...Миний хүү дуулж ч явсан, уйлж ч явсан. Унаж, бас босож үзсэн том эр байгаа юм аа. Олимпын дэвжээнд 19-хэн настайдаа тулалдаж, аварга болох дэврүүн мөрөөдлөөсөө мултарчихаад асгартлаа уйлж явлаа. Тэр том дэвжээнээс хоосон буцахыг, дахиж рингинд гарч чадахгүй ч байж мэдэх харууслыг мэдэрч үзсэн. Олон хүнд итгэл, сэтгэлээ дэвслүүлчихээд шантарч, шар хор нь буцалж ч явлаа. Тэмцээний бэлтгэлээс шууд Сэхээн амьдруулахын тасагт ч хэвтэж үзлээ. Харин миний хүү бууж өгч үзээгүй юм шүү. Үүргэвчээ үүрээд, байдгаа шавхаад тив алгасаж, өөрийгөө хайсан. Мэргэжлийн рингинд есөн удаа тулалдаж, хэн бэ гэдгийг харуулсан. Риогийн олимпын дутуугаа гүйцээхэд нэг алхам ойртоод, эх орондоо эргээд ирж байна. Тийм ээ, би ард түмний нүдэн дээр алдаа, амжилт нь дэлгээтэй байдаг, “дэггүй” бор хүүгийн ээж нь байгаа юм аа. Миний хүүг Эрдэнэбатын Цэндбаатар гэдэг.
Манайх Архангай аймгийн Чулуут сумаас нүүж, аймгийн төв рүү орлоо. Амьдрах гэж зүтгэхдээ захиргаанд үйлчлэгч, жижүүрээр ажилд орж байгаа юм. Тэр үед чинь ажил олдоно гэдэг нүдний гэм. Захиргаанд байхдаа гурван хүүхдээ өлгийдсөний бага нь Цэндбаатар. Миний хүү чинь бага байхын л сэргэлэн, цовоо, сахилгагүй, дүрсгүйгээрээ алдартай. Шударга бус зүйлтэй уйлж байгаад л үзнэ. Бусдад дийлдээд ирэхээрээ, хэлмэгдэж, бачуурахаараа шал мөргөөд унана. Өдөржин уйлна, духаа булдруу болтол нь өөрийгөө зовооно. Шартай гэж тоймгүй, заавал чадаж байж санаа нь амардаг цагаахан “амьтан”. Нэг өдөр цэцэрлэгийн багш нь залгалаа. “Хүүхэд чинь хувцасны шүүгээн дээрээс унаад, толгойгоо хагалчихлаа” гэсэн. Би ч гүйхээрээ хүү дээрээ очсон юм даг. Цэндээ хувцасны шкафаар дамжаад, пааран дээгүүр гүйсэн гэнэ. Өчнөөн удаа боль гэж хэлээд ч нэмэргүй, гүйж байгаад паар мөргөөд толгойгоо хагалжээ. Манай хүн тэгж мэдэх учраас би ч итгэсэн. Толгой нь гайгүй бол бушуухан аваад гэртээ харъя гэж бодоод, улалзаж зогслоо. Гэтэл Цэндээ “Багш аа, та яагаад худлаа хэлээд байгаа юм бэ. Хувцасны шүүгээн дээрээс та намайг буу гээд түлхээд, паар мөргүүлчихсэн биз дээ. Тэгээд миний толгой хагарчихлаа” гэж байгаа юм. Багшийнх нь царай хачин болсноо яваад өгсөн. Аль багаасаа л өөрийнхөө төлөө ингэж тэмцдэг, худал зүйлтэй эвлэрэхгүй гэдэг чиг шугамаа өнөөдрийг хүртэл алдаагүй яваа юм, миний хүү.
Дургүй нь хүрээд цэцэрлэгтээ явахаа больсон. Тэгж байтал манай дүү Америк явахаар болж, хоёр хүүхэд нь харах хүнгүй үлдлээ. Би дүүгийнхээ хоёр хүүхдийг харахаар Улаанбаатар руу ирж байгаа юм. Нөгөө Цэндбаатар чинь айлын бага, цэцэрлэггүй болсон учир ээжийгээ санаад болж өгдөггүй. Нөхөр маань ч ажлаасаа гарч, аймгийн зах дээр мах зарж эхэлсэн. Тэгж явсаар манайх хотын айл болж, Цэндээ маань сургуулийн сурагч болсон юм даа.
Манайх 2004 онд хотын айл болж, Цэндээ тэр жилдээ буюу найман настайдаа 57 дугаар сургуульд орж байсан. Зах зээлээ дагаад нөхөр бид хоёр ганзагын наймаа эрхэлсэн. Сүүлдээ гудамжинд жимс зарж байгаад зах дээр цагаан идээний лангуу түрээсэлж, ааруул, өрөм, зардаг боллоо. Гурван хүүхэд маань ёстой бор зүрхээрээ л хотын амьдралд хөл нийлүүлж, том болцгоосон. Аав, ээж нь өглөө гараад л үдэш орж ирнэ. Өдөр юу хийсэн, яасан гэдгийг нь бид мэдэхгүй. Гэхдээ манай Цэндээгийн юу хийдэг, өдрийг хэрхэн өнгөрүүлдэг нь тодорхой. Сургууль тарлаа, цүнхтэй хичээл, номоо хааш нь ч хамаагүй шидчихээд хүүхдүүдтэй гудамжинд өнжинө. 32-ын тойргийн хойд талын гудамжийг баруунаас зүүн рүү өдөрт хэчнээн ч явдаг байсан юм, бүү мэд. 32-ын тойргийн өтгөн, шингэнтэй голд өдөржин шумбана. Ингэж л хүн болсон хүн дээ, миний хүү чинь.
Яг үнэнийг хэлэхэд, би хүүгээ яажшуухан аятайхан хүмүүжилтэй болгоно доо гэж их санаа зовдог байж билээ. Дөрөв, тавдугаар ангидаа ёстой бид хоёрын чихийг халууцуулах шиг болсон. Сургуулийн захиргаанаас байсхийгээд л дууддаг, “хэрэг” тарилаа, хүүхэд зодлоо л гэнэ. Нэг өдөр багш нь жигтэйхэн ууртай дуудуулав. Яваад очтол Цэндээ наймдугаар ангийн хүүхдийн толгой хагалсан хэрэгтэй угтаж байгаа юм. Тавдугаар анги байж наймдугаар ангийг хүүхдийг зодчихоод намайг дуудуулж байгаа хүн шүү дээ. Гурвын дундуур нь цохиод, духыг нь хагалчихсан гэнэ. Өнөөх хүүхэд нь уйлаад, ээж нь хашхираад л жигтэйхэн юм болж байна. “Гартаа чулуу атгаж байгаад миний хүүгийн духыг хага цохижээ, танай хүү” гээд л хаазлаад байна. Гэтэл Цэндээ “Эгч ээ, би гартаа чулуу атгаагүй ээ. Би гараараа ганц л цохьсон” гэв. Тэгснээ “Танай хүүхэд чинь өмнө нь намайг жалганд оруулж байгаад ангийнхантайгаа нийлж зодсон. Тэгээд би хариугаа авсан” гэдэг юм даа. Цэндээгийн тавдугаар анги хүртлээ хийсэн зодооны түүх дуусахгүй байх.
Манай төрсөн дүүгийн хүүхэд Молор гэж хүү байдаг юм. Цэндээтэй гудамжинд байнга таарна, зодоон, цохион хийж байхыг нь бишгүй харсан. Тэгээд нэг өдөр “Чи дандаа зодоон хийж байх юм. Агаа нь чамайг бокс юм уу, бөхийн дугуйланд оруулъя” гээд дагуулаад явсан гэнэ. Эхлээд бөхийн заал руу орсон чинь Цэндээ сонирхохгүй, тоохгүй байсан гэсэн. Тэгээд боксын дугуйлан руу орсон чинь уухайн тас зөвшөөрөөд тэндээ үлдчихсэн байгаа юм. Зодоон, цохион гэхээр нүд нь сэргээд, Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын хорооны боксын дасгалжуулагч Б.Энхтайванд шавь орсон доо. Бас Бээжингийн олимпоор Хөдөлмөрийн баатар П.Сэрдамбын тоглолтыг миний хүү үзсэн юм билээ. Тэгээд л энэ спортод дурласан гэж ярьдаг. Сэрдамба чинь манай хамар хамар хашаа, Цэндээгийн сурсан 57 дугаар сургуулийг төгссөн. Бид ч тухайн үедээ боксын спорт гэдгийг нь сайн ойлгохгүй, мэдэхгүй учраас “Хэрэгт л орооцолдохгүй, хүүхэд л зодохгүй, аятайхан хүмүүжиж байвал боллоо” гэж бодоод нүдээ аниад хүүгээ явуулчихаж байгаа юм. Миний хүү тавдугаар ангийнхаа сүүлчээс шал өөр хүн болсон. Юун хүүхэд зодож, дээрэлхэх, бэлтгэлээсээ илүү гарахгүй, сургуулиа тарлаа, бэлтгэл рүүгээ гүйгээстэй. Тэгээд “Ээж ээ, багш намайг сайн байвал улсын аваргад оруулна гэсэн. Улсын аварга болчихвол сургалтын төлбөрийн сар бүр авдаг 5000 төгрөгийг авахгүй гэж байна лээ” гээд бөөн хөөр байдаг байж билээ. Ингэж л миний хүү Молор ахдаа хөтлүүлээд, боксын замд орсон юм даа. Бид тэр үед юун дэлхийн медалтан, Азийн аварга, олимпын наадмын өрсөлдөгч гэж төсөөлөх билээ дээ, хүүгээ.
АЗИЙН ХҮҮХДИЙН НААДМЫН МӨНГӨН МЕДАЛЬТ ТАМИРЧИН БОЛСОН НЬ
Зургадугаар ангиасаа улсын аваргад орж, түрүүлээд эхэлсэн. Тэгээд сар бүр төлдөг 5000 төгрөгөө багшдаа өгөхөө байж, бэлтгэлээ тасралтгүй хийдэг боллоо. Бид яг үнэндээ тухайн үед нь ажил ихтэй хүүгээ хайхардаггүй байжээ. 2012 онд 16 настай байхдаа гэнэт Азийн хүүхдийн наадамд явах эрхээ авчихсан байсан. Миний хүүгийн анхны олон улсын тэмцээн тэр байсан шүү дээ. Тухайн үедээ яаж ч болгосон юм дээ, миний хүү ямартай ч тэмцээндээ явсан. Тоглолтыг нь зурагтаар үзээгүй, хүүгээ юу болж явааг ч мэдээгүй. Тэгсэн чинь миний 16-хан настай хүү Ятутск хотод болсон Азийн хүүхдийн наадмаас мөнгөн медаль хүртээд ирсэн шүү дээ. Ингэж л бид хүүгийнхээ хичээллэж байгаа спортод анхаарч, чих тавьж эхэлсэн.
Азийн наадамд явсан хүүхдүүд эх орондоо ирлээ. Миний хүү медаль авсандаа бөөн баяр байсан ч гэртээ ирээд, халааснаасаа медалиа гаргахгүй уйлчихсан. “Би мөнгөн медаль авахгүй, алт авах байсан” гээд уйлаад байгаа юм. Тийм л шартай, тэрнийхээ төлөө хичээж, тэмцэж чаддаг хүү шүү дээ. Дараа жил нь Залуучуудын Азийн аваргад оролцоод хүрэл медаль, улсын аваргын алтан медаль хүртсэн дээ. Ингээд л миний хүүгийн тив, дэлхийн медалийн буухиа эхэлж байгаа юм.
2016 онд Азербайжан руу олимпын эрх олгох тэмцээнд мордсон. Миний хүүгийн амжилт ерөөсөө л гэрлийн хурдаар ахиж байгаа юм. Гэхдээ миний хүү өөрийгөө дайчилж, чадахаараа хичээсэн учраас тэр амжилтад хүрсэн юм шүү. Бэлтгэл бас дахин бэлтгэл л гэж амьдарсан. Тэр тэмцээнд үзүүрлэж, “Рио-2016” олимпын наадамд оролцох эрх хүртлээ. Зурагтаа тэвэрч аваад үнсэх нь холгүй баярлалгүй яах вэ. Хөдөө, гадаанаас ах, дүү, амраг, садан залгаад чухам л баяр боллоо. Чихнээс хонх уяж, дэггүйтэж байсан бор хүүгээ олимпын дэвжээ рүү бид ингэж л үдэж өгсөн юм даа. Зүүдэлж ч байгаагүй хамгийн сайхан мэдрэмж тэр байсан.
Хүүгийнхээ тоглолтыг үзэж чаддаггүй. Зүрхний хэм алдагдаад, өмнөөс нь бултаад, айгаад, сандраад юм юм л болсон, манай гэрийнхэн. Бид ч гэлтгүй монголчууд ч ялгаагүй байсан байх. Таних, танихгүй бүх хүн л миний хүүд итгэл хүлээлгэж, ялалттай нь хамт байсан. Медалийн төлөө тоглох хүртэл нь миний хүү монголчуудын хайртай хүү байлаа шүү дээ. Хүрэл медалийн төлөөх тоглолтыг одоо ч бодохоос зүрх зогсох гэж байгаа юм шиг санагдаж байна. Харамсалтай нь, миний хүү хожигдсон. Риогийн олимпын шагналт тавдугаар байрт шалгарсан. Бүх зүйл болсны дараа хүү минь өрөөндөө ганцаараа суугаад, ээж рүүгээ залгаад хэчнээн удаан уйлсан гэж санана. Тийм том зорилготой очсон шүү дээ, миний хүү.
Дараа нь, Токиогийн олимпод дутуугаа гүйцээх гэж очсон ч харамсалтай нь чадаагүй. Гэхдээ миний хүүд дутуугаа гүйцээх боломж дахиад байгаа...
Риогийн олимпийн дараа Хандгайтын бэлтгэлийн заалнаасаа гарч, хэдэн тамирчинтай наргиж цэнгэсэн. Гэхдээ тэднийг хэн нэгэн зохион байгуулалттайгаар хорлох гэж авч гарсан юм билээ. Дөнгөж 20-хон настай хүүхдүүд Цэргийн баяр тэмдэглэх ятгалгад ороод, заалнаасаа нууцаар гарсан. Тэгээд шөнөжин явсныхаа дараа миний хүүг 25 дугаар эмийн сангийн ойролцоо машинаар дайрсан. Урсгал сөрж ирээд л дайрчихсан, газар унаад хэвтэж байхад нь нэмж дайрах гээд байсан гэдэг. Үүрээр утас дуугараад хүү минь "Гэмтлийн эмнэлэгт ухаангүй хүргэгдэж ирлээ, та яаралтай ирээрэй” л гэж хэлсэн. Дэлхийн аваргын тэмцээнд оролцохоор Хандгайтад байрлаж бэлтгэл хийж байсан хүүгээ Сэхээний тасагт байгааг сонсох тэнгэр нурж байгаа юм шиг л санагддаг юм билээ.
Гэхдээ азаар хүү минь хүчтэй байж, эмнэлгийн орноос амархан боссон. Өнөөх мөргөж, гэмтээсэн машины жолоочид нь нэг жилийн тэнсэн харгалзах ял оноосон байна лээ. “Жакарта-2018” Азийн зуны спортын наадамд түрүүлж, бокстоо эргэн ирснээ зарлаад, өнгөтэй сайхан байсан даа. Дэлхийн аваргаас медаль хүртэж, Ерөнхийлөгчийн зарлигаар миний хүү Гавьяат тамирчин цол тэмдэг хүртсэн. 24-хэн настайдаа гавьяат болсон шүү дээ. Үүнээс хойш миний хүү алдаа, онооны чиг шугмаар тэнцүүхэн алхаж, ард түмний хайр хүндэтгэлийг үүрч яваа. Магадгүй энэ ачааг даагаагүй цаг үе ч байж мэднэ.
Хүүд минь хорссон, атаархсан, хорлохыг оролдсон хүн олон болсон байх. Сүүлийн жилүүдэд хэчнээн ч асуудлыг туулав даа, миний хүү. Сэтгэл санааны хувьд маш хэцүү цаг үе байсан байх. Шигшээ багаасаа хасагдлаа, Дэлхийн аваргын дэвжээнээс мултарлаа. Баахан хүний хууран мэхлэлт, худал амлалтыг тэвчиж, бай нь болж амьдарлаа. Амжилтыг нь мялаасан орон сууц, автомашины аль аль нь ирээгүй ч миний хүү өөрийнхөө хүчээр амьдралаа босгож яваа. Нэг л өдөр үүргэвчээ үүрээд, мэргэжлийн боксын аялалд гарсан. Явлаа гэдгээ гэрийнхэндээ бараг хэлээгүй дээ. Шийдвэр гаргаад, тодорхой хэмжээний амжилтад хүрснийхээ дараа аав, ээждээ хэлнэ гэдэг зарчимтай явсан байна лээ. Эхнэр, хүүхдээс нь л мэдэж байгаа юм. Ийм л замаар миний хүү амьдарч, эрээнтэй, бараантайг хорвоог туулж байна. Маргааш миний хүү үүргэвчээ үүрээд, эх орондоо ирнэ. Яг одоо л миний хүүгийн цаг эхэлж байна...
Э.ЦЭНДБААТАРЫН ЦАГ ЭХЭЛЛЭЭ... |
|
2025-03-17 12:54:33
2025-03-17 12:25:09
2025-03-17 12:15:18
2025-03-17 12:09:08
2025-03-17 11:26:17
2025-03-17 11:25:39
2025-03-17 11:16:33
2025-03-17 11:13:30
2025-03-17 10:27:21
2025-03-17 09:32:19
2025-03-17 09:15:25
2025-03-17 07:39:20
2025-03-17 07:00:00
2025-03-17 07:00:00
2025-03-17 07:00:00
2025-03-17 07:00:00
2025-03-17 07:00:00
2025-03-16 15:19:34
2025-03-16 14:49:56
2025-03-16 14:32:50
2025-03-16 14:17:24
2025-03-16 14:06:21
2025-03-16 12:47:06
2025-03-16 12:31:13
2025-03-16 11:14:21
2025-03-16 10:27:49
2025-03-16 10:21:01
2025-03-16 09:50:03
2025-03-16 09:40:58
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |