• Өнөөдөр 2024-05-10

УНАГАН ХАЙРЫН УЯНГАТАЙ ЭМЭГТЭЙ

                          Түүнийг өгүүлшгүй их хайрын гүн нууранд амьдарсан цэн тогоруутай зүйрлэмээр санагддаг юм. Жинхэнэ цэн шувуунаас ондоо нь тэр “нуурандаа” унаган хайраа дуулж, зүрхний уяагаа тайлж, оройтсон бороог аялж, нулимсанд ургасан хайрыг амтлан жаргасан хүмүүн. Тэр амьдрал хэмээх мэлтэлзсэн хөх нууранд ингэж л жаргаж, цалгиж, халгиж, давалгаалж, долгилж амьдарсан эмэгтэй. Ингэхдээ өөрөөсөө аялгуу эгшиг хөврөөж, түүгээрээ амьдралын тавцанд дуу хуурын мяндсан “хэц татаж”, эмзэг яруухан дуу хоолойгоороо амьд бүхний зүрх сэтгэлийн цайзыг нэвтлэн дуулсан нь он цагийн дэвтэрт өнөө ч “НАРМАНДАХ”  гэсэн нэрээр бичигдсээр яваа. Түүнийг өөрийн бичвэртээ харин  “Унаган хайрын уянгатай эмэгтэй” гэж уриад, уншигч таны өмнө ийн дэлгэж байна.

-ТҮҮНИЙ УЯНГА-

      Багад зурагтын суваг цөөн болохоор дуу, нэвтрүүлэг, кино гээд юу л гарна үздэг байсныг бидний үеийнхэн юу эс андах билээ. Тэр үед анхлан зурагтаар “Унаган хайр” дууг түүний дуулснаар сонсож байлаа. Тайзнаа богино үстэй, нарийхан хөмсөгтэй, туранхай бор эмэгтэй цангинасан цовоо хоолойгоор 

...Үд хэвийх насандаа үлгэр шиг хэвээрээ

Үлэмжийн гоёмсог зурсан зураг шиг янзаараа

Өтлөх нас гэж байдаггүй унаган хайр аа

Үргэлж зүрхэнд минь жаргалтай унаган хайр аа... гээд л дуулдаг сан.

Тухайн үед дууны нарийн утга, агуулгыг сайтар ойлгохгүй болохоор ч тэр үү “...Үлэмжийн гоёмсог зурсан зураг шиг..”.гэх мөрт нь надад Б.Нармандах дуучны өөрийнх нь хөмсөгийг л хэлээд байх шиг санагддаг байсан. Харин хожмоо дуучин нь л өөрөө ийн хүний зүрх сэтгэлд хүртэл дуулдаг байсны шидээр л хүмүүсийн дотор өөрийн орон зайгаа эзлэн, оршиж, дуулсан дуу нь олон хүний хайр дурлалын нандин мөчид нь эгшиглэж, дурсамж бүтээж үлдсэн болов уу. Иймээс л сонсох тусам өөрийн гэсэн уянга байгааг олж сонссон юм. Ганц “Унаган хайр” ч гэлтгүй “Амьдралын алтан хонх”, “Зүрхний уяа”, “Бэрсүүт жүрж”, “Бэр цэцэг”, “Оройтсон бороо”, “Энэ л миний буруу”, “Хайрыг хайрла”, “Нулимсанд ургасан хайр”, “Эцсийн тушаал” гээд нэгэн он цагаас түүсэн шүр, сувд шиг дуунуудаа өөрийн хөг аялгуу, зүрх сэтгэлийн айзам хэмнэлээр хөглөн дуулсан нь мөнөөхөн хэн бүхний гэгээн дурсамж, амьдралын тойрогт эгшиглэсээр байна. Одоо харин “Унаган хайр”-ыг сонсохоор салхивчаа нээхэд сэнгэнэх тунгалаг агаар шиг сэнгэсэн мэдрэмж төрнө. Тэгээд л сэтгэлийн өрөө тасалгаа бүхэнд өнгө, өнгийн баяр жаргалыг түгээх шиг болж, эсвэл үүлэн дээгүүр хөвөн дүүлэх мэт санагдана. Өрөөлийн зүрхэнд өөрийгөө аваачих зам хүний авьяас болоод мэдрэмж, өөрийн гэсэн уянга эгшигт байдгийг тэр бидэнд цөөн боловч зүрхнээс эгшиглэсэн онцгой дуу хоолойгоороо үлгэрлэсэн эмэгтэй. Түүний аялгуу эгшиг сэтгэлд нь очоогүй хүн энэ цаг хугацаанд лав байхгүй.

-Б.НАРМАНДАХ Л ДУУЛЖ БАЙЛАА-

     Хорь гаруйхан, настай хонгор зүстэй охин харчуулын харцан дундуур дуу хоолойгоороо ч, эгэл даруухан үзэсгэлэнт төрхөөрөө ч ид туучиж явсан үе. Бүр “Унаган хайр” дуугаа дуулахад хосууд чуулж, “Эцсийн тушаал” жүжгийн дуугаа дуулахад цэргүүд жагсдаг байсан гэхээр ямархан хараа булаам, хамгийг өөртөө татаж явсан нь илэрхий болов уу. Б.Нармандахыг дуулахад тэр нугалаа, цохилттой өргөлт, үгээс үг, мэдрэмжээс мэдрэмж хоорондох шилжилт, хувиралтын ондоог ээ. Зарим үгийг тун хачин эмзэг, заримыг нь эрс шулуун өгүүлэн дуулна. Хувь сонсогчийн хувьд түүний дуу хоолойноос гарах энэ аялгуу эгшиг хүний сэтгэл зүрхэнд хүрээд  байдгийн учир чухам юунд байна гэж эрсэн эрэлтэд ийн олсон ололтууд энэ. Эмэгтэй хүнээс л гарна даа гэмээр эмзэг турьхан, элгэмсүү, уян зөөлөн бүхэн дуугаар нь илэрхийлэгдэж, улам ч тансаг, нандин сонсогдох шиг болдог. Мөнхүү драмын хүн болохоор ч тэр үү драмын өнгө аяс ч дуунд нь багагүй шингэсэн байх нь бүр ч онцлог гэмээр.

-ААВ НЬ ТҮҮНИЙГ АМЬДРАЛЫН ТЕАТР РУУ ХӨТӨЛСӨН-

   Жаахан охин аавыгаа дагаад Дуурь бүжгийн эрдмийн театр гэх том айлд өнжиж, театрын үнэр, уур амьсгалыг эрт мэдэрсэн гэдэг. Тус театрын балетын найруулагч хийж явсан аав нь уран бүтээлээрээ бол бидний эчнээ танил бөгөөд “Морьтой ч болоосой” киноны Гончиг буюу Монгол Улсын Гавьяат жүжигчин Г.Батсүх. Аав нь “Морьтой ч болоосой” кинонд тоглохдоо л монтажчин хийж байсан ээжтэй нь танилцаж гэр бүл болсон түүхтэй. Ингээд Б.Нармандах аавынхаа ажлыг хажуунаас нь харж, олон ч дуурь, балетыг  дэргэдээс үзэж, уран бүтээлчдийн төрх байдал, дүрдээ орж байгаа, дуулж байгааг ажигладаг байжээ. Таван настайдаа бүр “Чио Чио сан” дуурийн бяцхан охины дүрд ч ороод амжсан байдаг. Аавынхаа гараас атган театр хэмээх бүдэг гэрэлтэй намуухан мөртлөө бүхнийг үзүүлэгч орчин руу алхаж явахдаа л тэр амьдрал, уран бүтээлийн замдаа алхаж байснаа мэдээгүй болов уу. Ингэж л аав нь түүнийг урлагийн чанга мөртлөө амттай армид хөтөлж, амьдралын тайз, театрын тайз гэх хоёр тайзан дээр гаргах зам руу чиглүүлжээ. 

   Мөнхүү түүнийг урлаг руу хөтөлсөн өөр нэг зүйл нь Оросын нэвтрүүлгүүдийг  их үзэж, орос дуучдын намтартай пянзыг сонсч дуулдаг байсан сонирхол нь. Ааваас эхлэлтэй, өөрөө ч сонирхолтой охин ингээд л ахлах ангиасаа улс төрийн "Үүрийн туяа” хамтлагт дуучнаар орж, уралдаан тэмцээнд орох болжээ. Ийн явсаар урлагийн хүн болох замыг эргэлт буцалтгүй сонгож, Улсын багшийн их сургуулийн кино драмын ангид орох гэтэл элсэлт авдаггүй жил таарсан байж. Ингээд жилийн хугацаанд Хүүхдийн театрт шалгалт өгсөн байна. Шалгалтаа өгөхөөр очтол “Гарын таван хуруу” киноны Шагдар буюу Л.Лхасүрэн багш тэргүүтэй хүмүүс шалган, авч, театртаа дагалдах ажилтнаар тэнцүүлсэн байна. Ингээд Хүүхдийн театрт 1979-1980 онд дагалдан жүжигчин хийгээд, дахин шалгалт өгснөөр Кино драмын ангид орсон түүхтэй. Ийнхүү чамгүй ээдрээ, хугацаа орсноор зорьсондоо хүрч сонирхсон мэргэжлийнхээ зам мөрт бат ороод авсан нь энэ. Театрын уран бүтээлч болох замнал эндээс эхэлсэн байдаг.                                  
 

-НУЛИМСАНД УРГАСАН ХАЙР-

   Аавынхаа үргэлжлэл болж, авьяас билгийг нь өвлөж, дуулж, жүжигчин ч болж эхэлсэн залуухан охин харин хайр сэтгэлийн хувьд багагүй донсолгоотой цаг хугацааг туулсныг мэдэхгүй хүн үгүй болов уу. Аман зохиол шиг амьдралын энэ хэсгийн хуудсыг мэдэх учир алгасаад харин юугаар ч өгүүлэгдэшгүй хайр сэтгэл болоод их хүндлэлийн тухай дурдах нь зүйтэй болов уу. Түүний дуулдаг “Нулимсанд ургасан хайр” гэж дуу бий. Сонсохоор л өөрийн хайр сэтгэл, амьдралаа дуулсан юм уу гэмээр.

...Уйлж, дуулаад ч болдоггүй,

Учиг зангидсан хайр минь... гээд зүрх сэтгэлийнхээ дотор буцлан, дэвэрч байгаа бүхнийг дуугаараа илэрхийлж, мөнхүү зөөлөн анирдаж, хөнгөн гунигаар даршилж өнөөдөр ч хайртай ханиа үгүйлэн, дурсамжиндаа дулаацаж яваа эмэгтэй. Ингээд харахаар хайр сэтгэл нь хүртэл уянга болсон эмэгтэй тэр мөн юм. “Эцсийн тушаал” жүжгийн дуу гэхэд мөн л ханийнхаа сайхан чанар, агуу авьяастай уран бүтээлч байсныг нь төлөөлөн хэлж байгаа мэт сэтгэл зүрхнээсээ түрэн дуулдаг.

-ДРАМЫН НАРАА-

       Гал дөлтэй эмэгтэйчүүдийн төлөөлөл бол Б.Нармандах яах аргагүй мөн. Авьяасын хувьд бол цацаа цалгиа, дэвэрч, сүлэрсэн л эмэгтэй. Дуулна, бүжиглэнэ, эсрэг, эерэг дүрд ч хувирна. Дэлгэцэд ихэвчлэн хатуу чанга ээжийн, ханийн, эгчийн гээд эсрэг дүрд ажилладаг бол тайзнаа харин ямар ч дүрийг гаргана. Залуу ид сайхан насандаа театр хатуу дүрэм журам ёсоор гэр бүл үймүүлсэн гэдэг шалтгаанаар түүний өмнө хаалгаа хааж байсан Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Д.Ухнаа гуай түүнийг Улсын Филирмони гэх их айлдаа авч, авьяас, мэдрэмжийг нь тордож байтал Улсын драмын эрдмийн театр эргэн хаалгаа нээснээр тэр эргэн тайзнаа гарсан байдаг. Ийн театрын тайзнаа бүхнээ зориулж, урлагт өөрийгөө бүтээж явахдаа олон сайхан дүрд орж, дүрийнхээ өмнөөс шаналж, зовж, өвдөж, өрөвдөж, өмөрч, сэмэрч, бүр үхэж, сэхэж, үгүйлэн санаж, хайрлан дурлаж явсан. Тэр “Мануухай” жүжгийн сонгуулийн хорооны ажилтан, “Лусын дагина”-ийн хатан, “Эдип хаан” жүжгийн шивэгчин, “Парисын Дарь Эхийн сүм”-ийн Гудул, “Шар тэнгисийн тарчлаан”-ны Бурмаа, “Диваажингийн хаалга” жүжгийн эмэгтэй, Кихот ноён жүжгийн Лоренц, “Надтай үлдээч” жүжгийн Жаргалмаа, “Оролмаа” жүжгийн Должин, “Аннна Каренина” жүжгийн театрын хатагтай зэрэг гол болон туслах дүрд ажиллаж, авьяас билэгээ чамгүй нэрж, өөрийгөө үзэгчдэдээ харуулсан. Ерөөс тэр хоёр тайзан дээр амьдарсаар өдгөө ч урлагийн нэгэн салаа мөчир дэлгэцэд тулхтай, залуу хойч үедээ зөвлөсөн уран бүтээлч болж, уран бүтээлээ хийсээр явна.

      Тэр амьдрал хэмээх нууранд үдэлсэн ийм л нэгэн цэн тогоруу шиг уран бүтээлч. Давалгаа бүрийг нь мэдэрч, өөрийнхөө аялгуу эгшгээр зөөллөн бүүвэйлж,  уран бүтээлээрээ долгисуулж, өөрөө ч мөн ширүүн давалгаанд нь цохиулж, заримдаа эрэг рүү шидэгдэж явсан. Харин амьдрал болоод театр гэх хоёр тайзан дээрээ ив ижил уянгатай уран бүтээлч юм даа гэсэн бодол л бичвэрийн төгсгөлд улам биежиж үлдлээ. 


УНАГАН ХАЙРЫН УЯНГАТАЙ ЭМЭГТЭЙ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 6
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-14 19:10:12
    Otgonbaatar: Useg bichgiin bolovsroliig ni anhaaraarai??? Erhlegch Hurelbaatar aa!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-14 17:56:08
    Зочин: 1980-аад оны сүүл, 1990-ээд оны эхээр гэх гэсэн байлгүй дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-14 15:21:56
    irgen: Eene ergeltiinhen saihan humuusii tuhai "bichver" hiideg ch boon aldaa, humuusiig ingej gutaaj bolohgui sh dee. Er ni ene setguulchintser humuust togsdog surguuli gej baidaggui yum uu. Neg l ih tsetsen mergen bichih geed bur yadchih yuym, utgagui gej, uur hurmeer. Mongol hel, nairuulga zui gej medeh uu. Mergejliin bus nad shig hund l ingej gologdoj bna daa.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-14 14:57:11
    сурагч: эргэлтийн эргүү сурвалжлагч бямбасүрэн гэгчээ юм унш. УБДС гэдэг бол улаанбаатар дээд сургууль гэж бгаа юм биш. улсын багшийн дээд сургууль гэж байгаа юм. ёстой нүдний булай юмаа чи. нармандахын үед улаанбаатар сургууль багагүй.ядахнаа өөрөөс нь асуухгүйдээ. тэгээд олон долоон юм бичих санаатай..ажлаа өгөөд гар.өөр юм хий.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-14 14:45:54
    zochin: aviiastai mundag emegtei schuu !!! , ter duunuud n tasarchai tasarchai !!!. Ter Ariunaa oor chench bilee ted nar bol jul uncheer jul !!! . Naraadaa dandaa saichan amidral bileglie
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-14 14:45:52
    zochin: aviiastai mundag emegtei schuu !!! , ter duunuud n tasarchai tasarchai !!!. Ter Ariunaa oor chench bilee ted nar bol jul uncheer jul !!! . Naraadaa dandaa saichan amidral bileglie
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188