• Өнөөдөр 2024-05-03

Зовж чаддаг ард түмэнтэй, зольж чаддаг төртэй юм, энэ улс

2021-10-06,   668

           Энэ улсад болж, бүтэж байгаа юм ер алга аа. Машинд нь шатахуун байхгүй, зууханд нь шахмал түлш байхгүй, ходоодонд нь хоол байхгүй, хэтэвчинд нь мөнгө байхгүй, эмнэлэгт нь эмч, сувилагч байхгүй, эмийн санд нь эм, тариа байхгүй, хүүхдийн сургууль, цэцэрлэгүүд нь халдварын голомт болоод хаалгаа барьчихсан, хил дээр экспорт, импорт нь таг гацчихсан. Байгаагаас хаа сайгүй тархсан халдварт тахал, тахлаар өвчилж хоногоо тоолуулж буй хөгшид, хонож, өнжөөд ч барагддаггүй урт шахмал түлш, шатахуун, шинжилгээний оочер дараалал л байна.
 

Яасан номхон, дөлгөөн, ямар хүлээцтэй, хүлцэнгүй ард түмэн бэ. Яасан доромжилж, дээрэлхэж, даапаалж ханадаггүй, ямар хариуцлагагүй, хүнээ боддоггүй төр засаг вэ. 

 
           Өчигдөр нэг айлд юу болсон гэж санана. Таксинд явж амьжиргаагаа залгуулдаг Батаа Шар хадны тэнд шатахууны дараалалд таг гацаж байхад хөл хүнд эхнэр нь хаа байсан Ханын материалд түрдэг тэрэгтэйгээ шахмал түлшний оочерт осгох шахам зогсож байгаа юм. Өндөр настай аав нь цар тахлын халдвараар сарын өмнө бурхан болчихсон, үлдэж хоцорсон ээж нь ханиад, халдварт тахлын алиныг нь туссан нь мэдэгдэхгүй, баруун орон дээрээ бөгшүүлээд хэвтчихсэн. Шинжилгээ өгүүлье гэхээр өөрөө оочер дараалалд зогсож чадахгүй, эмчилгээ хийлгэе гэхээр эм тариагаа авч дийлэхгүй. Тэгээд болоогүй, гуравхан настай хүүгийнх нь цэцэрлэг нь тахлын голомт болоод хаагдчихсан, шатахуун, шахмал түлшний дараалалд зогсохоор гарахдаа хамар хашааныхаа 10 настай охиноор хүүгээ мануулж, үлдээсэн гэж байгаа. Өндөр настай ээж нь өдөр, шөнөгүй бөгшүүлж, ханиалгаад юун, хүүхэд харах манатай байгаа учраас тэр.
 
Шөнө хагасалж тэр хоёртоо гэртээ ирж байгаа юм. Гэтэл яасан, Батаагийн машин шатахуунгүй, шатахуун авах гэж дугаарлаж зогссоор халтуур хийж чадаагүй, хэтэвч нь хоосон, хэтэвч нь хоосон учраас хөргөгч нь хоосон, хөргөгч нь хоосон учраас ходоод нь ч хоосон. Хөл хүнд эхнэр нь гурав, дөрвөн цаг дугаарлаад шахмал түлш олоогүй тул гэр нь зэвхий даачихсан, хүйтэнд даарч зогссоноос болоод цүдгэр гэдэс нь хатуурч базлаад шөнө нь Батааг сандаргасан гэх. Баруун орон дээрээ буруу харж хэвтсэн хөгшин ээж нь бөгшүүлсэн хэвээрээ. 
 

        Цар тахал дэгдэж, аж ахуйн нэгжүүд хаалгаа барьж эхлэх үед барилгын бригадаа тарааж, таксичин болсон Батаагийнд өчигдөр ийм явдал болсон юм. Уг нь гурван жилийн өмнө хүүгээ төрж байхад тэр хэдэн дүү нартайгаа нийлж, энд тэн барилгын дотор засал, фасат хийдэг, тэндээсээ под хийсэн мөнгө олчихдог нэгэн байлаа. Аав нь амьд сэрүүн, ээж нь эрүүл саруул, гэр нь гал, устай, хөргөгч нь хоол ундтай, ходоод нь цатгалан байдаг байлаа. Гэвч одоо үүр хаяархаас бүрий тасрах хүртэл таксинд явдаг, хоногийн хоолоо чүү чамай залгуулдаг орлоготой, эцгээ эцсийн замд нь үдсэн, ээж, эхнэр, хүүгээ галгүй гэрт дааруулчихгүй юм сан, хоолгүй гэрт өлдүүлчихгүй юм сан, халдвар авхуулчихгүй юм сан гэх гуравхан зорилготой л нэгэн болж хувирч. Ганцхан Батаагийн амьдрал бус өнөөгийн бидний бодит амьдрал ийм л байна. Энэ цагийн монголчууд ийм л асуудлуудтай өдөр бүр нүүр тулж байна. 

Жишээ 1: ШАТАХУУН

 
         Өнгөрсөн сарын сүүлчээр шатахууны хомсдолд орж, улсаараа шатахууны дараалалд зогсоцгоосон. Шар гэрэл нь анивчиж, шанага хүрэхгүй шатахуунтай үлдсэн жолооч нар ажил, ар гэрээ хаяад шатахуун түгээх станцуудын “үүдийг” хонон өнжин сахисан даа. Хоёр хөрштэйгөө чүй чамай хэл амаа ололцож, хэдэн вагон шатахуун авахаар болсноор хэдэн километр үргэлжилсэн шатахууны оочер дараалал татарсан. Тэгээд яасан, 100 жил хэрэглэх шатахууны нөөцтэй болсон юм шиг л хаа хаанаа шатахууны асуудлаа мартацгаасан. Гэтэл долоо хонов уу, үгүй юу, өчигдөр оройноос дахиад л шатахууны дараалалдаа зогсоцгоож эхэллээ.
 
Тэгмэгц Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Шатахууны долоо хоногийн нөөц байгаа. Бүх юм хэвийн, шатахуун хомсдоогүй, иргэд л банкаа дүүргэх гэж оочерлоод хуурамч дараалал үүсгээд байна. Иргэд нөөцлөх гээд байгаагас болж нөөц багасаад байна” гэдэг өмнөх удаагийн увайгүй тайлбараа давтаж байгаа юм. Юу гэсэн үг юм бэ, хаа байсан Амгалангаас Баянбүрд хүртэл шатахуун хайж, шар гэрлээ анивчуулан давхиж яваа жолооч тэгээд хуурамч дараалал үүсгэхээр яваа хэрэг үү. Тавхан сартай хүүхдээ унтуулж үлдээгээд, шатахуун авахаар сүүгээ нэвчүүлэн дугаарлаж зогсоо 20 гаруйхан настай эмэгтэй тэгээд хуурамч дараалал, зохиомол хөөрөгдөл үүсгээд байгаа хэрэг үү. Машинаараа хоногийн хоолоо залгуулдаг залуу банкаа дүүргэхээр шатахуун түгээх түгээх станцад дугаарлаж зогсоо нь Г.Ендон сайдынхаар бол хувьдаа шатахуун нөөцлөж, улсын шатахууны нөөцийг багасгах гээд байгаа үйлдэл юм уу.  
 

Жишээ 2: ШАХМАЛ ТҮЛШ 

 
            Хонх нь дуугарахаар дамар нь таг, хоёулаа дуугарахаар лам нь таг гэж. Шатахууны эрэлд улсаараа хатаж, шагийн шатахуунаар өл залгаж долоо хоноод, чүү чамай шатахуунтай залгатал зөрөөд шахмал түлшний хомсдол нүүрлэчихсэн. Тэгмэгц Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Шахмал түлшний нөөц хангалттай байгаа. Айлууд л нөөцлөх гээд байгаагаас болж дараалал үүсээд байна. Бас тооцоолж байснаас эрт огцом хүйтэрчихлээ” гэх маягтай тайлбар хийж байгаа юм. Нөөц нь хангалттай байгаа юм бол түгээлтээ нэмэгдүүлэхэд л шийдэгдэх асуудал биз дээ. Гэтэл тэгэхгүй, хэдхэн цэг гаргаад, тэндээ хөл хүнд эмэгтэйчүүд, хөгшид, хүүхдүүдийг хэдэн цагаар дараалалд зогсоогоод л байгаа юм. Засгийн газрын шийдвэрээр нэг айл долоо хоногт зургаан шуудай шахмал түлш худалдаж авах эрхтэй. Гэтэл зургаан шуудай шахмал түлшээ авахаар осгох шахам оочерлож байгаа иргэд Н.Тавинбэх сайдынхаар бол нөөцлөх гэсэндээ, өөрөөр бол шуналаасаа болж даарч хөрөн байж дараалалд зогсож байгаа болж таарч байгаа юм. Хүйтний ам наашилж, хөл жиндэж, хацар хайрдаг цаг ирчихээд байхад 600 мянган өрх айл зуухандаа түлэх түлшгүй сууж байгаа нь зохион байгуулалтгүй төрийн буруу биш, шуналтай иргэдийн буруу юм байх. 
 
           Шахмал түлшний дараалалд ийн зогсоод долоо хонож байтал өчигдөр оройноос шатахууны дараалал дахиад эхэллээ. Одоо шатахуундаа ч, шахмал түлшиндээ ч зэрэг дугаарлах хэрэгтэй болох нь бололтой. Тэгээд төрөөс нэг зүйл гуймаар байна. Төр засаг шатахуун, шахмал түлшнийхээ нийлүүлэлтийг хангаж өгч чаддаггүй юм бол ядаж долоо, долоо хоногоор ээлжилж дугаарлах өгөөмөр боломжоор хангаж өгч болохгүй юу. Нэг долоо хоног шатахуунд, дараагийн долоо хоногт шахмал түлшинд оочерлоно гэж зохицуулалт хийж өгөхгүй бол ард түмэн чинь шөнө дунд хүртэл шатахуунд оочерлоод, үргэлжлүүлээд үүр цайтал шахмал түлшиндээ дугаарлах хэрэгтэй болчихоод байна л даа.
 

Зовж чаддаг ард түмэнтэй, зольж чаддаг төртэй юм, энэ улс
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 9
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-07 00:45:18
    Үлгэр: Батаа хичээлээ сайн хийсэн бол барилгачин болохгүй. Барилгын мэргэжил ном ёсоор нь эзэмшсэн бол "Би чадна" бригадад ажиллахгүй. Засал чимэглэлээ сайн хийгээд үйлчлүүлэгч болгоноо сэтгэл хангалуун үлдээсэн бол ам дамжиж магтагдсаар ажлаар тасрахгүй. Хамгийн гол нь халдвар хамгааллын дэглэмээ сайн барьсан бол эцэг эхдээ өвчин чирж ирэхгүй. Вакцинаа хийлгэсэн бол үхээ ч үү үгүй ч үү. Хажуу айлын охиныг хайрласан бол халдвар цааш нь тараахгүй. Жирэмсэн эхнэрээ бодсон бол очерт зогсоохгүй. Боломж бол байдаг шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-06 21:36:15
    Зочин: Иргэдийн бухимдал дээд зэрэгт хурч ядарч байхад мод гэж тэнэгтдэг еронхийлогчтэй бас …
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-06 14:40:06
    zochin: 30 jiliin omno gej soc-aa bitgii yriad bai ooriogee oyinjuulj erlhiinkhee toloo duugarch zoviig demjij buruig esergvvtsej sur Mongol khvmvvs khvsch bui amidrsl niigmee oorop baiguul
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-06 14:32:26
    zochin: Tegeed temtseech archaagvi umnuud songoltoo khiij sur songuuliin ued registrre khudaldaad bval ingedeg um ajil khiij chadsdgvi malnuudaa toroos buulgaj aldaagaa zaskhad negdeech
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-06 13:07:35
    Zochin: 30 jiliin umnu arai ch iim baigaagui. Nasand hursen hun bur ajiltai uchir honogiin hooloo yaj oloh ve gej sanaa zovdoggui baisan. Gudamjind guilga guij suudag hun baigaagui. Harin 90 onoos hoish l gudamjind guilga guij gutal tosolj duu duulj hooloo olj iddeg bolson. 30 jiliin umnu bayn yduugiin tuil baigaagui. Odoo bol hen zalitai hulgai hiihees aij ichihgui baina ter hun delbertlee bayjij busdiin zovlong harj kaif avdag bolson. Huuli durem ni erh medeltnuudiig hamgaalsan. Iim niigmiig ardchilal gedeg ym bol sotsialist kommunist niigem ni zuv niigem baijee.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-06 12:31:02
    зочин: 2020 2021 оны сонгуульд 50-200 мянган төгрөг авч сонголтоо хийсэн хүмүүсийн хахуулийн мөнгө чинь дуусчихсан юм уу. Сонголтоо л зөв хийцгээ л дээ. Тавилан юм даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-06 12:08:53
    zochin: daarch , ovdoj mongogui tuildaj zovdog !!! unendee tor zasag daanch yaavdaa chereg alga. Chuitreedel bur gal alddag.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-06 10:14:27
    Зочин: 30 жилийн өмнө МАХН буюу МАН бүх юманд ингэж оочерлуулдаг байсан.Одоо ч МАН байна .Тэд оочерлуулж картаар олгодог боломжоо бас алдаж байна байна даа .ЯАНА ДАА ,ЯАХ ВЭ нөхдөө .Тэгэхдээ Яая гэх вэ дээ таны сонголт энэ шүү дээ гэж хэлье
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-06 10:08:51
    Зочин: Монголын нэг өдөр гээд марзан ШАРАВын нэг зураг байдаг даа.Тун ч сайхан зураг.Энэ нийтлэл 30 жилийн өмнөх монголын нэг өдрийг санагдуулж байна .Үнэнийг л бичсэн байна
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188