• Өнөөдөр 2024-05-17

МАЛАЙЗАД АМИА АЛДСАН Б.ЭНХТУЯАГИЙН ЭЭЖ Б.ШАРХҮҮ: Миний охиныг онц хэрцгийгээр хөнөөж, танихын аргагүй болгосон байхад “Амиа хорлолт” гэж хэлсэн

2022-09-08,   392

ДУУЛИАНЫ МӨРӨӨР 

-ОХИНЫХОО ХАЛУУН БИЕИЙГ ХӨРСНИЙ ДАРАА ОЧСОН. ЧАНДРЫГ НЬ ЭЛГЭНДЭЭ ТЭВРЭЭД ЭХ ОРОНДОО ИРСЭН. ЭНЭ ЗОВЛОН ЭХ ХҮНД ДЭНДҮҮ ТОМДДОГ ЮМ БАЙНА- 

           “Ээж ээ, ах аа, би ингээд үхэх юм шиг байна. Хүмүүс намайг бүлэглэн хөнөөх гэж байна. Өнөө орой бүх юм тодорхой болно. Хар нүхэнд хориод хааш нь ч явуулахгүй байна. Миний гадаад паспортыг монголчууд булааж аваад, малайзуудад өгчихсөн”. Энэ бол Монгол Улсын иргэн, 25 настай Б.Энхтуяагийн 2013 оны аравдугаар сард ээжтэйгээ утсаар ярьсан сүүлчийн яриа. “Амийг минь авах нь” гэж ярьснаас нь долоо хоногийн дараа түүний цогцос Малайзын нэгэн хотын хар захын үүднээс олдсон байдаг.

          Ертөнцийн мухар, гудамжны төгсгөл, харанхуй өрөөнд хоригдсон монгол эмэгтэй амь гуйсаар, тарчилсаар, хүний нутагт амиа алдсан харамсалтай хэрэг гараад есөн жил өнгөрчээ. Охиноо алдсан ээж есөн намар, есөн өвлийн төдийгөөс өдий хүртэлх өдөр хоногийг хэрхэн өнгөрүүлж байгааг уншигч танд хүргэх гэж байна. Талийгаач Б.Энхтуяагийн ээж Б.Шархүү гуай охиноо алдсанаа үл зөвшөөрч, байж ядахдаа малчин болж, хэдэн малын амьсгалаар хань хийж байгаагаа нулимстай ярьж байлаа.  

-Таны бие тэнхээ сайн уу. Охинтойгоо хамт амьдардаг байсан хашаа, байшингаасаа нүүгээд удаж байна уу? 

        -Бие тэнхээ давгүй дээ. Хонхорын хашаа, байшингаасаа яваад зургаа, долоон жил өнгөрчихсөн байна. Үнэндээ “Охиноо хүрээд ирэх болов уу” гэж харуулдсаар байсан. Сэтгэл давчдаад, байж суух газар олдохгүй, арга ядахдаа хэдэн мал бараадаад байж байгаа нь энэ. Охиноо өнгөрснөөс хоёр, гурван жил үгээр илэрхийлж чадамгүй хэцүү байсан. Одоо ч энэ сэтгэлийн зовлонгоосоо ангижраагүй л явна. Үр хүүхдийнхээ хойно үлдэнэ гэдэг хэцүү байдаг юм байна. Энэ зовлонг мэдэрч үзсэн хүн л үүнийг мэдэх болов уу. Хорвоогийн жамаар биш, хүний гарт, харь элгийн зэрлэг балмад хүмүүсийн гарт охин үрээ алдчихна гэж хэн санах билээ. Ийм айхтар зовлон манай гэр бүлд тохиолдсонд одоо хүртэл итгэж чадахгүй юм. Талийгаач охиноо бодоогүй өдөр, зүүдлээгүй шөнө надад бараг байхгүй. Сүүлийн ганц, хоёр жил “За, жаахан ч гэсэн мартъя, үлдсэн үр хүүхдийнхээ төлөө амьдаръя” гэж өөрийгөө хүчилж, хүчээр шахуу амьсгалж, хэдэн үнээнийхээ дэлэнг шувтарч сууна. Энэ хэдэн мал л надад хань болж, сэтгэлийг минь зогоож байна. 

-Талийгаач сурахаар Малайз руу явсан гэдэг. Анх яагаад явах болсон тухайгаас нь эхлээд дэлгэрэнгүй ярьж өгч болох уу?  

          -Үнэндээ ярихаас ч халгам хэцүү юм болсон. Би хоёр сайхан охин, нэг хүүтэй байлаа. Хамгийн бага охин минь эрдэм өвөртлөхөөр харь орныг зориод эргэж ирээгүй. Хонхорт ахлах сургуулиа төгсөж, Хан-Уул дүүрэгт байрлах МСҮТ-д суралцсан юм. Ах нь хөөцөлдөж байгаад сургуульд оруулсан. Хоёр том маань 100 айлын барилгын захад худалдаа эрхэлдэг. Тэр үед бага охин маань ах, эгч хоёртоо туслаад, дэлгүүрт нь байдаг байлаа. Угтаа бол хүүхдүүд маань бараа бараандаа сайхан л амьдарч байсан. Хүү минь бага дүүдээ санаа зовж “Хэдий болтол худалдагч хийх вэ, Анагаахад сур, эмч, сувилагч болсон нь дээр биш үү. Эмэгтэй хүүхэд мэргэжилтэй байвал чамд өөрт чинь л хэрэгтэй” гэдэг байлаа. Сургалтын төлбөрийг нь төлөхөд бэлэн, өөрийг нь ямар шийд гаргахыг хүлээж байсан. Миний талийгаач охин ер нь дуугүй, даруухан талдаа. Сурах талаар тоймтой хариу хэлэхгүй явсаар нэг л өдөр “Гадаад явахаар боллоо” гэсэн. Тухайн үед “Хүүхдүүдтэй танилцаж, тэнд сургуульд сурах болсон” гэж л бидэнд хэлсэн. Тэгээд 2013 оны хавар Малайз руу ниссэн. Гэхдээ яг хэзээ явах гэж байгаагаа бидэнд хэлээгүй. Даруухан, хүний үгээр байх чинь золиос болдог юм байна лээ. Үнэндээ буруу хүүхдүүдэд уруу татагдаж, гадаад руу явсан. Өөрөө тийм аймар зүйл рүү явж байгаагаа төсөөлөө ч үгүй биз. Гоё, сайхан реклам, бусдын яриа л миний охиныг Малайз руу аваад явчихсан юм. 

-Таны охины амиа алдсан хэрэгт хоёр монгол охин хамааралтай байж болзошгүй гэх яриа гарсан байдаг. Яг ямар хүмүүстэй Малайз явсан юм бэ? 

             -Есөн жил өнгөрсөн учраас мартаж, санаад байдаг болжээ. Зарим юмаа тодорхой санахгүй байна. Охиноосоо хойш уймраа, мартаж, санах өвчтэй шахуу л болж. Миний охины үхэлд Монголын хоёр ихэр охин хамааралтай гэж би харддаг. Тэд зуучилж, миний охиныг гадаад руу авч явсан. Ихрийн нэг нь бүүр миний охинтой хамт Монголоос Малайз руу ниссэн байгаа юм. Нөгөө ихэртэй нь Малайзад очоод өрөө түрээсэлж, хамт амьдарч байсан гэсэн. Охин очоод чатаар захиа бичдэг байсан. Бидэнд “Хүүхдүүдтэй хамт байр түрээсэлж байгаа” гээд энгийн л юм ярьдаг байлаа. Тодорхой нарийн ширийн зүйл хэлж байгаагүй. Тэгээд нэг өдөр утсаар яриад, хамт амьдардаг хүмүүстэйгээ муудалцаад, гэрээсээ хөөгдсөн тухайгаа хэлсэн. “Би тэр хэдийн том нууцыг нь мэдсэн. Тэгээд тэд намайг зодож, биед минь халдаад хөөчихлөө. Намайг гудамжны үзүүрээс Аксены хүмүүс барьж аваад, машинд суулгаад явж байна” гэж бидэнд хэлсэн. Аксен гэдэг нь хоёр ихэр охины эгчийнх нь нөхрийн баруун гарын хүн юм байна лээ. Хятад, Малайзын эрлийз гэх юм уу даа. Тэгээд нас бартал нь тэр хүн миний охиныг тамлаж, хүмүүсээр мануулж байсан. Бид бодохдоо талийгаач маань хүний наймаа, хар тамхины гэмт хэргийн гэрч болсон байх. Тийм том бүлэглэлтэй холбоотой ямар нэг хууль бус юмны тухай нууцыг мэдсэн учраас тэд охиныг минь цааш харуулах даалгавар өгсөн гэж харддаг. Малайзад паспортоо хураалгалаа л бол хүн биш болдог юм байна лээ. Ердөөсөө л хүний гарт орсон гэсэн үг. Яаж ч чадахгүй, ямар ч хөдөлгөөн хийх боломж, бололцоо байхгүй. 

-Нас барахаасаа өмнө ар гэрийнхэн рүүгээ олон удаа залгасан байдаг. Та бүхэн цагдаагийн байгууллагад хандаад нэмэргүй байсан юм уу? 

            -Тийм ээ, хэд хэдэн удаа бидэн рүү залгаж, амь гуйсан. Тэр болгоныг нь бид хурааж авч, цагдаагийн байгууллага, Хууль зүй, дотоод хэргийн яамны сайд Х.Тэмүүжин болон холбогдох албан тушаалтнуудад хандсан ч охиноо аварч чадаагүй. Тэд миний охины амь гуйж байгаа утасны бичлэгийг кино үзэж байгаа юм шиг л сонсож суухаас хэтрээгүй. Хүн худалдаалах гэмт хэргийн тасагт хандахад интерполоор сурвалжилж, Малайз руу мэйл бичсэн гэж хэлсэн. Интерполоор сурвалжилна гэдэг чинь дэлхийн сайтад зургийг нь тавиад л болдог юм байна лээ шүү дээ. Өөрөөр юу ч хийж чадаагүй. Консул, яамныхан ч дорвитой хөдлөөгүй. Талийгаач охин маань бидэн рүү олон удаа “Намайг хөнөөх гээд байна, намайг ирээд аваач, харанхуй өрөөнд хориод, утас хураагаад авчихлаа. Би хүний утас гуйгаад ярьж байна. Намайг 4-5 залуу хөөгөөд байна” гээд мөн ч олон удаа ярьсан. Амь гуйж байгаа нь л чихэнд сонсогдоод байдаг юм. Харамсалтай нь, бид ч, манай цагдаагийнхан ч юу ч хийж чадаагүй. Хэрэв бид хүчирхэг орны иргэн байсан бол охиноо авраад, элэг бүтэн байж байх байлаа. Өөрсдөдөө гомдохоос өөр яалтай билээ дээ. 

-Охиноо утсаар ярихад та бүхэн ямар хариу өгч байсан бэ. Таны охин ямархуу зан ааштай хүүхэд байсан бол?

            -Бид охиныг минь хөнөөчихнө гэж үнэхээр санаагүй. Айлгаж, сүрдүүлж байгаа байгаасай л гэж итгэж байсан. Үнэндээ цагдаа нартаа найдаж байсан юм. Бас Монгол шигээ санаж, арай ч тийм айхтар зүйл хийчихнэ гэж бодоогүй. Хүү минь дүүдээ “Ах нь одоохон очлоо, виз мэдүүлчихсэн байгаа, виз нь гарчихлаа, санаа зоволтгүй, удахгүй очоод наад хүмүүстэй чинь хариуцлага тооцно” гэж хэлсэн. Одоо бодохоор “Удахгүй очлоо, виз гарчихлаа” гэж хэлсэн нь буруудсан ч байж мэднэ. Бодоход охин маань тэр хүмүүст “Миний ах удахгүй ирнэ, та нарыг мэдэж байгаа. Цагдаад хэлнэ” гэж хэлсэн байх. Тэгээд л тэр хүмүүс амийг нь бүрэлгэсэн байх гэж боддог. Гэхдээ бид Малайзад очлоо гэхэд хаана байгаа гэж хайх байсан юм билээ дээ. Бас миний охиныг усан тээврээр цааш нь хил давуулах гэж байсан байж магадгүй. “Онгоцны буудлаас зугтаачихлаа” гэж утсаар ярьж байсан юм. Охин минь их тэвчээртэй, зөрүүд, гүргэр хүүхэд байсан.

-Охиных нь цогцос олдсоны дараа та хүүтэйгээ цуг Малайз руу явсан. Тэнд очиход нөхцөл байдал ямар байсан бэ? 

           -Бидэнд албаныхан хэлэхдээи “Охин чинь амиа хорлоод, захын үүдэнд модноос өөрийгөө дүүжилсэн байна” гэж хэлсэн. Бид тэр үедээ ч, одоо ч үүнд нь итгэдэггүй юм. Энэ бол санаатай аллага. Нэгдүгээрт, албаныхан бидэнд хэргийн газрыг буруу зааж өгсөн. Манайхаар бол “Барс” зах шиг газрын үүдэнд өөрийгөө боомилж, амиа хорлосон гэж тэд хэлсэн. Гэтэл охины минь олсон газарт очоод гэрчүүдтэй уулзахад “Охиныг чинь шөнө дунд 4-5 залуу авчирч, хаясан. Нэг эмэгтэй хүмүүсээс зугтааж, захын цаад талд байрлах гадилын мод руу гүйсэн. Тэгээд толгой руу нь шаазан том ваараар зодож, амийг нь бүрэлгэсэн. Тэгээд амиа хорлосон болгоод хаяад явсан. Биднийг ингэж хэлсэн гэж хэнд ч хэлж болохгүй шүү. Тэгвэл бид дуусна” гэж хэлсэн. Бас тэр захын цөөнгүй худалдагч ч харсан байсан. 

-Таныг очиход задлан шинжилгээ хийсэн байсан уу. Цогцос таниулах ажиллагаанд та оролцсон уу? 

         -Эндээс явахдаа консулаар дамжуулж “Задлан хийж болохгүй” гэж хэлсэн боловч очиход охиныг минь яраад, задлаад хаячихсан байсан. Толгойд нь оёдолгүй газар бараг байгаагүй. Нүүр, ам, бие нь битүү хөх няц, хүн танихын аргагүй болсон байсан. Охин үрийг минь зэрлэг, балмад, онц хэрцгийгээр зодож, амийг нь хөнөөсөн байсан. Үнэхээр үгээр хэлэхийн аргагүй аймшигтай. Харь элгийн хүмүүст зэрлэгээр зодуулж, “Чиний амийг хэн ч нэхэхгүй, нохойноос дор амьтан минь” гэж доромжлуулж байхдаа миний охин яасан их айж, ээжийгээ дуудсан бол гэж бодохоос гол зурж, зүрх өвддөг. Миний охиныг элэг нэгтнүүд нь худалдаж, харийнхны гарт өгсөн гэж бодохоос сэтгэл өвдөж, дэлхий хөмрөх шиг санагддаг. Яагаад заавал миний охин гэж... Эндээс явахдаа хамаатныхаа шинжээч эмэгтэйтэй цуг явсан. Цогцос таниулахад оролцож, бичлэг хийсэн ч бид балрах шахсан. Тэр улсынхаа хууль журамд болдоггүй юм байна лээ. Тэр үедээ миний ухаан балартаж, зарим зүйлээ санахгүй хэмжээнд очсон. 

-Малайзад шүүх хурал гэж болсон уу. Гэмт хэрэгтнүүдийг баривчилсан юм уу? 

         -Шүүх хурал гэхэд хэцүүхэн юм болсон. Сэжигтэн гэж Аксен гэж хүнийг авчирч, бидэнтэй уулзуулсан. Шүүхийн танхим гэх юм уу, цагдаагийн газар гэдэг юм уу нэг газарт уулзсан. Цагдаа нарт “Энэ Аксен гэж хүн миний охиныг хөнөөсөн, хөнөөх ажиллагааг гардаж хийсэн” гэж хэлсэн ч баривчлаагүй. Тэгээд хүү минь цагдаа нарт хандаж, “Та нар энэ хүнийг баривчилж чадахгүй бол би өөрөө учраа олно. Эр хүн шиг уулзъя” гэсэн чинь татгалзсан. Бүүр миний хүүг “Гомо юм уу” гэж хэлсэн шүү дээ. Үүгээр ч зогсохгүй Аксены биед халдсан, хүч хэрэглэсэн гээд цагдаа нь буу гаргаад ирсэн гэнэ лээ. Малайзын талаас бидэнд олигтой юм хэлээгүй. Ер нь бидэнтэй харьцаа ч үгүй. Олон хүн онц хэрцгийгээр хөнөөсөн аллага гэдгийг гэрчилсэн ч амиа хорлолт болгож шийдэхээр улайрч байсан.

-Талийгаачийн цогцсыг Монголд авчирсан уу. Мөн охины тань үхэлд хамааралтай байж болзошгүй гээд байгаа ихэр охидтой уулзсан уу? 

            -Охин үр минь хүний нутагт барьцаалагдаж, тарчилсаар хорвоогийн мөнх бусыг үзсэн. Цогцос нь хөрсөн байхад бид очсон. Эрүүл саруул үдсэн охиныхоо биеийг жижигхэн шаазан вааранд хийгээд, үнс болгоод авчирсан. Ийм л хатуу тавиланг бид эдэлж сууна. Хамгийн гачлантай, сэтгэлийн зовлонтой нь миний охин надаас, ахаасаа аврахыг хэдэнтээ гуйсан шүү дээ. “Намайг алах гээд байна, авраарай. Цагдаа нарт хэлээд өг, намайг харанхуй нүхэнд хорьсон. Би зугтаагаад гараад ирлээ, миний утсыг хураасан. Хүний утас гуйгаад ярьж байна, та нар ирэх болж байна уу” гээд олон удаа утсаар ярьсан гэж бодохоор гол зураад байдаг. Охиныхоо цогцсыг эх орондоо авчрах гэж ёстой хэцүү юм болсон. Малайз, Солонгос, Хятад дээгүүрээ цогцос нисгэхгүй гээд л. Улс, орнууд зөвшөөрдөггүй юм байна лээ шүү дээ. Тэгээд арга ядахдаа цогцсыг нь чандарлаад, жаахан үнсийг нь элгэндээ тэврээд ирсэн дээ. Чандрыг нь Гачууртад буяны өргөөнд нутаглуулсан. Тэр ихэр охидтой уулзаагүй, чадаагүй. Зөндөө хайсан боловч биднээс зугтаагаад алга болсон. 

-Шүүх шинжилгээний дүгнэлт юу гэж гарсан бэ. Ихэр охидын дүү нь ярилцлага өгөхдөө “Талийгаач охиныг бараг танихгүй. Гэхдээ тэр хар тамхи татдаг байсан” гэж ярьсан байна лээ? 

          -Охиныхоо үснээс тугийг авчирсан. Энд авчраад шинжилгээнд хамруулсан. Ямар нэгэн юм илрээгүй. Тэр охид өөрсдийгөө өмөөрөхдөө юу ч гэж ярьсан байж мэднэ. Хэзээ нэгэн цагт тэр охидтой уулзаж, охиныхоо талаар асууна гэж боддог. Цагдаагаас хүүг минь хэд хэдэн удаа дуудаж, хавтаст хэргийг нь хаах бичигт гарын үсэг зур гэж хэлсэн. Гэхдээ дандаа оройн цагаар дуудсан. Нэгийг нь алдчихсан би нөгөөхийг нь шөнө дөлөөр яаж явуулах билээ. Би хүүгээ явуулаагүй. Одоо хүртэл хэргийг нь хаагаагүй байгаа. Бид гомдолтой учраас гарын үсэг зурахгүй. Энэ хэрэг амиа хорлолт биш, улс дамнасан гэмт хэргийн аллага. Монголчууд малайзуудтай хамт бүлэглэж, санаатайгаар миний охиныг хөнөөсөн. 

         Тэр ингэж ярьсан. “Охиноо алдчихсан эхийн сэтгэлийг хэн ч ойлгохгүй байх. Миний үзсэн зовлонг өөр ээж бүү амсаасай. Үр хүүхдээ гадаад руу явуулахдаа сайн судалж, нөхөрлөж байгаа хүмүүсийг нь хянаж байгаасай гэж хүсэхдээ зовлонгоо ярьчихлаа. Малайз, монголчуудын гэмт хэргийн бүлэглэл намайг амьдын тамд унагаж, дээлтэй минь хатааж, үрээс минь салгасан” гээд уртаа санаа алдаж, хоёр гараа, харцаа хаана багтаахаа мэдэж ядан тарчилж, тэмтэрч суусан юм. Тэгээд тэр “Өөр ярих юм алга даа. Эцсээ хүртэл Монголын цагдаа, тагнуул, Малайз дахь албаныхан, тэр ихэр хүүхдүүдэд гомдсоор, гомдлоо тээсээр би хорвоогоос явах байх” гэлээ. 

        Б.Шархүү гуай үнээгээ сааж, цагаан идээгээ боловсруулаад Улаанбаатар хотод авчирч, орон сууцны хорооллуудаар явж борлуулдаг юм билээ.  

 

МАЛАЙЗАД АМИА АЛДСАН Б.ЭНХТУЯАГИЙН ЭЭЖ Б.ШАРХҮҮ: Миний охиныг онц хэрцгийгээр хөнөөж, танихын аргагүй болгосон байхад “Амиа хорлолт” гэж хэлсэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188