• Өнөөдөр 2024-03-29

ЭРГЭЛТИЙН ТОЙМ: Хөл хориотой, харуулын даргаа хөнөөсөн, 300 мянган төгрөгтэй долоо

2021-04-10,   537

                  Эргэлт.мн мэдээллийн сайт долоо хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэдэг билээ. Өнгөрч буй долоо хоногт улс төр, нийгмийн хүрээнд хэд хэдэн онцлох үйл явдал өрнөлөө. Тухайлбал, коронавирусийн халдварын тархалт нэмэгдэж буйтай холбоотой Засгийн газраас хөл хорио тогтоох шийдвэр гаргаж, өнөөдрөөс улаан түвшинд шилжүүллээ. Энэ сарын 8-нд хилийн цэргийн хугацаат цэргийн алба хаагч харуулын даргаа хөнөөсөн харамсалтай хэрэг гарсан юм. Эдгээр үйл явдлыг тоймлон хүргэж байна.

Хатуу хөл хорио ба 300 мянган төгрөгийн дэмжлэг

             Коронавирусийн халдварын тархалт өдөр ирэх тусам нэмэгдэж, цөөн хүн амтай манай улсад аюулт өвчин заналхийлж эхлэв. Засгийн газраас хөл хорио тогтоохгүй хэмээн мэдэгдэж байсан ч хэлснээсээ буцаж, хатуу хөл хорио тогтоохоос аргагүйд хүрэв. УОК, Эрүүл мэндийн яамнаас хатуу хөл хорио тогтоож, халдварын тархалтыг хумих шаардлагатай гэдэг саналаа удаа дараа тавьсан ч Засгийн газар энэ саналыг хэд хэдэн удаа буцаасан юм. Ингээд өнгөрсөн пүрэв гарагийн ээлжит бус хуралдаанаар хөл хорио тогтоох саналыг дахин хэлэлцэж, энэ сарын 10-25 хүртэл 15 хоногийн хатуу хорио тогтоох шийдвэр гаргаад буй. Хатуу хөл хорио тогтоох нь эдийн засагт хүндрэл учруулж, иргэдийг туйлдуулсаар байгаа юм.
Тэгвэл иргэдийн орлогыг дэмжих зорилгоор хөл хорио тогтоохтой холбоотой төрөөс нөхөн олговор олгох шийдвэр гаргасан билээ. Тодруулбал, иргэн бүрд төрөөс 300 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлж, эхнээсээ энэ мөнгийг иргэдийн дансанд шилжүүлсэн юм. Санхүүжилтийн эх үүсвэрийг Оюутолгой компанийн татвар буюу нийт гурван удаагийн шилжүүлэг нэг их наяд 26.5 тэрбум төгрөгөөр шийдвэрлэх тооцоо гаргасан байна.  Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “ Монгол Улс баялагтай орон. Байгалийн баялагийн үр өгөөжийг хүртээж буй. Дээрх хөрөнгийг эдийн засгаас сэргээх зорилгоор өөр зүйлд зарцуулахаар төлөвлөсөн ч цар тахлын үед иргэдийн орлогыг дэмжих зайлшгүй шаардлага үүссэн” хэмээн тайлбарласан. Ийн хатуу хөл хорионы хугацаанд иргэн бүрд 300 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болсон юм.

УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй

            Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай УИХ-ын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэн.  УИХ-ын чуулганы хуралдаанаар ҮХЦ-ийн гишүүн Ш.Цогтоог чөлөөлж, оронд нь  Ж.Эрдэнэбулганыг томилсон билээ. Тодруулбал, Улсын дээд шүүхийн саналаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилсон хоёр гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулан нэр дэвшүүлэх асуудлыг нээлттэйгээр зохион байгуулжээ.
Гуравдугаар сарын 22-нд Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан болсон бөгөөд энэ үеэр 18 хүн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрээ дэвшүүлэх хүсэлт гаргажээ. Нийт нэр дэвшигчийн хоёр нь төрийн албан хаагчийн насны дээд хязгаарыг давсан гэх үндэслэлээр оролцуулаагүй бол гурав нь нэрээ татжээ. Ийнхүү дээрх хуралдаанаар 13 нэр дэвшигч өрсөлдөж, Ж.Эрдэнэбулган хамгийн олон санал авснаар УИХ-ын чуулганы хуралдаанаар Ж.Эрдэнэбулганыг томилоод олонх дэмжсэн юм. Үүнд Ерөнхийлөгч хориг тавьсан ч олонхын бүлэг Ерөнхийлөгчийн хоргийг хүлээж авсангүй.

Хилийн цэргийн алба хаагчид харуулын даргаа хөнөөж, зугтаалаа

        Говь-Алтай аймгийн Алтай сумын Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн Баянтоорой заставын хугацаат цэргийн алба хаагчид энэ сарын 8-нд харуулын даргаа хөнөөгөөд зугтсан хэрэг гарсан. Өнөөдрийн байдлаар байлдагч нарыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд байршлыг нь тогтоосон ч баривчлах боломжгүй байгаа гэнэ.
 
Хэргийн талаар Хил хамгаалах ерөнхий газрын дэд дарга Ш.Лхачинжав “Хэрэг үйлдсэн хоёр цэргийн нэг нь Ховд аймгийн Чандмань сумын харьяат Х, нөгөө нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын харъяат М гэдэг байлдагч. Цэргүүдийн сэтгэл зүйн хувьд ямар нэгэн анхаарал татахаар шинж тэмдэг илрээгүй. Иймд яагаад, юунаас болоод ийм хэрэг үйлдвэх болов гэдэгт дүгнэлт хийж байна. Оргосон хоёр цэргийн ар гэрийнхэнтэй холбогдож, хэргийн талаар хэлсэн. Аав ээж нь “Хилийн цэргийн ангид хүүгээ сайн байгаа гэж бодож байсан. Ийм зүйл сонсоод сандарч байна. Одоо яах вэ” гэж хэлж байгаа.
Хилийн манаанд үүрэг гүйцэтгэж ирээд хилээс 15 орчим километр зайд байрлах Алтай сумын малчин М гэдэг айлын мотоциклыг авч, явахдаа боорцог, идэж уух юм аваад гарсан байна. Ингэж яваад 50 орчим км зайд мотоциклынх нь бензин дууссан учир цааш уул руу орсон нь тогтоогдсон. Явсан зүг чигийн хувьд өөрсдийн нутаг руу Бугат сум чигтэй байна.
 
Хэрэг үйлдсэн хоёр цэргийн нэг болох Ховд аймгийн Чандмань сумын харьяат Х нь ам бүл дөрөв, аав ээж дүүгийн хамт амьдардаг. Нөгөө цэрэг нь ам бүл тав, эгч дүү аав ээжийн хамт амьдардаг 19 настай залуучууд. Өргөсөн тангаргаасаа буцаж, ийм зүйл хийсэнд харамсаж байна.
 
Хил хамгаалах байгууллага хуулийн дагуу  зэвсэг хэрэглэдэг ганц байгууллага. Нэг цэрэг 25 сумтай зэвсгийг биедээ авч явдаг. Оргосон хоёр цэрэг нийт 45 сумтай зэвсэг авч явааг тогтоосон” хэмээн мэдээллээд буй.
 
 
 
 
 

ЭРГЭЛТИЙН ТОЙМ: Хөл хориотой, харуулын даргаа хөнөөсөн, 300 мянган төгрөгтэй долоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188