• Өнөөдөр 2024-04-20

БУСДЫГ ГАЛДАН ШАТААСАН н.ТЭМҮҮЖИН, н.ЭРХЭМБИЛЭГ, н.ЭНХСАЙХАН, Р, У НАРЫГ ГАЗ СОРЖ, БУДАГ ШИНГЭЛЭГЧ ҮНЭРЛЭДЭГ БАЙСАН ГЭВ

2022-09-23,   6230

       Хүнийг санаатайгаар алахыг завдсан байж болзошгүй ноцтой хэрэг гараад байгаа билээ. Тодруулбал, 26 настай залууг фэйсбүүкээр танилцсан Р гэх эмэгтэй 15-25 насны дөрвөн хүнтэй нийлж, шатаасан хэрэг гараад байгаа юм. Урьдчилсан байдлаар хохирогч залуугийн картнаас мөнгө авахын тулд түүнийг зодож, дээрэлхэж, эцэст нь картны нууц дугаараа хэлээгүйн улмаас будаг шингэлэгч бие дээр нь асгаж, шатаасан нь тогтоогдоод байна. Тэгвэл бусдыг санаатайгаар алахыг завдсан гэх гэмт хэрэгтнүүд хэн бэ гэдгийг сэрэмжлүүлэг болгох үүднээс хүргэж байна. 

           Тодруулбал, энэ сарын 16-ны өдөр цагдаагийн байгууллагад "Зодуулсан хүн гудамжинд хэвтэж байна” гэх дуудлага Чингэлтэй  дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст ирсэн байдаг. Дуудлагын дагуу шалгахад, 26 настай Б гэгчийг фэйсбүүкээр танилцсан 16 настай, эмэгтэй Р гэгч нь тус хороонд байрлах нийтийн байранд дуудан уулзаж, 15 настай иргэн Э, 21 настай иргэн Т, 25 настай иргэн Э, 17 настай иргэн У нарын хамт бүлэглэн дээрэмдэж, шатаасан байдаг. Тодруулбал, хохирогчийн бугуйн цаг, гар утас, банкны карт зэргийг дээрэмдэн, банкны картын нууц дугаарыг хэлүүлэхийн тулд хохирогчийн хувцсыг нь тайлж, зодож, будаг шингэлэгч цацаж, гал тавин шатааж, хэргийн газраас зугтжээ. Цагдаагийн алба хаагчид тухайн хэргийг үйлдсэн этгээдүүдийг шуурхай эрэн сурвалжилж, Баянзүрх дүүрэгт байрлах шөнийн цэнгээний газраас дайчлан баривчилж, хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид 30 хоногийн хугацаатай саатуулаад байгаа билээ. 

ХОХИРОГЧ Б УУЛ УУРХАЙН КОМПАНИД АЖИЛЛАДАГ БАЙЖЭЭ

        Хохирогч Б нь 26 настай, Хөвсгөл аймгийн харьяат, Өмнөговь аймагт байрлах ... уурхайн компанид ээлжийн ажилтай. Тэрбээр хэрэгт холбогдсон Р-тай фэйсбүүкээр танилцсан, өмнө нь нэг удаа уулзаж байсан гэх. Тэрбээр Улаанбаатар хотод аавынхаа дүүгийнд амьдардаг. Хэрэг гардаг өдөр Р рүү залгаж, “Хөдөөнөөс ирчихлээ уулзъя” гэж хэлээд Р-ын амьдардаг нийтийн байранд очсон байдаг.  Б-ийн биеийн 80 хувь нь түлэгдэж, өнөөдөр арьс нөхөх хагалгаанд орно. Тэрбээр аавдаа хэргийн талаар хэлэхдээ “Нийтийн байранд дуудсан. Дуудаад очиход гурван эрэгтэй, хоёр эмэгтэй байсан. Тэгээд дээрээс шингэн зүйл асгаад, шатаасан. Галыг хэн унтраасан гэдгийг мэдэхгүй. Нэг мэдэхэд нийтийн байрнаас гараад хойд талын айлын хашаа руу орчихсон байсан. Айлын эзэн ахаас “Надад тусламж дуудаад өгөөч. Эгч рүү маань залгаад өгөөч” гэж гуйхад авга эгч рүү залгаж, дуудсан. Тэр ах надад их тус болсон. Тэдний гэрт байсан орны бүтээлгийг нөмрөөд газарт хэвтсэн. Ингэж байхад эгч нар ирсэн. Намайг шатаадаг хүмүүс Төрийн банкны картныхаа нууц кодыг хэлэхийг шаардсан. Тэгээд л ийм зүйл болсон. Хаан банкны картны нууц кодыг тэд мэддэг” гэж хэлсэн гэх.

НАЙЗ ОХИН Р ГЭГЧ НЬ ЭРХЭЛСЭН ТОДОРХОЙ АЖИЛГҮЙ

            Хохирогчийн найз охин Р нь 16 настай. Есдүгээр ангийн боловсролтой. Дунд сургуулиа төгсөөд сургуулиасаа гарсан. Эрхэлсэн тодорхой ажилгүй. Аав, ээж нь Улаанбаатар хотод байдаг ч найз эмэгтэй болон түүний нөхөртэй хамт байр түрээсэлж амьдардаг. Хэрэг гарсан нийтийн байранд хоёр сарын өмнөөс амьдарч эхэлсэн.

Тэрбээр бидэнд өгсөн мэдээлэлдээ “Б над руу залгаад, уулзъя гэхээр нь “Би гэрээсээ хол явж болохгүй. Чи манайд хүрээд ирэх юм уу” гэсэн чинь хүрээд ирсэн. Ирэхдээ гаднаас пиво авчирч, манай найзын нөхөр, тэдний хоёр хуурай дүү нь хамт уусан. Дахиж архинд явах гээд манай эмэгтэй найз картных нь нууц кодыг асуусан ч Б хэлээгүй. Үүнээс болж тэд хоорондоо зодолдож, хэрүүл болсон. Манай найзын нөхөр нь тэр зодооныг эхлүүлсэн. Би салгах гэсэн боловч чадаагүй. Тэгээд намайг хоёр найз маань “АТМ ороод картанд мөнгө байгаа эсэхийг шалгаад ир” гэсэн. Намайг гарсан хойгуур тэд зодолдож, Б шатаасан байсан” гэсэн билээ. Тэрбээр хэрэг гарснаас хойш нүүж, төрсөн гэртээ очжээ.

БУСДЫГ ШАТААСАН ГЭХ н.ТЭМҮҮЖИН ШИВЭЭС ХИЙДЭГ

      Зодооныг эхлүүлж, бусдыг галдан шатаасан гэх хэрэгт холбогдсон н.Тэмүүжин гэж хэн бэ. Тэрбээр 21 настай, хувиараа шивээс хийдэг. Найз охин болох 17 настай У-тай, хохирогч Б-ийн харилцдаг 16 настай Р-тай хамт байр түрээсэлж амьдардаг. Холбогдох бичиг баримт, биеийн байцаалт байхгүй. Өмнө нь танхайн хэрэгт нэг удаа холбогдож байсан гэх мэдээлэл байна. Тэрбээр ахуйн хэрэглээний газ сорж, шар цавуу үнэрлэж, мансуурдаг байсан гэх мэдээлэл байна.

17 НАСТАЙ У ГЭХ ЭМЭГТЭЙ  НЬ ГАЗ ҮНЭРТЭЖ, МАНСУУРДАГ БАЙЖЭЭ

      Хэргийн газарт хамт байсан хоёр эмэгтэйн нэг нь 17 настай У. Тэрбээр есдүгээр ангиа төгсөөд сургуулиасаа гарсан. Эрхэлсэн тодорхой ажилгүй, нөхөртэйгөө, найзтайгаа хамт амьдардаг. Мөн ахуйн хэрэглээний газ сорж, будаг шингэлэгч үнэрлэж, мансуурдаг талаар эх сурвалж мэдээлж байна. Хэргийн газарт байсан будаг шингэлэгч нь У-ийнх байсан гэх мэдээлэл бий. Тэрбээр нөхрийнхөө шивээс хийдэг ажилд тусалдаг. Тэрбээр хэрэг гарах үед хамт байгаагүй учраас цагдан хорих хугацааг сунгаагүй. Найзтайгаа цуг хохирогч залуугийн картнаас мөнгө авахаар бэлэн мөнгөний машин явсан байжээ.

СЭЖИГТЭН н.ЭНХСАЙХАН, н.ЭРХЭМБИЛЭГ НАР АВТО УГААЛГЫН ГАЗАРТ АЖИЛЛАДАГ

       Хэргийн газарт хамт байсан сэжигтэн н.Энхсайхан, н.Эрхэмбилэг нар нь Улаанбаатар хотод төрсөн. 15, 25 настай, авто угаалгын газарт угаагчаар ажилладаг байжээ. Тэд шивээсчин н.Тэмүүжингийн хуурай дүү гэнэ. Өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй.

-н.ЭНХСАЙХАН, Р, У НАРТ ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХГҮЙ-

н.Тэмүүжин, н.Эрхэмбилэг, н.Энхсайхан, Р, У нарын иргэний биед халдаж, санаатайгаар хөнөөхийг завдсан хэрэг нь Эрүүгийн хуулийн 11.1-т заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах”, 17.1-т засан “Хулгайлах”, 17.2-т заасан “Дээрэмдэх”, 20.7-т заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах”, 20.16-т заасан “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” зэрэг заалттай холбогдож байна. Монгол Улс 18 нас хүрсэн буюу насан хүрсэн хүнд хуулийн хариуцлага хүлээлгэж, насанд хүрээгүй буюу 14-18 насны хүнд хүмүүжлийн арга хэмжээ авдаг. Тиймээс Эрүүгийн тухай хуулинд заасны дагуу хохирогчийг шатаасан гэх н.Тэмүүжин, н.Эрхэмбилэг нарт Эрүүгийн хариуцлага хүлээлгэж, н.Энхсайхан, Р, У нар нь 18 нас хүрээгүй тул хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авах бололтой. 

 


БУСДЫГ ГАЛДАН ШАТААСАН н.ТЭМҮҮЖИН, н.ЭРХЭМБИЛЭГ, н.ЭНХСАЙХАН, Р, У НАРЫГ ГАЗ СОРЖ, БУДАГ ШИНГЭЛЭГЧ ҮНЭРЛЭДЭГ БАЙСАН ГЭВ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-16 08:44:19
    Aibar: Huuhed geed ingeed baival boldog ym bn gj dahiad hereg hiin shuu shudarga shiidej yaliin ogoh heregtei
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-24 07:58:29
    Ганаа: Энэ балай хуулийн цоорхойгоо бөглөөч ээ насанд хүрээгүй бол хүлээлгийн горимд шилжүүлж МУаас гарах эрхийг нь хязгаарлаж насанд хүрэнгүүт нь ял шийтгэлийг нь эдлүүлдэг болгох хэрэгтэй...
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188