Яруу найрагч, зохиолч Л.Өлзийтөгсийн “Сарны толь бичиг” хэмээх номоос онцлох долоон шүлгийг уншигч та бүхэндээ хүргэж байна. Тэрбээр 1995 оноос “Тэргүүн бүлэг”, “Тэнгэрт ургадаг модод”, “Эрх чөлөөтэй байхын урлаг”, “Ганцаардлын дасгал”, “Нүдний шилэнд үлдсэн зургууд”, “Миний гунигийн түүх”, “Төсөөллийн өрөөнд”, “Үзэхийн хязгаар”, “Хотын үлгэрүүд”, “Толинд туссан Будда”, “Хараацай зогсолт” /2 боть/, “Салхины нэр Ө” хэмээх ном хэвлүүлжээ.
ЗҮРХНЭЭС АСУУХ АСУУЛТ
Ээ, зүрх ээ, эрхэм зүрх ээ, хүндэт зүрх ээ!
Энэ их харанхуйн дунд гав ганцаар
Эцэж цуцахгүй гэрэлтсээр байх чинь юуных вэ?
Ээ, зүрх ээ, гунигт зүрх ээ, зөрүүд зүрх ээ!
Энэ бүх нулимсан дунд гань ганцаар
Эхэр татавч дүрэлзсээр байх чинь яагаад вэ?
Чичирсхийн сулдавч чимээгүй оргилсоор л.
Эцэсхийн туйлдавч эрвээхэй шиг дэвсээр л.
Зүгээр, биеэ хураагаад
үүрдэд хувирчихаж болохгүй юу?
Зүрх ээ, зоригт зүрх ээ!
зүүдэндээ ч аньдаггүй зовлонт зүрх ээ!
Уйлам их шаналангийн галаас
урган төлжих улаан од оо!
Урагдам бэрх шархиран дотроос
уугин асах гэрэлт оч оо!
Ахиад ч бид хоёр хэдэн удаа
Асан дурлах вэ, амь тавьтал хууртах вэ?
Ахиад чи бид хоёр хэчнээн жил
Амьдралаас зуурах вэ?
Амгалангаас зугтах вэ?
Зүрх ээ, зүрх ээ, зүггүйхэн зүрх ээ!
“Зөвхөн урагш!”
Бадрангуй зүрх ээ!
БУРУУТАН
Хайраас л хамаг юм болсон!
Харанхуйг халгитал нь сар санаа алддаг.
Хайраас болсон!
Хараацай хашгичаад л сүүлээ тас хуваасан.
Хайраас болсон!
Согтсон ганц үүл солиортлоо уйлдаг.
Хайраас л болсон!
Сохорсон галт уул гэнэтхэн оргилдог.
Хайраас, хайраас, хайраас л болсон!
Хосоороо байхдаа ховсдуулснаас болж л
Хорлогдсон одод унтахаа больсон.
Хамтдаа байхдаа ч харддагаасаа болж л
Хавар намар өвлөөр хагацсан...
НУТАГ
Давалгааг нь бахдан биширдэг ч
Далайгаас би тал нутгаа л хардаг.
Намуухныг нь гайхан залбирдаг ч
Наран дотроос би эх нутгаа л үздэг
Нууцлаг сансарт ээждээ тэврүүлдэг ч
Нулимсандаа урссаар нутагтаа л ирж сэрдэг
Төөрөх минь амархан ч их харгуй бүрээс
Төвөггүй олддог ганц л зам минь Монгол!
УНШИГЧ, ЯРУУ НАЙРАГЧ ХОЁР
"Шүлэг яаж бичдэг юм бэ?" гэж
Шүүдэр шиг эмзэгхэн охин асуулаа
Сормууснаас нь нэг ширхэг унаад
хацар дээр нь тогтсоныг би харлаа
Солгой гарынх нь ялдам хурууны бэлзэг
анилдан, анилдан эвшээхийг үзлээ
Хүзүү нь нэг ч үрчлээгүй...
хүний уруул хүрээгүйг мэдэрлээ
Хүүхдэрхэг, хонгор түүний гар
аймхай зүрх шиг нь чичрэн буйг анзаарлаа
"Цонхоор юу харагдаж байна?гэж
Цонхигор би хариу асуулаа
"Цас орж байна,
гурван өндөр охин явж байна!" гэж
тэр хариуллаа.
"Цагаан болчихжээ, хот маань...
Өө, нэг ах уначихлаа!" гээд инээлээ.
"Тэнд нэг машин эвдэрчихэж...
Хүүе... доогуур нь нэг нохой шургачихлаа.
Тэр, тэр... хардаа эгч ээ!
замын гэрлүүд ер солигдохгүй байна..."
"Тийм ээ, цас орж байна!" гэж
Тэрүүхэндээ санаа алдан би инээвхийллээ.
Тэд үнэндээ хүн бишээ, охид биш,
гурван тогоруу л хүний дүрээр алхаж байна.
Тэр машин ч эвдэрсэн юм биш ээ,
цасны будраанд түр зүүрмэглэж байна.
Тэнэгхэн нохой гөлгөө хайж яваа юм аа,
хөлдөөд үхчихсэнийг нь мэдээгүй...
Тэвдүү тэр залуу өөрөө бүдрээгүй ээ,
сүнснүүд хөлийг нь дэгээдчихсэн юм.
Улаан гэрлүүд гацаагүй шүү,
цасны илбээнд л согтоод дүрлийчихэж!
Угаасаа манай хот цав цагаан,
шөнөөр бүр ч гэрэлтдэг юм.
Чиний хацар дээрх, тасарсан сормуус
өчигдөржин уйлсныг чинь хэлчихсэн шүү.
Чи мэдэх үү, энэ бол шүлэг
чи өөрөө ч шүлэг!
Шүлэг бичиж яах гэсэн юм бэ? гэж би асуулаа.
ӨНЧИН ХҮНИЙ ТОГЛООМ
Сарны туяаг ирмэн нийтгээд
Сайтар чангалан олс сүлжээд
Сайхан бөх савлуур хийгээд
Сансарт тултал дүүлж тоглоно
Дүүжин даажин, дүүжин.
"Ээжээ!" гээд нэг савлана
Эцэнхий одонд хүрэн алдана
Эцгээ дуудан ахин савлана
Эцэсгүй тэнгэрт живэн алдана
Дүүжин даажин, дүүжин
Дүүргээд л хоослох даажин
Өргөст саран инээд алдана
Өнчин хүүхэд эхэр татна.
МИНИЙ НЭР
Намайг тэд
найртай сайхнаар л цолллох боллоо.
"Намбатай", "ямбагтай", "ихэмсэг" гэж
дураараа гүтгэх ч боллоо.
"Аугаа, домог, од" гэж
амьддаа хэлүүлж ч үзлээ.
Арай л үхчихээгүй атлаа
алтавтар хөшөө босгуулах шахлаа.
Уртд нэгэн цагт,
номыг минь хэн ч уншдаггүй байхад
(уншаасай гэж би ч залбирдаггүй байхад
Бичсэн хэдэн цулгуй үг минь
бийрлэсэн хэдэн цусан таталбар минь
минийх биш болчихлоо.
Би бич лүү? Тэд ч бич лүү?
Ээ -ээ -ээ! Түмнийх болчихлоо
Уг нь тэд
шаналлын минь л, шархны минь л
хар цагаан гэрэл зургууд юм сан.
Уул шугамандаа
шархирсан сүнсний минь л
нууц тэмдэглэлүүд юм сан.
Алдаршихыг хүссэн гэж
хэн миний өмнөөс бодож чадав аа?
Амташсан хэрээнд л шидэж өгдөг
өвдөл цөвдөлхөн шиг
Алга ташилт, хув хуурай...
аягүй, хорсом, хоосон ташилт.
Магтаалд дуртай гэж
хэн, яагаад намайг төсөөлөв өө?
Малгайнд ч дургүй надад
цаасан титэм юунд өмсгөв өө?
Зүгээр л, чихэр хүлхэнгээ
гэнгэнэн дуулангаа, од тоолонгоо
Зүүдээ зурангаа
инээж суудаг намайг
Зүүгээр чиг хатгаад
сүүгээр чиг будаад...
Миний нэр, ердөө:
Шүлэгч!
МИНИЙ ХУВЬД
Амьдрал үнэндээ миний хувьд
Агшин зуурын нэг л бодол
Атга будаа, зүсэм талх
Аяга дүүрэхгүй хүйтэн цөцгий.
Зовлон үнэндээ миний хувьд
Зоргоороо түрсэн нэг л хашгираан
Уйлж суухдаа оёсон цэцэгний
Улаан өргөс... Өндөгний цус.
Хайр дүүрэн миний хувьд
Хальж үсчсэн оргилуун дарс
Амт нь нялуун, сүүтэй шоколад
Араас нь уусан ходоодны эм.
Үхэл үнэндээ миний хувьд
Үүргэвчтэй аялал, хямдхан нислэг.
Замын, харанхуй дэн буудал
Залбирч суухад мандсан сар.
ЯРУУ НАЙРАГЧ Л.ӨЛЗИЙТӨГСИЙН “САРНЫ ТОЛЬ БИЧИГ” НОМНЫ ОНЦЛОХ ДОЛООН ШҮЛЭГ |
|