• Өнөөдөр 2026-06-17

“ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ”-ЫН ТЕНДЕРТ “CHINA HYWAY GROUP”-ИЙГ ТӨЛӨӨЛСӨН Б.ЗОЛБОО ГЭЖ ХЭН БЭ

2026-06-17,   140

         Хотын дарга асан Х.Нямбаатарын “тушаал”-аар “Туулын хурдны зам”-ын тендерийг гардан зохион байгуулсан хүн бол Нийслэлийн замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр. Тэгвэл Нийслэлийн замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр нь “Туулын хурдын зам”-ын тендерийг зарлахаасаа өмнө буюу 2024 оны арванхоёрдугаар сарын 16-нд Хятадад очиж, “China Hyway group”-ийн Дэд ерөнхийлөгч Zeng Biao гэгчтэй уулзалт хийсэн. Энэ уулзалтандаа Б.Одбаяр нь Б.Золбоо гэх залуутай хамт оролцсон, хажуунаасаа салгаагүйг доорх зургаас харж болно. 
 
      Нийслэлийн замын хөгжлийн дарга Б.Одбаяр Хятадаас буцаж ирээд сарын дараа буюу 2025 оны нэгдүгээр сард “Туулын хурдны зам”-ын тендерийг 1.9 их наяд төгрөгийн төсөвтэйгөөр зарласан. Гэвч энэ тендерт Хятадын “China Hyway group” оролцож амжаагүй. Тэгмэгц нь “Туулын хурдны зам”-ын тендерийг цуцалсан. Улмаар 2025 оны дөрөвдүгээр сард “Туулын хурдын зам”-ын тендерийг 2.3 их наяд төгрөгийн төсөвтэйгөөр дахин зарлаж, өнөөх Хятадын “China Hyway group”-ийг шалгаруулсан байдаг. Магад, 1.9 их наяд төгрөгийн төсвийг нь 2.3 их наяд төгрөг болгож нэмэхийн тулд эхний тендерт Хятадын “China Hyway group”-ийг зориудаар оролцуулаагүй ч байж болно. 
 
        Хамгийн ноцтой нь, “Туулын хурдны зам”-ын энэхүү тендер шалгаруулалтад Хятадын “China Hyway group”-ийн төлөөлөгчөөр Б.Золбоо оролцсон. Тодруулбал, Тендер шалгаруулалтын цахим системд Хятадын “China Hyway group”-ийн бичиг баримтыг Б.Золбоо бичиж илгээсэн, өөрийнхөө тоон гарын үсгээр баталгаажуулсан байгаа юм. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяртай Хятадад хамт явж байсан Б.Золбоо гэгч нь “Туулын хурдны зам”-ын тендерт “China Hyway group”-ийн төлөөлөгч менежер болоод гараад ирсэн гэсэн үг. Тэгэхээр 2.3 их наяд төгрөгийн “Туулын хурдны зам”-ын тендерийн будилаанд Б.Золбоо гэх залуу асар их оролцоотой болж таарч байгаа юм. 
 
        Тэгвэл “Туулын хурдны зам”-ын тендер шалгарсан Хятадын “China Hyway group”-ийн төлөөлөгч менежер Б.Золбоогийн аав Шагдарын Батдэлгэр нь Хэнтий аймгийн уугуул, АН-ын алдартай хууччуулын нэг. Тэр тусмаа Ш.Батдэлгэр нь УИХ-ын дарга, АН-ын дарга, ЕТГ-ын даргаар ажиллаж асан З.Энхболдтой дотно найзууд. 2000-аад оны эхээр Ш.Батдэлгэр, З.Энхболд хоёр Төрийн өмчийн хороонд хамт ажиллаж байхдаа дотноссон. Тухайн үед З.Энхболд Төрийн өмчийн хорооны дарга, Ш.Батдэлгэр Төрийн өмчийн хорооны Байр ашиглалтын захиргааны дарга байлаа. Тэр цагаас хойш З.Энхболд нь төрд томорч, харин Ш.Батдэлгэр “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн Санхүү эрхэлсэн захирал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-ийн Хүний нөөцийн дарга гэх мэтээр төрд өндөр албан тушаалууд хашиж, тухай бүрдээ авлига, хулгайн хэрэгт нэр холбогдож явсан. Улмаар Ш.Батдэлгэр 2017 онд Хэнтий аймгийн АН-ын даргаар томилогдож, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар З.Энхболдтой хамтран, Х.Баттулгын штабт гол үүрэг гүйцэтгэсэн.
Тайлбар: Ш.Батдэлгэр, Х.Баттулга
 
       Улмаар Ш.Батдэлгэр 2019 оноос ЕТГ-ын дарга З.Энхболдтой хамтран нүүрс угаах бизнест орж, нэлээд хөлжсөн. Ингээд 2024 оны УИХ-ын сонгуулиар Ш.Батдэлгэр Хэнтий, Дорнод, Сүхбаатарын тойрогт АН-аас нэр дэвшээд унасан байдаг. 
Тайлбар: АН-ын дарга Лу.Гантөмөрөөс Ш.Батдэлгэр нэр дэвшигчийн мандатаа авч буй нь, 2024 он
      Дээр товч дурдсан Ш.Батдэлгэр, З.Энхболд хоёрын 2019 онд эхлүүлсэн нүүрс угаах бизнес нь монголын улс төрийн түүхэнд тодоор бичигдэх том хэрэг болж мандсан. Тодруулбал, Ш.Батдэлгэр нь 2019 онд З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтохын хадам дүү В.Ганцолмон, З.Энхболдын туслах И.Мөнхжаргал нартай “Их дэлгэмэл ингүүн” ХХК-ийг хамтран байгуулж, өөрөө гүйцэтгэх захирал нь болсон. Зорилго нь, Ш.Батдэлгэр, З.Энхболд хоёр “Их дэлгэмэл ингүүн” ХХК-аараа Өмнөговьд байх “Эрдэнэс тавантолгой” ХК-аас хямд үнээр нүүрс авч, Говьсүмбэрт байх З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтохын хамаарал бүхий “Страто” ХХК-ийн нүүрс угаах үйлдвэрт угааж баяжуулаад, улмаар урагшаа өндөр үнээр худалдаж, дундаас нь асар их ашиг олох байсан. 
 
      Ингэхийн тулд, Ш.Батдэлгэр, З.Энхболд хоёр Өмнөговь-Говьсүмбэр чиглэлийн 407 км шороон замыг нүүрсний тээврийн зам болгож ашиглах шаардлагатай болсон. Гэтэл Өмнөговь, Говьсүмбэр аймгийн удирдлагууд энэхүү 407 км шороон замаар нүүрс зөөхийг Ш.Батдэлгэр, З.Энхболд хоёрт зөвшөөрөөгүй. Тэгмэгц нь ЕТГ-ын дарга З.Энхболд албан тушаалаа ашиглана ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгаланг найрсан. Улмаар ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан 2019 оны долдугаар сард Өмнөговь-Говьсүмбэр чиглэлийн 407 км шороон замыг Ш.Батдэлгэр, З.Энхболд хоёрын “Их дэлгэмэл ингүүн” ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Ийнхүү Ш.Батдэлгэр, З.Энхболд хоёрын нүүрс угаах бизнес амжилттай болсон байдаг. 
 
Ингэж явсаар, 2023 онд АТГ-аас ЕТГ-ын дарга асан З.Энхболд, ЗТХ-ийн сайд Б.Энх-амгалан хоёрыг хуйвалдсан, албан тушаалаа урвуулан ашигласан, улмаар Өмнөговь-Говьсүмбэр чиглэлийн 407 км замыг Ш.Батдэлгэрийн “Их дэлгэмэл ингүүн” ХХК-д хууль бусаар эзэмшүүлсэн хэргээр яллагдагчаар татсан. Шүүх хурал нь гурван жил сунжирч, өнгөрөгч дөрөвдүгээр сард шүүхээс ЕТГ-ын дарга асан З.Энхболд, ЗТХ-ийн сайд асан Б.Энх-Амгалан хоёрт тус бүр хоёр жилийн хорих ял оноосон байдаг. 
Тайлбар: З.Энхболд, Б.Энх-Амгалан шүүх хурал
       Тэгэхээр “Туулын хурдны зам”-ын тендерийн будилаанд хутгалдсан Д.Золбоогийн аав Ш.Батдэлгэр нь мөн л том будилаанд хутгалдсан зартай нөхөр гэдгийг дээрх баримтууд харж болно. Хамгийн гол нь, Ш.Батдэлгэр нь З.Энхболдын халаас нэгтэй хамтрагч, З.Энхболд нь Х.Баттулгыг Ерөнхийлөгч байх үед ЕТГ-ын дарга нь байсан, Х.Баттулга нь Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд байх үед зөвлөх нь байсан, Л.Оюун-Эрдэнэ нь Х.Нямбаатарыг Хотын дарга болгосон хамаатан нь гээд хөөвөл айхтар схем гарч ирж байгаа биз. Товчхондоо, “Туулын хурдны зам”-ын тендерийн будилааны ардах нууц эздийг энэ схемээс л хайх хэрэгтэй бололтой. 
 

“ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ”-ЫН ТЕНДЕРТ “CHINA HYWAY GROUP”-ИЙГ ТӨЛӨӨЛСӨН Б.ЗОЛБОО ГЭЖ ХЭН БЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188