• Өнөөдөр 2024-03-29

ЭРГЭЛТИЙН ТОЙМ: Салаан даргадаа зодуулсан байлдагч нас барж, Н.Номтойбаяр хорих ангиас суллагдсан долоо хоног

2021-04-03,   732

          Эргэлт.мн мэдээллийн сайт сайт долоо хоног бүр улс, төр, эдийн засаг, нийгмийн амьдралд өрнөсөн томоохон үйл явдлуудыг тоймлон хүргэдэг билээ. Тэгвэл энэ удаагийн “ЭРГЭЛТИЙН ТОЙМ”-д салаан захирагчдаа зодуулж амиа алдсан байлдагчийн хэрэг, Ардчилсан намын даргын сонгууль, Монгол Улсын дээд шүүх ТЕГ-ын дарга асан Б.Хурцад 1.6 жилийн ял оноосон, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр суллагдсан зэрэг үйл явдлуудыг онцолж байна.

Салаан дарга нь архи ууж, согтуурсан үедээ байлдагчаа зодож, амийг нь хөнөөсөн хэрэг гарсан

Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн салаан захирагч Г архи ууж, согтуурсан үедээ талийгаач байлдагч Ц.Б-г зодож, аминд нь хүрсэн хэрэг гарсан билээ. Тодруулбал, тус цэргийн ангийнхан хаврын цэргийн бэлтгэлд гарахаар явсан үед салаан захирагч, дэслэгч Г цэргийн ангидаа архи ууж, байлдагч Г-г 20 гаруй цэргийн өмнө зодож, архины мөнгө нэхэж байсныг тус ангийн байлдагчид мэдээлсэн юм. Талийгаач түүнийг өшиглөж байх үед хөлнөөс нь зуурах гэж оролдож байгаад ухаан алдаад уначихсан байна. Хамаг бие нь салгалж, амнаас нь цус гоожиж, шалан дээр хөдөлгөөнгүй хэвтжээ. Салаан дарга, дэслэгч Г-г хамт байсан цэргийн дарга нар нь салгаж болиулсан аж. Улмаар талийгаач ухаан алдаад сэрэхгүй байсан учир түргэн тусламжид хандсан. Талийгаач Ц.Б Төрийн алба хаагчдын тусгай эмнэлэгт хүргэгдэж, тус эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт ухаангүй хэвтэж байгаад нас барсан юм. Уг хэрэгтэй холбоотойгоор хэрэг гарсан Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн захирагч С.Батболдыг ажлаас нь чөлөөлж, архи ууж, согтуурсан үедээ талийгаач Ц.Б-г зодож, амийг нь хөнөөсөн салаан захирагч, дэслэгч Г-г үргэлжлүүлэн шалгаж байгаа юм.

Засгийн газар, УОК ээлжит бусаар хуралдаж, гамшгийн үеийн улаан түвшинд шилжих шийдвэр гаргасан ч хатуу хөл хорио тогтоолгүй зарим байгууллагын үйл ажиллагааг хязгаарлахаар болов

Өнгөрсөн гуравдугаар сарын 26-ны өдөр УОК-ын хурлаар гамшгийн үеийн улбар шар түвшинд энэ сарын 5 хүртэл ажиллах шийдвэр гаргасан. Цар тахлын үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр “Хөл хорио тогтоож, халдварын голомтыг хумихгүй бол зургадугаар сард өвчлөл одоогийнхоос 10 дахин нэмэгдэнэ” хэмээн мэдээлсэн юм. Улмаар ЭМЯ-наас хатуу хөл хорио тогтоож, 14 хоногийн хугацаанд халдварыг хумих санал УОК-т хүргүүлээд байв. Дээрх саналыг нь УОК-оос дэмжиж, энэ сарын 3-18-ны хооронд гамшгийн үеийн түвшинг улаан руу шилжүүлэх санал гаргасан. Харин уг саналыг Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж, хатуу хөл хорилгүйгээр коронавирусийн халдвар тархах өндөр эрсдэл бүхий зарим байгууллагын үйл ажиллагааг хязгаарлахаар болсон. Үүнд:

-Ресторан, лоунж, саун, бассейн, алжаал тайлах төв, кино театр, үзвэр үйлчилгээ, бялдаржуулах төв, амралт сувилал, сургалтын төв ажиллахгүй,

-Хоол үйлдвэрлэл, зоогийн газрууд хүргэлтээр үйлчлэх,

-Үсчин, гоо сайхны газрууд амралтын өдрүүдэд ажиллахгүй, бусад өдөр халдвар хамгааллын дэглэм сахиж ажиллах,

– Худалдаа, үйлчилгээний газрууд хүн хоорондын зай бариулах, ариутгал, халдваргүйжүүлэлтээ дээд зэргээр хийх, нийт талбайнхаа 30 хувиас хэтрэхгүй байхаар тооцон үйлчлэх /Супермаркетууд түрдэг тэрэгний тоогоор зохицуулалт хийх/,

-Нарантуул, Хархорин, Барс, Хүчит шонхор, Нарантуул-2 зэрэг томоохон зах 30 хувиар ажиллах /амралтын өдрүүдэд ажиллахгүй, дэлгүүр, худалдааны төвүүд 20:00 цагт хаах,

-Аймаг, орон нутаг руу зорчих иргэдийн хөдөлгөөнийг хүндэтгэх шалтгаанаас бусад тохиолдолд хориглох,

-Орон нутаг руу хүнс, ачаа тээвэр, малын өвс тэжээл, шатахуун тээврээс бусад тохиолдолд автомашины хөдөлгөөнийг хязгаарлахаар болов.

17 настай охин 12 давхраас унаж, амиа алдсан хэрэг гарсан

Сүхбаатар дүүргийн XI дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гэрэлтжин” хотхоны 534 дүгээр байрны 12 давхраас 17 настай охин унаж, амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн гуравдугаар сарын 30-нд гарсан. Албан бус эх сурвалжийн мэдээллээр талийгаач эмэгтэй гэртээ тав хоног ирээгүй бөгөөд гэртээ ирснийхээ дараа ээжтэйгээ муудалцаж, улмаар өндрөөс үсэрсэн байж болзошгүй байна. Одоогоор уг хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн II хэлтэст шалгаж байгаа бөгөөд талийгаачтай хамт байсан хүмүүсийг сатуулан мэдүүлэг авч буй. Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр зүйлд зааснаар хүнийг амиа хорлоход гарцаагүй хүргэсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн байдаг. Хэрэв цагдаагийн байгууллагаас 17 настай эмэгтэйтэй хамт байсан хүмүүсийг шалган, амиа хорлоход хүргэсэн нь тогтоогдсон тохиолдолд цагдан хорих арга хэмжээ авах юм.

Б.Хурцад 1.6 жил, Г.Эрдэнэбатад нэг жилийн ял оноов

Монгол Улсын дээд шүүхээс ТЕГ-ын дарга асан Б.Хурцад 1.6 жил, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбатад нэг жилийн хорих ял, бусад холбогдох хүмүүст хоёр жилийн хорих ял оноох шийдвэр гаргасан. Тодруулбал, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс  ТЕГ-ыен дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат тэргүүтэй есөн хүнд  С.Зоригийн амийг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарт эрүүдэн шүүлт тулгасан, гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэх үндэслэлээр ял оноосон байдаг.

Тэгвэл Монгол Улсын дээд шүүх өнөөдөр буюу гуравдугаар сарын 31-ний өдөр Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны аравдугаар сарын 29-ний өдрийн 158 дугаар магадлалтай, ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох 40 хавтас маш нууцын хэргийг шүүгдэгчдийн өмгөөлөгчид хамтран гаргасан гомдол болон прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хэлэлцэж, хорих ял оноожээ.

Ардчилсан намыг даргын сонгууль болж өнгөрлөө

Ардчилсан нам өнгөрсөн гуравдугаар сарын 28-нд намын даргаа сонгох сонгуулиа зохион байгуулав. УИХ-ын сонгуулийн дараагаас хоёр хэсэг болон хуваагдаад байгаа тус намынхан намын даргын сонгуулиа ч хоёр хэсэг зохион байгуулав. Тодруулбал, С.Эрдэнэ даргатай Ардчилсан нам цахим хэлбэрээр явуулж, М.Тулгат, Л.Гүндалай, Ц.Уртнасан, Ч.Өнөрбаяр, Ц.Оюунгэрэл нар нэр дэвшсэн бол Ц.Туваан даргатай Ардчилсан нам уламжлалт буюу цаасан хэлбэрээр явуулж, О.Цогтгэрэл, Д.Пүрэвдаваа, С.Эрдэнэболд, О.Амартүвшин нар дэвшсэн аж. С.Эрдэнэ даргатай Ардчилсан намаас М.Тулгат олонхын санал авч ялалт байгуулсан бол Ц.Тувааны талаас УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл ялалт байгуулсан гэх урьдчилсан мэдээ байгаа юм.

Ардчилсан нам ийн хоёр хуваагдах болсон гол шалтгаан нь Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдгээс үүдэлтэй. Ц.Тувааны талынхан Ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг нэр дэвшүүлэх гэж хичээж байгаа бол С.Эрдэнийн талынхан МАН-тай тохиролцсон гэнэ.

С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийг нууцаас гаргахаар болов

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амийг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг улсын нууцаас гаргахаар болсон талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлсэн. Тэрбээр өөрийн цахим хаягаараа дамжуулан “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийн материал холбогдох бичлэгүүдийг бүхэлд нь нууцаас гаргахаар шийдвэрлэсэн” гэж мэдэгдсэн юм. Мөн С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийг нууцын зэрэглэлээс гаргах асуудлыг судлан шийдвэрлэж өгөх хүсэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Засгийн газарт хүргүүлээд байсан билээ. Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5-д “Мэдээллийг төрийн болон албаны нууцад хамааруулах, нууцыг шилжүүлэх, ил болгох, нууцын зэрэглэл тогтоох, өөрчлөх, нууцын хугацааг сунгах” нь Засгийн газрын бүрэн эрхийн асуудал тул С.Зоригийн хэргийн материалыг нууцын зэрэглэлээс гаргах асуудлыг  эцэслэн шийдвэрлэсэн байна.

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр хорих ангиас суллагдлаа

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр өнгөрсөн пүрэв гарагт суллагдсан. Энэ талаараа тэрбээр өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээлсэн юм.

Тэрбээр “Та бүгд сайн байна уу. "Улс төрийн хорион"-д 307, ажилласны шагналд +57 хоног авч, хилс ялыг шоронд дуусгав. Надад итгэсэнд баярлалаа. Таны зөв гэдгийг би удахгүй батална. Би та бүгдийн адил сураггүй болсон шудрага ёс, шуналгүй, өсгүй, ёс зүйт улс төрөөр маш их цангаж байна” гэсэн билээ.

Түүнийг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-тай холбоотой төслүүдийг эргэн төлөлтгүй хэрэгжүүлэх тогтоол гаргаж, улсад 3.9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж яллагдагчаар татаж, анхан шатны шүүхээс 5.5 жилийн хорих ял оноосон. Түүний өмгөөлөгчид бүх шатны шүүхэд хандаж,  Улсын дээд шүүхээс Н.Номтойбаярт нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, нэг жил хорих ял болгон бууруулж, шийдвэрлэсэн байдаг.

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг 2020 оны УИХ-ын сонгуульд бие даан Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж, нэр дэвшигчийн үнэмлэхээ авсных нь дараа цагдан хорьсон. УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авсны дараа сурталчилгаагаа албан ёсоор эхлүүлдэг. Тэгвэл Н.Номтойбаярыг нэр дэвшигчийн үнэмлэх нь баталгаажсаны дараа саатуулсанд ар гэрийнхэн нь хууль зөрчсөн хэмээн шүүмжилж байв.


ЭРГЭЛТИЙН ТОЙМ: Салаан даргадаа зодуулсан байлдагч нас барж, Н.Номтойбаяр хорих ангиас суллагдсан долоо хоног
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188