• Өнөөдөр 2024-04-27

ТОГЛООМЫН ДҮРМИЙГ ӨӨРЧИЛСӨН ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ БУЮУ 80-ААД ОНЫХНЫ ШИНЭ УЛС ТӨР

2023-06-03,   1040

      Гишүүдийн тоог өөрчилж, тогтолцоог шинэчлэх Үндсэн хуулийн өөрчлөлтийг Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй 80-аад оны залуус танхим дүүрэн гишүүдийг цуглуулж байгаад л дэмжүүлж, батлуулчихлаа даа. Тодруулбал, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг өчигдөр хийсэн. Ингэхдээ гишүүдийн тоог 126 болгож, сонгуулийг холимог тогтолцоогоор буюу 78 гишүүнийг тойргоос, 48-ыг нь жагсаалтаар дэвшүүлэхээр санал хураахад хуралдаанд оролцсон нийт гишүүдийн  97 хувь нь буюу 66 гишүүн дэмжиж баталлаа.

      Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэхэд МАН-ынхан тэр дундаа Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан тэргүүтэй намынхаа гал тогоог барьж буй залуус эртнээс сайн бэлдсэн гэдэг нь бүх шатны хэлэлцүүлгээс тодорхой харагдаж байна. Улс төрийн намуудтай ч нэгдсэн зөвшилцөлд хүрч, намын гишүүдээ ч нэг шугаманд сайн барьсан нь хэлэлцүүлгийн уур амьсгалаас  илт мэдрэгдэж байв. Магадгүй тэд намынхаа томчуудтай, олон жил намдаа том байр суурь эзлэсэн бүлэглэлийн гишүүдтэй өнгөрсөн хугацаанд хэдэнтэй нүүр туулж, муудаж сайндсан нь лавтай. Гэхдээ гол зарчимаа алдалгүй, цаанаа муудсан ч наанаа ил гаргалгүй, нэг ч бүлэглэлийн эсэргүүцэлтэй тулгаралгүй нэгдсэн байр суурьт зангидаж чадсан гэдэг нь тэдний хувьд том амжилт байв.

       Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд одоогийн парламентад МАН олонх болоход  төдийлөн оролцоогүй, хоёр жилийн өмнө танхимын сайд нараа бүрдүүлэхээд ч баггүй байв. Харин өнөөдөр тэр эрх мэдлээ аажим аажмаар лавшруулж, намын гишүүдээ нэг чигт барих арга барилаа олчихсон гэдэг нь Үндсэн хуулийн өөрчлөлтөөс харагдаж байна. Мэдээж Засгийн газрын тэргүүн гэдэг өнөдөр албан тушаалд хүрснийхээ ач холбогдлыг гаргаж, ард түмнээс оноо авах ажлаа ч хйиж чадлаа. Тодруулбал, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар   Үндсэн хуулийг батлуулахтай зэрэгцээд үүцээ задлаж, ээлжит хуралдаанаар төсөвт тодотгол хийж, шүүмжлэл дагуулаад байсан хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхдэд олгож, цалин, тэтгэврийн хэмжээг нэмэх амлалт өглөө. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар сонгуулийн өмнөх жилийн төсвийг байж болох хэмжээнд танаж,  хэмнэлтийн төсөв батласан цаад шалтгаан тайлагдав. Ерөөс манайд төсвийн хэмнэлтийг хийж чадвал эдийн засагт боломж байгаа гэдгийг ч тэд энэ удаагийн хэмнэлтээс харуулж чадсан.

ҮНДСЭН ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БАТЛАХАД ХАМГИЙН ТОМ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛСЭН ЗҮЙЛ ЗААЛТ ЯАХ АРГАГҮЙ, ТОГТОЛЦООНЫ ӨӨРЧЛӨЛТ

   Хуралдаанд оролцсон гишүүдийн 90 гаруй хувийн санал авна гэдэг бол Үндсэн хуулийн төслийг хэлэлцүүлэн батлахад өндөр тоо, том амжилт Уг нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцүүлэхтэй зэрэгцүүлээд л улстөрчид жинхэнэ халуун мэтгэлцээн өрнүүлж, улстөржих нь төржих  

  Үндсэн хуулийн төслийг хэлэлцүүлэн батлахад хамгийн том дэмжлэг үзүүлсэн зүйл заалт яах аргагүй, тогтолцооны өөрчлөлт байлаа. Чуулганы хуралдаан эхлэхтэй зэрэгцээд л гишүүд, намын бүлгүүд зангидсан гар шиг нэг шугаманд орчихсон нь илэрхий мэдэгдэж, бүгд л жанжин шугамаа алдчихгүй хичээж байгаа нь чуулганы танхимын уур амьсгалаас нэвт шувт мэдрэгдэж байв. Сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж байгаа гишүүд яалт ч үгүй протоколд тэмдэглүүлэх үгээ хольж солих нь сольж, минутдаа багтаан үг хэлж амжсан.

   Санал хураалтын явцад таван эсрэг санал гарсан ч УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Н.Учрал, Б.Дэлгэрсайхан нар хуралдаанд хоцорч орсноор санал нь эсрэг гарсан. Иймээс дэмсэн саналаар прортоколд тэмдэглүүлэхийг УИХ-ын даргад уламжилсан. Чуулганы танхимд цугласан 60 гаруй хүнээс УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, УИХ-ын гишүүн С.Ганбаатар нар л эсрэг санал өгч бусад нь дэмжиж саналаа өгсөнөөр Үндсэн хуулийн өөрчлөлтийг 2020 оны сонгуулиар бүрдсэн парламентын гишүүд хийж орхилоо.

 

     Ингэснээр ганцхан жилийн дараа л тэд өөрсдийн зохиосон дүрмээрээ дараагийн 30 жилийн улс төрийн тоглолтыг эхлүүлж, шинэ тоглоомын дүрмээр тоглож эхэлнэ гэсэн үг. Энэ удаагийн парламентын гишүүд ёстой л буруу харж уйлж, зөв харж инээсээр Үндсэн хуулийн өөрчлөлтийг танхимаараа гар өргөж, ногоон гэрлээр батлуулав. Чуулганы хуралдаанаас гарч ирсэн гишүүд “Би уг нь гишүүдийн тоог дэмжээгүй ч, намын бүлэг нэгдсэн байр суурьт хүрсэн учир дэмжсэн санал өгсөн” гэх тайлбарыг цөөнгүй гишүүн өгсөн.

ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ ЯАЖ ХЭРЭГЖҮҮЛЖ, ХЭРХЭН ДАГАЖ МӨРДӨХ ВЭ, ГЭДГЭЭС Л ӨНӨӨДРИЙН ӨӨРЧЛӨЛТ “БАЙ”-ГАА ОНОСОН ҮГҮЙ НЬ ШИЙДЭГДЭХ БИЗ ЭЭ

     Ямартай ч Л.Оюун-Эрдэнэ өөрөө энэ дүрмийг сонгож, намынхаа бодлогыг зангидаж, гишүүдээрээ дэмжүүлэх бүх л ажлыг гардаж зохион байгуулсан. Ялсан ч, ялагдсан ч тэр хэнд ч гомдох эрхгүй. Зөвхөн өөрийн шийдвэрийн төлөө бат зогсох гал дундуур туулж орлоо. Үндсэн хуулийн өөрчлөлтийг зөв, эсвэл буруу болсон гэдгийг бид өнөөдөр шүүж чадахгүй. Гэвч Үндсэн хуулийн өөрчлөлтийг яаж хэрэгжүүлж, хэрхэн дагаж мөрдөх вэ, гэдгээс л өнөөдрийн өөрчлөлт “бай”-гаа оносон үгүй нь шийдэгдэх биз ээ. Нэг ёсондоо цаг хугацаа өнөөдрийн Үндсэн хуулийн өөрчлөлт ард түмний нийт эрх ашгийн төлөө байсан уу, Ардын намын эрх ашиг байв уу гэдгийг шүүж өгөх нь.

    Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар УИХ-ын дарга Г.Занданшатар “УИХ-ын гишүүд эрх мэдэлтэн, дарга биш, харин ард түмнийхээ элч төлөөлөгч байх тогтолцоог бэхжүүлэх зорилгоор гишүүдийн тоог 126 болгон нэмэгдүүлж, сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн хуульдаа тусгалаа. Энэхүү өөрчлөлт зөвхөн УИХ-ын гишүүдийн тоог нэмж олшруулах төдий өнгөц өөрчлөлт биш ээ. Харин ард түмний хүсэл эрмэлзэл, бодол зорилго, засаглах эрх парламентад илүү сайн хангагдаж байх төлөөлийн ардчиллын зарчмыг улам төгөлдөржүүлэхэд чиглэсэн өөрчлөлт юм” хэмээн дүгнэсэн юм.

  Алдсан ч, оносон ч Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраар овоглосон Г.Занданшатарын “ангийнхан” хэлэлцүүлэн батласан хууль дараагийн 30 жилийн Монгол Улсын парламентын түүхийн шинэ хуудсыг нээх нь тодорхой боллоо.

 


ТОГЛООМЫН ДҮРМИЙГ ӨӨРЧИЛСӨН ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ БУЮУ 80-ААД ОНЫХНЫ ШИНЭ УЛС ТӨР
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188