• Өнөөдөр 2025-02-06

ЭРГЭЛТИЙН ТОЙМ: УИХ-ын гишүүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, Ерөнхийлөгч МАН-ыг тараах тухай захирамж гаргаж, хатуу хөл хориог сунгасан ДОЛОО ХОНОГ

2021-04-24,   579

          Эргэлт.мн мэдээллийн сайт долоо хоног бүр улс төр, нийгмийн амьдрал өрнөсөн томоохон үйл явдлыг тоймлон хүргэдэг билээ. Энэ удаагийн “Эргэлтийн тойм”-д УИХ-ын гишүүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон осол гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ыг тараах тухай захирамж гаргаж, хатуу хөл хориог сунгасан зэрэг үйл явдлуудыг онцолж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ыг тараах тухай захирамж гаргав

       Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн даваа гарагт МАН-ыг тараах тухай захирамж гаргаж, мэдэгдэл хийсэн. Тэрбээр мэдэгдэлдээ "Төрийн эрхийг баригч  МАН нь улс төрийн намын үйл ажиллагаанд чанад мөрдөгдөх ёстой төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлэх Үндсэн хуулийн шаардлагыг зөрчиж Үндсэн хуулиар тогтоосон засаг төрийн тогтолцоо нам төрийн тогтолцоонд зүй бусаар шилжүүлж, Монгол Улсын Үндэсний язгуур ашиг сонирхлоо хангах үүргийн өмнө гагцхүү төрийн хуульд захирагдаж, хараат бусаар үйл ажиллагаа явуулах төрийн байгууллагын үүрэг зорилгыг гажуудуулж байна.

       Монгол Улсын бүрэн эрх, тусгаар тогтнолын баталгаа болсон Үндсэн хуулийг үнэгүйдүүлж, төрийн эрхийг Үндсэн хуулийн бус аргаар авсан. Үндэсний эв нэгдлийг задлан бутаргасан, улмаар орон нутаг дахь намын удирдлага болон орон нутагт дахь чиг үүргийг хэрэгжүүлэгч Засаг даргыг цэрэгжүүлсэн зэрэг Монгол Улсын Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хуульд нийцэхгүй үйл ажиллагааг явуулах болсон. Тиймээс Үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг, 16 дугаар зүйлийн 10 дахь заалт, 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 30 дугаар зүйлийн 1 дэхь хэсэг, 32 дугаар зүйлийн 2, 33.1 7.1, Улс төрийн намын тухай хуулийн 4.4.2 Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 3,4,6, 8.2 дугаар заалт зэргийг үндэслэн МАН-ыг тараах нөхцөл бүрдсэнийг тогтоон  захирамжилсугай" гэсэн юм. Үүнтэй холбоотойгоор МАН-аас мэдэгдэл гаргасан. Энэ талаар МАН-ын нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийг зөрчиж, улс орон, ард түмний язгуур эрх ашиг, ардчилал, төрт ёсонд харшлах ноцтой үйлдэл гаргалаа. Ерөнхийлөгчийн өнөөдрийн захирамж нь  Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Ерөнхийлөгчийн тухай, Улс төрийн намын тухай, Эрүүгийн хууль зэрэг арав гаруй хууль, тогтоомжийг  зөрчиж байна" гэв. Мөн үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар байр сууриа илэрхийлсэн юм.

Монголд анх удаа цээж хонхойх гажиг засах мэс заслыг амжилттай хийлээ

       Монгол Улсад анх удаа цээж хонхойх гажгийг засах хос титанан суулгац тавих мэс заслыг амжилттай хийсэн талаар ЭМЯ-наас мэдээлсэн. Тодруулбал, Улсын гуравдугаар төв эмнэлгийн мэс заслын ерөнхий зөвлөх, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын эмч, академич, доктор, профессор Н.Баасанжав, Ерөнхий мэс заслын тасгийн их эмч, Монгол Улсын хүний гавьяат эмч, клиникийн профессор М.Ганбаатар, Ерөнхий мэс заслын тасгийн их эмч Д.Эрдэнэболд нар болон Цээжний хөндийн мэс заслын багийн хамт олон насанд хүрэгчдийн цээжний хонхойх гажгийг цээжний дурангийн мэс заслаар “Хос титанан суулгац”  тавих эмчилгээний орчин үеийн дэвшилтэт технологийг анх удаа эх орондоо нэвтрүүлсэн байна. Цээж хонхойх гажиг засах хос титанан суулгац тавих дурангийн мэс засал нь  өвчүүний араар болон өмнө талаар махир металл суулгац байрлуулах замаар цээжний хэлбэрийг засдаг маш жижиг хүрцийн мэс заслын орчин үеийн арга юм.

Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт ял оноосон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, батлан даалтаар суллагдах боломжтой болно гэв

       Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгт буруутгагдан хорих ял эдэлж байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт ял оноосон шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдалтай холбоотойгоор УЕПГ-аас хүчингүй болгосон тухай мэдээлэл цахим сүлжээгээр тарсан. Бид үүнтэй холбоотойгоор УЕПГ-тай холбогдож тодруулахад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулахаар  Улсын Ерөнхий прокурор дүгнэлт бичиж хяналтын шатны шүүхэд хүргүүлсэн. Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянуулах тухай дүгнэлтийг хүлээн авсан шүүх хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн хоёр, гурав, дөрөв дэх хэсэгт заасан шийдвэрүүдийн аль нэгийг гаргаж шийдвэрлэнэ. Үүний дараагаар Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах эсэх асуудал нь шийдвэрлэгдэнэ” гэсэн юм. Мөн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон тохиолдолд Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар батлан даалтаар суллагдах боломжтой гэнэ. Энэ талаар Т.Чимгээгийн нөхөр С.Бямбасүрэн “Эхнэр минь суллагдаад ирвэл үнэхээр сайхан байна” хэмээн манай сэтгүүлчид ярилцлага өгсөн юм.

Шадар сайд С.Амарсайхан хүүгийнхээ сургалтын төлбөрийг Төрийн санд буцаан шилжүүлж, хөтөлбөрөөс татгалзах болсноо мэдэгдэв

       Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы хүү А.Эрдэнэхүслэн Боловсролын зээлийн сангийн зээлээр Бристолын их сургуульд суралцахаар болсон тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд шүүмжлэл дагуулаад байв. Харин үүнтэй холбоотойгоор Шадар сайд С.Амарсайхан хүүгийнхээ сургалтын төлбөрийг Төрийн санд буцаан шилжүүлж, хөтөлбөрөөс татгалзах болсон талаараа өөрийн цахим хуудсаараа мэдэгдсэн юм. Тэрбээр "Миний хүү Боловсролын зээлийн сонгон шалгаруулалтад хамрагдсан асуудал цар тахалтай тэмцэх амаргүй үетэй зэрэгцэн олон нийтийн сүлжээнд шүүмжлэл, бухимдал дагуулж буйд иргэдээсээ хүлцэл өчье. Хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн оюутан болж, амьдралынхаа шинэхэн хуудсыг дөнгөж нээгээд буй хүүгийнхээ өмнөөс аав нь энэхүү шийдвэрийг гаргахад хүрсэн шалтгааныг хожмын өдөр хүү минь ойлгоно гэдэгт итгэж байна” гэжээ.

Сэлэнгэ мөрөнг гаталж явсан долоон иргэн осолдож, амиа алдав

       Хөвсгөл аймгийн нутагт Сэлэнгэ мөрнийг гаталж явсан долоон иргэн голын усанд осолдсон харамсалтай осол гарлаа. Одоогийн байдлаар гурван иргэний цогцсыг олоод байгаа юм. Эрэн хайх ажиллагаагаар эрэн хайх ажиллагааг эхлүүлэн 09:36 цагт  Ц, 50 настай, эрэгтэй, 10:00 цагт А, таван сартай, нярай, 16:30 цагт Т, 62 настай, эрэгтэйн цогцсыг олж, уснаас гаргасан байна. Зарим эх сурвалжийн мэдээлснээр тус иргэдийг ноолуур өгчихөөд буцаж байсан гэсэн юм. Тус ослын газар Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний алба, Тосонцэнгэл сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагч, Эрүүл мэндийн төвийн эмч, Засаг даргын Тамгын газар, Рашаант сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллаж байгаа юм.

УИХ одоогийн болон өмнөх Ерөнхийлөгчийг нэр дэвших эрхгүй гэж үзлээ

       Өнгөрсөн Пүрэв гарагийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэж, зарчмын зөрүүтэй зургаан саналаар санал хураалт явуулав.

       Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаанаас өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нарыг Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших нь Үндсэн хуультай зөрчилдөнө гэдэг дүгнэлт гаргасан. Холбогдох Байнгын хороодоор уг дүгнэлтийг хэлэлцээд хүлээн авах нь зүйтэй гэж үзсэн. Ингээд УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлж, Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг баталъя гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн олонх буюу 82.4 хувь нь дэмжсэн. Ингэснээр өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нар Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших эрхгүй болсон юм.

Ерөнхийлөгч МАН-ыг тараах захирамжтай холбоотой 200 гаруй хуудас материалыг Дээд шүүхэд хүргүүлэв

        Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол ардын намыг тараах тухай захирамж гаргаж, Улсын дээд шүүхэд хүргүүлсэн. Энэ захирамжийнхаа хүрээнд холбогдох баримт материалуудыг баасан гарагийн 11:00 цагт өөрийн биеэр Улсын дээд шүүхэд хүргэж өгөхөөр товлоод байсан. Гэвч Улсын дээд шүүхийн байранд коронавирусийн халдварын голомт гарсан учраас шүүгчид цуглах буюу Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзах боломжгүй гэдэг тайлбарыг ЕТГ-т хүргүүлсэн билээ. Энэ дагуу Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир Улсын дээд шүүхэд очиж, бичиг хэргээр нь дамжуулан МАН-ыг тараахтай холбоотой баримт материалуудыг хүлээлгэн өгсөн юм.

МАН-аас Ерөнхийлөгч Х.Баттулгад шаардлага хүргүүлэв

       МАН-аас Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад шаардлага хүргүүлсэн. Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ыг тараах тухай захирамж гаргаж, Улсын Дээд шүүхэд хүсэлтээ өгсөн. Өнгөрөгч мягмар гарагт уг асуудлаар МАН-ын Удирдах зөвлөл мэдэгдэл гаргасан бол баасан дахин шаардлага хүргүүлсэн юм.

       Тус шаардлагад “Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга та Үндсэн хууль зөрчиж, МАН-ыг тараах тухай хууль бус захирамжаараа Үндсэн хуульт байгуулалд халдаж, ардчилсан, эрхзүйт төрийг үгүй хийх гэсэн үйлдлийг удаа дараа гаргалаа.

       МАН нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль, тогтоомжуудыг хүндэтгэлтэйгээр чанд мөрдөн ажилласаар ирсэн, аливаа хууль бус үйлдэл гаргаагүй болохоо албан ёсоор мэдэгдэж, таны хууль бус захирамж, илгээлтэд дараах тайлбар, шаардлагыг өгч байна" гэсэн юм.

Н.Түвшинбаярын цагдан хорих  хугацааг 10 хоногоор сунгалаа

       Улсын начин Э.Энхбатыг зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан гэж буруутгагдсан олимпын аварга Н.Түвшинбаярын цагдан хорих  хугацааг 10 хоногоор сунгав. 

       Тодруулбал, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус дүүргийн прокурорын газраас ирүүлсэн Найдангийн Түвшинбаярыг яллагдагчаар  үргэлжлүүлэн 10 хоногоор цагдан  хорих таслан  сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай саналыг өчигдөр  хүлээн авч хянан хэлэлцээд үргэлжлүүлэн хорихоор шийдвэрлэсэн байна.   

       Яллагдагчийг цагдан хорих  үндсэн хугацаа нэг  сар  хүртэл байдаг бөгөөд  2021 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдрийн шүүх хуралдаанаар Н.Түвшинбаярыг 20 хоног цагдан хорихоор шийдвэрлэсэн. Тэгвэл өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн шүүх  хуралдаанаар үлдэгдэл 10 хоногоор үргэлжлүүлэн цагдан хорихоор шийдвэрлэсэн байна. 

Засгийн газар хатуу хөл хориог 14 хоног сунгах саналыг дэмжив

       ЭМЯ-наас хатуу хөл хориог 7-14 хоног сунгах саналыг гаргаж УОК-т хүргүүлсэн. Уг саналыг УОК-оос дэмжиж Монгол Улсын Засгийн газар ээлжит бус хуралдаанаараа шийдвэрлэх болсон. Хуралдаанаар хөл хориог сунгах эсэхийг эцэслэн шийдвэрлэж, ирэх тавдугаар сарын 8-ны 06:00 цаг хүртэл хатуу хөл хориог сунгахаар болов. Мөн Шадар сайд С.Амарсайхан “Иргэдэд дахин тэтгэмж олгох асуудал Засгийн газрын хуралдааны үеэр яригдаагүй” талаар мэдээлсэн юм.

Монгол Улсад коронавирусийн мутаци хувилбар бүртгэгдэв

       Монгол Улсад коронавирусийн мутаци хувилбар бүртгэгдсэн талаар ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр мэдээлэв. Энэ талаар УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан “Хаврын улиралд аливаа халдварт өвчин тархалт ихтэй байдаг. Үүнтэй давхцаад коронавирусийн халдварын шинэ тохиолдлуудын тоо өсөх хандлагатай байна. Сүүлийн хоногт л гэхэд 1200 гаруй халдвар тээгч бүртгэгдлээ. Энэ эрчээрээ цааш үргэлжлэх төлөвтэй байна. Манай улсад коронавирусийн мутаци төрөл орж ирсэн. Лабораторийн шинжилгээгээр Турк улсаас зөөвөрлөгдөн орж ирсэн Английн мутаци халдвар гэж үзэж байгаа. Энэ бол халдварт эрчимтэй тархаж, нас баралт огцом нэмэгдэж байгаа гол шалтгаан юм. Иймээс хөл хориог тавдугаар сарын 8-ыг хүртэл сунгах зайлшгүй шаардлага үүслээ” хэмээсэн юм.

АстраЗенека вакцины 50400, “Синофарм” үйлдвэрийн вакцины 600 мянган хүн тун вакцин хүлээн авав

       Дэлхийн орнуудад коронавирусийн эсрэг вакциныг тэгш, хүртээмжтэй хүргэх зорилгоор ДЭМБ-аас санаачилсан “Ковакс” хөтөлбөрийн ээлжит АстраЗенека вакцины 50400 тунг хүлээн авсан талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг цахим хаягаараа дамжуулан мэдээлсэн. Мөн тэрбээр "БНХАУ-ын “Синофарм” компаниас verocell вакцин худалдан авах яриа хэлэлцээг идэвхтэй явуулж байгаа бөгөөд 900 мянган тун вакциныг ойрын өдрүүдэд тээвэрлэн авчирна" хэмээсэн юм. Харин өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 23-ны өдөр БНХАУ-аас “Синофарм” үйлдвэрийн 600 мянган хүн тун вакцин хүлээн авсан талаар ЭМЯ-наас мэдээлсэн.

“Элькондор” хамтлагийн гишүүн Б.Цог тэнгэрт дэвшлээ

       1990-ээд оны эхэн үед “Жирийн монгол охин”, “Агшин” УСК-ны дуугаараа залуусын сэтгэлд хоногшин үлдсэн дуучин Б.Цог өнгөрсөн даваа гарагт хорт хавдрын улмаас таалал төгслөө. Тэрээр анх “Шигтгээ” хамтлагийн дуучин байсан бөгөөд хожим П.Хэрлэнтэй хамтарч, “Элькондор” хамтлагаа байгуулж, Монголын рок, поп хөгжимд шинэ давлагаа үүсгэж байсан юм.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, осол гаргав

       УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж энэ сарын 18-19-нд шилжих шөнө согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, осол гаргасан. Тэрбээр өөрийн “Ниссан Тиана” загварын автомашинаараа “Приус-20” маркийн автомашиныг шүргэж, замын хашлага даван явган хүний зам руу орж, хашаа мөргөн зогссон. Ослын дараа УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн автомашины  моторын хэсгээс гал гарч, түүнийг нь Онцгой байдлын алба хаагчид унтраасан. Ослын талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад “Б.Пүрэвдорж гишүүн зам тээврийн осол гаргасан нь үнэн. Зам тээврийн осолтой холбоотой асуудлыг шалгаж байна” гэсэн юм. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, зам тээврийн ноцтой осол гаргасан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн уруул нь сэтэрч, эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн автомашинаар ГССҮТ рүү хүргэгдсэн гэх мэдээлэл гарч байсан зарим эх сурвалжууд “Бүлгийн хурал болохгүй гээд гэртээ байгаа гэсэн” хэмээн мэдээлж байсан юм.


ЭРГЭЛТИЙН ТОЙМ: УИХ-ын гишүүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, Ерөнхийлөгч МАН-ыг тараах тухай захирамж гаргаж, хатуу хөл хориог сунгасан ДОЛОО ХОНОГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188