Бидний ирээдүй гэрэлтэй байгааг баталж салбартаа манлайлан, бүтээсэн түүхээрээ бусдад үлгэрлэсэн, үндэснийхээ өв уламжлалыг хамгаалж, урлаг, спортоор улсынхаа нэрийг өндөрт өргөсөн түүчээ хүүхдүүдийг энд онцолж байна.
Ой тогтоолт, оюуны спортоор эх орныхоо нэрийг дэлхийд өндөрт өргөж яваа тамирчид олон. Тэдний нэг олон улсын их мастер Энхжаргалын Үүрийнцолмон 14 насандаа оюуны спортын нэг төрөл болох ой тогтоолтын спортын хүрч болох бүхий л өндөрлөгт хүрлээ. Тэрбээр манай сайтад өгсөн ярилцлагадаа “Олон зорилго бий. Одоогоор би хамгийн залуу дэлхийн аварга, олон улсын их мастер болохыг зорьж, хичээж байна” хэмээн ярьсан бөгөөд тус ярилцлагаас хойш сар хүрэхгүй хугацаанд зорилгодоо хүрч энэ сард зохион байгуулагдсан ДАШТ-ийн насанд хүрэгчдийн ангилалд тэргүүлснээр 33 жилийн түүхтэй тус тэмцээний хамгийн залуу дэлхийн аварга болсон юм. Э.Үүрийнцолмон нь 2023 оны Өсвөрийн дэлхийн аварга, 2024 оны Улсын аварга, Оюуны олимпын аварга, гиннесийн рекорд эзэмшигч, Дэлхийн дөрвөн рекордын эзэн . Мөн оюуны олимпын "Хоёртын тоолол" төрөлд таван минутад 1599 цифр цээжилж, алдаагүй санаснаар тус тэмцээний рекордыг шинэчлэн тогтоож, энэ үзүүлэлтээрээ гиннесийн рекордын эзэн болсон юм. Түүний ярилцлагыг бүрэн эхээр нь энд дарж уншаарай.
Их Монгол Улс байгуулагдсаны 818, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмаар хурдан дааганы цолыг дуудаж, цэнгэлдэхийг шуугиулан, наадамчин олныг суудлаас нь босгож, олны хайрыг хүртсэн П.Тэмүүлэн хүү маргаангүй энэ жилийн онцлох хүүхэд байлаа. Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон ахлах сургуулийн 7Г ангийн сурагч тэрбээр “Гийнгоо-2024 улсын уралдааны тэргүүн байр, “Даншиг наадам-Хүрээ цам-2024” шашин урлагийн олон улсын их наадмын тэргүүн байрын шагналтай бөгөөд тус наадмын айрагдсан морьдыг цоллосон билээ. Мөн “Нүүдэлчин Монголчууд-2024” Дэлхийн соёлын фестивальд “Гийнгоо марзай” дуудах уралдаанд тэргүүн байр, “Хууртай мөнхрөх аялгуу-2024” Олон улсын уртын дуу дуулаачдын уралдааны гутгаар байр, “Билиг авьяас –Бидний бахархал” ардын урлагийн наадамд Язгуур урлагийн магтаалын төрлөөр тэргүүн байрт шалгарсан авьяаслаг, үндэснийхээ өв уламжлалыг өвлөн тээгч юм. Түүний Эргэлт.мн мэдээллийн сайтад өгсөн ярилцлагыг энд дарж үзээрэй.
Тайзны голд даруухан дуулж эхэлсэн ч авьяас, уянгалуулан дуулах хоолойгоороо шүүгчдийн анхаарлыг татаж, дараа дараагийнхаа тайз бүрийг эзэгнэсээр “The voice kids” шоуны ялагч болсон Э.Чингүүн хүү. “Миний хувьд дуу хөгжим хамгийн үзэсгэлэнтэй нь” хэмээн ярих тэрбээр реппер ThunderZ-ийн байгуулсан “146 Records”-ийн уран бүтээлч болсон бөгөөд У.Нартай хамтран гаргасан “Silly” дуу нь youtube хуудаснаа 1.1 сая хандалттай болсон билээ. Тэрбээр хэдхэн хонгийн өмнө “Даараа юу” хэмээх ганцаарчилсан уран бүтээлээ гаргасан. Chiki нэрээр уран бүтээлээ хүргэж буй түүний ирээдүй гэрэлтэй байх болтугай. Э.Чингүүний ярилцлагыг энд дарж үзээрэй.
Балчирхан насандаа хүнд өвчнийг даван туулж, бэрхшээл бүрийн ард боломж байдгийг ойлгосон тэрбээр өдгөө дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн тамирчин болжээ. Бусад хүүхдүүд шиг хүссэн зүгтээ хөдлөх боломжийг усанд байхдаа мэдэрдэг учраас тэр энэ спортоор хичээллэж эхэлжээ. Тэрбээр 2015 оноос усанд сэлэлтийн спортоор хичээллэж эхлэн 2023 оноос олон улсын тэмцээнүүдэд оролцох болжээ. Х.Номуун "Ханжоу" Азийн наадамд эх орноо төлөөлөн пара усанд сэлэлтийн төрөлд оролцож, финалд шалгарсан бөгөөд “Парис 2024” паралимпын усанд сэлэлтийн S6 ангиллын эмэгтэй 50 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд уралдаж 13 дугаар байрт шалгарсан юм. Тэрбээр манай сайтад өгсөн ярилцлагадаа “Монголдоо усан сэлэлтийн тэмцээнд ороход цорын ганц хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд нь байдаг байсан. Тиймээс өөртэйгөө адилхан бэрхшээлтэй хүмүүстэй уралдахын тулд олон улсын тэмцээнд оролцож эхэлсэн. Адилхан бэрхшээлтэй хүүхдүүдтэй өрсөлдөж байж л өөрийгөө сорино гэдгийг мэдсэн хэрэг л дээ. Долоон жил эх орондоо эрүүл хүүхдүүдтэй өрсөлдсөний эцэст гэр бүлийнхэн маань Пара усанд сэлэлтийн холбоотой холбогдож эхэлснээр олон улсын тэмцээнд оролцох болсон. Энэ хүртэл туулсан зам, сурсан зүйлс маань тамирчин болоход шууд нөлөөлсөн” гэсэн юм. Түүний ярилцлагыг энд дарж уншаарай.
Жүдо бөхийн дэлхийн дэвжээнд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн наадмын алт, мөнгөн медальт Япон Улсын тамирчин Момо Тамаокиг ялж, хүрэл медаль хүртсэн Т.Ариунзаяа. 2021 онд 14 настайдаа залуучуудын УАШТ-ээс мөнгөн медаль, 15 настайдаа залуучуудын УАШТ-ээс алтан медаль, 16 настайдаа насанд хүрэгчдийн УАШТ-ий 57 кг-ын жинд хүрэл медаль, Европын цомын цуврал тэмцээнээс мөнгөн медаль, мөн Испани Улсын Фуэнхирола, Францын Твонвиль хотод болсон Европын өсвөр үеийн цуврал тэмцээнд долоо хоногийн зайтай дараалан түрүүлж, алтан медаль хүртсэн өсвөрийн аварга бөгөөд ирээдүйд олимпын тэнгэрт Монгол Улсынхаа далбааг намируулах ирээдүйтэй нэгэн. Түүний талаар аав Д.Тэрбиш нь “Миний охин их даруухан, тайван, дотогшоо хүүхэд. Харин нарийн ажиглах юм бол зүрхэндээ "галтай" гэж болмоор дотоод хүч чадал асар ихтэй. Мөн гойд эрэмгий, дайчин, хөдөлмөрч зан чанар нь нийлэхээрээ хэнийг ч байсан ялан дийлэх хүчтэй болдог гэж боддог” хэмээн ярьсан юм. “Т.АРИУНЗАЯАГИЙН ААВ Д.ТЭРБИШ: 16-хан настай охиноо дэлхийн дэвжээн дээр аваргуудтай барилдаж, ялахыг нь үзээд эрхгүй огшиж, бахархлаа” хэмээх ярилцлагыг бүрэн эхээр нь уншаарай.
Азийн бүсийн 19 орны 100 гаруй сурагч оролцсон Авиценнагийн нэрэмжит олон улсын биологийн олимпиадаас медаль хүртсэн анхны монгол хүн Г.Мишээл. Тэрбээр 2023 оны арванхоёрдугаар сард Киргиз Улсын зохион байгуулсан “Mendel’s Biology International Olympiad”, 2024 оны хоёрдугаар сард Англи Улсад зохион байгуулсан “British Biology Olympiad”-оос тус бүр алтан медаль хүртсэн бөгөөд Олон улсын Биологийн 34 дүгээр олимпиадаас хүрэл медаль хүртсэн юм. Г.Мишээл “Ирээдүйд анагаах ухааны чиглэлээр сурч, сайн эмч болно эсвэл хүмүүсийн амьдралыг уртасгах, сайжруулахад хэрэгтэй шинэ нээлт, эмийн бүтээгдэхүүн гаргана” гэж манай сайтад өгсөн ярилцлагадаа дурдсан юм. Эх орныхоо анагаах ухааны оюунлаг ирээдүй түүнд амжилт хүсье.
Есөн настай балчир хүү монгол хэл, монгол бичиг, англи хэл, тоо, түүх, IT, шинжлэх ухаан, эрүүл амьдрал, дижитал урлаг гэх есөн цэстэй аппликейшнийг зохион бүтээж, олон хүүхдэд бие даан хөгжих боломжийг олгосон билээ. Зургаан настайгаасаа англи хэл сурч эхэлсэн түүнд аав нь өдөр бүр 20 минут хичээл ордог байжээ. Д.Аргабилэг хүү цахимаар англи хэл зааж 150 гаруй шавьтай болсон юм.
Хүний алтан амийг аврахаас өөр хүнлэг, энэрэнгүй гавьяа үгүй билээ. Тэгвэл 2024 оны тавдугаар сард Номундалай сургуульд ухаан алдан унасан долдугаар ангийн сурагчид эмнэлгийн түргэн тусламж ирж байх хугацаанд хиймэл амьсгал хийж, анхны тусламж үзүүлснээр амь насыг нь аварсан Т.Баясгалан охиныг онцолж байна. Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Ерөнхий боловсролын Номуундалай сургуулийн 12Д ангийн сурагч тэрбээр 1000 гаруй хүүхдэд “Анхны тусламж” сэдвээр сургалт зохион байгуулж гэнэтийн үед өөртөө болон тусламж хэрэгтэй нэгэнд туслах чухал эрдмийг заасан билээ. Т.Баясгалан олон сайн үйлсийн эзэн бөгөөд “Хамтдаа давья” малчдад туслах сайн дурын аян өрнүүлж, 10 сумын 120 өрхөд өвс, тэжээл, хоол хүнсний тусламж дэмжлэг үзүүлсэн, 2024 онд “Сэтгэлийн үг”, “Сэтгэлийн гал”, “Дархлаалаг Номундалайчууд”, “Мартагдашгүй март” тэргүүтэй сайн үйлсийн аяныг санаачлан зохион байгуулж, үе тэнгийн хүүхдүүд болон иргэдэд тусалсан. Мөн тэрбээр “Ус үгүй бол амьдрал үгүй” саарал усыг дахин ашиглах сэдэвт контентыг санаачлан бүтээж Монголын хүүхдийн зөвлөлийн 21 аймаг, 9 дүүргийн төлөөлөгч хүүхдүүдийг уриалан, олон нийтэд түгээсэн юм.
“А” зэрэглэлд багтдагаараа онцлогтой “Арабеск” олон улсын балетын жүжигчдийн уралдаанаас Ү.Анар сонгодог бүжгийн жуньор ангилалд алтан медаль, орчин үеийн бүжигчний төрөлд алтан медаль хүртсэн бахдам амжилтын эзэн билээ. Түүний амжилтыг Монгол Улсын Засгийн газраас үнэлж 65 сая төгрөгөөр урамшуулсан. “Урлаг өөрөө ёс зүй, хүмүүжил, хатуужлыг бий болгодог” хэмээх Ү.Анар ирээдүйд дэлхийн алдарт балетчин болохыг мөрөөдөж, зорьж байгаа аж.
Дархан-Уул аймагт арванхоёрдугаар сарын 18-нд айл шатах үеэр 4-5 насны хоёр хүүхдийг халуун галаас авран хамгаалсан тэд жинхэнэ баатрууд билээ. Тухайн үед Н.Мөнхбаатар гэрийнхээ гадна цасыг цэвэрлэж байхдаа хөрш айлынхаа хүүхдүүдийг уйлж, орилохыг сонсжээ. Түүнийг хашаан дээгүүр харах үед хөршийнх нь гэрийн тооно шатаж, 4-5 настай хоёр хүүхэд нь гэрийнхээ гадна нимгэн хувцастай уйлан зогсож байж. Н.Мөнхбаатар эргэлзэлгүй хөршийнхөө гэрийг зорин гүйхдээ ах Э.Ганцоожийг утсаар дуудсан байна. Түүнийг хашаанд орох үед охины тэвэрсэн муур алдуурч, шатаж буй гэр рүүгээ орох үед хүүхдүүд ч даган шатаж буй гэр рүүгээ орсон гэнэ. Тэрбээр араас нь орж, таван настай хүүхдийг тэврэн гарч ирэх үед ах Э.Ганцоож нь зөрж орон, гэр дотор муураа хайж байсан дөрвөн настай хүүхдийг аварчээ. Тэднийг гэрээс гарсны дараа гэрийн тооно нурж унасан аж. Тэдний байгуулсан гавьяа нэг гэр бүлийг элэг бүтэн үлдээсэн бөгөөд олон хүнд үлгэр дуурайлал болсон юм.
МОНГОЛЫН ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙ БОЛСОН 2024 ОНЫ ОНЦЛОХ 10 ХҮҮХЭД |
|
2025-01-19 18:20:18
2025-01-19 18:04:27
2025-01-19 16:51:01
2025-01-19 14:21:56
2025-01-19 12:02:36
2025-01-19 11:53:24
2025-01-19 11:21:41
2025-01-19 10:39:29
2025-01-19 10:04:11
2025-01-19 09:57:30
2025-01-18 16:47:55
2025-01-18 16:31:18
2025-01-18 14:49:44
2025-01-18 11:24:50
2025-01-18 09:57:06
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |