Нийслэлийн Прокурорын газрын орлогч прокурор Ц.Насанбатыг тушаал бууруулж, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналт шалгалт хариуцсан ахлах прокуророор өчигдөр томилсон.
Тэгвэл түүнийг ямар шалтгаанаар тушаал бууруулсан талаар эх сурвалж “Ц.Насанбатыг АТГ-аас дөрвөн тэрбум төгрөгийн авлигын хэргээр шалгаж эхэлсэн байж болзошгүй” гэж мэдээллээ. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газрын орлогч прокурор асан Ц.Насанбатыг прокурорын байгууллагын нэр хүндийг хувийн ашиг сонирхолдоо ашиглаж, бусдад давуу эрх олгосон, бусдын захиалгаар бусдыг хэрэгт холбогдуулан шалгасан, хэрэгсэхгүй болгосон, шалгагдаж буй хэргүүдийн тухай гадагш мэдээлэл задруулсан зэрэг хэд хэдэн үндэслэлээр шалгаж эхэлсэн гэх мэдээллийг албаны эх сурвалж өгч байна.
Хамгийн ноцтой нь Орлогч прокурор асан Ц.Насанбат нь эл хууль бус үйлдлүүдээ олон удаагийн давтамжтай үйлдэж, бусдаас нийт дөрвөн тэрбум төгрөгийн авлига авсан байж болзошгүй хэмээн АТГ-аас үзэж, шалгаж эхэлсэн гэнэ.
Сүүлийн үед Нийслэлийн Прокурорын газар, тэр тусмаа орлогч прокурор Ц.Насанбат нэр бүхий улстөрчдийн хэргийг хэрэгсэхгүй болгосон, сэргээн шалгаж эхэлсэн, хэрэг наймаалцсан гэх мэдээллүүд гарч эхэлсэн. Тухайлбал, АН-ын дарга асан С.Эрдэнэ мэдээлэл хийх үеэрээ “Ерөнхийлөгч Х.Баттулгын шадар туслах Г.Түвшинжаргал над руу залгаж, “Танд бичиг өгөх хэрэгтэй байна” гэсэн. Гэтэл өгсөн бичиг нь Нийслэлийн прокурорын газрын орлогч прокурор Ц.Насанбатын гарын үсэгтэй С.Эрдэнэд үүсгэсэн хоёр хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол байсан. Харин дараагаар нь Нийслэлийн ерөнхий прокурор Ш.Нямдорж С.Эрдэнэтэй холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоолыг хэрэгсэхгүй болгож хэргийг дахин сэргээсэн” гэж мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, Орлогч прокурор Ц.Насанбат нь хэн нэгэнд давуу эрх олгож, захиалгаар өөрт нь холбогдох хоёр хэргийг хэрэгсэхгүй болгож өгсөн гэх агуулга бүхий С.Эрдэнийн мэдээлэл нь АТГ-аас Ц.Насанбатыг шалгах болсон гогцоо байж болзошгүй байна.
Түүнчлэн прокурор Ц.Насанбат өнгөрсөн хоёрдугаар сараас хойш олны анхааралд байгаа өмгөөлөгч гэх Б.Баасанцогттой ресторанд хамт хооллож буй зураг нь цахим орчинд тарсан. Өөрөөр бол шүүгч, прокуроруудтай ажлын бус цагаар уулзаж, хэрэг гацаах, шалгах агуулгатай ялын схем төлөвлөж, их мөнгөний наймаа хийдэг гэгдээд буй Б.Баасанцогттой Нийслэлийн орлогч прокурор Ц.Насанбат ямар зорилгоор уулзсан бэ гэдэг нь анхаарал татаад буй юм. Тэдний уулзалтын цаана том хэргийн сэжүүр байж болзошгүй гэж АТГ-аас үзэж буй тухай ч эх сурвалж хэллээ.
Мөн сүүлийн үед улс төрийн хүрээний гол сэдэв, ноцтой асуудал болж хувираад байгаа “С.Зоригийн хэрэгтэй холбоотой шинэ нөхцөл байдал илэрсэн” гэх асуудал ч эцэстээ Ц.Насанбаттай холбогдож болзошгүй гэнэ.
Тушаал буурсан прокурор Ц.Насанбат дөрвөн тэрбумын авлигын хэрэг үйлдсэн байж болзошгүй тул АТГ-аас шалгаж эхэлжээ |
|