• Өнөөдөр 2024-05-17

Түүхий эдийн үнэ дээд хэмжээнд хүрч, дэлхийн нөөц түүхэн доод хэмжээндээ очив

2021-10-27,   384

Цар тахалтай холбоотойгоор олон улс уул уурхай түүхий эдийн хомстолд өртөж, уул уурхайн түүхий эдийн үнэ эрчимтэй өсөөд байгаа. Гэсэн ч уул уурхайн олборлолт, боловсруулалт удааширч байгаа нь эдийн засгийн хөөсрөл үүсгэж болзошгүй байгаа талаар олон улсын зарим судлаач дурджээ. Уншигч та бүхэнд олон улс дахь уул уурхайн эдийн засгийн мэдээллийг тоймлон хүргэж байна.

-Уул уурхайн түүхий эд зах зээл дэх түүхэн дээд үнээ тогтоож байна-

БНХАУ-д нүүрсний олборлолт, борлуулалт удаашралтай байгаатай холбоотойгоор зах зээл дэх коксжих нүүрсний үнэ буурч, эрчим хүчний нүүрсний үнэ өссөн. Тухайлбал, угаасан коксжих нүүрсний үнэ 30 юаниар унаж, тонн тутмынх нь үнэ 3500 юань болсон бол, түүхий коксжих нүүрсний үнэ өмнөх сарын үнээсээ 20 юаниар буурч, тонн нь 2990 юань болсон байна. Энэ нь БНХАУ-д нүүрсний нийлүүлэлтээрээ тэргүүлдэг Шаньси, Шэньси муж дахь уурхайн нүүрс үйлдвэрлэл огцом буурч, гацаанд орсонтой холбоотой аж. Мөн Жэнжоу биржид эрчим хүчний нүүрсний фьючерсийн үнэ 8.8 хувиар өсөж, тонн тутмынх нь үнэ 254 ам.доллар болсон байна.

Мөн Европын холбооны гурван орон цайрын үйлдвэрлэлээ 50 хүртэлх хувиар бууруулна гэж мэдэгдсэнээс хойш Лондонгийн металлын бирж дээр цайрын үнэ өнгөрсөн хагас жилийн хугацаанд идэвхтэй өссөн. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Шанхайн фьючерс дээр цайрын үнэ нэг тонн нь 24 мянган юань буюу 3721.68 ам.доллар болж өссөн нь 2007 оны арваннэгдүгээр сараас хойших хамгийн өндөр үнэдээ хүрсэн байна. Мөн Лондонгийн металлын биржид цайрын үнэ 3.3 хувиар өсөж, 3372.50 ам.доллар болж, 2018 оны гуравдугаар сараас хойших хамгийн өндөр үнэдээ хүрчээ.

Дэлхий дахины хамгийн эрэлттэй медаль болох хөнгөн цагаан цар тахлын үед түүхэн дээд үнэдээ хүрсэн. Өнгөрсөн долоо хоногт Лондонгийн металлын бирж дээр хөнгөн цагааны үнэ 2.8 хувь өсөж, тонн нь 3049 ам.долларт хүрчээ. Хөнгөн цагааны үнэ тонн тутамдаа 3049 ам.доллар болж өссөн нь 2008 оны долдугаар сараас хойших олон улсын зах зээл дэх хамгийн өндөр үнэ гэж “Mining” онцолсон байна.

Дэлхийн зах зээлийн сүүлчийн гурван сарын дунджаар зэсийн үнэ гурав орчим хувиар өсөж, 10,281 ам.доллар болсон бол, таван сарын дундаж нь 10,747.50 ам.долларт хүрчээ. Өнгөрсөн долоо хоногт Лондонгийн металлын бирж дээр зэсийн ханш дөрвөн хувиар хаагдаж, тонн тутмынх нь үнэ 10,538 ам.долларт хүрсэн байна. Зэсийн нийлүүлтийн асуудалд олон улсын томоохон эдийн засагчид “Рио Тинто” группын үйл ажиллагаа явуулж байгаа Оюутолгойн зэсийн уурхайн өргөтгөлийн ажил Монгол Улсад удааширч, зардал нь өсөх хандлагатай байгаа талаар онцолжээ. “Рио Тинто” групп Оюутолгойн зэсийн уурхайн өргөтгөлийн ажилд дахин 1.2 тэрбум ам.доллар үүссэнтэй холбоотойгоор “Оюутолгой” ХХК-ийн дийлэнх хувьцааг эзэмшигч “Рио Тинто” группын мэдэлд байдаг “Turquoise Hill Resources” компанийн хувьцаа 22 хувиар унасан байна.

-БНХАУ нүүрсний үнийг бууруулахын тулд интервенц хийх үү-

Нүүрсний нийлүүлэлт нь буурч, үнэ нь огцом өсөж байгаа энэ үед  БНХАУ интервенц хийхээр судалж байгаа аж. БНХАУ-ын Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооноос нүүрсэнд үнийн интервенц хийх арга хэмжээ авахаар судалж байгаагаа мэдэгдсэн. Гэсэн ч үнийн өсөлтийг хязгаарлаж, хомстолыг бууруулахыг зорьж байгаа ч ахиц гарч, үр дүнд хүрэхгүй байгаа юм. БНХАУ-ын Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооноос нүүрсний гарцаа өдөрт 12 сая тонн болгох нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа талаараа мэдээлсэн.

Нийт эрчим хүчнийхээ тал хувийг нь нүүрснээс гарган авдаг БНХАУ өнгөрсөн есдүгээр сард өдөрт дунджаар 11.1 сая тонн нүүрс олборлосон нь сүүлчийн жилүүд дэх хамгийн бага хэмжээнд хүрсэн үзүүлэлт болсон байна.

-Уул уурхайн хөрөнгө оруулалт өссөн ч, Монгол Улс ашиг хүртэхгүй байх эрсдэлтэй-

Зах зээл дэх түүхий эдийн үнэ өсөж байгаа холбоотойгоор Оюутолгойн зэсийн баяжмалын өргөтгөлийн ажил олон улсын томчуудын анхаарлын төвд оржээ. Тэгвэл Европын Худалдааны танхимаас Монгол Улсад улстөрийн нам, сонгуулиас үл хамаарах “Хөрөнгө оруулалтын тогтвортой байдлын гэрээ байгуулах” санал тавьсан. Гэрээнд Хөрөнгө оруулалтын тухай гол хууль, тогтоомжуудыг урт хугацааны туршид өөрчлөхгүй байхыг санал болгосон аж. Ингэснээр бодлогын тогтвортой байдлыг хангах боломжтой юм байна. Мөн “Оюутолгой” төслийн одоогийн хэлэлцүүлэг дууссаны дараа гадаадын хөрөнгө оруулалт, тэр дундаа стратегийн хөрөнгө оруулалтын гэрээнүүдээ өөрчлөхгүй, дахин хэлэлцэхгүй байх хэрэгтэйг онцолжээ.

Цар тахалтай холбоотойгоор түүхий эд түүхэн дээд үнээ тогтоож, дэлхийн уул уурхайн хөрөнгө оруулалт нэмэгдсэн. Харин үүнээс шалтгаан гаднын хөрөнгө оруулалттай уул уурхайн шинэ төслүүд бага, ганц том төсөл нь “Оюутолгой” байгаа бөгөөд эдийн засгийн энэ үеэс Монгол Улс ашиг хүртэхгүй үлдэх эрсдэлтэй гэнэ.

-Монгол Улсад нүүрсний нийлүүлэлтээ өсгөх боломж бий-

Австрали Улсын нүүрсний импортод хориг тавьснаас хойш нийт эрчим хүчнийхээ тал хувийг нүүрснээс гаргаж авдаг БНХАУ-ын бусад улсаас авах нүүрсний хэмжээ нь өсөж байгаа. БНХАУ-ын нүүрсний импортыг тэргүүлдэг байсан Асвтралид хориг тавьсан нь Индонез Улсад боломж болсон аж. Тухайлбал, өнгөрсөн есдүгээр сард Индонезээс БНХАУ-д нийлүүлсэн нүүрсний хэмжээ 21 сая тонн болж, БНХАУ-ын нийт нүүрсний импортын гуравны хоёрыг нь бүрдүүлээд байгаа юм.

Харин олон улсын эдийн засагчдын харж байгаагаар Австралид хориг тавьсан, цар тахлын үе таарсан энэ цаг Монгол Улсад нүүрсний нийлүүлэлтээ нэмэгдүүлэх маш том боломж өгч байгаа гэнэ. Гэсэн ч хил, гаалийн асуудалтай холбоотойгоор энэ онд Монголоос БНХАУ руу нийлүүлэх нүүрсний хэмжээ буурч байгааг шинжээчид онцолжээ.

 


Түүхий эдийн үнэ дээд хэмжээнд хүрч, дэлхийн нөөц түүхэн доод хэмжээндээ очив
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188