Өнөөдөр анхны 126 гишүүн, бас 33 дахь Ерөнхий сайд тодорно. Ялсан намын дарга Ерөнхий сайд болдог жишигтэй, журамтай. Өөрөөр бол, өнөөдөр Л.Оюун-Эрдэнэ, Лу.Гантөмөр, Т.Доржханд, Н.Номтойбаяр нарын хэн нь ялна, тэр хүн дараагийн Ерөнхий сайдын тамгыг атгана гэсэн үг.
Одоогоор Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар засагласан хугацаагаараа гуравт бичигдэж буй. Засгийн тэргүүний бүрэн эрхийн хугацаагаа бүтэн гүйцээсэн нь ганцхан Н.Энхбаяр. Тэр дөрвөн жил, 25 хоног засаглаж байлаа. Дараа нь, ардчилсан тогтолцоонд шилжсэний дараах анхны Ерөнхий сайд П.Жасрай гурван жил, 364 хоног засагласан амжилтаар хоёрт бичигддэг. Харин одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гурван жил, 148 хоног засаглаж буйгаараа гуравт бичигдэж буй. У.Хүрэлсүхийн тухайд гурван жил, 115 хоногоор удаалдаг. Энэ дөрвөөс бусад нь ганц, хоёрхон жил болоод ойчицгоосон. Ц.Элбэгдорж гэхэд эхний удаад найман сар, дараагийнхад нь нэг жил, таван сар л болж байв.
Өнөөдөр, яг одоо Л.Оюун-Эрдэнэ ба түүний сайдууд сонгууль хэмээх “самбар”-ын өмнө зогсож байна. Өнгөрсөн гурван жил, таван сарын хугацаанд хийсэн ажил, хэрэгжүүлсэн бодлогод нь ард түмэн дүнгээ тавина. Хэрвээ ард түмэн “А” тавьж, Л.Оюун-Эрдэнэ дараагийн Ерөнхий сайдаар дахин тодорвол одоогийн засагтаа нэг их засвар оруулахгүй байх гэсэн таамаг бий. Тиймдээ ч Засгийн газрынхаа бүх сайдыг шахуу нэр дэвшүүлсэн гэх. Ер нь ч гурван жил гаруй гар, ганзага нийлсэн сайдуудаа солих нь цаг алдахын л нэмэр. Сайдын сэтэртээ дасах, салбартайгаа танилцах, танхимынхантайгаа хэл амаа ололцох гэх мэтээр шинэ сайдууд цаг алдахаас цаашгүй. Тэгсний оронд хуучин сайдуудтайгаа цааш явах, эхлүүлснээ дуусгах нь хамаагүй хялбар. Яах вэ, Б.Бат-Эрдэнэ гэхчилэн ганц нэг сайдаа тэтгэвэрт нь суулгах, жагсаалтаар орж ирэгсдээс Х.Болорчулуун мэтийн ганц нэг сайдаа сэлбэх жижиг сажиг косметик маягийн засвар байх нь мэдээж. Бусдаар бол сонгуулийн дараа шинэ Засгийн газар байгуулах гэж сүр дуулиан болохгүй болов уу. Мэдээж, ард түмэн “F” тавибал тэд хүссэн, хүсээгүй явцгаах нь ойлгомжтой. Товчхондоо, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өнөөдөр явах, үлдэхийн заагт зогсож байна гэсэн үг.
Үлдээхэд шалтгаан, явуулахад шалтаг хэрэгтэй. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт аль алин л бий. Гэхдээ өнгөрсөн гурван жил, таван сарын хугацаанд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг ойчуулах оролдлого Төрийн ордонд ч, төв талбайд ч бараг гараагүй. Хамрын цацлага, хоолны сэрээ шидэлсэн, санхүүжүүлэгч нь баригдсан “зорилтот” ганц жагсаалыг эс тооцвол эсрэг жагсаал гараагүй гэхэд болно. Тэгэхээр түүнийг үлдээх шалтгаан нь олон байж магад. Ер нь ч Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын засаглах зам азаар ч гэх үү, анхнаасаа зөв тавигдсан, тиймдээ ч урт наслаж буй. Өөрөөр бол, тухайн цаг үе нь түүнд сорилттой хамт сайшаалгах боломж давхар өгсөн. Л.Оюун-Эрдэнэ Засгийн тэргүүн болох үед дотоодод хөл хориотой, гадагшаа хаалга хаалттай, тооно ч түгжээтэй байлаа. Тамгаа авч, төвхнөөд 20-иодхон хоногийн дараа тэр анхны 150 мянган тун вакциныг оруулж ирж, бүх нийтийн вакцинжуулалтыг эхлүүлснээр ард түмэнд цар тахлыг мэнд гэтлэх итгэл найдвар төрж, мөн түүнд ч итгэж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, тухайн цаг үе нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт сорилт тулгасан, шанд нь ард түмний итгэлийг олж авах боломжийг ч хамт өгсөн гэсэн үг. Үхэх, сэхэхийн заагт тулсан амаргүй цаг үе биш, амар тайван цаг үе түүнд таарсан бол урьд, урьдын богино настай Засгийн тэргүүнүүдийг түүхийг давтах байсан ч юм билүү, хэн мэдэх вэ.
Дараа нь тэр төрд үүрлэсэн тонуулчид, авлигачидтай тэмцэх ажиллагаануудыг эхлүүлж, ард түмний итгэлийг бататгах барьцаа ахиулсан. Эхлээд дампуурлын ирмэгт ирсэн Хөгжлийн банкны улайсан дансыг нийтэд дэлгэж, дараа нь нүүрсний хулгайгаар үргэлжлүүлсэн. Хотын захад хоёр давхар хувийн цэцэрлэгтэй байсан Б.Ганхуяг, хэвлэлийн жижигхэн цехтэй байсан Т.Аюурсайхан, ядруухан яруу найрагч байсан Ж.Мөнхбат, алдарт “Ажнай” Д.Бат-Эрдэнэ тэргүүтнүүд, цаашлаад АН, МАН-ын асман, бас хурган дарга нар “нүүрсний хулгай”-гаар хэрхэн хагартлаах хөрөнгөжиснийг харцгаалаа. Боловсролын зээлийн сан тэргүүтэй төрийнхөнд тоногдсон төрийн сангуудын хэргүүдийг ч дурдахгүй өнгөрч болохгүй.
Нэмээд, “5Ш” ажиллагааг эхлүүлж, салхийг нь хагалан нэр нь домог мэт яригддаг ч дүр нь үзэгдэж байгаагүй дуулиант Т.Бадамжунайг баривчилж авчирсан. Дахиад ч хэд, хэдэн “шувуу” авчирсан. Одоо Ч.Сайханбилэг, Н.Удаанжаргал нарын алдарт “шувуу”-нуудыг торлож авчрахаар орогнож буй улсуудтай нь яриа хэлэлцээр хийж буй гэх. Мөн “5Ш” ажиллагааны хүрээнд төрийн сангууд, газар болон уул уурхайн лиценз олголт зэргийг нийтэд ил болголоо. Төрд үүрлэсэн тонуулчид, авлигачидыг агнахын сацуу, дахин ийм тонуулчид, авлигачдаар төрийг тонуулахгүйн тулд байж болох бүх нүх сүвийг нь бөглөж байна гэсэн үг. Гол нь, тонуулчид, авлигачдын цэгцэлснээр тэдний халаас руу ордог байсан мөнгө буюу далд эдийн засаг устаж, улмаар ил эдийн засаг сэргэж эхэлсэн.
За тэгээд, дандаа тонуулчид, авлигачдын ан хийгээд суусангүй. Салбар бүрд сэргэлтийн бодлого хэрэгжүүлж эхэлсэн. Хамгийн урагштай яваа нь боомтын сэргэлт. Төсвийг тэжээдэг, эдийн засгийг тулж түшдэг зэс, нүүрсээ ахиу гаргахын тулд гарцаа нэмэгдүүлэх хэрэгтэйг өнгөрсөн он жилүүдэд орхигдуулчихсан байж. Машинаар тоос манаргадаг тогтолцоогоо халж, төмөр зам руу шилжиж буй нь түүний Засгийн газрын гавьяа мөн. Дараагийн дугаарт, гадаад харилцаа. Америк, Солонгос, Герман, Япон, Хятадад айлчиллаа, Дэлхийн эдийн засгийн форумд В.Путинтай л тулаад амжив. Хойд хөршөөс эхлээд дэлхий нийт цэргийн ч, худалдааны ч дайны байдалд шилжээд буй энэ цаг үед манай улс ардчилсан, тэнцвэртэй байдлаа тун сайн хадгалж, тал алдахгүй явж байна.
Хамгийн сүүлийн нэг жишээ, Үндэсний баялагийн сангийн хуулийг баталлаа. Алт, зэс, нүүрс, ховор металлын стратегийн 16 том ордоос төр хэдэн хувийг эзэмших, тэндээс хүртэх ашгаа ард түмэнд хэрхэн тэгш хуваарилах, яаж, юунд зарцуулахаа нэг мөр тодорхой болгож авлаа.
Ямартай ч, өнгөрсөн гурван жил, таван сарыг товч дүгнэхэд ийм байна. Гагцхүү сонгогч та өнөөдөр түүнд, түүний сайдуудад дүнгээ тавина. Онц тавиад оройдоо залах нь ч, муу тавиад хөөж явуулах нь ч зөвхөн сонгогч таны гарт бий, ганцхан өнөөдөр.