжээ гэтэл командир нь их биеийн хугацаа дууссан урьд нь тэрхийн нууран дээр гэлүү урд дугуйны асуудалтай гэх мэт зөрчлийг тооцоолоогүй шууд экипажийн буруутай үйлдэл гэж дүгнэсэн бичлэгийг нь гэрэл цохисон гэдэг тэнэг үндэслэлээр хэрэгт хавсаргаагүүн бишүү иим муухай хэт нэг талыг барьсан экипаж буруутай мэт өөрсдөө уснаас цэвэр гарсан нь тодорхой бна техникийн алдааг нисгэгч рүү чихдэг моод байлаа гэж
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-12 18:05:29
    иргэн: Ер нь бол нислэгийн аюулгүй байдал алдагдсан, цаг агаартаа оновчтой дүгнэлт гаргаж чадаагүйгээс мөстөлтөнд орсон, нилэгийн удирдагчийн зөвлөмжийг хүлээж аваагүй, гээд нилээд хэдэн ноцтой анхаарах дутагдал нислэгийн дараа хянан шалгасан комиссын дүгнэлтэнд нь заагдсан экипажийн буруу байсан гэж сонсогдсон тэр болгоныг ил болгодоггүй нууцалдаг болхоор иргэд нарийн учрыг нь мэдэхгүйээ С. Баяр ч үүнийгээ их бахархал болгон бичсэн байсан ер нь сүүлд гарсан мэргэжлийн комиссын дүгнэлт л зөв шүү дээ...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-12 00:18:47
    Зочин : Тэр үед Баяр иим новшийн хүний мөсгүй зан гаргах хэрэггүй бсан даа амьд гарсан хүн чинь бусдыгаа хайрлаж экипажиинханд талархах ёстой бсан юм
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-04 10:09:52
    T: Bayriig nuhchihgui
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-03 15:38:20
    zochin: amid baigaa n boloodoo
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-03 11:21:47
    Зочин: Ховорхон аз
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188